Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 30

 

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Өлзийхишиг даргалж,

Улсын яллагч Д.Цогт-Эрдэнэ

Шүүгдэгч Б.М

Нарийн бичгийн дарга Б.Булгантамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж, прокурорын ялын санал бичиж  ирүүлсэн Д.Б.М холбогдох 201613010079 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Завхан аймгийн Тосонцэнгэл суманд ... төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт  оршин суух, ял шийтгэлгүй, Д.Б.М /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б. нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн үхэр сүрэгт нийлж ирсэн хохирогч Л.А алдуул хар алаг зүсмийн шүдлэн үхрийг завшиж, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь :

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав: Үүнд:

 

Прокурор шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Б.Мөнхсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн үхэр сүрэгт нийлсэн байсан хохирогч  *******ы алдуул мал болох хар алаг шүдлэн үхрийг завшиж түүнд 500000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогчийн мэдүүлэг хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газраас бэхжүүлсэн фото зураг, шүүгдэгч Б.Мөнхсайханы хэргээ хүлээсэн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

Иймд шүүгдэгч Б.Мөнхсайханыг Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэв.

Хохирогч ******* хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр манай хар алаг шүдлэн үхэр Бямба-Очир гэдэг айлын үхэрт нийлсэн байхаар нь хэд хоногоос авъя гэж хэлсэн. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр “Хүүгийн ам” гэдэг газар явж байгаад мотоцикл эвдрэхээр нь Б.Мөнхсайханыд очиход ганцаараа гаднаа үхэр гаргаж байхаар нь хамт янзлалцаж өгчхөөд “би буцаад ирье, мэргээ чанаарай” гэхэд Б.Мөнхсайхан “хүнд өгч явуулах гэж байгаа юм” гэсэн. Би гэртээ очоод Бямба-Очироос үхрээ асуутал “танай үхэр өглөө байсан орой ирсэнгүй” гэсэн. Би 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үхрээ хайж яваад Б.Мөнхсайханыд очиход урьд шөнө нь гаргасан үхрийн махаа гадаа тавьчихсан байсныг нохой, шувуу идээд байхаар нь бүтээх гэтэл алга болсон хар алаг шүдлэн үхрийн толгой гараад ирсэн. Би үхрийнхээ толгойг эвэр нь дээрх тамга будгаар таньсан. Хохирол барагдуулсан болохоор гомдолгүй...” гэжээ./хх-22/

Гэрч Д.Өлзийхүү хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгт: “...Би тэр өдөр тугалаа хашчихаад гэртээ ирэхэд манай нөхөр үхэр гаргаж байсан. Би гэдсийг нь цэвэрлэчхээд “яах гэж байгаа юм” гэж асуухад эгчийн идшинд өгөх үхэр гэж байсан...” гэжээ./хх-24/

Шүүгдэгч Б.Мөнхсайхан хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгт: “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай үхэртээ хар алаг шүдлэн үхэр нийлж ирэхээр нь барьж аваад нядалсан. Маргааш нь Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу хадам эгч Мөнхцэнгэлийн идшинд өгөх гэж байгаад баригдсан. Тэр шүдлэн үхрийг *******ы үхэр гэж мэдээгүй, үхрийг эвэрнээс нь бугуйлдаж аваад ганцаараа нядлаад өвчиж байтал ******* ирээд хамт янзалж өгөөд явсан. Би буруу зүйл хийсэндээ гэмшиж байна. Дахин ийм зүйл хийхгүй...” гэжээ./хх-34/

Гэрч А.Мөнхцэнгэл хэрэг бүртгэлтэд өгсөн мэдүүлэгт: “...Б.Мөнхсайхан нь манай нөхрийн төрсөн дүү. Манай 2 тугалтай үнээ, 1 гунж, 1 бярууг саяхнаас маллах болсон. Би Б.Мөнхсайханд идэшний мөнгө гэж өгөөгүй, манай идшинд шүдлэн үхэр, 1 ямаа, 3 хонь гаргаж явуулах байх гэж ах нь хэлж байсан...”гэжээ. /хх-25/

Хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн дүгнэлтүүд, эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоол, Б.Мөнхсайханыг сэжигтнээр тооцсон тогтоол, сэжигтнийг байцаасан тэмдэглэл, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгөхийг хүссэн шүүгдэгч Б.Мөнхсайхан, хохирогч ******* нарын хүсэлт, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх тогтоол зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн, хохирогч ******* нь түүнд оногдуулах ял шийтгэлийн талаар болон өөрт учирсан хохирлын талаар маргаагүй, шүүгдэгч хохирогч нар нь харилцан зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ бичгээр гаргаж, хэрэг бүртгэлтийн ажиллагааг хялбаршуулсан журмаар явуулсан байх тул хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 418 дугаар зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Завхан аймгийн Тэлмэн сумын Нуур багийн нутаг дэвсгэрт өөрийн үхэр сүрэгт нийлж ирсэн хохирогч *******ы алдуул хар алаг зүсмийн шүдлэн үхрийг нядалж завшин, 500000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч *******ы “...Манай хар алаг шүдлэн үхэр Бямба-Очирын үхэрт нийлсэн байсан. 2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Б.Мөнхсайханыд очиход ганцаараа үхэр гаргаж байхаар нь хамт янзлалцаж өгсөн. Гэртээ очоод Бямба-Очироос үхрээ асуутал “танай үхэр өглөө байсан орой ирсэнгүй” гэсэн. 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр үхрээ хайж яваад Б.Мөнхсайханыд очиход шөнө нь гаргасан үхрийн махыг нохой, шувуу идээд байхаар нь арьсаар нь бүтээх гэтэл манай алга болсон хар алаг шүдлэн үхрийн толгой гараад ирсэн. Би үхрийнхээ толгойг эвэр нь дээрх тамга будгаар таньсан...” гэсэн мэдүүлэг /хх-22/, гэрч ******* “...Манай нөхөр үхэр гаргаж байхаар нь гэдсийг нь цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-24/, шүүгдэгч Б.Мөнхсайханы “...2016 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр манай үхэртээ хар алаг шүдлэн үхэр нийлж ирэхээр нь эвэрнээс нь бугуйлдаж барьж аваад нядалсан. Тэр шүдлэн үхрийг *******ы үхэр гэж мэдээгүй...” гэсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /хх-34/ болон хэрэг учралын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-8/, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9/, шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-11/ зэргээр нотлогдож тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Б.Мөнхсайханы дээрх үйлдлийг прокурорын газраас Эрүүгийн хуулийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоолыг баталж ирүүлсэн хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул түүнийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Б.Мөнхсайханд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

 

Шүүгдэгч Б.Мөнхсайханы хувьд ногдох эд хөрөнгө болох бүдүүн морь 3, гүү 1, тугалтай үнээ 4, бяруу 3, эр ямаа, 20, эм ямаа 20, ишиг 10, эр хонь10, эм хонь 60, төлөг, 43, хурга 37 нийт 211 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290, 294, 295, 296, 297, 298, 415 дугаар зүйлийн 415.2, 418 дугаар зүйлийн 418.2, 418.4, 418.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Дардан овогт Батчулууны Мөнхсайханыг алдуул мал завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мөнхсайханыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 1.152.000 /нэг сая нэг зуун тавин хоёр мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийн 47.3 дахь хэсэгт зааснаар торгох ялаас ноцтойгоор зайлсхийвэл хорих ялаар сольж болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Б.Мөнхсайхан нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдсугай.

5. Шүүгдэгч Б.Мөнхсайханы хувьд ногдох эд хөрөнгө болох бүдүүн морь 3, гүү 1, тугалтай үнээ 4, бяруу 3, эр ямаа, 20, эм ямаа 20, ишиг 10, эр хонь 10, эм хонь 60, төлөг 43, хурга 37, нийт 211 тооны малыг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн эд хөрөнгө битүүмжлэх тогтоолыг хүчингүй болгосугай.

6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Мөнхсайханд өмнө нь авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Б.ӨЛЗИЙХИШИГ