| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Бавуугийн Гансүх |
| Хэргийн индекс | 177/2022/0192/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/195 |
| Огноо | 2022-11-17 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Х.Энхтуул |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 17 өдөр
Дугаар 2022/ШЦТ/195
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бу,
Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Х.Э,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Б,
Шүүгдэгч: П.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Пүрэврагчаагаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Ш овогт Пгийн.Б-д холбогдох эрүүгийн 2235000000222 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1987 оны 02 дугаар сарын 26-нд Увс аймгийн .... суманд төрсөн, эрэгтэй, 35 настай, дээд боловсролтой, ам бүл 4 эхнэр 2 хүүхдийн хамт улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлж байсан Ш овогт Пгийн Б /РД:.................../.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Увс аймгийн Улаангом сумын .... дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.Тыг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:
Шүүгдэгч П.Б нь Увс аймгийн Улаангом сумын ..... дугаар багийн нутаг дэвсгэрт 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий хүн болох өөрийн эхнэр Б.Тыг зодсон болох нь:
1. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 2-5 дахь тал),
2. Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтад өгсөн: “Би нөхөр П.Бтай 2016 оноос хойш хамт амьдрах аа больж тусдаа амьдарч байгаа, албан ёсоор гэрлэлт салгуулаагүй бөгөөд 2 хүүхэд надтай хамт амьдардаг юм. П.Б өчигдөр Улаанбаатар хотоос ирсэн бөгөөд өнөөдөр өглөө манайд ирсэн. Би өнөөдөр тоглолттой байсан тул гэрээс гарч явахад П.Б гэрт үлдсэн. Үд орчимд намайг ирэхэд П.Б байгаагүй. Орой 18:00 цагийн үед гэртээ ирэхэд П.Б гэрт байсан. Би түүнийг ирснээс нь хойш үг дуугараагүй бөгөөд гэртээ усанд ороод гарч ирэхэд П.Б намайг та сайн байна уу? Сайн явж ирсэн үү? гэх зэргээр хэлсэн. Уг явдлаас өмнө 2022 оны 10 дугаар сарын 13-ны орой би гэртээ байтал найз бүсгүй хүүхдийн хамт ирээд түүнтэй нэг пиво уугаад хоол хийгээд сууж байтал охин маань оройтож гэртээ ирэхэд нь хаагуур яваад оройтоод байгаа юм бэ? гэж загнатал охин маань уурлаад гүйгээд гараад явчихсан юм. Би хоолоо гаргаад араас нь гүйж гарахад охин маань нөхрийн эгч П.Б луу яваад орчихсон байсан. Би хайж байгаад тэднийд байгааг мэдсэн тухайн үед П.Б, П.О нар намайг охин оо хөөж гаргасан гэж маргаан гаргасан юм. Энэ талаар нөхөр сонссон байх. Өнөөдөр энэ асуудлаас болж үг өдөөд чи хүүхэд хөөж гаргасан байна гэхэд нь би хүүхдээ хөөж гаргаагүй охин өөрөө уурлаад гараад явчихсан. Танай эгч нар чинь ингэж үг зааж өгдөг юм уу чи надад ийм юм ярих эрх байхгүй гэж хэлсэн. Тэгтэл П.Б тараг ууж байсан аягаа надруу шидсэн. Уг аяга нь миний дух орчимд онож толгой язарч цус гарсан. Тэгэхэд П.Б надруу хүрч ирээд толгой руу гараараа олон удаа цохисон. Миний толгой өвдөөд зүрх дэлсээд зүрхний эм хайж уугаад хэсэг байж байгаад цус гараад тогтохгүй байсан тул П.Б эмнэлэгт дуудлага өгсөн боловч түргэн тусламж ирэхгүй удаад байсан тул П.Б бид хоёр эмнэлэг дээр өөрсдөө машинаар очсон. Эмч нар миний толгойн язарсан хэсэгт оёдол тавьж өгсөн. Тэгээд эмнэлгийн ажилчид цагдаад дуудлага өгсөн юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8 дахь тал),
3. Насанд хүрээгүй гэрч Б.Цгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 15-ны өдөр би айлд хонохоор явсан. Тэгээд маргааш нь айлд байтал үд орчимд аав намайг ирж авсан. Гэрт очоод аав, дүүгийн хамт гэртээ байж байтал орой ээж ажлаасаа ирсэн. Ээжийг ирсэн байхад аав ээжээс намайг байхгүй байхад яаж амьдраад байгаа юм. Хүүхдүүдийн хажууд пиво уугаад, хүүхэд гэр орноос хөөгөөд яагаад хүүхдэд буруу үлгэр дууриалал үзүүлээд байгаа юм гэж хэлэхэд ээж урдаас нь юм хэлээд байсан. Тэгтэл аав тараг ууж байсан аяга аа ээж рүү шидээд, гараа зангидаж бондойлгож байгаад ээжийн толгой руу 2-3 удаа цохисон. Ээжийн дух орчмоос цус гарсан, хамраас нь бас цус гарсан. Тэгэхэд аав эмнэлэг рүү дуудлага өгөөд ирэхгүй байсан тул ээжийг аваад машинаар эмнэлэг рүү явсан. “ гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 11 дэх тал),
4. Гэрч П.Бгийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19:00 цагийн орчимд би дэлгүүртээ байтал миний дүү П.Бын том охин Ц манайд гүйж орж ирсэн. Тухайн үед юу болсон талаар асуухад ээж Б.Т намайг зайл гэж хөөгөөд гаргасан, найзтайгаа пиво ууж байна гэж хэлсэн. Миний дүү П.Б нь Улаанбаатар ажиллаж амьдардаг тул охиныг дагуулаад дүү П.О гэрт очсон. Тэр үед П.О хүүхэд гэрээсээ хөөсөн, хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэж цагдаагийн байгууллагад мэдэгдэж энэ талаар шалгуулсан юм. Энэ талаар П.О хэд хоногийн дараа П.Бд хэлсэн байсан. П.Б охиныг нь хөөсөн гэж сонсоод Улаанбаатар хотоос ирээд эхнэртэйгээ маргалдаад уг асуудал болсон байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал),
5. Гэрч П.Огийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 19:00 цагийн орчимд би гэртээ П.Б гэх ииний эгч маань П.Бын том охин Б.Цнийг дагуулж манай гэрт ирсэн. Тухайн үед болсон явдлын талаар асуухад Б.Ц оройтож гэртээ ирэхэд ээж Б.Т нь найз Б гэх эмэгтэйгийн хамт гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан бөгөөд Б.Цнийг оройтож ирлээ гэж загнаад хөөж гаргасан гэж хэлсэн. Би тухайн үед хүүхдийн дэргэд архидан согтуурсан гэдэг үндэслэлээр нь цагдаад хандаж шалгуулсан юм. Энэ талаар П.Б сонсож мэдээд Улаанбаатар хотоос Увсад 2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр ирсэн. Тэр өдөртөө эхнэртэйгээ эв зүйгээр учираа олох гэтэл урдаас нь хэрүүл маргаан үүсгэсэн учраас уураа барьж тэвчилгүй Б.Тлуу тараг ууж байсан аяга аа шидсэн юм байна лээ. Энэ талаар тухайн үед сонсож мэдсэн.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал),
6. Шүүгдэгч П.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотоос Увс аймагт ирсэн юм. Тухайн үед эгч нар маань над руу утасдаад танай эхнэр хүүхдэд буруу үлгэр дууриалал үзүүлээд хүүхдийн хажууд архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд, гэрээсээ хөөж туугаад байна гэж хэлсэн тул хүүхэддээ санаа зовоод ирсэн юм. Би тэр өдөр өглөө нь 06:30 цагийн орчим ирээд шууд гэртээ ирэхэд эхнэр болон бага хүү гэртээ байсан. Ирээд бид хоорондоо олигтой юм ярилцаагүй. Том охиныг асуухад хүргэн ахынд хонож байгаа гэж хэлсэн. Би унтаад өгсөн. Эхнэр ажилдаа явсан байсан. Би өдөр нь босоод гарч ойр зуурын хүнс цуглуулж авч ирээд гэртээ байтал Б.Т орой нь 18:00 цагийн орчимд ажлаасаа ирсэн. Би түүнийг ирэхэд нь “Та сайн уу? Та яаж амьдраад байна. Одоо хүүхэд энэ гэр оронд багтахгүй болсон уу?” гэж хэлэхэд урдаас “Тэгээд чи яадаг юм” гэх зэргээр үг сөрсөн. Тэр үед би тараг ууж байсан аягатай тараг аа түүнлүү шидэхэд толгой орчимд нь оносон. Би тухайн үед уураа барьж чадахгүй Б.Т луу очиж дух, уруул нүд рүү нь 2-3 удаа гараа зангидаж байгаад цохисон. Тэгэхэд Б.Тын хамраас цус гарсан тул би эмнэлэгт дуудлага өгсөн. Ирэхгүй болохоор нь Б.Тыг авч эмнэлэг дээр эмнэлэг очсон. Тэр үед эмч нар цагдаад дуудлага өгсөн байна лээ. : Бид хоёр 2016 оноос хойш намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байдлаас шалтгаалж тусдаа амьдрах болсон. Би ах дүү нарын гэрээр болон Улаанбаатар хотод очиж ажил хөдөлмөр хийж амьдарч ирсэн. Хааяа хүүхдүүдээ эргэхээр очиж уулздаг байсан. Би Б.Тыг урьд өмнө нь зодож цохиж байгаагүй. Эхнэр Б.Ттай албан ёсоор гэрлэлт салгуулаагүй байгаа бөгөөд байнга хамт амьдардаггүй юм. Би сүүлийн 2 жилийн хугацаанд 3 удаа л гэртээ очсон. Энэ үедээ архи ууж агсам тавьсан, зодож нүдсэн, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн зүйл байхгүй. Би урьд нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг байсан бөгөөд ААА сургалтад хамрагдаж архинаас гарсан. Сүүлийн 3 жилийн хугацаанд огт архи дарс хэрэглээгүй. Архинаас бүр мөсөн гарсан. Одоо архи тамхи хэрэглээд алдаа гаргаад яваа хүмүүст ухуулж сурталчилж сургалтад суулгах чиглэлээр яриа ухуулга хийж явдаг юм. Мөн Улаанбаатар хотод ........ ажилтнаар ажилладаг. Гэр бүл үр хүүхдүүдэд байнга мөнгө төгрөг шилжүүлдэг, цахилгаан, кабелийн телевиз, хоол хүнс, өвлийн хүнс зэргийг бүгдийг нь хангаж ирсэн. Эхнэрээ зодож байгаагүй. Эхнэрийг гэртээ хүүхдийн дэргэд архи тамхи хэрэглэдэг, хүүхдийн хажууд буруу үлгэр дууриалал үзүүлдэг гэж сонсоод өөрт нь утсаар ярьж хүүхдийн дэргэд буруу үлгэр дууриалал битгий үзүүлээч гэж олон удаа хэлсэн. Сүүлд эгч нараас хүүхдийг гэрээс хөөсөн гэж сонсоод Увс аймагт ирсэн. Уур аа барьж чадаагүйгээс уг үйлдлийг хийсэн.” (хавтаст хэргийн 37 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.
Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 460 дугаартай “Б.Тын биед тархи доргилт, духны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, дух. дагзны зүүн хэсгийн хуйханд, баруун хацар, эрүүний баруун, зүүн өнцөгт зөөлөн эдийн няцрал, баруун хацар хэсгийн арьсны доор цус хуралдалт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацар, дээд уруул, доод уруулын салстад, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамрын баруун нүхний доод хэсэгт, дээд уруул, зүүн сарвууны ард зулгаралт баруун мөрний үений дээд хэсэгт цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Тархи доргилт духны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, дух. дагзны зүүн хэсгийн хуйханд, баруун хацар, эрүүний баруун, зүүн өнцөгт зөөлөн эдийн няцрал, баруун хацар хэсгийн арьсны доор цус хуралдалт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацар, дээд уруул, доод уруулын салстад, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамрын баруун нүхний доод хэсэгт, дээд уруул, зүүн сарвууны ард зулгаралт гэмтлүүд нь нэг дор үүссэн байх боломжтой. Харин баруун мөрний үений дээд хэсэгт байрласан цус хуралт гэмтэл нь өөр цаг хугацаанд үүссэн байна Тархи доргилт духны зүүн хэсгийн хуйханд язарсан шарх, дух. дагзны зүүн хэсгийн хуйханд, баруун хацар, эрүүний баруун, зүүн өнцөгт зөөлөн эдийн няцрал, баруун хацар хэсгийн арьсны доор цус хуралдалт, баруун нүдний эргэн тойронд, баруун хацар, дээд уруул, доод уруулын салстад, зүүн бугалга, зүүн шуунд цус хуралт, хамрын баруун нүхний доод хэсэгт, дээд уруул, зүүн сарвууны ард зулгаралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах ба цус хуралт, зулгаралт зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нийлээд алганы дүрмээр биеийн нийт гадаргуугийн 3-4 хувь орчим хамарч байгаа тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам” -ын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 22-24 дэх тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.
Хохирогч Б.Тын эрүүл мэндэд учирсан хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл нь шүүгдэгч П.Бд 2022 оны 10 дугаар сарын 16-нд зодуулсан гэмт үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн үндсэн шинж хангагдсан гэж үзнэ.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг иш татаж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн бол...” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг тодорхойлжээ.
Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан шинжээчийн дүгнэлт, гэрч нарын болон шүүгдэгч, хохирогч нарын мэдүүлгээр шүүгдэгч П.Б нь хохирогч буюу эхнэр Б.Тыг зодсон нөхцөл байдал тогтоогдож байх ба шүүгдэгч, хохирогч нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах субъект байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж, мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-д “энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсан, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ” гэж тус тус заасан тул шүүгдэгч П.Бын үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж дүгнэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ирүүлсэн нь тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан гэж дүгнээд шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирогч Б.Тын мөрдөн байцаалтын шатанд “...П.Бд. Гомдол санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 113 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч П.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.
2. Шүүгдэгч П.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:
Шүүгдэгч П.Б нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч П.Б урьд Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/26 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 2 жил хорих ял шийтгүүлж байсан болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал)-аар тогтоогдсон
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй” гэж заасан бөгөөд шүүгдэгч П.Б нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч П.Бын хувийн байдлын талаар: Гэрч П.Бгийн өгсөн: Бид эцэг, эхээс 6-уулаа бөгөөд П.Б хамгийн бага буюу отгон дүү минь байгаа юм. П.Б нь ........ Сургууль төгсөөд газар тариалангийн чиглэлээр үржүүлгийн мод, жимс чацаргана тариалж амжилттай явж байгаад их сургуульд суралцаж .........мэргэжил эзэмшсэн, одоо Улаанбаатар хотод ........ компанид ............. ажилтнаар ажиллаж байгаа. 2011 онд эхнэр Б.Ттай гэр бүлж 2 хүүхэд төрүүлж боловч дүү маань архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй бүтэхгүй хүмүүстэй нийлж тэдэнд уруу татагдаж архи ууж явж байгаад хэрэгт холбогдон шоронд ял эдлээд гарч ирсэн. Түүнээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэхгүй байгаа, өөрийн гэсэн ажил хөдөлмөр эрхэлж үр хүүхэд гэр бүлийнхээ төлөө зүтгэж байгаа хүн байгаа юм. 2016 оноос хойш эхнэрээсээ тусдаа амьдарч байгаа. Хааяа хүүхдүүдтэйгээ очиж уулздаг, өөрөө бол эхнэр үр хүүхдүүдтэйгээ хамт амьдрахыг боддог, салж сарних бодолгүй байдаг, өөрөө архи ууж байсан явдалдаа буруу өгч өөрийн буруу гэдэг үүднээс гэмшиж, уучлалт гуйдаг, үр хүүхдүүдийнхээ төлөө ажиллаж амьдарч бүх байр хоол, тог цахилгааны мөнгө төгрөгийг сар бүр шилжүүлж ар гэртээ халамж анхаарал тавьж ирсэн. Увс аймагт урьд нь архи ууж байсан уруу татагч найз нөхдүүд их байдаг учир орчин оо сольж Улаанбаатар хотод өөрийн гэсэн зөв амьдралаар амьдрахаар зүтгэж байгаа хүн байгаа юм. Үр хүүхдүүддээ маш дотно сайн ханддаг хүүхдүүдээ санаад байна гэж ярьдаг байсан. Эхнэр хүүхдүүдтэйгээ байнга хамт амьдардаггүй юм. Б.Таас уучлалт гуйж хамт амьдрах талаар гуйсан гэж хэлж байсан.Зан араншны хувьд хүнтэй харьцах харьцаа сайтай, өөрийгөө ойлгуулах чадвар сайтай, бусдад тусархуу, эерэг хандлагатай, өрөвч зөөлөн сэтгэлтэй, хэлсэн үгэндээ үнэнч, хэлсэндээ хүрдэг, биеийн эрхтний хөгжил сайтай, гар бөмбөгийн спортоор хичээллэдэг байсан. Бусдад уруу татагдаж хэдэн жил архи ууж амьдралын зам аа алдсандаа их гэмшиж харамсдаг, шоронд байх хугацаанд аав нь нас барсан тул өөрт нь хүнд туссан тиймдээ ч урьдны амьдралдаа дүгнэлт хийж архинаас гарсан. Хүмүүсийг архинаас гарахыг уриалдаг ААА-н сургалт явуулдаг, хүмүүсийг зөв зам руу уриалдаг болсон. Архи хэрэглэхгүй 4 жил болж байгаа юм” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15 дахь тал), Гэрч П.гийн өгсөн: “Бид эцэг, эхээс .....-уулаа бөгөөд П.Б хамгийн бага буюу отгон дүү минь байгаа юм. П.Б нь Улаангом суманд төрж .................. төгссөн. Сургууль төгсөөд газар тариалангийн чиглэлээр үржүүлгийн мод, жимс чацаргана тариалж амжилттай явж байгаад их сургуульд суралцаж ...... мэргэжил эзэмшсэн, одоо Улаанбаатар хотод ............. ажиллаж байгаа. 2010 онд эхнэр Б.Ттай гэр бүлж 2011 гэрлэлт батлуулсан, энз хугацаанд 2 хүүхэд төрүүлж өсгөсөн. Том охин Б.Ц ... настай, бага хүү Б.Б нь .... настай сургуулийн хүүхдүүд бөгөөд одоогоор хүүхдүүд нь ээжтэйгээ хамт амьдарч байгаа юм. Дүү маань нэг хэсэг болохгүй бүтэхгүй хүмүүстэй нийлж тэдэнд уруу татагдаж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж сүүлдээ гэмт хэрэгт холбогдон шоронд ял эдлээд гарч ирсэн. Ял эдэлж байх үед аав маань нас барсан тул П.Б нь энэ байдалдаа дүгнэлт хйиж буруугаа ойлгоод архи тамхинаас гарсан. Өөрөө ч архинаас болж амьдрал ахуйгаа сүйрүүлсэн ээ ярьдаг. Дахин хэзээ ч архи уухгүй гэж хүүхдүүддээ тангарагласан. Сүүлийн 3 жил орчим архи огт уугаагүй. Зан араншны хувьд хүнд тусархуу, бусдыг баян ядуу гэж ялгаж харьццадаггүй нийтэч, хүнтэй чөлөөтэй илэн далангүй, шударга шулуун харьцдаг, муу саназ байдаггүй биеийн эрхтний хөгжил сайтай эрүүл чийрэг биетэй хүн байгаа юм. Муу зан гэвэл түргэн бачим уурладаг, бачуурдаг боловч уур нь хурдан гарчихдаг, ах эгч хүмүүсийг хүндэлж харьцдаг хүн байгаа юм. Одоо өөрөө архинаас гарсан. Архи уудаг хүмүүсийг архинаас гаргах чиглэлээр ухуулга, яриа хийдэг ААА нийгэмлэгт албан бусаар ажилладаг хүн бөгөөд хамт хэрэгт холбогдсон Т.Б гэх залууг архинд гүнзгий орсон гудамжинд гарахдаа тулсан байхад нь уулзаж ярилцаж Улаанбаатар хотод дагуулж очиж өөрийнхөө ажиллаж буй компанд ажилд оруулж дэмжиж явсаар Т.Б нь архинаас гарсан. Т.Б одоо .............. ажиллаж байгаа архи огт уухгүй байгаа юм. Энэ мэтчилэн зөв зам руугаа орж байгаа хүн байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал) -үүд авагдсан байна.
Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдал зэргийг харгалзан, прокурортой тохиролцсон торгох ялыг оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч П.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1 Шүүгдэгч Ш овогт Пгийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Бд 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаа зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч П.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.Бд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГАНСҮХ