Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар  2022/ШЦТ/127

 

 

   2022         10              20                                                         2022/ШЦТ/127

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга О.Анхтуг,

Улсын яллагч Т.С,

Шүүгдэгч Ц.О /өөрөө өөрийгөө өмгөөлсөн/ нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ц.Одгэрэлд  холбогдох 2229000000131 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-тай үл ялих зүйлээр маргалдаж, толгой руу нь пивоны шилээр цохисны улмаас М.А-ийн биед хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч Ц.О нь 2022 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Нандин” буудалд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ М.А-тай үл ялих зүйлээр маргалдаж, толгой руу нь пивоны шилээр цохисны улмаас М.А-ийн биед хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл үүсч, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.

1.2 Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч М.А-ийн “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 23 цаг өнгөрчихсөн байхад хуучин ажлын газрынхаа инженерүүдтэй байрлаж байсан Нандин гэх буудалд ороод сууж байсан чинь гаднаас О гэх залуу орж ирсэн. Тэгээд тэнд юм ярьж суунгаа, пиво ууцгаагаад байж байсан чинь надтай маргалдах гээд байхаар нь би "чи одоо согтсон байна. Өрөөндөө орж амар. Одоо гараа" гээд хэлсэн чинь гарахдаа миний толгойн тус газарт пивоны шилээр цохичихсон. Тэгээд л хамт байсан хүмүүс салгаад, цагдаа дууудсан. Тэгээд тухайн хүний ажлынх нь ХАБ-ын ажилтантай хамт эмнэлэг орсон...Би бол 2 лааз хайнэкэн гэх пиво уусан байсан. Болсон явдлыг сайн санаж байгаа.Тухайн хүн гаднаас орж ирэхдээ нилээн согтуу байсан...Өрөөнд орж ирээд ер нь маргаан үүсгэх гээд яриан дундуур ороод сонин сонин юм яриад байсан.Тэгэхээр нь би чи одоо согтсон байна өрөөндөө орж амар одоо гараа гээд хэлчихсэн чинь өрөөнөөс гарахдаа гартаа байсан шилээрээ миний толгойг цохичихсон...” гэсэн мэдүүлэг /хх-н 14-15-р хуудас/,

Гэрч Г.Ууганжаргалын “...Миний бие "Бодь пропертиз" ХХК-д эмчээр ажилладаг бөгөөд 2022 оны 09 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө тухайн өдөр манай компанийн баяр болж байсан ба Өмнөговь аймгийн Цогтцэций сумын төвд байрлах Нандин гэх нэртэй буудалд баяр тараад орж ирээд байж байсан. Өрөөнд орж ирээд байж байтал гэнэт коридорт бөөн дуу гараад байхаар нь гараад харсан чинь А-ийн толгойноос нь цус гарчихсан байдалтай, шилээр цохиулсан гээд байж байсан. Тэгээд А-г эмнэлэг авч яваад толгойд нь оёдол тавиулсан. Тэгээд буудалдаа эргэж ирээд амарцгаасан...Одгэрэл гэх манай инженер А-г шилээр цохисон гэж л сонссоон...” гэсэн мэдүүлэг /хх-н 21-22-р хуудас/,

Гэрч Д.Отгонсүхийн “...Миний бие "Бодь пропертиз" ХХК-д турээсийн жолоочоор ажиллдаг. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр манай компанийн баяр болж байсан ба манайхан баяр тараад Өмнөговь аймаг Цогтцэций суманд байрлах Нандин гэх буудалд ирцгээсэн. Тэгээд намайг өрөөндөө амарч байхад хуучин манайд ажилладаг байсан А намайг тэдний өрөө рүү ороод ир гээд дуудсан. Тэгээд би 23 цаг өнгөрөөгөөд өрөөнд нь ороод сууж байтал гадаа коридорт нэг хүн орилоод, хашгираад байсан. Хамт сууж байсан Бат-Эрдэнэ инженер Манайхны нэг нь бахираад байх шиг байна “амраая" гээд гараад явсан. Тэгээд эргэж орж ирэхдээ О гэх залуугийнй хамтаар орж ирсэн. О нилээн согтуу орж ирсэн. Тэгээд А, О 2 хоорондоо үг зөрөөд хэрэлдэх гээд байсан. тэгэхээр нь О-ийг оруулж амраая гэсэн чинь "за" гээд гарах үедээ гартаа барьж байсан пивоны шилээрээ А-ийн толгой орчимд нь цохичихсон. Бат-Эрдэнэ, О-ийг гарнаас нь бариад орон дээр дарж үлдээд би А-г аваад өрөөнөөс гарсан. Тэгсэн чинь өөдөөс Ууганжаргал эмч болон жолооч нь гарч ирээд, бид нар хамт эмнэлэг авч яваад толгойд нь оёдол тавиулаад буцаж ирээд буудалдаа амарцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25-р хуудас/,

Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 447 дугаартай “...М.А-ийн биед хуйхны зүсэгдсэн шарх гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн нөхцөлд иртэй зүйлийн үйлчлэлэээр байх боломжтой... Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...Цаашид гэмтэл нь хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 35-36-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд  шүүгдэгч Ц.О-ийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна. 

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.А нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн байх тул шүүгдэгч Ц.О-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурдах нь зүйтэй.

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэх дүгнэлттэй шүүгдэгч Ц.О нь мэтгэлцээгүй буюу улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын талаар гаргасан саналыг хүлээн зөвшөөрсөн болно.

 2.2. Эрүүгийн хариуцлага

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дугаар зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд прокуророос гаргасан саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.О-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид хилийн хориг тавигдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4,5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.О-д 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Хохирогч М.А нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.О-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

6. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ                                     Д.БАТТУЛГА