Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00059

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1991 онд төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 5 дугаар багт оршин суух, РЕ91031401 дугаар регистртэй, Харчин овогт Зандраабүтэдийн Өлзийбаярын

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Галт сумын 2 дугаар багт оршин суух, РУ89090114 дугаар регистртэй, эрэгтэй, Бөхчүүд овогт Манлайбаатарын Сайнбатад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, 155/2018/01710/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч З.Өлзийбаяр, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Өлзийбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нөхөр М.Сайнбаттай 2013 онд танилцан, 2014 онд хурим найраа хийж хамт амьдарсан. Бидний дундаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү С.Бямбабаяр, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр бага охин С.Энхмаа нар төрсөн. 2015 оноос эхлэн М.Сайнбат архи ууж, зодож, нүдэн, гэрийн эд хогшлоо эвдэж гэмтээх болж, хааяа ажил хийсэн орлогоороо архи ууж, малаа зарах болсон. Энэ байдал хэцүү байсан болохоор 2017 оны 8 дугаар сард би хүүхдүүдээ аваад өөрийн эцэг, эх дээрээ очсон. Үүнээс хойш тусдаа амьдарч байна. Том хүү С.Бямбабаяр 2018 оны 12 дугаар сараас аавтайгаа хамт амьдарч байгаа. Бидний зан байдал, үзэл бодол таарахгүй болж, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулна. Анх шүүхэд хоёр хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан боловч М.Сайнбат бид хоёр ярилцаад том хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбатын асрамжид, бага охин С.Энхмааг би өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй байхаар тохирсон учир нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна. Иймд гэрлэлтээ цуцлуулж, том хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбат, охин С.Энхмааг миний асрамжид тус тус үлдээж өгнө үү. Эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг авахгүй гэв.

Хариуцагч М.Сайнбат шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 онд З.Өлзийбаяртай гэр бүл болон албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Гэр бүл болсноос хойш бид хоёрын дундаас 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр том хүү С.Бямбабаяр, 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр охин С.Энхмаа нар төрсөн. Ингээд гэр бүлийн тохиромжгүй байдлаас болоод тусдаа амьдарч байгаа. Гэр бүлээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин том хүү С.Бямбабаярыгаа өөрийн асрамжид, өөрийн охин С.Энхмааг эх Өлзийбаярын асрамжид өгөхийг зөвшөөрч байна. Том хүү С.Бямбабаяр одоо надтай хамт амьдарч байгаа. Эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.

Зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад                  

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Өлзийбаяр нь хариуцагч М.Сайнбатад холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэгч “хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбатын асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй” гэх тайлбар гарган нэхэмжлэлийн шаардлагаа багасгажээ.        

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2017 оны 11 дүгээр сараас хойш хугацаанд тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

З.Өлзийбаяр, М.Сайнбат нар 2014 оны 8 дугаар сарын 15-ны өдөр гэр бүл болж, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр гэрлэсний бүртгэлийн 6716000021 дугаарт бүртгүүлсэн нь Хөвсгөл аймгийн Галт сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, тэдний хамтран амьдрах хугацаанд хүү С.Бямбабаяр 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр, охин С.Энхмаа 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр тус тус төрсөн болох нь 6710000131, 6719000030 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар нэхэмжлэгч З.Өлзийбаярын шүүх хуралдаанд гаргасан “...том хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбатын асрамжид үлдээж, охин С.Энхмааг миний асрамжид үлдээж өгнө үү”, хариуцагч М.Сайнбатын шүүхэд гаргасан “...хүү С.Бямбабаярыгаа өөрийн асрамжид, өөрийн охин С.Энхмааг эх З.Өлзийбаярын асрамжид өгөхийг зөвшөөрч байна” гэх тайлбарыг тус тус гарган гэрлэгчид харилцан тохиролцсон байх тул хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбатын, охин С.Энхмааг эх З.Өлзийбаярын асрамжид тус тус үлдээх нь зүйтэй.

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлаж байна. Өөрөөр хэлбэл эцэг, эх хоёулаа үр хүүхдээ тэжээн үүрэгтэй бөгөөд хүү С.Бямбабаяр эх З.Өлзийбаяртай, охин С.Энхмаа эцэг М.Сайнбаттай хэдийд ч уулзах эрхтэй болно.

Зохигч нь хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн болохыг тус тус дурьдаж байна.

Иймд З.Өлзийбаяр, М.Сайнбат нарын гэрлэлтийг цуцалж, хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбатын, охин С.Энхмааг эх З.Өлзийбаярын асрамжид тус тус үлдээж шийдвэрлэв. 

Нэхэмжлэгч З.Өлзийбаяр гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн ба гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул хариуцагч М.Сайнбатаас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад төлөх улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харчин овогт Зандраабүтэдийн Өлзийбаяр, Бөхчүүд овогт Манлайбаатарын Сайнбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

                                                                                           

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн хүү С.Бямбабаярыг эцэг М.Сайнбатын, 2017 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр төрсөн охин С.Энхмааг эх З.Өлзийбаярын асрамжид тус тус үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцэг, эхийн үүргээ биелүүлэхийг,  энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг М.Сайнбат, З.Өлзийбаяр нарт тус тус даалгасугай.

 

4. Гэрлэгчид эд хөрөнгийн талаар маргаангүй, хүүхдийн тэтгэлэг төлөхгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч З.Өлзийбаяр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч М.Сайнбатаас улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА