Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 00054

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Жаргалант суманд 1991 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч нарийн боовчин мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн “Хөвсгөл аяны жолоо” ХХК-д нормчин ажилтай, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 13 дугаар багийн 6-09 тоотод оршин суух, РЕ91100625 дугаар регистртэй, Харчин овогт Батбаатарын Булгантамирын, 

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1989 онд төрсөн, 29 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-34 тоотод оршин суух, РЮ89081215 дугаар регистртэй, Нохой тавагт овогт Шижирбаатарын Ганбатад холбогдох

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 155/2019/00016/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ханбүргэд, нэхэмжлэгч Б.Булгантамир, хариуцагч Ш.Ганбат нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Булгантамир шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2010 онд Ш.Ганбаттай танилцан үерхэж байгаад 2013 онд гэр бүл болж, хүү Г.Тулгыг төрүүлсэн. Бид Ш.Ганбатын аавынд 5 жил амьдарсан бөгөөд энэ хугацаанд архи ууж, намайг байнга хардаж, зоддог байсан болохоор хүү маань их аймхай болсон. Хамгийн сүүлд намайг 2016 онд зодохоор нь өөрийн аавындаа ирж амьдарсан. Ш.Ганбат 2014 онд Улаанбаатар хот явж ажил хийдэг байсан бөгөөд ирэхээрээ зоддог байсан. Мөн түүний ээж нь архи ууж гадуур тэнэж явдаг. Би одоо өөр хүнтэй хамтран амьдарч, хүүхэд төрүүлсэн тул цаашид Ш.Ганбаттай амьдрах боломжгүй тул гэрлэлтээ цуцлуулна. Бид хүүхдийн асрамж дээр маргаантай байгаа ч Ш.Ганбат ажилгүй, хүүхэд маань удахгүй 1 дүгээр ангид орох учир би өөрийн асрамжид авна. Хүү Г.Тулгыг аавдаа үрчлүүлнэ гэдэг худлаа, надтай хамт амьдарч байгаа. Хүүхдийн тэтгэлэг гаргуулна. Эд хөрөнгийн талаар маргаангүй гэв.   

Хариуцагч Ш.Ганбат шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Б.Булгантамиртай 2010 онд танилцан үерхэж байгаад 2013 онд гэр бүл болсон. Бидний дундаас хүү Г.Тулга 2013 онд төрсөн. Ажил, амьдралын шаардлагаар хөдөө явж ажил төрөл хийхээр энэ байдал нь Б.Булгантамирыг гэр бүлээс гадуур харилцаа тогтоох үндэслэл болж, одоо өөр хүнтэй  хамт амьдарч байгаа. Би 2 удаа цохиж байсан нь үнэн, байнга зодож байгаагүй, гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байна. Хүү Г.Тулгыг Б.Булгантамир өөрийнхөө аавынд үрчлүүлнэ гэсэн яриа сонссон тул хүүгээ өөрийн асрамжид авна. Хүүхдийн тэтгэлэг авахгүй, хэрэв ээжийнх нь асрамжид өгвөл хүүхдийн тэтгэлэг төлнө, бидний дунд эд хөрөнгийн талаар маргаан байхгүй гэв.  

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаж хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Булгантамир нь хариуцагч Ш.Ганбатаас гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгон, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйл, 40 дүгээр зүйлд зааснаар шаардах эрхтэй.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Гэрлэгчид 2016 оны 11 дүгээр сараас тусдаа амьдарч байгаа, гэрлэлт цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, нэхэмжлэгч хамтран амьдрагчтай болсон, Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх дэхь эвлэрүүлэн зуучлах ажиллагаанаас татгалзсан зэрэг бодит шалтгаан нь гэрлэгчдийг эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэл болж байна.

Гэрлэгчид нь 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2013 оны 3 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлсэн нь Улсын бүртгэлийн ерөнхий газар, Хөвсгөл аймгийн Улсын  бүртгэлийн хэлтсийн 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн “Ш.Ганбат, Б.Булгантамир нарын анхны гэр бүл болсныг Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 6701000062 дугаарт бүртгэсэн” гэх бичилттэй 115/000276 дугаар гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, хамтран амьдрах хугацаанд тэдний дундаас 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр хүү Г.Тулга төрсөн болох нь №0000863356-187 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдлоо.

Хүүхдийн асрамжийн талаар гэрлэгчид маргаж байгаа боловч 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Тулгад эхийн хайр халамж зайлшгүй шаардлагатай байдал, бага насны, хүүхдийн амьдрах нөхцөл зэргийг харгалзан эх Б.Булгантамирын асрамжид үлдээж, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д “Эцэг, эх дараахь үүрэг хүлээнэ”, 26.2.2-д “Хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” гэж зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх учир эцэг Ш.Ганбатаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй.  

Түүнчлэн гэрлэгчид гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд зааснаар эцэг, эхийн эрх, үүрэг хэвээр үлдэх болохыг тайлбарлах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл хүү Г.Тулга нь өөрийн эцэг Ш.Ганбаттай хэдийд ч уулзах эрхтэй болно.

Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэснийг дурьдлаа. 

Иймд Б.Булгантамир, Ш.Ганбат нарын гэрлэлтийг цуцалж, хүү Г.Тулгыг эх Б.Булгантамирын асрамжид үлдээн, хариуцагч Ш.Ганбатаас хүү Г.Тулгад сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Тулга 5 нас 10 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг Г.Тулгад сар бүр эцэг Ш.Ганбат төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Г.Тулгад сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болж байна.

Гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд авбал зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, бүгд 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 101.044 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:                                                                                                                                

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Харчин овогт Батбаатарын Булгантамир, Нохой тавагт овогт Шижирбаатарын Ганбат нарын гэрлэлтийг цуцалсугай.

 

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Тулгыг эх Б.Булгантамирын асрамжид үлдээсүгэй.

 

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2013 оны 2 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Г.Тулгыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг Ш.Ганбатаас гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

 

4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй гэсэн болохыг дурьдсугай.

 

5. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д зааснаар гэрлэлтээ цуцлуулсан ч хуулинд заасан эцгийн үүргээ биелүүлэхийг Ш.Ганбат, энэ үүргээ биелүүлэхэд нь саад учруулахгүй байхыг эх Б.Булгантамир нарт тус тус даалгасугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн бүгд 101.044 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.Ганбатаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 101.044 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9, 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Улсын бүртгэлийн байгууллагад, Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад тус тус  хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.

 

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.ОТГОНБЯМБА