Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бүдрагчаагийн Отгонбямба |
Хэргийн индекс | 155/2019/00033/И |
Дугаар | 155/ШШ2019/00033 |
Огноо | 2019-01-09 |
Маргааны төрөл | Эцэг тогтоосон, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2019/00033
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Отгонбямба даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай явуулсан хуралдаанаар
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн суманд 1994 онд төрсөн, 25 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, Хөвсгөл аймгийн ************** оршин суух, ************ дугаар регистртэй, Т овогт А.Д-ийн
Хариуцагч: Дархан-Уул аймгийн ******************* оршин суух, эрэгтэй, *************** дугаар регистртэй, Т овогт А.Н-д холбогдох,
Хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 155/2018/01646/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч А.Д нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Н бид хоёр нэг ангид хамт суралцаж байсан бөгөөд 2016 оны хавраас үерхээд 2018 онд хүү Э төрсөн. Бид гэр бүл болж, үр хүүхэдтэй болно гэж ярьдаг байсан ч албан ёсоор гэрлэлтээ бүртгүүлээгүй, гэр орноороо ирж очдог, намайг жирэмсэн болсныг хоёр талын аав, ээжүүд мэдэж байсан. Намайг 5 сартай жирэмсэн байх үеэс А.Н утсаар ярих нь ховордож, надтай уулзахаа больсон. Хүү төрөөд 2 сар болж байхад ирчихээд явсан. Өөрийнхөө хүүхэд гэдгийг мэднэ. Би А.Н той гэр бүл болж сайхан амьдарна гэсэн сэтгэлтэй байсан, надад үнэхээр гомдолтой байна. Гэхдээ миний хүүхэд болж ирсэн хүү төрүүлсэндээ хэзээ ч харамсдаггүй. Бид цаашид хамт амьдрах боломжгүй тул хүү Э ийн эцэг А.Н мөн болохыг тогтоож, түүнээс хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч А.Н шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2016 онд А.Д тэй үерхэж байгаад 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү Э төрсөн. Хүүхдийн тэтгэлэг хуулийн дагуу төлөхийг зөвшөөрч байна гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Д нь хариуцагч А.Н ид холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэл шүүхэд гаргасан ба Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 40 дүгээр зүйлд тус тус зааснаар шаардах эрхтэй бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Хэргийн зохигч А.Д , А.Н ид нар 2016 оноос эхлэн үерхэж байх хугацаанд тэдний дундаас 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр хүү Д.Э төрсөн болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын улсын бүртгэлийн ажилтны олгосон 6701000564 бүртгэлийн дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хүүхэд эрүүл бойжиж буй тухай Далайн-Элбэрэлт өрхийн эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт зэрэг баримтуудаар нотлогдож байх тул хүү Д.Э ийн төрсөн эцгээр А.Н-ийг тогтоох үндэслэлтэй байна.
Зохигч гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн хүү Д.Э нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас эцэг А.Н оос сар бүр тэтгэлэг гаргуулж, хүү Д.Э ийг тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Э 05 сар хүрч байгаа тул Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 182.600 төгрөгийн 50 хувь болох 91.300 төгрөгийг хүү Д.Э т сар бүр хариуцагч А.Н төлөх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хүү Д.Э т сар бүр төлөх тэтгэлгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.095.600 төгрөг болж байна.
Хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага нь эд хөрөнгийн бус үнэлэх боломжгүй нэхэмжлэл тул нэхэмжлэгчийн эд хөрөнгийн бус үнийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нэг жилийн хугацаанд төлвөл зохих хүүхдийн тэтгэлгийн дүнд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 30.844 төгрөг, бүгд 101.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж бүгд 101.050 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Хариуцагч А.Н шүүх хуралдаанд оролцох боломжгүй, нэхэмжлэгч түүнийг байлцлуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг тус тус гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Э ийн төрсөн эцэг Ар Т овогт А ийн Н мөн болохыг тогтоосугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн хүү Д.Э ийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр олгох тэтгэлгийг сар бүр эцэг А.Н оос гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 101.050 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Н оос улсын тэмдэгтийн хураамж 101.050 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Д д олгосугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар шийдвэрийн хувийг Улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Адъяасүрэнд даалгасугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ОТГОНБЯМБА