Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 2022/ШЦТ/129

 

 

2022         10             25                                                       2022/ШЦТ/129

                

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,

Нарийн бичгийн дарга О.Анхтуг,

Улсын яллагч Т.С,

Хохирогч М.М,

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ,

Шүүгдэгч Ц.Д нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Д-д холбогдох 2229002220115 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч Ц.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж, Д.М-тай маргалдаж улмаар толгой хэсэгт өшиглөж, гараараа хоолойг нь боож, цохисны улмаас тархи доргилт, дагзанд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Д мэдүүлэхдээ: “Тэр машинд зодсон гэдэг нь манай даргын шинэ машин байсан. Согтуу унаад явах гэхээр нь би ахын хувьд болиулсан юм. Болорсайхан, М хоёр бол хоёр удаа муудалцсан юм. Дашшийрэв ах бид 2 энэ хоёрыг эхлээд муудалцахад нь тоогоогүй. Дараа нь дахиад муудалцахаар нь одоо больцгоо гээд би хоёр талдаа суулгасан. Болорсайхан, М хоёр муудалцсан гээд бас цагдаа дээр хэрэг үүсгэгдээд явж байгаа юм байна лээ” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.М мэдүүлэхдээ: “Би эдний компанид ирээд нэг л удаа хамт рессэнд явсан. Би энэ хүмүүст хавчигдаад байгаагаа мэдээд явах гэж байсан. Тэгтэл намайг цонхоор орж ирээд зодож эхэлсэн. Болорсайхан, Д хоёр ах дүү хоёр юм байна лээ. Анхнаасаа нийлж намайг зодъё гэж бодож байсан юм байна лээ” гэв.

Улсын яллагч Т.С нь гэм буруугийн  талаарх дүгнэлтдээ: “...Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Т.С би, Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдсэн Ц.Д-д холбогдох 2229002220115 дугаартай эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд улсын яллагчаар оролцон дүгнэлт гаргаж байна. Шүүгдэгч Ц.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж, Д.М-тай маргалдаж улмаар толгой хэсэгт өшиглөж, гараараа хоолойг нь боож, цохисны улмаас тархи доргилт, дагзанд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн. Хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад шинжлэн судлагдсан хохирогч Д.М-ын мэдүүлэг, гэрч Л.Дашчийрэв, Л.Болорсайхан, С.Алтанцэцэг, С.Буяндэлгэр нарын мэдүүлэг, Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 370 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд цугларсан байна. Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул эдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байна. Хохирогч Д.М-ын эрүүл мэндэд учирсан “...тархи доргилт, дагзанд шарх, зүүн нүдэнд цус хуралт...” гэмтэл нь шүүгдэгч цохисны улмаас үүссэн байх бөгөөд шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгчийн энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрх, эрх чөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох бөгөөд шүүгдэгч Д.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох дүгнэлтийг гаргаж байна” гэв.  

Хохирогчийн өмгөөлөгч Н.Энхтөр шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Шүүгдэгч Ц.Д нь хохирогч М-ыг Болорсайхантай маргалдлаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн зүйлээр шалтаглаад М-ын биед халдаж өшиглөх боох зэргээр биед нь хөнгөн гэмтэл учруулсан ийм үйлдэл хийсэн байгаа. Тухайн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байгаа учраас тухайн гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байгаа учраас тухайн зүйл ангиар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах үндэслэл тогтоогдож байна гэж үзэж байна. Тухайн хэргийн улмаас хохирогчид эмчилгээний зардал 529,742 төгрөгийн зардал гарсан боловч энэ хохирлоо өмнө зээлсэн мөнгөндөө суутгая тийм учраас нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн тайлбарыг хэлж байгаа учраас хохирол төлбөрт нэхэмжлэх зүйл байхгүй байна. Дахиж шүүх эмнэлэгт үзүүлнэ гэж мэдүүлсэн байна. Цаашид эмчилгээний зардал гарч магадгүй. Тийм учраас эмчилгээний зардлыг жич нэхэмжлэг эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэж өгнө үү гэсэн саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Агар-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: Хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхэд гаргасан мэдүүлэг талуудын тайлбарыг үндэслэн өмгөөлөгч Агар-Эрдэнэ миний бие Д-ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, ял шийтгэлийг хөнгөрүүлэх, гэм буруутай холбоотой асуудалд дараад дүгнэлтийг гаргаж байна. Хэрэг явдал болсон өдөр цаг хугацаанд хохирогч М-ын шууд буруутай үйлдлийн улмаас Болорсайханд учруулах гэж байсан буруутай үйлдлийг таслан зогсоосон. Замын хөдөлгөөний дүрмийг ноцтой зөрчих гэж байхад таслан зогсоосон Д-ийн үйлдлийн харвал эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас Мын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдож байна. Үүн дээр маргах ямар нэгэн үндэслэл байхгүй байна. Шүүгдэгчийн гаргасан үйлдэл нь хохирогчийн үйлдлээс шууд хамааралтай байна гэдгийг шүүх бүрэлдэхүүн анхаарч үзнэ үү гэсэн байр суурийг илэрхийлж байна. Цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэдэг дээр эрс эсэргүүцэж байна. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах буюу хэрэг явдал болсон өдрөөс хамгийн дээд тал нь 4 долоо хоногийн хугацаанд хөдөлмөрийн чадвар алдагддаг. Түүнээс цаашаа хэвийн горимд хэвийн ажиллах бүрэн чадвартай дахин дүгнэлт гаргуулах шаардлагагүй гэдэг талаар төрийн захиргааны төв байгууллага зарим нэг байгууллагаас гарсан тогтоол журмаар заасан байдаг. Шүүн таслах ажиллагаанд хохирогчийн өгсөн мэдүүлэг илт зөрүүтэй. Мөн дээрээс нь зарим нэг зүйл худал байж болзошгүй гэдэг дээр эргэлзээ төрж байна. Мөрдөн шалгаж ажиллагаанд өгсөн мэдүүлэг гэрчийн мэдүүлэг эдгээр зүйлүүдийг нэмж үзэх юм бол хохирогч хэтэрхий дэгсдүүлж яриад байна гэж үзэж байна. Хэрэгт авагдсан үйл баримтуудаас харвал хохирогч гэрчийн мэдүүлэг өгөхдөө эргэн тойронд байсан гэрчийн мэдүүлэгтэй зөрөлдөж байгаа учраас Д-ийн эрх зүйн хувийн байдалд нааштай шийдвэр гаргахад харгалзан үзнэ үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангид зааснаар хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх юм бол хөнгөрүүлэх байр суурийг илэрхийлдэг гэв.

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.

Шүүгдэгч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэт нотолсон тул шүүх тэдгээр нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Д-ийг Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

    1. Нотлох баримтын үнэлгээ

Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:

Хохирогч М.М-ын ”...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны орой Д, Болорчулуун, Дашчийрэв нарын хамтаар Цогтцэций сумаас мах болон хоол хүнсний юм авсан. Тэд нар 2 шил 0.75 литрийн “Эдэн" гэдэг архи авсан байсан. Тэгээд сумаас нүүрс тээврийн 2 дахь километрт машин дээрээ очоод махаа шарж идээд авсан архиа ууцгаасан. Авсан архиа ууж дуусах үед тэд нарын танил гэх Эрка гэж дууддаг нэг Залуу 0.5 литрийн "Эдэн" гэх нэртэй архи авчирсан ба тэр архийг мөн ууцгаасан. Би өмнөх 2 шил архинаас нь огт уугаагүй бөгөөд сүүлд Эрка гэх залуугийн авчирсан архинаас 2 удаа авсан ба нэг лаазтай пиво уусан. Тэд нар нилээн согтсон байсан ба дуу нь нилээн чангарчихсан байсан. Би тэр үед нь Д болон Болорчулуун нарт ....өмнөх рейсэн дээр та хоёр намайг орхиод явчих юм. Нэг компанид ажилладаг хүмүүс байж нэгнийгээ орхиод явчих юм. Эртээд араас чинь 2 дээр ирээд хаана байгаа юм гэхэд хүртэл 2 шинэ тэрэг байгааг харахгүй байна уу? Наад нүд чинь юм харахгүй байна уу? гээд байсан. Тэгж болдог юм уу?" гэж хэлсэн тэгсэн чинь Болорчулуун "...би ч гэсэн чамайг пизда наахуу гэхээр чинь би ч гэсэн гомддог шдээ" гэхээр нь "...чи ч гэсэн тэгвэл надад ингээд чиний хэлсэн үгэнд гомддог шдээ гээд хэлэхгүй яасан юм би тэгвэл ойлгоод үг хэлээ засна шдээ" гэж хэлсэн чинь Болорчулуун миний толгой руу толгойгоо нийлүүлээд шахаад байсан. Тэгээд Болорчулуун бид 2 барьцалдаж аваад газарт унасан. Болорчулуун газарт унахдаа хацраа газарт шалбалсан байх. Тэгээд Болорчулуун босоод би чамд гомдсон" гээд машиндаа ороод унтаад өгсөн. Тэгсэн чинь Д ах намайг ....наашаа суу" гэхээр нь би хамт суусан чинь "...чи яадаг гэнээ" гэхчлэн намайг үг хэлээр доромжилж, хэрүүл өдөөд байсан. Хэрүүл өдөөд байхаар нь би намайг зодох гээд байх шиг байна гэж бодоод машиндаа ороод машинаа асаагаад хөдлөх гэж байсан чинь араас Д ах ирээд "...чи хаачих гээд байгаа юм. Чи ингэхгүй ээ" гээд машины түлхүүр булааж аваад намайг зодож эхэлсэн. Тэгээд машинаас татаж буулгаад газар хэвтэж байхад минь дээрээс өшиглөөд, цохиж нүдээд байсан. Би тэр үеэс нь эхлэн утсан дээрээ бичлэг хийж эхэлсэн. Тэгээд болингуут нь би "...бичлэг хийж байгаа шүү" гэсэн чинь чи бичлэг хийгээд яадаг юм? Чамайг алчихна шүү" гээд байсан. Тэгээд босч ирээд миний утсыг булааж авсан ба намайг боож унагахаар нь би арай гэж хувцас хунараа уруулан барин зугтаасан. Тэгээд тэндээс зугтаад явж байгаад нэг хүн таарахаар нь утсаараа яриулаач гэхэд нэг ах утсаа өгөөд би цагдаа дуудсан ба утсаараа яриулсан тэр ах эмнэлэг дуудсан байсан. Тэгээд удалгүй эмнэлэг ирсэн ба араас нь цагдаа ирсэн. Тэгээд эмнэлгийн машинаар эмнэлэгт ирсэн. Цагдаа араас минь утсыг минь олоод авчирч өгсөн. Тэгээд тэр оройноо эмнэлэгт хоносон. Эмнэлэгт толгойдоо 3 оёдол тавиулсан бөгөөд маргааш өглөө нь эмнэлэгт ерөнхий эмч нь ирээд үзээд хавиргыг минь зөөлөн эдийн гэмтэл гэхээр нь би тайвшраад нөгөө хүмүүстэйгээ ярилцъя гэж бодоод эмнэлгээс гараад буцаад машин дээрээ очсон. Тэгсэн чинь надтай ярилцахчгүй, тоохгүй байсан. Тэгээд машиндаа хэвтэж байтал тархи толгой өвдөөд, хамаг биений хөлс урсаад, хамаг бие энд тэндээ шалбарч урагдсан, хавирга бас нилээн өвчтэй, хүзүү бас хөдлөхгүй, зүрхээр хатгаад хамаг бие сульдаад байсан Тэгэхээр нь би за ер нь эмнэлэг бараадахгүй бол болохгүй юм байна гээд ахыгаа дуудаад сумын төв рүү хүргүүлсэн. Д ахтай холбогдож ... ахаа би ингээд Эмнэлэгт үзүүлсэн. Эм тариа авах хэрэгтэй байна. Нэг өдрийнх нь 200.000 300.000 төгрөгний эм тариа бичиж өглөө. Та эм тарианы мөнгө өгөх үү" гэсэн чинь"...за ахын дүү болиорой. Чи өргөдөл бичиж өгөх гээд байгаа юм уу? Юу хийгээд яваад байгаа юм. Чи чинь харин хогийн бацаан уу, үгүй юу?" гээд өөдөөс уурлаад байсан тэгэхээр нь би цагдаад өргөдлөө бичээд өгсөн...Сүүлийн хэд хоног сонин харилцаатай байсан ба би тэр асуудал дээр гомдсон талаараа хэлсэн бөгөөд Болорчулуун бас надад гомдсон гээд бид хоёр нэг барилцаж аваад газарт унасан. Тэгээд Болорчулуун босч ирээд машиндаа ороод унтаад өгсөн. Үүний дараагаар Д гэгч нь чи яасан гэнээ гээд машинд орж ирж зодоод, машинаас чирч унагаад газарт хэвтэж байхад дээрээс дэвсээд, өшиглөж зодоод сүүлдээ боогоод байхаар нь би арай гэж зугтсан...Болорчулуун унтчихсан байсан. Дашчийрэв ах харин янз бүр болоогүй сүүлдээ одоо болиочээ. Наад хүүхэд чинь болохоо болилоо гэж байсан. Д л намайг зодсон... Дашдорж нь эхлээд машинд орж ирээд толгойг минь жийж, өшиглөж, энд тэндгүй л гараараа цохиж нүдээд байсан. Энэ үед л толгой минь хагарсан байх бөөн цус нөж болсон ба толгойдоо 3 оёдол тавиулсан. Тэгээд машинаас чирч буулгаад дээрээс хөлөөрөө дэвсээд, цохиж нүдээд л байсан. Би сүүлдээ тоог нь алдаж, больчих байх гэж бодоод хариу үйлдэл үзүүлэлгүй зодуулаад л байсан. Сүүлдээ хоолой боогоод амьсгалж чадахгүй, ухаан алдах гээд байхаар нь хувцас хунараа уруулан барин арай гэж зугтаасан. Одоо толгойны дагз хэсгээр хатгуулж өвдөнө, хэвтэхээр зүрх хатгуулна, хөлс цуваад л зүүн нүд дотор хэсэгтээ туяарсан, нүд бүрэлзэнэ, хөл, гар, энгэр, цээж, ар нуруу хэсэгт шалбарсан, урагдсан, хавирга хөндүүртэй, өвчтэй байгаа. Эмч хэлэхдээ хуйхны язарсан шарх, зөөлөн эдийн олон тооны шархтай гэж үзлэгийн тэмдэглэл дээрээ бичсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 41-44-р хуудас/,

Гэрч Л.Дашчийрэвийн “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Даагий гэх залуу Тулгаа, Болорсайхан нартай хамт Цогтцэций сумын төв орж баяр болж байгаа тул ойр зуурын хүнсний зүйлс болон 2 шил архи авсан. Тэгээд нүүрс тээврийн 2 дахь километрт цагдаагийн постны яг ард талд очсон. Очоод мах шарж идчихээд, авсан 0.75 литрийн "Эдэн" нэртэй архиа задлаад 1-г нь ууж байсан. Тэгсэн чинь цуг байсан Тулгаа гэх залуу Болорсайхантай гэнэт муудалцаад, 2 ч удаа дээр доороо ороод ноцолдоод байсан. Тулгаа гэх залуу нь Даагий гэх залууд хандаж "...би өөр кабинд явна шдээ. Шахаж чадна шдээ" гэх утгатай юм хэлээд байсан. Тэгэхээр нь би "...чи үг хэлээ бодож хэлээрэй" гэж хэлж байсан. Тулгаа гэнэт чулуу барьчихсан Болорсайханыг цохих гэж байхад нь Даагий очоод чулууг нь аваад болиулсан. Болорсайхан ч машиндаа амрах гээд орсон. Тэгээд нэг харсан чинь Тулгаа машинаа асаачихсан байж байсан. Даагий очоод Тулгааг болиулах гээд хаалгаа дотроосоо цоожилчихсон байхаар нь цонхоор нь түлхүүрийг нь авах гээд оролдож байх шиг байсан.Тэгээд би ч машиндаа ороод унтаад өгсөн. Тэрнээс хойш Даагий Тулгаа хоёрыг яасныг мэдэхгүй байна... Би сайн мэдэхгүй байна. Гэхдээ аман дээрээс ачуулахдаа нэгийгээ орхичихлоо гэх утгатай юм л ярилцаад байсан санагдаж байна. Эхлээд барилцаж аваад л байсан. Тэгээд дараа нь дахиж нэг удаа барилцаж аваад чулуу хүртэл барьчихсан байхаар нь Даагий очиж болиулсан. Бие биенийхээ биед гэмтэл учруулсан эсэх талаар нь сайн мэдэхгүй байна. Шөнө байсан тул харагдахгүй байсан. Өглөө боссон чинь Болорсайханы хацар шалбарчихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 46-47-р хуудас/,

Гэрч Л.Болорсайханы “...2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Тулгаа, Д, Дашчийрэв нарын хамтаар Цогтцэций сумын тов орж усанд орчихоод, дэлгүүр орж хоол ундны юм авчихаад 2 шил архи авсан. Тэгээд нүүрс тээврийн 2 дахь километр рүү буцаад очсон. Гахайн мах авсан байсан тул тэрийгээ шарж идчихээд авсан архиа задлаж уусан. Тэгээд Тулгаа бид 2 хоорондоо маргалдсан. Тулгаа намайг шинэ машин уначихаад хаяж явлаа" гэхчилэн уг хаяад байсан. Тэрнээс болоод бид 2 маргалдсан ба эхний архи дундаа л орж байсан байх Тулгаа намайг архины шилээр цохих гэж байхад нь Чийрэв ах, Д ах 2 болиулсан. Тулгаа бид 2 газарт унаад шанаа руу 2 цохьсон, толгой руу бас цохьсон. Тэгээд болиод байж байтал дахиад бид 2 барилцаж авахад Тулгаа чулуу барьчихсан байсан ба Д, Дашчийрэв ах нар бид 2-г одоо болно гээд болиулсан ба би ч Тулгаад "... Би одоо чамтай дахиж харьцахгүй гэж хэлээд машиндаа ороод унтаад өгсөн. Тэгээд л би өглөө сэрсэн. Сэрсэн чинь цагдаагаас дуудаж байна гэсэн. Тулгаа руу залгасан чинь "...Эмнэлэг дээр байна." гэхээр нь...бид хэд яваад очих уу гэхэд ".. би өөрөө яваад очье" гээд Тулгаа ирсэн. Тэгээд миний бие тавгүйрхээд үдээс өмнө дан машиндаа хэвтсэн ба үдиин дараа бие дээрдэхээр нь бид хэд ямаа боох гээд авчихсан байсан тул тэрийгээ янзалж хоол болгочихоод Тулгааг ДУУДахад гарч ирэхгүй байсан. Би Тулгаад жоохон гомдчихсон уучлалт гуйх байх гээд бодож байхад Тулгаа юм хэлэхгүй байхаар нь би тэгсгээд унтаад өгсөн. Харин маргааш нь эрүү, толгой өвдөөд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /49-51 -р хуудас/,

Гэрч С.Алтанцэцэгийн “...Дуудлагаар нүүрс тээврийн 2 дахь километрийн Тэс колонкын наад талын колонк дээр очсон.Тэгэхэд өөр жолоочийн машин дотор нэг залуу сууж байсан...Тухайн залуу нь өмд гуталтай өөр ямар нэгэн хувцасгүй байсан.Өндөр машин байсан тул буулга гэхэд хавиргаа дараа атиралдаад сууж байсан.Тэгээд өөрөө машинаас бууц ирсэн.Тэгээд биеийнх нь зовиурын талаар асуухад зүүн талын сүвээ дал орчмоор өвдөнө өвдгөөр өвдөнө бүх бие хорсоод байна гэж байсан ерөнхийдөө үзлэг хийхэд даралт 150/100-тай пүльс 130 болчихсон байсан авч явах гэхэд ямар нэг хувцасгүй машинаасаа хувцасаа авчих гэхэд машин дээр намайг зодсон хүмүүс байгаа гэж байсан.Тэгээд цагдаа ирэхийг хүлээж байгаад машин руу нь тойроод явсан...Эмнэлэг дээр ирээд хуйхныхана язарсан хэсэгт 3 оёдол тавиад толгойных нь цусыг цэвэрлэсэн...Ер нь нилээн сандарсан, амьсгаадсан, зүүн талруугаа хазайсан, цээж хэсэг нь тэр чигтээ улайсан, зулгарсан, нүдний хэсэгт улайсан, хуйхнаас нь цус гарсан, өвдөг нь зулгарсан цус гарсан байдалтай байсан...” гэсэн мэдүүлэг /хх-н 58-60-р хуудас/,

Гэрч С.Буяндэлгэрийн “...Би 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдөр жижүүрийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэж ажилласан. Тухайн өдөр 10-аас 11-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн дуудлагын утсанд бусдад зодуулсан хүн байна гэсэн дуудлага ирсэн байсан. Манайх дуудлага ихтэй байсан учраас өмнөх дуудлагандаа оччихоод тухайн дуудлаган дээр очихоор 03 цаг өнгөрөөгөөд нүүрс тээврийн 2 дахь километрт очсон. Очиход эмнэлэгийнхэн очихсон зодуулсан гэх залуу эмнэлгийн машинд зүүн тал руугаа хазайгаад суучихсан байсан. Болсон асуудлын талаар тодруулахад "...хамт ажилладаг хүмүүстэйгээ архи ууж байгаад муудалцаад зодуулсан" гэж байсан. Тэгээд бичиг баримт зэргийг нь асуухад машинд жижиг цүнхтэй байгаа гэхээр нь машинаас нь бичиг баримтыг нь авахад М.М гэх 25 настай эрэгтэй байсан. Тэгээд бичиг баримтыг нь өөрт нь өгөөд эмнэлэг рүү явуулсан. Явахдаа утас маань байхгүй байна гэж байсан. Хамт байсан гэх хүмүүсийг нь хайхад бүгд өөр өөрсдийн машинд ороод унтчихсан байсан ба сэрээж болсон асуудлын талаар тодруулахад тухайн хүмүүс нь Ц.Д, Л.Болорсайхан, Л.Дашчийрэв гэх хүмүүс байсан. Тухайн хүмүүс нь ....М гэх залуутай хамт ажилладаг нүүрс тээврийн жолооч нар гэх бөгөөд наадам болж байгаа юм чинь гээд мах шарж идээд. 1 шил архи задалж уусан тэгээд хоёр дүү маань хоорондоо жоохон маргалдсан" гэж байсан. Тэгээд Мөнхтулга гэх залуугийн утсыг машиных нь хажуугаас олоод араас нь эмнэлэг рүү очсон. Тэгээд эмнэлэг рүү очиход тухайн залуу нүүрээ цэвэрлүүлээд оёдол тавиулж байсан ба би утсыг нь өгөх үед ....ахаа би цагдаагийн байгууллагаар шалгуулахгүй. Найз болон ах нартайгаа Ууж байгаад хоорондоо жоохон маргалдсан юм аа" гэхээр нь би "...ямартай ч эмчилгээгээ хийлгэж дуусаад цагдаа дээр хурээд ирээрэй" гэж хэлсэн... Намайг очиход эмнэлэгийн машинд суучихсан. Зүүн тал руугаа хазайгаад суучихсан, цээж нүцгэн доогуураа өмд, гуталтай, цээж хэсэг нь зулгарчихсан, нүд нь улайгаад хавдчихсан, толгойноос нь цус гарчихсан байсан. Тэгээд эмнэлэг аваад явсан. Араас нь эмнэлэг рүү очиход эмнэлэгт толгойдоо оёдол тавиулаад, цусаа цэвэрлүүлээд байж байсан. Эмч хуйх нь язарсан тул оёдол гавьж байна, нуруу цээж хэсэг нь зулгарсан, өвдөг мөн зулгарсан, хавирга нь гэмтсэн байж магадгүй зураг авхуулах шаардлагатай байна гэж хэлж байсан...Ажлынхаа ах нартай хамт наадам гээд жоохон ууцгааж, мах шарж идсэн. Гэхдээ 1 шил архи л задалсан байх би бол их уугаагүй ганц, хоёр л авсан. Тэгээд эхлээд найзтайгаа маргалдаад хальт барилцаж авсан. Найз маань ч тэгээд машиндаа ороод унтаад өгсөн. Тэгтэл хамт ажилладаг ах намайг үгээр идээд, дээрэлхэх гээд байсан. Би машинтайгаа зугтах гэсэн чинь машины түлхүүр аваад машинд байхад зодоод, тэгээд машинаас буусан чинь бас зодоод сүүлдээ хоолой боогоод байсан тэгээд би зугтаад явж байгаад нэг ахтай тааралдаж тусламж гуйхад тухайн ах эмнэлэг, цагдаа дуудаж өгсөн гэж байсан...” гэсэн мэдүүлэг /62-64-р хуудас/,

Өмнөговь аймгийн Шүүхийн Шинжилгээний Албаны 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 370 дугаартай “...М.М-ын биед тархи доргилт, дагзанд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой...М.Мөнхтулгын биед учирсан гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй...М.М-ын биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн шинжээчийн дүгнэлт /хх-н 75-76-р хуудас/,

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо. 

1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            1.4.Хууль зүйн дүгнэлт

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Ц.Д нь Өмнөговь аймгийн Цогтцэций сум нүүрс тээврийн 2 дахь километрт 2022 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс 11-нд шилжих шөнө архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үл ялих зүйлээр шалтаглаж, Д.М-тай маргалдаж улмаар толгой хэсэгт өшиглөж, гараараа хоолойг нь боож, цохисны улмаас тархи доргилт, дагзанд шарх, зүүн нүдэнд цус хуралт гэмтэл үүсч, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулах үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд мөн хуулийн өөр зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэргийн шинжийг давхар агуулаагүй байх тул прокурорын яллагдагчаар татах тогтоол болон яллах дүгнэлт нь зүйлчлэлийн хувьд тохирсон гэж үзэв.

Иймд  шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэв.

1.5. Хохирол, хор уршиг

Хохирогч М.М нь гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 529 742 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлгийн явцад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй эвлэрсэн болохыг дурдаж шийдвэрлэв.   

            Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас хариуцлагчийн талаар гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ц.Д-ийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.4-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдож байна. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ц.Д нь хэрэг хянан хэлэлцсэн шүүх хуралдаан дээр өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргадаггүй, хохирогчид хохирлыг бүрэн төлсөн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Ц.Д нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцоогүй болохыг дурдаж байна. Шүүгдэгч Ц.Д-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна...” гэв.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Д-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүгдэгч Ц.Д-д торгох ял оногдуулсантай холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлд зааснаар оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.  

            2.3. Бусад асуудлын талаар

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээж шийдвэрлэв.

 Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц.Д-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад заасан Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Д-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулсугай.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сидиг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

5. Хохирогч М.М нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Ц.Д-ийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                                    Д.БАТТУЛГА