Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Д.Нямдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Э.Ариунболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт ******* ургийн овогт*******гийн *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2236002030205 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн ******* ургийн овогт*******гийн *******, 2000 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр Ховд аймгийн ******* суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ******* дээд сургуулийн 4 дүгээр курсын оюутан, ам бүл долоо, эцэг, эх, дүү нарын хамт Ховд аймгийн ******* сумын Алтангадас багт оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: па*******.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Бугаан гол” гар утасны худалдааны төвийн хаалгыг эвдэж, хууль бусаар дотогшоо нэвтэрч иргэн Б.*******ын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тус төвийн 2 дугаар давхрын 9 тоот лангуунаас 20 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн 2236002030205 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Улсын яллагч: - хохирогч Б.*******ын мэдүүлгийн тэмдэглэлийг (хавтаст хэргийн 57-58 дүгээр хуудас);

- Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны кримналистикийн шинжээч Б.Сувдын 2022 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 52 дугаартай дүгнэлт, (хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас);

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийг (хавтаст хэргийн 3-5 дугаар хуудас);

 

Ашид билгүүн ХХК хөрөнгө даатгалын хохирлын үнэлгээ (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас);

Бугаан гол захын гар утасны 9 тоот лангуунд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.*******аас яллагдагчаар мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас);

Шүүгдэгчийн өмгөөлөгч: - Хохирогч Б.*******аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас);

- Шүүгдэгч Б.*******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсыг (хавтаст хэргийн 66 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нотлох баримт шинжлэн судлаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.

Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.

- Хэргийн газар үзлэг хийсэн “...Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэьсгэрт байрлах бугаан гол гар утас худалдааны төвийн 2 давхарт 09 номерийн павилоны хяналтын камерт үзлэг хийхэд уг бичлэг нь 21:58 секундын хар өнгийн бичлэг байх ба уг бичлэгт утас зардаг лангууш харуулсан 2 тасалгаатай лангуу байв. Үзлэг хийхэд гаднаас 08 минут 57 секундэл эрэгтэй хүн хаалганы доод хэсэгт байрлах панерийг түлхэн шургаж орж ирэв. Уг эрэгтэй хүн ханцуй болон дар нуруу хэсгээрээ цагаан өнгийн оруулгатай /бусад хэсгийн өнгө тодорхойгүй/ цамц өмссөн байв. Уг эрэгтэй хүн лангууны баруун хэсгийн тойрон орж ирэв. 9 минут 18 секундээс 9 минут 56 мекундын хооронд камерийн хэсгээс түр гарав. 09 минут 57 секундэд уг эрэгтэй хүн камерын хэсэгт орж ирнэ. Лангуун дээр байрлах цоохор цагаан өнгийн бүтээлэгийг сөхөж баруун гараараа утасны гэрэл тусгаж зүүн гараараа лангууны тавиур хэсгээр гараа оруулан цагаан өнгийн утас гаргаж ирээд бүтээлэг дээр тавиад лангууны таиур хэсгээс А51 гэсэн бичиглэл бүхий цагаан өнгийн хайрцагийг гарган ирж оролдон онгойлж утсыг дотор хийгээд лангуун дээр тавиад дахиад утасныхаа гэрлийг тусгаж хэсэг хараад юм хайж байгаа бололтой лангууны баруун хэсгийг тойроод буцаж ирээд лангуун дээр байсан бүтээлэгийг сөхөөд зүүн гараараа бариад доош тавьсан. Лангууны баруун гар талд байрлах доторх тавцан дээрээс нийт 12 ширхэг утсыг аваад юманд хийж байгаа бололтой. Цааш үргэлжлүүлэн зүүн хэсэгт байрлах цагаан өнгийн хайрцаг нь дээр байрлах утаснуудыг хайрцагтай хамт нэг нэгээр нь авч доошоо юманд хийж байгаа бололтой харагдана. 14 минут 00 секундээс 14 минут 04 секундын хооронд чимээ чагнаж байгаа бололтой хэсэг зогсоод 14 минут 06 секундэд камерны хэсгээс гарч 14 минут 26 секундэд камерны бичлэгт буцан орж ирж юм хайж байгаа бололтой дээш, доош харж байгаад доороос цагаан өнгийн алчуур бололтой зүйлээр шилийг арчиж эхлэнэ. Лангууны тавцан хэсгээс шил арчигч бололтой зүйлийг барьж байсан цагаан өнгийн алчуураар гадна талыг арчив. Мөн шил арчигч зүйлийг барьж байсан цагаан алчуураар гадна талыг арчив. 15 минут 27 секундэд тойроод гарч ирэхэд баруун гартаа хайрцагтай зүйл барьж хаалганы доор байрлах панерийг нааш татан шургаж павилоноос гарав. 17 минут 38 секундэд уг эрэгтэй хүн хаалганы гадна суугаад зүүн гараараа хаалганы доод хэсгийн панерийг барьж  баруун гарынхаа ханцуйгаараа панерийг дотор гаднагүй арчиж байгаад хаалганы цаанаас панерийг түшүүлэн орхив.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас);

- Хохирогч Б.*******ын “Б.******* миний хохирол мөнгийг бүрэн барагдуулж өгсөн. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дансаар 7.700.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо надад санал гомдол алга байна. Миний хохирлыг бүрэн барагдуулж өгсөн учраас би шүүх хуралд суухгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас);

Ашид билгүүн ХХК-ний хөрөнгийн үнэлгээний “...Дээр дурдагдсан гар утаснуудын нийт бодит үнэ цэнийг 7,700,000₮ /долоон сая долоон зуун мянга/-р үнэлэгдлээ” Үнэлгээний ажлын явцад ач холбогдол бүхий бусад зүйл илрээгүй болно. гэх тайлан (хавтаст хэргийн 28 дугаар хуудас);

- Дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдсон, шүүгдэгч Б.*******ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч яллагдагчаар өгсөн “...2022 оны 07 дугаар сарын 14-нээс 15-ны шөнө шилжих шөнө “Бугаан гол” гар утасны захын /номерын/ сэдэхгүй 2 давхараас 17 ширхэг гар утас авсан. /тухайн утаснуудын марк мэдэхгүй/ аваад цүнхэндээ хийгээд гэрийнхэндээ хэлэлгүй нууж байгаад 15-ны өглөө 09 цагийн хувийн жижиг машинд дайгдаж Улаанбаатар хот ороод бүгдийг нь зарсан хүмүүсээ одоо танихгүй байна. Тухайн үед ногоон, цагаан хар өнгөтэй куртик, хар өнгийн өмдтэй байсан. Бт өр зээд төлөх гэж авсан юм. Улаанбаатар хотод утас авна, зарна гэсэн хүмүүст зарсан. Одоо тэр хүмүүсийг танихгүй, өөрийнхөө утас байгаа юм гэж зарсан. Гар утас зарсан мөнгөө бэлнээр авч байсан, 3-4 мая төгрөг болсон олсон мөнгөө өөртөө зарцуулсан. Тухайн үед би ганцаараа байсан ба хохирлыг бүрэн төлж барагдуулсан байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас) зэрэг болно.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн 01 цагийн орчимд Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэрт байрлах “Бугаан гол” гар утасны худалдааны төвийн хаалгыг эвдэж, хууль бусаар дотогшоо нэвтэрч иргэн Б.*******ын үйл ажиллагаа явуулах зориулалт бүхий тус төвийн 2 дугаар давхрын 9 тоот лангуунаас 20 ширхэг гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.

Хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үздэг. Хохирогч Б.*******ын үйл ажиллагаа явуулдаг буюу  “Бугаан гол” гар утасны худалдааны төвийн 09 тоот лангууны хаалгыг эвдэн орж эд зүйл хулгайлсан шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгааласан байранд нэвтэрч үйлдсэн” гэх шинжийг хангаж байна.

Иймд шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Энэхүү гэмт хэргийн улмаас хохирогчид 7,700,000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учирсан нь хөрөнгө үнэлгээний тайлан (хавтаст хэргийн 27-29 дүгээр хуудас)-аар тогтоогдож байна.

хохирогч Б.*******ын  “...Б.******* 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр дансаар 7.700.000 төгрөг шилжүүлсэн байгаа. Одоо надад санал гомдол алга байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 58 дугаар хуудас)-р, шүүгдэгч Б

.******* нь  хохирогч Б.*******т хохиролд 7,700,000 төгрөгийг төлсөн тухай баримт, (хавтаст хэргийн 48 дугаар хуудас)-р тус тус тогтоогдож байх тул шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй гэж үзнэ.

Эрүүгийн хариуцлагын талаар: Шүүгдэгч Б.******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь нотлох баримтаар нотлогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзлээ.

 Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 66 дугаар хуудас), шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 35 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлжээ.

Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.******* нь эцэг, эх дүү нарын хамт амьдардаг, ******* их сургуульд сурдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал тогтоогдож байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.******* нь 2022 оны 07 дугаар сарын 15-ны шөнө Ховд аймгийн Жаргалант сумын Алаг толгой багийн нутагт байрлах Бугаан гол гар утасны худалдааны төв рүү хууль бусаар нэвтэрч хохирогч Б.*******ын эзэмшлийн 09 тоот лангуунаас 7’700’000 төгрөгийн хорин ширхэг гар утас хулгайлсан болох нь хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдсан плаш 1 ширхгийг хэргийн хугацаа дуусах хүртэлх хугацаагаар хадгалах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих саналыг гаргаж байна гэх санал,

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ойлгон ухамсарласан, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй гэх хувийн байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх санал гаргасан, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн саналыг үндэслэн шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах үндэслэлтэй байна.

2022 оны 07 дугаар сарын 14-ний өдөр Ховд аймгийн Жаргалант сумын ******* багийн нутаг дэвсгэр “Бугаан гол” гар утас худалдааны төвийн хяналтын камерын бичлэгээр гэмт хэргийн ул мөрийг бэхжүүлсэн нотолгооны ач холбогдолтой байх тул плаш дискийг хэргийн хамт хадгалах нь зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч Б.******* нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* ургийн овогт*******гийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан хулгайлах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчилж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

5. Шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

6. Хэргийн хамт ирсэн хяналтын камерын бичлэгийн плаш дискийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХЗАЯА