| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 178/2022/0159/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/177 |
| Огноо | 2022-10-11 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2022 оны 10 сарын 11 өдөр
Дугаар 2022/ШЦТ/177
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нарантуяа, улсын яллагч Ховд аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогч Э.Бадрал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.Эрдэнэбат, шүүгдэгч Г.*******, түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэгт ******* ургийн овогт *******гийн *******д хологдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 2136001800086 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* ургийн овогт *******гийн *******, 1985 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймгийн суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Ховд аймгийн ******* даргын дэргэдэх *******гийн хяналт, аудитын албаны дарга ажилтай, ам бүл тав, эхнэр, гурван хүүхдийн хамт Ховд аймгийн ******* сум, зургаадугаар (*******) багийн 4 дүгээр ******* айлын орон сууцны 08 тоотод оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, регистрийн дугаар: *******.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн нийгмийн ажилтан Б., бага ангийн сургалтын менежер А., Г., тус сургуулийн харуул хамгаалалтын ажилтан Г. нарын гарын үсгийг ашиглаж, төрсөн эцэг Н.*******г Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш хөгжлийн төвд буюу ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан гэх утга бүхий гэрчийн тодорхойлолт, 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгийг хуурамчаар үйлдэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нууж 57’800’000 төгрөгийн буюу их хэмжээний буцалтгүй тусламж авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Эрүүгийн 2136001800086 дугаартай хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:
Улсын яллагч: - Улсын ерөнхий прокурорын газрын гэмт хэргийн талаарх мэдээлэл шалгуулах тухай албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 3 дугаар хуудас);
- Гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах болон хяналтын харьяалал тогтоох тухай прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас);
- Монгол Улсын Ерөнхий аудитор Д.ын албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
- Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын албан бичгийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 7 дугаар хуудас);
- Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын санхүүгийн аудитын тайлан, хавсаргасан баримт бичгүүдийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 8-86 дугаар хуудас);
- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 92 дугаар хуудас);
- Гэрч Д.ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас);
- Гэрч Х.аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас);
- Гэрч Г.ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас);
- Гэрч А.ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас);
- Гэрч Г.аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас);
- Гэрч Б.гаас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас);
- Гэрч Б.ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас);
- Гэрч Ч.аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас);
- Гэрч Д.оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 121 дүгээр хуудас);
- Гэрч Ч.өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас);
- Криминалистикийн шинжилгээний 82 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 144-148 дугаар хуудас);
- Криминалистикийн шинжилгээний 83 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 156-188 дугаар хуудас);
- Криминалистикийн шинжилгээний 93 дугаартай дүгнэлтийг (1 дэх хавтаст хэргийн 202-214 дүгээр хуудас);
- Ховд аймгийн ******* даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/836 дугаартай захирамжийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас);
- Гэрч М.гээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас);
- Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтын хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 163-171 дүгээр хуудас);
- Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 216 дугаар журам батлах тухай тушаал, хавсралтын хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 172-181 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Г.*******гийн иргэний үнэмлэхийн лавлагааг (2 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас);
- Хохирлын тооцоо гаргасан мөрдөгчийн тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас);
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал: - Гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах болон хяналтын харьяалал тогтоох тухай прокурорын тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 4-5 дугаар хуудас);
- Монгол Улсын Ерөнхий аудитор Д.ын албан бичгийг (1 дэх хавтаст хэргийн 6 дугаар хуудас);
- Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын санхүүгийн аудитын тайлангийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас);
- 2021 оны 02 дугаар сарын 25-ны 2/158 дугаартай аудитын санал дүгнэлтийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас);
- Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалтын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас);
- Сонсох ажиллагаа явуулах тухай мэдэгдлийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 31 дүгээр хуудас);
- Ховд аймаг дахь Төрийн аудитын газрын төлбөр барагдуулах тухай актын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 36-38 дугаар хуудас);
- Засгийн газрын 2015 оны 269 дүгээр тогтоолын хавсралтын хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 163-171 дүгээр хуудас);
- Яллах дүгнэлтийг (4 дэх хавтаст хэргийн 8-25 дугаар хуудас);
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг: - Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоолыг (1 дэх хавтаст хэргийн 1 дүгээр хуудас);
- Аудитаар илэрсэн алдаа, зөрчлийн жагсаалтын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас);
- Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас);
- 108 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 46 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.*******гийн сумын ерөнхий боловсролын сургуульд гаргасан өргөдлийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 47 дугаар хуудас);
- 263 дугаартай төлбөрийн хүсэлтийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 46 дугаар хуудас);
- Гэрч Б.ээс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас);
- Гэрч Ч.аас мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас);
- Гэрч Д.оос мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 121 дүгээр хуудас);
- Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн албан бичгийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 222 дугаар хуудас);
- Гэрч Ч.өөс мэдүүлэг авсан тэмдэглэлийг (1 дэх хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас);
- Ховд аймгийн ******* даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн А/836 дугаартай захирамжийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 223 дугаар хуудас);
- Шүүгдэгч Г.*******гийн Ховд аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын даргад гаргасан өргөдлийн хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 231 дүгээр хуудас);
- Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны 11/02 дугаартай тогтоолын хуулбарыг (1 дэх хавтаст хэргийн 240 дүгээр хуудас);
- Н.*******гийн иргэний үнэмлэхний лавлагааг (2 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас);
- Н.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагааг (2 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас);
- Гэрч Б.Батнасангаас гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 76-77 дугаар хуудас);
- Гэрч М.гээс гэрчээр мэдүүлэг авсан тэмдэглэлийг (2 дахь хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас);
- Н.*******гийн өвчний түүхийн хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 84-89 дүгээр хуудас);
- Монгол Улсын Сангийн сайдын 2017 оны 216 дугаар журам батлах тухай тушаал, хавсралтын хуулбарыг (2 дахь хавтаст хэргийн 172-181 дүгээр хуудас);
- Шүүгдэгч Г.*******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (3 дахь хавтаст хэргийн 161 дүгээр хуудас);
- Төлбөрийн хүсэлтийн хуулбарыг (3 дахь хавтаст хэргийн 176 дугаар хуудас);
- Яллах дүгнэлтийг (4 дэх хавтаст хэргийн 8-25 дугаар хуудас);
- Н.*******гийн томилолт, ажлын удирдамжийг (4 дэх хавтаст хэргийн 46-70 дугаар хуудас) тус тус шинжлэн судалсан байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.******* “...Намайг Нийгмийн халамж үйлчилгээг хуурамч баримт бүрдүүлж авлаа гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-д зааснаар яллах дүгнэлт үйлдсэн. Би 37 жил төрд ажилласан эцгийнхээ буцалтгүй тусламжийг авлаа гэж ойлгож байгаа. Тухайн үед Б. гэдэг нягтлан бодогч байсан. Хоёр жил ажиллаж байсан туршлагатай. Манай нутгийн Бямбабаяр гэдэг хүний хүүхэд. Бүгд Найрамдах Солонгос улсад ажиллаж байгаад Ховд Их сургуулийг эчнээгээр төгсөөд нягтлан бодогч болоод Ховд аймгийн сумын сургуульд анх орсон байсан. Тухайн үед анхан шатны баримтуудыг өгсөн. Мөнгө гаргуулахдаа эцгийнхээ нас барсны гэрчилгээг өгсөн. 7 дугаар сарын 03-ны өдөр нас барсан гэсэн нас барсны гэрчилгээ байсан. Г.******* хуурамч баримт үйлдээд сумын сургууль дээр эцгийгээ нас барсан гэвэл мөнгө гаргах баримт дээр 7 дугаар сарын 03-ны өдрийн нас барсны гэрчилгээ байхгүй байх байсан. Би юу ч нуугаагүй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад элгэнд нь задрал үүсэх нөхцөл байдал бий болж Улаанбаатар хотод очиж хагалгаанд орж улмаар нас барсан гэсэн санаа байгаа. сумын сургуулийн ажлын байран дээрээ, багш хөгжлийн төвийн тэдэн тоотод нас барсан гэж бичээгүй. Үүнийг намайг гүтгэе гэсэн хүмүүс үнэхээр их үзэж байгаа. Өмнө нь намайг ажил албан тушаалаа урвуулан ашигласан гэж бас ялласан. Мэргэжлийн хяналтын дарга Эрдэнэчулуун, байцаагч , сумын сургуулийн захирал Ч., Г.******* нарт яллах дүгнэлт үйлдсэн. Та ажил албан тушаалаа урвуулан ашигласан. Яалтачгүй ийм ийм хариуцлагатай шүү гэхэд би хүлээн зөвшөөрөөгүй. Би ажил албан тушаалаа ингэж ашиглаагүй ийм юм байхгүй гэж хэлсэн. Нөгөө 3 хүний хэргийг хэрэгсэхгүй болгосон. Би Э.Бадрал прокурорын өмнө ажиллаж байсан Бат-Эрдэнэ прокурортой очиж уулзахад яалтчгүй ийм хэрэг та хариуцлагаа хүлээнэ гэсэн. Энэ хүмүүс ч гэсэн хариуцлагыг шүүхээр шийдүүлнэ гэж байсан. Гэтэл нөхцөл байдал өөрчлөгдөөд энэ бол ажил албан тушаалын хэрэг биш энэ бол хуурамчаар баримт бүрдүүлсэн Г.******* таны хэрэг гэсэн. Г.******* мэдэгдэх хуудас өгөөд хүмүүс гарын үсгээ зурсан байна. Энэ хүмүүсийн үйл ажиллагааг Мэргэжлийн хяналтын байцаагч гэдэг хүн үнэн байна гэж баталсан. Улсын байцаагч мэдэгдэх хуудасны дагуу судалж үзээд акт үйлдээд өгсөн. Улсын байцаагч хүн баталсан байгаа. надад эх хувь нь байсан гэж худал мэдүүлэг өгсөн. байцаагч над руу яриад асуудал болоод байна гэхээр нь би сум руу Б. рүү яриад улаан тамгатай баримтыг авахуулж өгсөн. Би өрөөндөө байцаагчийг дуудаад өгсөн. Канондаж авна гэж байгаад эх хувиар нь аваад явсан. Албан томилолтоор явж байсан. Б. нягтлан хариуцлагагүй хандсан. Хоёр жил ажиллаж байсан туршлагатай. Олон жил ажилласан туршлагатай байсан бол үүн дээр анхан шатны баримтуудыг бүрдүүлэх тал дээр ажлын хариуцлагыг алдсан байна. аудитор ээлжийн амралттай байхдаа нас барсан гэж байгаа. Ховд аймгийн ******* дарга Б.Дүгэржав Ерөнхий боловсролын сургууль, насан туршийн боловсрол, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын эрхлэгч, захирлуудыг амраах захирамж гаргасан. Тэр захирамж дээр 07 дугаар сарын 06-ны өдрөөс эрхлэгч, захирлуудын ээлжийн амралт авах хуваарийг баталж өгсөн. Миний эцэг 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан. Миний эцэг ээлжийн амралтаа аваагүй байсан учраас ажлаа хийгээд өвчтэй байсан. Миний эцэг ажил үүргээ гүйцэтгэж байсан. Гэрч нар мэдүүлэхдээ хагалгаанд орохдоо ажлаа сайн хийгээрэй гэж хэлсэн гэж мэдүүлсэн. Албан томилолттой явсан. Мэдээж хүн үхнэ гэж явахгүй. Би ажлаа хийж явахдаа биеэ үзүүлнэ аль эсвэл биеэ үзүүлж явахдаа ажлаа хийнэ гэдэг хоёр зүйл байгаа. 7-10 хоногийн хугацаанд албан томилолттой ажил үүргээ гүйцэтгэж явсан. Би Үндэсний Аудитын газрын дэд дарга, хяналт шалгалт хариуцсан дарга хоёрт нь санал хүсэлтээ ярьсан. Манай аудиторууд буруу хандсан байна лээ гэдгийг надад хэлсэн. Бид эрүүгийн хэрэг үүсээд явж байгаа учраас ямар нэгэн нөлөөлөх шийдэл өгөхгүй таны дүгнэлт гарсны ард бид энэ захиргааны актыг цуцлах шийдвэр гаргаж өгнө бид нар менежертэй хариуцлага тооцно гэдэг зүйл ярьсан. Дэд дарга Сарансүх, хяналт шалгалтын дарга Нарангэрэл гэдэг хоёр хүнтэй 10 хоногийн өмнө ярьсан. Намайг нэг болохоор албан тушаалын хэрэгт аваачиж хийчих гээд нэг болохоор хуурамч баримт бичиг бүрдүүлсэн хэрэгт хийчих гээд байгаа. Алтангэрэл комиссар надаас байцаалт авахад би үнэнийг хэлсэн. Та эцгийнхээ юмыг хөөцөлдөөд явж байгаа учраас та биччих гэж хүмүүс хэлсэн. Би Г. менежерээс асууж байгаад бичсэн. Би санаатай худлаа бичээгүй. Улсын байцаагч судалж үзээд улаан тамгаа дараад гарын үсгээ зурж өгсөн. Миний эцэг томилолттой байсан. Нас барсны гэрчилгээг мөнгө гаргахдаа хавсаргаж өгсөн. Үнэхээр булхайтай хуурамч юм хийсэн бол төрийн сан дээр эцгийгээ 07 дугаар сарын 03-ны өдөр нас барсан гэдгийг нууна. Эмнэлэгт нас барсан гээд биччихсэн байгаа. Би тийм юм хийх хүн биш. Би энэ хэргийг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэх мэдүүлэг өгчээ.
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон бусад нотлох баримтуудтай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэллээ.
- Гэрч Д.ийн “....захирал Н.******* нь амралтаа аваад амарч байх хугацаандаа нас барсныг ажил дээрээ нас барсан гэсэн акт, дүгнэлт гаргаад түүний хүү Г.******* нь тэтгэмжийн мөнгийг авсан гэж гомдол гаргасны дагуу хянахад: ...Энэ тэтгэмжийг авахдаа мэргэжлийн хяналтын дүгнэлтийг үндэслэл болгосон байдаг. Мэргэжлийн хяналтын байцаагч нь сургууль багш нарын гаргасан тайлбарыг үндэслэл болгож дүгнэлт бичсэн гэдэг боловч тайлбар гаргасан багш нар нь ямар нэгэн тайлбар бичээгүй, тухайн үед гарын үсэг хоосон цаасан дээр зуруулаад аваад явсан гэж тайлбарладаг. Н.******* нь нас барахдаа ажлын байран дээрээ нас бараагүй болох нь тогтоогдсон тул тухайн актыг тавьсан юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 94-96 дугаар хуудас);
- Гэрч Х.ын “...Үйлдвэрлэлийн ослын актыг судлан бүртгэхэд би оролцдоггүй. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийн 1 дүгээр хавсралтын дагуу тухайн байгууллагын осол судлан бүртгэх комисс гэж байдаг. Тухайн комиссын гишүүд нь дээрх хавсралтын дагуу бөглөөд гарын үсэг зурж баталгаажуулаад ирдэг. Ингэсний дараа би гарын үсэг зурж баталгаажуулж тэмдэг дардаг. Би өөрийн биеэр оролцож судалсан зүйл байхгүй. Тухайн актыг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр баталгаажуулсан бөгөөд би тус ажилд томилогдоод 15 хонож байсан. Тухайн актыг баталгаажуулахын өмнө Ховд аймгийн *******гийн хяналт аудитын хэлтсийн дарга Г.******* нь надтай ирж уулзаад “миний аав 2020 оны 07 дугаар сард нас барсан. Тухайн үед ажлын байрандаа нас барсан акт нь надад байна, та үүнийг баталгаажуулж өгөөч” гэж ирсэн. Тэгэхэд нь би түүнд “би тухайн үед ажиллаж байгаагүй учир чадахгүй” гэж хэлээд буцаасан. Удалгүй тэр өдрийн үдээс хойш нь аймгийн мэргэжлийн хяналтын газрын дарга П.Эрдэнэчулуун намайг өрөөндөө дуудахаар нь очиход Г.******* сууж байсан. Надад хандаж “чи энэ Г.*******гийн актыг баталгаажуулаад өгчих, чамд ямар ч хамаарал байхгүй” гэхээр нь “би болохгүй байх” гээд өрөөнд нь сууж байтал “чи тамгаа дараад гарын үсгээ зурчихаа, чамд ямар ч хамааралгүй” гэж дарга хэлэхээр нь би үгнээс зөрөөд байлгүй өрөөнөөсөө тамгаа аваад буцаж П.Эрдэнэчулуун даргын өрөөнд орж гарын үсэг зурж, тэмдэг дарж баталгаажуулаад өгсөн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас);
- Гэрч Г.ийн “...хаврын төгсөлт болж шалгалт эхэлчихсэн байхад бие нь муудаад байсан. Шалгалт дуусаад гэрчилгээ бичих үеэр захирал Н.******* нь “би ер нь маш муу байна, та нар гарын үсэг зурах, тамга дарах шаардлагатай бол намайг дуудаарай” гэж байсан. Манай манаач Г. шаардлагатай үед очиж гэрээс нь авч ирдэг байсан. Ингээд 2020 оны 06 дугаар сарын сүүлээр сонгууль болох гэж байхад “сонгуулиа өгчихөөд Улаанбаатар хот руу эмчилгээнд явна” гэж байсан. ...Ингээд Улаанбаатар хотод очоод “хагалгаанд орохоор боллоо миний элэг муу болсон байна, би ярья гэсэн хүмүүс рүүгээ яриад хэлчихье гэж бодож байна” гэж надтай ярьсан. ...Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх комисс гэж байхгүй. Захирлаас ийм тушаал гарч байсан удаа байхгүй. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх актад зурагдсан гарын үсгийг харлаа энэ бол миний гарын үсэг мөн байна. Үүнд нэг тайлбар хэлэхэд Н.******* захирал нас барсны дараа 2020 оны 08 дугаар сард билүү?, 09 дүгээр сард байх би сумаас аймгийн төвд ирчихсэн явж байтал түүний хүү Г.******* надтай тааралдаад “би аавынхаа тэтгэмж хөөцөлдөх гэж байна. Та суманд очоод А. менежер, Б. нийгмийн ажилтан, Г. манаач нараар гарын үсэг зуруулаад явуулчихаарай” гэсэн. ...би суманд очоод байж байтал Г.******* залгаад “та над руу өглөөний автомашинаар яаралтай цагаан цаасан дээр гарын үсэг зуруулаад явуулчих” гэсэн. Би “юу гэсэн утгатай юм бичих юм бэ?” гэхэд “та нар зүгээр л гарын үсэг зураад явуулчих би дотор юмыг би өөрөө биччихнэ” гэж хэлсэн. ...Таны үзүүлж байгаа цаасан дээр зурагдсан гарын үсэг тэмдэг минийх мөн байна. Гэхдээ тухайн үед ийм цоохор бичигтэй цаасанд гарын үсэг зураагүй. Хоосон цаасанд зурж байсан ба дотор нь юу ч бичээгүй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас);
- Гэрч А. “...Би ийм тодорхойлолт бичээгүй. Би хоосон цаасан дээр гарын үсэг зурсан. Тухайн үедээ Н.******* захирлын хүү Г.******* нас барсны тэтгэмж хөөцөлдөж байна гэхээр нь эцгээ алдсан хүн шаардлагатай болоод ингэж гуйж байгаа юм байлгүй гэж бодоод зурж өгсөн. ...Тухайн гэрчийн тодорхойлолт бичсэн бичиг нь миний бичиг биш байна. Зөвхөн гарын үсэг болон гарын үсгийн өмнөх сургалтын менежер, гарын үсгийн тайлал нь минийх мөн байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас);
- Гэрч Г.ын “...Н.******* захирал хааяа ирж гарын үсэг зурах, тамга дарахад нь би гэрээс нь очиж авч байсан. Тухайн үедээ бол бие нь муудсан байсан. ...2020 оны 06 дугаар сарын сүүлээр байх Улаанбаатар хот руу эмчилгээнд яваад тэндээ хагалгаагаа даахгүй нас барсан. Сургууль дээр нас барсан зүйл байхгүй. ...Миний гарын үсгийг нас барсны тэтгэмж авахад хэрэгтэй хамгийн сүүлд ажиллаж байсан хүмүүсийн гарын үсэг хэрэгтэй гэхээр нь л би зурсан. Би нэг ширхэг цаасанд Г., А., Б. нарын гарын үсгийн доод талд гарын үсгээ зурж байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас);
- Гэрч Б.гийн “...Таны надад үзүүлж байгаа актад зурагдсан гарын үсэг миний гарын үсэг мөн байна. Гэхдээ тухайн цаасанд бичигдсэн зүйлийг бичээгүй. Би болон тухайн үед байсан хүмүүс хоосон цаасанд гарын үсэг зурсан гэтэл бид нарын гарын үсгийг ашиглаад ийм юм хэвлээд гаргачихсан байна. Энэ доторх зүйлс байгаагүй, бид нараас ч бичээгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 111-112 дугаар хуудас);
- Гэрч Б.ийн “...Н.******* захирал 2020 оны хавраас бие нь муудаж эхэлсэн бөгөөд 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдөр байх Улаанбаатар хот руу яваад эмчилгээ хийлгэж байгаад Улаанбаатар хотод нас барсан. Тухайн үед хагалгаанд ороод хагалгаагаа даахгүй нас барсан гэж ар гэрийнхэн нь хэлж байсан. Нас барсных нь дараа тэдний ар гэрээс аймгийн ******* даргад хүсэлт гаргасан юм шиг байсан. Ингээд аймгийн иргэдийн хурал, ******* даргаас Н.******* захиралд тэтгэмж олгох тухай шийдвэр гарч манай сумын сургуулийн хүүхдийн хоол, үдийн хоолны хэмнэгдсэн зардлаас 22.8 сая төгрөг, боловсролын газраас 35 сая төгрөг тус тус шийдвэрлэгдэж, нийт 57.8 сая төгрөг олгосон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 114-116 дугаар хуудас);
- Гэрч Ч.ын “Тухайн төсөв захирагчийн ирүүлсэн хүсэлтийн дагуу буюу манай сургуульд тэтгэмж авах нөхцөл үүслээ гэхдээ тэтгэмжийн төсөвт зардал байхгүй байна. Иймд хоолны зардалд төсөв байгаа тул түүнийг тэтгэмжийн зардал руу шилжүүлж өгөөч гэдэг хүсэлтийн дагуу ******* даргын захирамжаар өөрчлөлт оруулж зохицуулсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас);
- Гэрч Д.ийн “2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Ховд аймгийн ******* даргын тамгын газрын дотоод хяналт, аудитын хэлтсийн дарга Г.******* нь аймгийн боловсролын газрын дарга гийн нэр дээр өргөдөл бичиж авч ирсэн. Тус өргөдлийн агуулга нь “миний аав *******ийн ******* нь сумын сургуулийн захирлаар ажил үүргээ гүйцэтгэж байгаад ухаан алдаж эмнэлэгт хүргэгдэж нас барсан тул 60 сарын албан тушаалын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн буцалтгүй тусламж олгож өгөхийг хүссэн” байсан. Уг өргөдлийн хамт мэргэжлийн хяналтын байцаагчаар батлуулсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн актыг ирүүлсэн. Тухайн үед мөнгө төгрөгийн боломж байхгүй байсан бөгөөд Эрдэнэбүрэн сумын сургуульд нэг удаагийн тэтгэмжийн мөнгө болох 35 сая төгрөг байсан. Тухайн мөнгийг аймгийн ИТХ-ын хуралдаанаар оруулж тодотгол хийх үед нь сум руу шилжүүлж өгөх хүсэлт тавьж сумын сургууль руу шилжүүлж, тус сургуулиас Г.*******д олгосон” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 121 дүгээр хуудас);
- Гэрч Ч.ийн “Би Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар 2020 оны 10 дугаар сард томилогдоод удаагүй байтал Ховд аймгийн ЗДТГ-т ажилладаг, талийгаач Н.******* захирлын хүү Г.******* суманд орон нутгийн сонгуулийн ажлаар ирчихсэн явж байгаад надтай уулзаад “танай сургуулийн дансанд миний талийгаач аавын тэтгэмжийн мөнгө гэж боловсролын газраас 35 сая төгрөг орсон байгаа. Та түүнийг гаргаж өгөөч” гэхээр нь би нягтлан бодогчийг дуудаж уулзаад “тэтгэмжийн мөнгө гэж орж ирсэн үү?” гэхэд орж ирсэн гэж хэлсэн. Тэгэхээр нь би тухайн үедээ авах ёстой мөнгө юм байна гэж ойлгоод зарлагын баримтад гарын үсэг зурж шилжүүлсэн. ...2020 оны 12 дугаар сард Г.******* суманд ирж дахин надтай уулзаад “танай сургуульд үдийн хоолноос хэмнэгдсэн мөнгө байгаа. Тухайн мөнгийг оноос өмнө авахгүй бол сангийн яам татаад авчихдаг юм. Миний аавын тэтгэмж 60 сая төгрөг авах ёстой ба би 35 сая төгрөг авсан байгаа. Иймд та хэмнэгдсэн үдийн хоолны мөнгөнөөс нэг удаагийн тэтгэмж урамшуулалд суулгаж өгөөч гэсэн бичиг хийгээд өгчих, би аймаг ороод өөрөө хөөцөлдөөд авчихъя” гэсэн. Би тухайн үед нягтлан бодогчийг дуудаж уулзахад хүүхдийн хоолноос 15.3 сая төгрөг, үдийн цай хөтөлбөрөөс 7.4 сая төгрөг тус тус хэмнэгдсэн гэж хэлсэн тул түүнийхэн дагуу албан тоот хийгээд аймгийн ******* даргын тамгын газарт хүргүүлсэн. ...Ингээд аймгаас нэг удаагийн тэтгэмж дээр 22.8 сая төсөвлөгдөж орж ирсэн байсныг Г.******* рүү шилжүүлсэн” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 123-124 дүгээр хуудас);
- Криминалистикийн шинжилгээний 82 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” гэсэн бичиглэлтэй А4-н хэмжээтэй 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баримт бичигт бичигдсэн гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г., А., Б. нарын чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй. “Гэрчийн тодорхойлолт” гэсэн бичиглэлтэй А., Б. нарын гэх гар бичвэрүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн А., Б. нарын чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй. Шинжилгээнд ирүүлсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас” гэсэн бичиглэлтэй баримт бичигт бичигдсэн гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.ийн чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 144-148 дугаар хуудас);
- Криминалистикийн шинжилгээний 93 дугаартай “...Шинжилгээнд ирүүлсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт” гэх бичиглэлтэй А4-н хэмжээтэй 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн баримт бичигт бичигдсэн гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.*******гийн гэх чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно. “Гэрчийн тодорхойлолт” гэсэн бичиглэлтэй А.ийн гэх гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.*******гийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно. Шинжилгээнд ирүүлсэн “Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас” гэсэн бичиглэлтэй баримт бичигт бичигдсэн гар бичвэр нь харьцуулах загвараар ирүүлсэн Г.*******гийн чөлөөт, харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 202-214 дүгээр хуудас);
- Н.*******гийн нас барсны бүртгэлийн лавлагаа (2 дахь хавтаст хэргийн 3 дугаар хуудас) зэрэг бичгийн нотлох баримтууд;
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн: - Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн “...9. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан цех, тасаг, хэсэг, ажлын байрны нэр: Багш хөгжлийн төвд. 10. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын байдал /хөнгөн, хүнд, нас барсан/: Хүнд нөхцөлтэй, ухаан алдаж унасан, улмаар нас барсан. Комиссын шийдвэр: Сургуулийн захирал Н.******* нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, элэг нь задран улмаар нас барсан” гэх акт;
- “Сургуулийн захирал Н.******* нь Багш хөгжлийн төвд төгсөх ангийн хүүхдүүдийн дүнг нэгтгэж байгаад ухаан алдаж улмаар нас барсан. Ажлын ачаалал ихэдсэн, элэг задарч улмаар үүнээс үүдэн нас барсан. 2020.06.29-ний өдрийн 15******* орчимд сургуулийн багш хөгжлийн товд ухаан алдаж унасан. Нийгмийн ажилтан Б.” гэх гэрчийн тодорхойлолт;
- “Сургуулийн захирал Н.******* нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр ажил үүргээ гүйцэтгэж байгаад ухаан алдаж, улмаар эмнэлэгт хүргэгдэж очоод нас барсан. Төгсөх ангийн хүүхдийн гэрчилгээний дүн нэгтгэх ажлаар ачаалал ихтэй ажилласны улмаас элэг нь задарсан улмаар нас барсан болохыг тодорхойлов. Сургалтын менежер А.” гэх гэрчийн тодорхойлолт;
- “...5. Осол, хурц хордлого гарсан: 2020 он 06 сар 29 өдөр 15 цаг 35 минут ...7. Осол, хурц хордлогын тухай мэдэгдэл: сургуулийн захирал Н.******* нь ажлын байран дээрээ ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ухаан алдаж, улмаар нас барсан” гэх үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг болно.
Дээр дурдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.******* нь төрсөн эцэг Н.*******г Ховд аймгийн сумын ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байхдаа буюу ажлын байран дээрээ ухаан алдаж, улмаар нас барсан гэж тодорхойлсон Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас, мөн гэрчийн тодорхойлолт гэх баримтуудыг гэрч А., Б., Г., Б. нарын гарын үсэг ашиглаж хуурамчаар үйлдсэн байна. Уг баримт бичгүүдийг ашиглан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан төрийн албан хаагчийн ар гэрт нэг удаа олгодог тусламжийн мөнгийг орон нутгийн төсвөөс 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 35’000’000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 22’800’000 төгрөгийг, нийт 57’800’000 төгрөгийг авсан үйл баримт дээр дурдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүйгээр тогтоогдож байна.
Шүүгдэгчийг цагаатгах үндэслэлийн талаар:
Прокурор шүүгдэгч Г.*******гийн үйлдлийг 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол (3 дахь хавтаст хэргийн 39-50 дугаар хуудас) үйлджээ. Уг тогтоолд 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 11 дугаартай тогтоол (3 дахь хавтаст хэргийн 250 дугаар хуудас – 4 дэх хавтаст хэргийн 1-4 дүгээр хуудас)-оор “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэх өөрчлөлт оруулжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр шүүгдэгч Г.******* нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, гэрчийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас зэрэг баримт бичгүүдийг хуурамчаар үйлдэж, уг баримт бичгүүдийг ашиглан Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар орон нутгийн төсвөөс 57’800’000 төгрөгийн буцалтгүй тусламж авсан болох нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хууль бусаар нийгмийн халамж үйлчилгээ авах гэмт хэргийн үндсэн шинжийг “хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээг авсан” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар уг хуулийн нэр томьёо ухагдахууныг тайлбарлахад бусад хууль, захиргааны хэм хэмжээний актад заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлах хууль ёсны зарчимтай. Нийгмийн халамжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 1.1-т нийгмийн халамж гэх ухагдахууныг “нийгмийн халамж гэж эрүүл мэндийн доройтолтой, гэр бүлийн халамж, асрамж дутагдалтай, бие даан, эсхүл бусдын тусламжгүйгээр хэвийн амьдрах боломжгүй, өвөрмөц хэрэгцээ бүхий иргэн, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэнд наад захын хэрэгцээг нь хангах зорилгоор улсаас тэтгэвэр, тэтгэмж олгох, тусгайлсан үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа” гэж тодорхойлсон ба мөн хуулийн 5 дугаар зүйлд “нийгмийн халамжийг тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ” гэж дөрөв ангилжээ.
Мөн Нийгмийн халамжийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “нийгмийн халамжийн тэтгэмж”-ийг асаргааны тэтгэмж, нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцаа зайлшгүй шаардлагатай өрхийн гишүүн-иргэний тэтгэмж, онцгой тохиолдлын болон амьжиргааны мөнгөн тэтгэмж гэсэн гурван төрөлтэй байхаар хуульчилжээ. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлд заасан “нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, үйлчилгээ, нийгмийн хөгжлийн үйлчилгээ” гэх ухагдахууныг Нийгмийн халамжийн тухай хуульд заасан тодорхойлолт хэм хэмжээгээр ойлгоно.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Г.*******гийн хуурамч баримт бичиг үйлдэж, улмаар уг баримт бичгийг ашиглан хууль бусаар авсан 57’800’000 төгрөг нь нийгмийн халамжийн тэтгэмж бус буцалтгүй тусламж юм. Буцалтгүй тусламж гэж хуульд зааснаар болон сайн дурын үндсэн дээр эрх бүхий этгээдээс олгож буй хариу төлбөргүй мөнгөн шилжүүлгийг ойлгодог. Нөгөөтэйгөөр Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасан буцалтгүй тусламж нь тэтгэмж бус төрийн албан хаагчийн нийгмийн баталгааны нэг хэлбэр юм.
Харин шүүгдэгч Г.*******гийн хуурамчаар үйлдсэн үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, гэрчийн тодорхойлолт, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас гэх баримт бичгүүд нь Н.*******г ажил үүргээ гүйцэтгэж байгаад нас барсан гэх үйл баримтыг тодорхойлсон, гэрчилсэн, Төрийн албан тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-т зааснаар буцалтгүй тусламж олгоход үндэслэл болсон баримт бичгүүд ба уг баримт бичгийг ашиглан хоёр удаагийн үйлдлээр 57’800’000 төгрөгийн буцалтгүй тусламж авсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй” гэж хууль ёсны зарчмыг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно” гэж тус тус хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчмыг баримтлан шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шүүгдэгч Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэргийн шинжтэй гэж зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн ангиллын гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар уг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байдаг. Шүүгдэгч Г.******* нь хоёр удаагийн үйлдлээр буюу 2020 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 35’000’000 төгрөгийг, 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 22’800’000 төгрөгийг авсан байх тул гэмт хэрэг төгссөн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр гэж үзнэ.
Шүүгдэгч Г.*******гийн үйлдсэн гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр дууссан ба түүнийг үйлдэлд нь холбогдуулан 2022 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татжээ. Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан бол эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглодог. Тодруулбал орон нутгийн төсвөөс хуурамч баримт бичиг үйлдэн, уг баримт бичгийг ашиглаж 57’800’000 төгрөгийн буцалтгүй тусламж авсан үйлдлийг 2021 оны 10 дугаар 24-ний өдөр хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлжээ. Улмаар прокурор шүүгдэгч Г.*******гийн үйлдэлд хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, түүнийг өөр зүйл, хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байна.
Шүүгдэгч Г.*******гийн өмгөөлөгч Ж.Энхжаргалын “...Г.******* зурсан гэдгээ хүлээн зөвшөөрч байгаа. Эцгийнхээ хувийн байдлыг хуурамчаар үйлдсэн гэж прокурор яриад байна. Гэмт хэргийн бүрэлдэхүүний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлд заасан асуудал болохоор байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж оруулж ирж байгаа прокурорын яллах дүгнэлт хуульд нийцээгүй” гэх дүгнэлтийг хүлээн авах нь зүйтэй.
Иймд прокурорын шүүгдэгчийн үйлдэлд хийсэн хууль зүйн дүгнэлт үндэслэлгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахыг хориглосон буюу хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шүүгдэгчийг гэм буруутайд тооцуулахаар ирүүлсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан” гэх үндэслэлээр эрүүгийн 2136001800086 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч Г.*******г цагаатгах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Г.*******г хэдий Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцоогүй боловч түүний үйлдэл “...хүний хувийн байдлыг тодруулсан, гэрчилсэн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан” гэх уг гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангасан, тухайн үйлдлийн улмаас орон нутгийн төсөвт 57’800’000 төгрөгийн хохирол учирсан нь хөдөлбөргүй тогтоогдсон. Иймд уг хэрэгт хохирогчоор тогтоогдсон Ховд аймгийн төсвийн ерөнхийлөн захирагчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн хоёр хуудас үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэсэн акт, хоёр хуудас гэрчийн тодорхойлолт, нэг хуудас үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын тухай яаралтай мэдэгдэх хуудас гэх баримтууд нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй. Мөн шүүгдэгч Г.*******д яллах дүгнэлт гардуулах ажиллагааны бичлэгийг бэхжүүлсэн Си ди дискийг эд мөрийн баримтаар тооцоогүй байх боловч нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалах нь зүйтэй.
Шүүгдэгчийг цагаатгаж шийдвэрлэсэн тул шүүгдэгч Г.*******гийн өмчлөлийн Ховд аймгийн ******* сумын 11 дүгээр баг, Хайрхан жуулчны 6 дугаар гудамжны 601 тоотод байрлах, улсын бүртгэлийн Г1617005098 дугаартай гэр бүлийн хэрэгцээний газар, улсын Ү1617002008 дугаартай хувийн сууцыг тус тус битүүмжилсэн прокурорын 2022 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 07 дугаартай тогтоолыг хүчингүй болгох үндэслэлтэй.
Мөн шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй ба түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2, 5, 6 дахь хэсэг, 36.6, 36.9, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүгдэгч Г.*******гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан эрүүгийн 2136001800086 дугаартай хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч ******* ургийн овогт *******гийн *******г цагаатгасугай.
3. Шүүгдэгч Г.******* нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Г.******* нь мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, прокурор, шүүгчийн хууль зөрчсөн үйл ажиллагааны улмаас эд хөрөнгө, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эрүүл мэнд, сэтгэл санаанд хохирол учирсан бол уг хохирлыг нөхөн төлүүлэх, үр дагаврыг арилгуулахаар цагаатгах тогтоолыг хүлээн авснаас хойш 10 (арван) жилийн дотор Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
5. Иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн 5 (тав) хуудас бичмэл баримт, Си ди дискийг хэргийн хамт хадгалсугай.
7. Цагаатгах тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА