Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 22

 

 

 

 

 

 

 

 

 

И.Бямбадоржид холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Даваабал түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч Б.Батсүх /онлайнаар/, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолтой И.Бямбадоржид холбогдох эрүүгийн 1837000180039 дугаартай хэргийг шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1976 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, урьд  Ховд аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 164 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.3-т зааснаар 1 жилийн хорих ялаар шийтгүүлж, Давж заалдах шатны шүүхийн 72 дугаартай магадлалаар 06 сарын баривчлах ял болгон өөрчилж шийдвэрлэсэн, 2010 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 77 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 2 жил, мөн хуулийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар 1 жилийн хугацаагаар, ялыг нэмж нэгтгээд нийт 2 жилийн хорих ял оногдуулж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзагдаж байсан Данжин овогт Идэшийн Бямбадорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ц.Пүрэвдоржийг алсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Шүүгдэгч Данжин овогт Идэшийн Бямбадоржийг хүнийг алсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Данжин овогт Идэшийн Бямбадоржийг 08/ найм/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч И.Бямбадоржид оногдуулсан 08 /найм/ жилийн хорих ялыг нээлттэй хорих  байгууллагад эдлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Бямбадоржийн цагдан хоригдсон 145 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, Шүүгдэгч И.Бямбадорж нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Даваабалд 11.300.000 төгрөг төлснийг дурдаж, өмгөөлөгчийн хөлс 5 сая төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.Даваабал нь тэжээгчээ алдсаны тэтгэмжтэй холбоотой хохирлоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч Б.Батсүх, Б.Хосбаяр нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: И.Бямбадоржийг гэм буруутайд тооцож, ял оногдуулсан шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд шүүгдэгчийн гэм буруугийн талаар гомдлыг гаргаж байна. Амь хохирогчид учирсан гэмтэл нь тархины цус харвалтын шалтгааныг өвчний улмаас үүссэн үү, гэмтлийн улмаас үүссэн үү гэдгийг гагцхүү эд эсийн шинжилгээгээр тогтоох боломжтой. Гэтэл 31 дугаар дүгнэлтийг гаргахдаа тархины эд болон суурийн судаснаас авсан дээжийг эд эсийн шинжилгээнд илгээж шинжлүүлээгүй, нас барагчийн үхлийн шалтгаан болсон тархины суурь, орой хэсгийг хамарсан их хэмжээний зөөлөн хальс, бүрхүүл доорх цус харвалтыг гарал, үүсэл шалтгааныг нарийвчлан нэмэлт эд, эсийн шинжилгээ хийлгүйгээр шууд гэмтлийн гаралтай гэж үзэн дүгнэлт хийсэн нь нас барагчийн цогцост шүүх эмнэлэгийн шинжилгээ хийх журмыг зөрчсөн, таамаглал дутуу, бүрэн гүйцэт биш хийгдсэн, эргэлзээтэй дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

            Шинжээчээс хоёр дахь удаагаа мэдүүлэг авсан тэмдэглэлд шинжээч согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж түүнээс болоод нас барсан хүний гавлын ясан дотор харвалт өгнө гэж тайлбарласан бөгөөд архи, согтууруулах ундаа хэрэглээд тархинд харвалт өгч болно гэдгийг үгүйсгээгүй, гадны нөлөөгөөр үүссэн гэмтэл гэдгийг цохигдох, мөргөлдөх унахад үүссэн гэж ойлгож болох бөгөөд цус харвалтын шалтгааныг гагцхүү эд, эсийн шинжилгээгээр тогтоох бүрэн боломж байсаар байтал тогтоогдоогүй байдаг. Үндсэн хууль болон Монгол улсын нэгдэн орсон Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактад өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, бурууг хүлээн тулган шаардалтанд өртөхгүй байх эрхтэй бөгөөд И.Бямбадоржийн хувьд мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд тухайн өдрийн үйл явдлыг архи согтууруулах ундаа хэрэглэснээс болж санахгүй байгаагаа илэрхийлсэнээс биш гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй явдал гэж ойлгож болохгүй юм. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч И.Бямбадорж нь Ц.Пүрэвдоржийг алсан гэдэг нь бүрэн тогтоогдоогүй байна. Анхан шатны шүүх шүүгдэгч гэм буруугийн талаар маргаж байсан боловч хохирол нөхөн төлсөн үндэслэлээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн атлаа Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь урьд гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн дүгнэлтээ үгүйсгэх дүгнэлт хийж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг нөхцөл байдал бий бөгөөд хамгийн гол нь анхан шатны шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тул шүүгдэгч И.Бямбадоржид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэв.

            Хохирогчийн өмгөөлөгч шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой байх хуулийн шаардлагыг хангасан.

            Шүүгдэгч И.Бямбадорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Пүрэвдоржийг алсан гэмт хэрэгт гэм буруутай тооцсон нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсүх, Б.Хосбаяр нар нь давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасан хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй гэж дүгнэсэн нь урьд нь гаргасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж үзсэн дүгнэлтээ үгүйсгэх дүгнэлт хийж анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй зэрэг нөхцөл байдалтай нийцээгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар дээр дурдсан болон хэрэгт авагдсан баримтыг үндэслэн тухайн гэмт хэргийг шүүгдэгч И.Бямбадорж нь үйлдээгүй үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаас шүүгдэгч И.Бямбадоржид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, 6.5 дугаар зүйлийн 1.2-т учруулсан хохирлыг төлсөнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д.Лхагва, П.Өлзийтогтох, Д.Баасанжав, Д.Тулгаа, Х.Ганмягмар, Н.Базарсад, Ц.Амарсанаа, Ц.Цэнд-Аюуш нарын мэдүүлгүүд, Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, 06 дугаар сарн 08-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн дүгнэлт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1-т хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдааны явцад дараах байдлыг нотолно. Гэмт гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл зэрэг нотолбол зохих байдлыг бүрэн нотлогдоннн тогтоогдсон.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх  тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч Б.Батсүх, Б.Хосбаяр нарын давж заалдах гомдолд бичигдсэн зүйлүүд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд, И.Бямбадоржийн биед үзлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээч эмчийн дүгнэлтүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтүүд гэсэн нотлох баримтуудаар бүрэн нотлогддог. И.Бямбадоржийн үйлдсэн хэрэг, үйл явдлын хооронд дахь шалтгаант холбоо, гэм буруугийн байдлыг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн байдаг. Гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдэг нь шүүгдэгчийн өөрийн үйлдэлдээ хандаж буй субьектив байдлын цогц илрэл бөгөөд өөрийн гэм бурууг ойлгож чин санаанаасаа гэмших байдлаар дахин гэмт хэрэг үйлдэхгүй байх хүсэл зоригийг бий болгосон, гэм буруугаа хүлээж буй нь мөрдөн байцаалтаар тогтоогдсон хэргийн нотлох баримтыг хууль зүйн дүгнэлтийн хамт бүрэн хүлээн зөвшөөрөх, учруулсан хохирлоо нөхөн төлөх, хор уршгийг арилгах, гэмт хэрэг дахин үйлдэхгүй байхыг амлах зэрэг хэлбэрээр илэрнэ. Шүүхээс шүүгдэгч И.Бямбадоржийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон ба шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүх гэм бурууг тогтоож өгнө үү гэсэн байр сууринаас өмгөөлөлөө явуулсан нь шүүгдэгчийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч И.Бямбадоржид холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1.3-т зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсанаар хязгаарлахгүйгээр хэрэгт байгаа нотлох баримтад үндэслэн хэргийн бүхий л ажмллагаа шийдвэрийг бүхэлд хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан  байна.

Шүүгдэгч И.Бямбадорж нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө Ц.Пүрэвдоржийг алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч эмч Д.Тогтохын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Энэ нь гадны хүчин зүйл хүчтэй үйлчилсний үр дүнд үүснэ...”  /2-р хх-82-р хуудас/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч   П. Даваабалын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Манай аав эрүүл саруул, ямар нэг өвчин хэлдэггүй байсан. Аав маань гадны нөлөөтэй нас барсанд гомдолтой байна. Ямар нэгэн хууч өвчингүй байсан...” гэх мэдүүлэг болон Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Баярмаагийн /1-р хх-58-59- хуудас/, Х.Ганмягмарын “...Бид гурав буцаад Хужирт багийн төвд ирэхэд шөнийн 00 цаг орчим болж байсан.Бид гурав ирээд Ц.Пүрэвдоржийн ганзганд байсан пивоноос тойруулаад ууж байтал Монон буюу / И.Бямбадорж/ бид хоёроос банкны зээл хаагаад өг гээд Ц.Пүрэвдоржоос 4 сая төгрөг нэхэхэд Ц.Пүрэвдорж “ над шиг хүнд мөнгө юу гэж байхав” гэж хэлэхэд Монон надаас “ 4 сая байдаггүй юмаа гэхэд ядаж 1 сая төгрөг байгаа байлгүй, өгчих “ гэхээр нь би “ надад мөнгө байхгүй” гэхэд намайг ” чи гарч зайл” гэсэн. Би мотоциклио асаагаад гэр лүүгээ явж байгаад замаас гарч зогсоод Ц.Пүрэвдоржийг хүлээгээд зогсож байхад багийн төвийн хажууд Монон машинтайгаа зогсож байсан.Би Ц.Пүрэвдоржийг хүлээж байгаад нэг мэдэхэд унтчихсан байсан.Тэгээд сэрээд шөнийн 02 цаг орчим болж байсан байх мотоциклио асаагаад багийн төв рүү харахад машины гэрэл харагдахгүй байсан.Би гэртээ хариад унтсан.Амь хохирогч Ц.Пүрэвдоржийн биед ямар нэгэн шарх сорви харагдаагүй.../1-р хх-74-76-р хуудас/,  Ц.Цэцэгмаагийн /1–р хх-ийн 70-71-р хуудас/, Д.Лхагвагийн /1-р хх-60-61-р хуудас/, С.Шураагийн /1-р хх-62-63-р хуудас/, П.Өлзийтогтохын /1-р хх-ийн 64-65-р хуудас/  Д.Баасанжавын /1-р хх-68-69-р хуудас/, Г.Золбоогийн /1-р хх-ийн 72-43-р хуудас/, Д.Тулгаагийн /1-р хх 77-78-р хуудас/, Ц.Баасанжаргалын  /1-р хх- ийн 82-83-р хуудас/,  Ж.Төмөрбатын  /1-р хх- ийн 90 дүгээр хуудас/,  М.Цагаанцоожийн /1-р хх-ийн 91-92 дугаар хуудас /, Д.Дашдаваагийн / 1-р хх – ийн 95-96 дугаар хуудас /,Ц.Амарсанаагийн /1-р хх–ийн 97-98 дугаар хуудас/, Ц.Цэнд-Аюушийн /1-р хх-99-100-р хуудас/, Е.Ууганбаярын / 1-р хх-ийн 101 дүгээр хуудас/,  Г.Отгонсүрэнгийн /1-р хх- ийн 102 дугаар хуудас/, Ц.Баасанжаргалын /1-р хх- 103 дугаар хуудас/,  Х.Оюунцэцэгийн  /1-р хх-ийн 104 дүгээр хуудас/, Д.Гантөмөрийн   / 1-р хх-ийн 105 дугаар хуудас/, Д.Арвагийн /1-р хх- ийн 106 дугаар хуудас/ тус тус мэдүүлсэн мэдүүлгүүд,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шинжээчийн “ ...Ц.Пүрэвдоржийн цогцост тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, толгойн хуйхны дотор духны зүүн хэсэгт 4х2.3см цус хуралт, духны зүүн хэсгийн гадаргууд 1.4х1.2 см, 0.8х0.4 см, 2х0.5 см, зулгаралтууд, духны зүүн хэсэгт 5.2х2.5 см цус хуралт, зүүн нүдний зүүн дээд хэсэгт 0.8х0.5 см зулгаралт, зүүн хацар хэсэгт 2.5х2 см цус хуралт, доод уруулын зүүн доод хэсэгт 1.6х0.2 см язарсан шарх, шархны хэсэгт 2х1 см цус хуралт, зүүн чихний урд доод хэсэгт 0.5х0.3 см зулгаралт, баруун далны баруун хэсэгт 1.5х1.5 см цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. Ц.Пүрэвдоржийн цогцост учирсан дээрх гэмтлүүд нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалаар баталсан 2014 оны Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.13-д тархи түүний бүрхүүл хальсны гэмтэл Үүнд: тархины хүнд зэргийн няцрал, ховдлын цус харвалт, тархины эсийн урт сэртэнгийн / аксон/ тархмал гэмтэл, түүнчлэн хатуу хальсны дээрх, доорх цусан хураа, тархины зөөлөн эдийн бүрхүүл доорхи цус харвалт, тархины дунд зэргийн няцралын улмаас амь тэнссэн байдал илэрвэл энэ ангилалд хамаарна гэх шалгуур шинж тогтоогдсон тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Ц.Пүрэвдорж нь тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт гэмлүүдийн улмаас төвийн гаралтай амьсгал, зүрх судасны хурц дутагдалд орж нас барсан байна.Ц.Пүрэвдорж нь нас бараад 16-20 цаг болсон байх боломжтой. Ц.Пүрэвдоржийн цогцосноос авсан гэх цусанд 2.6 промилли этилийн спирт илэрсэн нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...” гэх 31 дугаар дүгнэлт / 1-р хх-120-121-р хуудас/,

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 321 дугаартай шинжээчийн “...И.Бямбадоржийн биед зүүн нүдний доод зовхинд цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 3х2.1 см, 1.5х0.7 см, зулгаралт, зүүн хацар хэсэгт 0.3х0.2 см зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 3.5 х3см цус хуралт, цус хуралтын дунд 1х0.5 см зулгаралт, хүйсний баруун доод хэсэгт 3х2 см цус хуралт, цус хуралтын дунд 0.7х0.2 см зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 3.5х2.5 см бүдэг цус хуралт, баруун гуяны дотор хэсэгт 3х2 см, 2х2 см цус хуралтууд гэмтлүүд тогтоогдлоо.И.Бямбадоржийн биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх,унахад үүссэн байх боломжтой.И.Бямбадоржийн биед учирсан гэмтлүүд нь тухайн хэрэг учралын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна. И.Бямбадоржийн биед учирсан дээрхи гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй ...” гэх дүгнэлт / 1-р хх-136-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /2018.06.04/ “... И.Бямбадоржийн өмсөж явсан хувцөасыг тайлж үзлэг хийхэд: зүүн нүдний доод зовхинд 5х2 см орчим хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун хөмсөгний дээд хэсэгт 4х1.2 см, 1.5х0.7 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралтууд, зүүн хацар хэсэгт 0.2х0.3 см хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралт, хэвлийн зүүн дээд хэсэгт 4.5х4 см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, цус хуралтын дунд 1х0.5 см хүрэн өнгийн зулгаралт, хүйсний баруун доод хэсэгт 3.5х4.5 см хөхөлбөр цус хуралт, цус хуралтын дунд 0.7х0.2 см хүрэн өнгийн зулгаралт, баруун гарын бугалганы гадна дунд хэсэгт 5.5х3.5см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун гарын бугалганы гадна дээд хэсэгт 8х15 см хэмжээтэй шаргал өнгийн бүдэг цус хуралт,цээжний баруун хэсэг буюу суганы дунд шугамаар 10х2см хэмжээтэй олон тооны хүрэн өнгийн зулгаралтууд, баруун гуяны дотор дээд хэсэгт 3.2х2 см, 2.5х 2см хэмжээтэй хөхөлбөр өнгийн цус хуралт зэрэг гэмтлүүд өөр ямар нэгэн ил харагдах шарх сорви байхгүй байв.. “ гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-26-28-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 4208 дугаартай шинжээчийн “...Шинжилгээнд ирүүлсэн Ц.Бямбадоржоос хураан авсан гэх хүрмэнд 15 мм, 20мм, 25 мм, 75 мм хэмжээтэй, футболконд 105х35 мм хэмжээтэй, Ц.Пүрэвдоржоос хураан авсан гэх дээлэнд 60 мм хэмжээтэй, Х.Ганмягмараас хураан авсан гэх цамцанд 25х45 мм хэмжээтэй татаж чангаах хүчний үйлчлэлээр гарсан шинэ ханзралт урагдалт байна. Ц.Бямбадоржоос хураан авсан гэх хүрмэнд хатуу үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гарсан 6х2 мм, 5х1мм, 4х2 мм хэмжээтэй шинэ гогдолт, мөн хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан 20х7мм хэмжээтэй шинэ зулгаралт байна ..”. гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт / 2-р хх-ийн 38-46-р хуудас/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 9718 дугаартай шинжээчийн “...2018 оны 6627 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан бохь мэт зүйл дээрх шүлс нь ДНХ-ийн тогтоцоороо Ц.Пүрэвдорж гэж хаягласан цустай тохирч байна. 2018 оны 6627 дугаартай дүгнэлтэнд тусгагдсан 1 дугаартай тамхины ишин дээрх шүлсний холимог ДНХ-ийн тогтоцод Ц.Пүрэвдорж гэж хаягласан цусны ДНХ-ийн тогтоц илэрч байна...” гэх дүгнэлт / 2-р хх-ийн 75-р хуудас

Хэргийн газар үзлэг хийсэн “...Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн төв гэх газарт ертөнцийн зүгээр толгой нь баруун зүгт харсан, дээш харж хэвтсэн бор өнгийн дээлтэй шар бүстэй бор гуталтай эрэгтэй хүний цогцос байх ба цогцос байгаа газрыг А үсгээр цогцосны урд талд байгаа багийн төвийн байрыг В үсгээр тэмдэглэв.Цогцосны урд талд мотоцикль байгаа газрыг 6-н тоогоор баруун талд нь архины шил байгаа газрыг 5-н тоогоор, мотоциклийн баруун талд автомашины эргэлт хийж явсан хэсгийн мөрний баруун талын мөрний эхлэлийг 1-н тоогоор, төгсгөлийг 2-н тоогоор, явах хэсгийн зүүн талын мөрний эхлэлийг 3-н тоогоор , төгсгөлийг 4-н тоогоор баруун талд байгаа цагаан өнгөтэй байшинг Б үсгээр,цогцосны хөлний харалдаа баруун хойт талын зүүн урд зүгт чиглэсэн бүдэг мөрний эхлэлийг 7-н тоогоор,төгсгөлийг 8-н тоогоор тэмдэглэсэн.Хойт талаар нь асфальтан зам баруунаас зүүн, зүүнээс баруун чиглэлд явсан байв.Асфальтан замаас А цэг хүртэл 71 м, 7-оос 8 тоо хүртэл 15 м, А-гаас 6 тооны хооронд 4.8м, 6-аас 5 тоо хүртэл 1.3 м, А-гаас 5 хүртэл 5м, А-гаас 1 хүртэл 7м, А-гаас 2-тооны хүртэл 12 м, В-с 4-н тоо хүртэл 3.5 м, А-гаас 3 тоо хүртэл 12.5м, мөр хоорондын зай 1.3м дотор талаасаа, мөрний өргөнийг авах гэхэд бүдэг бөгөөд мэдэгдэхгүй байв. А-гаас Б хооронд 20.6м, Б-гээс В хооронд 30м, А-гаас В хүртэл 27.5 м, А-гаас 8 тоо хүртэл 6.1 м, А-гаас 7-н тоо хүртэл 10 м хэмжээтэй байв. 5-н тоогоор тэмдэглэсэн газраас Улаан шонхор нэртэй хажуу талдаа бичигтэй татсан тамхины иш 5 ширхэгийг хураан авав...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-н 9-15-р хуудас/ хуулбар хувь 2019-07-21 -нд www.shuukh.mn сайтаас татаж авав. Хуудас: 4/26 Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн “...Уг тээврийн хэрэгсэл нь Мустанг-5 гэсэн банкин дээрээ бичигтэй,улаан шаргал өнгөтэй, улсын дугааргүй, LXYPCMLOXGO 287218 гэсэн арлын дугаартай, хх200 хөдөлгүүртэй, 163 FMLGF 2875 гэсэн хөдөлгүүрийн дугаартай мотоцикль байх ба гадна талд нь ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаа эсэхийг нь үзэхэд гэрэл дохио бүрэн, ямар нэгэн эвдэрсэн болон энд тэндээ зурагдсан шороо болсон, хагарсан зүйл байхгүй, Энд тэндээ хонхойсон зүйл байхгүй, стометрийн заалт 4500-г зааж байв...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-16-17-р хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-32-37р хуудас/, Цогцос хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл / 1-р хх-18-р хуудас/, Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / 1-р хх-19-23-р хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч И.Бямбадорржид холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн   Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ. Шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч  Б.Батсүх, Б.Хосбаяр нараас “И.Бямбадорж нь хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай, эргэлзээгүй нотлогдохгүй, тогтоогдохгүй байгаа тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргасан байна. Шүүгдэгч И.Бямбадорж нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэж, улмаар Ховд аймгийн Мөст сумын Хужирт багийн нутаг дэвсгэрт 2018 оны 06 дугаар сарын 03-04-нд шилжих шөнө амь хохирогчийн  хамт  үргэлжлүүлэн архидан согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа амь хохирогчийн  тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорхи тархмал цус харвалт, толгойн хуйхны дотор духны зүүн хэсэгт цус хуралт, духны зүүн хэсгийн гадаргууд  зулгаралтууд, духны зүүн хэсэгт цус хуралт, зүүн нүдний зүүн дээд хэсэгт зулгаралт, зүүн хацар хэсэгт цус хуралт, доод уруулын зүүн доод хэсэгт язарсан шарх, шархны хэсэгт цус хуралт, зүүн чихний урд доод хэсэгт зулгаралт, баруун далны баруун хэсэгт  цус хуралт зэрэг гэмтлүүдийг учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна.

 Мөн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 31 дугаартай шинжээчийн “шинжилгээгээр амь хохирогчийн биед учирсан дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр цохигдох, мөргөлдөх, унахад үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байна гэжээ. Амь хохирогчийн  эд эрхтэнд эд эсийн шинжилгээгээр илэрсэн  өөрчлөлтөөс үзэхэд  амьсгал, зүрх судасны  хурц  дутагдалд орсноор үхлийн шинж илэрч байна. “...Тархины хоёр тал бөмбөлгийн духны хэсэг, тархины суурийн хэсэг, гүүр, уртавтар тархи, бага тархины аалзан бүрхүүл буюу зөөлөн бүрхүүл доорх тархмал цус харвалт гэмтэл нь гадны мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.Энэ нь гадны хүчин зүйл хүчтэй үйлчилсний үр дүнд үүснэ...” гэсэн  шинжээчийн мэдүүлэг болон дээр дурдагдсан шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд шүүгдэгч И.Бямбадоржийн гэмт үйлдлийн улмаас хохирогч нас барсан нь шууд шалтгаант холбоотой байх бөгөөд үйл баримтыг өөрөөр үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, тогтоогдоогүй нөхцөл байдал, шинжлэн судлаагүй нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгох эрхгүй тул шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч Б.Батсүх, Б.Хосбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр  зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 2019/ШЦТ/70 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.Бямбадорж түүний өмгөөлөгч Б.Батсүх, Б. Хосбаяр нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоос хойш давж заалдах шатны шүүхээр хэрэг хэлэлцэх хүртэл шүүгдэгч И.Бямбадорж нь 228 /хоёр зуун хорин найман/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

            3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                     М.НЯМБАЯР

 

                                                                                                    Н.ТУЯА