Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 221/МА2024/0602

 

 

 

 

 

Д.Оы нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Т.М

Нэхэмжлэгч: Д.О

Хариуцагч: Монголбанкны ерөнхийлөгч

Нэхэмжлэлийн шаардлага: “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000 төгрөгийг гаргуулах,

Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А, Т.М,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2024/0484/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нийслэл дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар шийдвэрээр:

Нийгмийн даатгалын тухай /1994 оны/ хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1, Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д тус тус заасныг баримтлан Б.Оы нэхэмжлэлтэй Монголбанкны Ерөнхийлөгчид холбогдох хэргийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам-ын 4.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхгүй хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "...Монголбанкны Ерөнхийлөгчийн иргэн Б.Од холбогдуулан гаргах тушаал нь захиргааны актын нийтийн эрх зүйн хүрээний шинжийг хангахгүй тухай хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарыг анхан шатны шүүх бүх талаас нь бүрэн, бодитой үнэлээгүйгээс гадна нэхэмжлэлийг бүхэлд нь хангасан хөдөлмөрийн эрх зүйн харилцаанд хамаарах ажил олгогчийн шийдвэрийн агуулгыг захиргааны акт хэмээн үзсэн үндэслэл, дүгнэлтийг шүүхийн шийдвэрт тусгалгүй шийдвэрлэсэн. Иргэн Б.Оы нэхэмжлэлд дурдсан үйл баримт болон “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам-ын 4.1 дэх хэсэгт заасан үйл ажиллагаа нь Монголбанканд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн дээр олгогдсон бүрэн эрхийн хүрээнд захирамжилсан шийдвэр гаргах үүрэг оногдуулсан хэм хэмжээ биш юм. Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 12.1 дэх хэсэгт “Ажил олгогч, ажил олгогчийн төлөөлөгч хамтын гэрээ, хамтын хэлэлцээр байгуулах зорилгоор ажилтны төлөөлөгчтэй хамтын хэлэлцээ хийх, ажилтантай харилцан тохиролцож хөдөлмөрийн гэрээ, түүнийг дагалдах гэрээг байгуулах бөгөөд хөдөлмөр, нийгмийн хамгааллын харилцааны асуудлаар хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг тогтоох эрхтэй” гэж заасан. Монголбанкнаас өмнө нь хөдөлмөр эрхлэлтийн харилцаанд орж байсан ажилтны нийгмийн баталгааг хангах зорилгоор нэмэгдэл тэтгэвэр өгөх зорилгоор хөдөлмөрийн буюу иргэний эрх зүйн харилцааны хүрээнд гаргасан журам юм. Монголбанк Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны байгууллага хэдий ч хуулиар олгосон тодорхой чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлын төлөө гадагш чиглэсэн шийдвэр гаргах процессд дээрх хөдөлмөрийн харилцаа нь хамаарахгүй.

Анхан шатны шүүх нь захиргааны актын шинжийг хангаагүй, шүүхийн харьяаллыг тогтоосон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дахь зүйлд заасан захиргааны хэргийн шүүхийн хянан шийдвэрлэх маргаанд хамаарахгүй хэргийг хэлэлцэж, хянан шийдвэрлэн Захиргааны ерөнхий хуулийн 37.1, 37.2 дахь хэсэг, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13.1 дэх хэсгийг тус тус буруу хэрэглэсэн.

Тиймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.1.1 дэх заалтын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

2.Монгол банкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б***дугаар тушаалаар[1] нэхэмжлэгч Б.Оыг тэтгэвэр тогтоолгох насанд хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн үндэслэлээр 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас чөлөөлжээ.

3.Харин нэхэмжлэгч дээрх тушаалыг эс зөвшөөрч Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 1725 дугаар захирамжаар[2] нэхэмжлэгч нь Монголбанкны Ерөнхийлөгчийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн Б***дугаар тушаалыг хүчингүй болгож, Монгол банкны санхүү бүртгэлийн газрын бүртгэлийн хэлтсийн ахлах нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагч нь 14,400,000 төгрөгийг 2022 оны 06 дугаар сарын 20-ны дотор төлж барагдуулахаар тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

5.Улмаар нэхэмжлэгч нь 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байх бөгөөд хариуцагчаас Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-*** дугаар тушаалаар батлагдсан “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын дагуу нэмэгдэл тэтгэвэр авах хүсэлтийг[3] нэхэмжлэгчээс 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гаргажээ.

6.Нэхэмжлэгчийн 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр олгох журмын дагуу нэмэгдэл тэтгэмжийг олгож өгнө үү” гэх хүсэлтэд шүүхэд нэхэмжлэл гаргасан 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр хүртэл хариу өгөөгүй эс үйлдэхүй гаргасан гэдэг нь хариуцагчийн тайлбарууд[4]-аар тогтоогдов.

7.Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.”, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Өргөдөл, гомдлыг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногт багтаан шийдвэрлэнэ...” гэж тус тус заасан.

8.Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийн гаргасан “нэмэгдэл тэтгэмж олгуулах тухай” хүсэлтийг дээр дурдсан хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

9.Төв банк (Монгол банк)-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 1-т “Монголбанкны Ерөнхийлөгч дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 1-д “Монголбанк, түүний салбар, төлөөлөгчийн газрын үйл ажиллагааг зохицуулан удирдах, ... журмыг батлах”,

Ахмад настны тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д “Аж ахуйн нэгж, байгууллага нь ажиллаж байсан ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тэтгэмж, ...-д дэмжлэг үзүүлнэ” гэж тус тус заажээ.

Дээрх хуулиудыг үндэслэн Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-*** дугаар тушаалаар[5] “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам” -ыг шинэчлэн баталж, уг журмын 4.1-д “Монголбанкинд 15 буюу түүнээс дээш жил ажилласан ахмад настанд өндөр насны тэтгэвэр авах хугацаанд Монголбанкны Ерөнхийлөгч (орон нутаг дахь Монголбанкны хэлтэс, салбарын захирал)-ийн тушаалаар нэмэгдэл тэтгэвэр олгоно”, 4.2.7-д “тасралтгүй 30 ба түүнээс дээш жил ажилласан бол улирал бүр 300,000 төгрөг олгох”-оор зохицуулжээ.

10.Нэхэмжлэгч нь Монгол банкинд тасралтгүй 37 жил ажиллаж байсан гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь  Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-*** дугаар тушаалын 4.1, 4.2.7-д заасны дагуу Монгол банкны ахмад настнаар бүртгүүлж, нэмэгдэл тэтгэврийг авах эрхтэй бөгөөд уг эрхээ эдлэхээр гаргасан түүний хүсэлтийг хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байна.

11.Иймд анхан шатны шүүхийн “Монголбанкны Ерөнхийлөгчийн 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн А-*** дугаар тушаалаар баталсан Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам, 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр шинэчлэгдсэн хэдий ч нэмэгдэл тэтгэвэр авах зохицуулалт өөрчлөгдөөгүй тул хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчид нэмэгдэл тэтгэвэр олгох тушаал гаргахыг хариуцагчид даалгаж, хариуцагчаас нэхэмжлэгчийн өндөр насны тэтгэвэр тогтоолгосноос хойших хугацааны буюу 22 сарын нэмэгдэл тэтгэвэр болох 2,200,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

12.Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай ижил шаардлага бүхий нэхэмжлэлийг нэхэмжлэгч Б.О нь Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2024 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 8123 дугаар захирамжаар[7] “...захиргааны хэргийн шүүхэд харьяалагдах маргаан байна” гэж үзэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.1-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн.  

Түүнчлэн Монгол банкны Ерөнхийлөгчийн баталсан “Монголбанкны ахмад настанд нэмэгдэл тэтгэвэр, тусламж, тэтгэмж олгох журам”-ын дагуу нэмэгдэл тэтгэвэр авах хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйтэй холбоотойгоор гаргасан буюу захиргааны хэргийн шүүхийн харьяалан шийдвэрлэх маргаан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “хөдөлмөрийн буюу иргэний эрх зүйн харилцааны хүрээнд гаргасан журам, хуулиар олгосон тодорхой чиг үүрэг, эрх хэмжээний хүрээнд нийтийн ашиг сонирхлын төлөө гадагш чиглэсэн шийдвэр гаргах процессд дээрх хөдөлмөрийн харилцаа нь хамаарахгүй, захиргааны хэргийн шүүхийн харьяаллын бус” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 592 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                     Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                       Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                       А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 152 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 19-24 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 213-214 дэх тал

[4] Хэргийн 1-р хавтас 41-42, 232-234 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 10-13 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 9, 91-110 дах тал

[7] Хэргийн 1-р хавтас 25-29 дэх тал