Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 88

 

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Гансүх даргалж,

Улсын яллагч: Увс аймгийн прокурорын газрын хяналтын прокурор П.Удвал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Х.Сувд-Эрдэнэ

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Лхагважав,

Шүүгдэгч: П.Баянмөнх, Б.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд явуулсан шүүх хуралдаанаар Увс аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Булгадар овогт Пүрэвийн Баянмөнх, Будгадар овогт Баянмөнхийн Доржготов нарт холбогдох 201620000235 дугаартай эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1954 оны 04 дүгээр сарын 10-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 12-р баг, 01-20 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, өмнө нь 1982 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Хөвсгөл аймгийн шүүхийн 17 тоот таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 69 дүгээр зүйлд зааснаар 15 жил хорих ялаар шийтгүүлж байсан, РД: ОЮ54041017, Булгадар овогт Пүрэвийн Баянмөнх,

 2. Монгол Улсын иргэн, баяд ястан, 1995 оны 03 дугаар сарын 07-нд Увс аймгийн Тэс суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом  сумын 12 дугаар баг, 01-20 тоотод  оршин суудаг, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэлгүй, РД: ОО95030719, Булгадар овогт Баянмөнхийн Доржготов,

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн товч утга:

Шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нар нь бүлэглэн 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Улаангом сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Итгэлт” барааны зах дотор иргэн Ц.Цэнд-Аюушийг зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:                                                                                                                 

1. Хохирогч Ц.Цэнд-Аюушийн мөрдөн байцаалтад өгсөн: “ Би 2016 оны 9 сарын 14-ний өдөр захын ойролцоо явж байгаад найзтайгаа тааралдаад захын ар талын эзэнгүй саравчинд орж 0,5 литрийн 1 шил Ерөөл нэртэй архи уугаад тэндээсээ салж яваад гэртээ харих замдаа захын таксины зогсоолын орчимд байдаг шинээр баригдаж буй 2 давхар байрны хажуу талд тоглоом тоглож байсан хүмүүс дээр очсон юм. Тэр үед 17.00 цаг орчим болж байсан зах тарж байсан. Би тэнд очоод суудал байхгүй байсан тул сүүлд Баянмөнх гэж нэрийг нь сонссон хөгшиний хажуу талд суухаар шахаж татахад бид хоёр эрчиндээ хойшоо унасан юм. Тэгээд босоод иртэл тэр хөгшин надруу уурлаад бид хоёр түүнээс болж маргалдаад байшингын буланд очоод нүүр нүүрээ хараад хэрэлдэж маргалдаад зогсож байтал хажуу талаас нэг залуу ирж миний баруун гарнаас татсан юм. Би эргээд хартал Готовоо гэх залуу байсан тэр залуу эхнэртэйгээ зогсож байсан. Намайг эргэж тэднийг харах хооронд гэнэт духны зүүн хэсгээр хэн нэгэн цохисон бөгөөд би толгой эргээд доош суугаад гараараа дарж үзэхэд духны зүүн хэсгээс цус гарч байсан. Тэгтэл хажуугаас Баянмөнх намайг татаж босгож ирээд дахин нүүр орчимд цохисон. Би доошоо тонгойтол Готовоо миний дээрээс толгой руу цохисон. Би тэднийг эсэргүүцээгүй бөгөөд өндийж харахад Говотоо цаашаа салаад яваад өгсөн. Баянмөнх намайг татаж өндийлгөөд бид хоёр цааш алхтал манай хөрш болох Алтанцэцэг гэх эгч гүйж ирээд намайг аваад Баянмөнхөд хандаж та нар яагаад хүн зоддог юм бэ? цагдаа дуудна гэж хэлсэн. Тэгээд Алтанцэцэг цагдаа дуудаад намайг Нэгдсэн эмнэлэгт аваачсан. Эмч нар үзлэг хийгээд дух орчимд 4 оёдол тавьж эмнэлэгт хэвтүүлсэн юм. Баянмөнх бид хоёр суудалд суухдаа түүнийг би татаж хамтдаа газарт унаснаас болж маргалдсан юм. Готовоо аавыгаа өмөөрч намайг цохисон байх. Намайг Баянмөнхтэй маргалдаад зогсож байтал хажуу талаас Готовоо ирж татсан эргээд түүнийг харах үед Баянмөнх хажуугаас намайг цохисон тэр цохилтын улмаас миний толгой хагарч цус гарсан. Тэгтэл Баянмөнх намайг татаж өндийлгөөд нүүрлүү дахин нэг удаа цохисон. Намайг тонгойход дээрээс Готовоо нэг удаа цохисон. Баянмөнх надтай маргалдаад зогсож байхдаа баруун гартаа том чулуу атгасан байсан. Чулуу атгасан чигтээ намайг цохисон. Баянмөнх бид хоёр бараг тулж нүүр нүүрээ харж зогссож байсан. Готовоо миний хажууд ирж намайг араас татсан би баруун талруугаа эргэж харах үед Баянмөнх намайг цохисон. Намайг эргэж Готовоог харж байхад цохисон тул Готовоо биш Баянмөнх цохисон гэдгийг мэдэж байна. Тонгойсон байхад тэд хэдэн удаа цохисныг би сайн мэдэхгүй байна. Эхний цохилтын улмаас толгой эргэж манарсан байсан. Готовоо намайг сүүлд тонгойсон байхад араас дээрээс цохисон тул юугаар цохисныг мэдэхгүй. Би найзынхаа хамт 0,5 литийн 1 шил архи хувааж уусан бөгөөд халамцуу байсан боловч согтоогүй өөрийгөө авч явах чадвартай, болсон явдлыг бүгдийг мэдэж байсан. Тэр хоёрыг согтуу байсан эсэхийг би анзаараагүй. Зодуулсаны улмаас миний духны баруун хэсэгт язарч 4 см урттай 4 ш оёдол тавьсан, тархи доргисон, баруун нүдний доод талд хацарны яс цуурсан байсан, мөн зүүн мөрөн дээр зулгарсан байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 14-15-р тал/,

2 . Гэрч О.Болдоогийн мөрдөн байцаалтад өгсөн: “ 2016 оны 9 сарын 14-ний өдөр би 2 захын дунд таксины зогсоолын эргэх уулзварын дэргэд шинээр баригдаж буй барилгын сүүдэрт суугаад хөзөр тоглож байтал нэг согтуу залуу ирээд хүн болгоны толгойг илж түлхэх зэргээр тойроод явж байгаад Баянмөнх гэх настай хүний толгойруу түлхсэн юм. Тэгтэл Баянмөнх уурлаад чи хөгшин настай хүний толгой тэргүүнд гар хүрлээ гэж уурлаад тэр залууг боогоод цааш нь түлхэж биднээс холдсон юм. Бид нар хөзөртөө анхаараад тоглоомоо үргэлжүүлсэн. Гэтэл хүмүүс шуугилдаад явчихаар нь харахад нөгөө залуугийн толгойноос цус гоожиж байсан юм. Тэгтэл цаанаас нь Баянмөнхийн хүүхэд болох өндөр залуу хүрч ирсэн Баянмөнх тэр залууг түлхээд яв гэж хэлээд холдуулсан юм. Удалгүй нэг эмэгтэй ирж цагдаа дуудна гээд орилохоор нь бид нар цагдаа нар ирэх нь гээд тараад явчихсан юм. Намайг харахад Баянмөнх тэр залууг боож түлхээд цаашаа эргэсэн, дахин харахад нөгөө залуугийн духнаас цус гоожоод доошоо сууж байсан хажууд нь Баянмөнх зогсож байсан юм. Миний харснаас Баянмөнх тэр залууг боож түлхээд цааш холдуулаад явсан. Яг цохихыг нь хараагүй. Хүмүүс шуугилдахад харахад тэр залуугийн духнаас цус гоожсон, хажууд нь Мөнхөө буюу Баянмөнх зогсож байсан юм. Хүүхэд нь тэр залуу цусаа гоожуулаад доош тонгойход нь ирсэн юм. Доржготов тэр залууг цохихыг анзаарч хараагүй. Цэнд-Аюуш гэх тэр залуу согтуу ирээд тоглоом үймүүлээд тоглосон, сахилгагүйтсэн байдалтай хүн болгоныг түлхээд байсан тэгтэл Баянмөнх уурлаад түүнийг боож түлхээд биднээс холдуулаад цаашаа аваад явсан юм. Баянмөнх бидэнтэй хамт хөзөр тоглож байсан. Эрүүл байсан” гэх мэдүүлэг / хх-ийн 16-р тал /

3. Гэрч Ш.Цэндсүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би тэр өдөр Доржготовын найр дөхсөн байсан тул гэртээ ажил хийгээд үлдсэн нөхөр хүүхдүүд зах орчихоод ирнэ гэж хэлсэн боловч удаж удаж орой нь ирсэн тул би юу болсныг асуухад Баянмөнх надад хэлэхдээ хөзөр тоглоод хүмүүстэй байж байтал араас нэг согтуу залуу ирж хүзүү боохоор нь буцааж цохиж ноцолдож байтал Доржготов тэр талаар сонсоод гүйж ирж тэр залууг нэг удаа цохисон тэгэхээр нь би Доржготовыг болиулаад явуулчихсан гэж хэлсэн юм. Би тухайн үед загнаад өнгөрсөн юм” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/

4. Гэрч И.Алтанцэцэгийн мөрдөн байцаалтад өгсөн: “Би 2016 оны 9 сарын 14-ний өдөр зах тарах үеэр 17.00 цаг орчимд Итгэлт захын үүдэнд таксины зогсоол дээр зогсож байтал Цэнд-Аюуш гэх манай хөрш залуу баригдаж буй байшингын хажуу талын өнцөг дээр хүнтэй маргалдаад гараад ирсэн юм. Цэнд-Аюуштай маргалдаж байсан хүн нь дээл өмссөн настай хүн байсан бөгөөд баруун гартаа чулуу атгасан байсан түүгээрээ Цэнд-Аюушийг цохиод байсан Тэр хоёр барьцалдаж аваад зогсож байтал хажуунаас нь нэг өндөр залуу гүйж очоод "Чи хөгшин хүн яагаад дээрэлхээд байгаа юм бэ?" гэж хэлээд Цэнд-Аюушийн нүүрлүү нэг удаа цохисон. Тэр хооронд миний машинд хүн суухаар асуусан тул би тэр хүнтэй ярилцаад буцаад харахад нөгөө өндөр залууг настай хүн цааш нь түлхээд явуулж байсан. Цэнд-Аюуш толгойгоо бариад босож ирж байсан бөгөөд түүний толгойноос цус гарч байсан. Би тэдэн дээр очиж цагдаа дуудсан бөгөөд Цэнд-Аюушийг эмнэлэгт хүргэж өгсөн юм. Нөгөө чулуу атгасан хөгшин Цэнд-Аюушийг цохиод байсан Цэнд-Аюуш эсэргүүцэхгүй зогсоод байсан. Тэгтэл өндөр залуу ирж нүүрлүү нь гараараа цохиж харагдсан. Тэр хооронд хажуугаас миний машинд үйлчлүүлэгч суусан тул би түүнтэй харьцаад хэсэг хараагүй. Тэгээд дахин эргэж харахад Цэнд-Аюуш доошоо суучихсан духаа гараараа дарж байсан бөгөөд тэндээс нь цус гарч байсан тул би хүн ээ буулгаад тэдэн дээр очсон. Тэр хооронд дээлтэй хөгшин Цэнд-Аюушийг хуруугаараа заагаад чичлээд загнаад байсан. Би очиж тэр дээлтэй хүнийг татаж холдуулсан. Намайг үйлчлүүлэгчтэй ярилцаж байх хооронд хэн хэнийг хэдэн удаа цохисныг хараагүй. Тэр дээлтэй хүн баруун гартаа том чулуу атгасан байсан. Цэнд-Аюушийг нэг хоёр удаа цохих шиг болсон. Яг чулуугаараа цохисон уу? гараараа цохисон уу гэдгийг харж чадаагүй. Эхлээд харахад гартаа чулуу атгасан байсан Сүүлд харахад чулуугүй байсан. Хэзээ чулуугаа хаясаныг нь би хараагүй Тэр хоёр байшингын цаанаас барьцалдсан зодолдсон байдалтай гарч ирсэн. Түүний хүүхэд бололтой өндөр залуу ирээд Цэнд-Аюушийн нүүрлүү нэг удаа цохиж харагдсан Тэр дээлтэй хөгшин Цэнд-Аюушийг татаад би чамайг эмнэлэгт аваачиж оёдол тавиулан гээд татаад байхаар нь би болиулсан юм. Цэнд-Аюуш тэр хүмүүсийг зодож цохиогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19-р тал/

5. Гэрч Ц.Отгонтамирын мөрдөн байцаалтад өгсөн: “ Би тэр өдөр зах орчихоод буцаад гэрлүүгээ явах гэж байтал захын үүдэн дээр хөзөр тоглож байсан хүмүүсийн дэргэд Цэнд-Аюуш гэх зүс таних залуу халамцуу очиж харагдсан. Тэр очоод нэг настай хүнийг хойш татаад унагачихсан. Нөгөө хүн босож ирээд тэр хоёр маргалдаж хоорондоо барьцалдаж аваад таксины зогсоолын чиглэлд алхсан тэд өнцөг орчимд очиж зогсоод хөгшин нь Цэнд-Аюушийг цохисон. Тэгтэл цаанаас Доржготов гүйж ирээд чи миний аавыг яаж байна гэж хэлээд газраас чулуу шүүрч аваад Цэнд-Аюушын толгой руу цохисон. Тэгтэл түүний дух орчимоос цус гараад тэр доошоо суусан. Тэр хавийн хүмүус бужигнаад хүн зодчихлоо алчихлаа гээд орилолдоод байхаар нь би яваад өгсөн юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 20-р тал/,

5. Гэрч Ж.Чагцалын мөрдөн байцаалтад өгсөн: “ Тэр өдөр би нөхрийн хамт захын үүдэнд байдаг аз од тоглоом дээр тоглож байсан. Ойролцоо манай хадам аав Баянмөнх хөзөр тоглож байсан юм. Тоглоом харж байгаад нэг харахад хадам аавыг нэг залуу хойш татаж унагаасан бололтой тэр хоёр босож ирээд маргалдаж барьцалдаж авсан юм. Би нөхөртөө тэр талаар хэлэхэд Доржготов аав дээрээ гүйж очсон би бас дагаж очсон юм. Доржготов түрүүлж очоод тэр залууг татаж эргүүлээд нэг удаа алгадсан юм. Тэгтэл хадам аав хориглоод чи яаж байгаа юм. Эндээс яв гэж хэлээд Доржготов бид хоёрыг явуулсан. Бид хоёр түүгээрээ шууд гэртээ харьсан юм. Хадам аав Баянмөнх тэр залуутай хамт хоцорсон юм. Доржготов гүйж очих замдаа газраас чулуу шүүрч авсан байсан бөгөөд очиход тэр залуугийн духнаас цус гарч байсан тул чулуугаа хаячихаад гараараа тэр залууг нэг удаа цохисон. Нүүрэнд нь гараараа цохисон бөгөөд яг хаана нь цохисныг би харж амжаагүй. Тэр залуу цохиулаад доошоо суусан юм. Намайг харахад тэр хоёр барьцалдаад урагш байшингын өнцөг рүү алхаж байсан. Доржготовт хэлээд яваад очиход тэр залуугийн духнаас цус гар байсан. Хэн хаана нь хэдэн удаа цохисоныг хараагүй. Хадам аав Баянмөнх надад сүүлд хэлэхдээ хоолойг нь боож газарт унагахаар нь хоёр удаа цохичихсон юм гэж хэлж байсан. Юугаар цохисоныг нь мэдэхгүй байна” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р тал/,

6. Шинжээч эмч Н.Одбаярын мөрдөн байцаалтад өгсөн: “Ц.Цэнд-Аюушийн биед учирсан гэмтлүүдээс тархины доргилт, няцрал нь дангаараа хөнгөн гэмтэл, баруун гайморын хөндийн урд болон гадна хананы цуурсан хугарал нь дангаараа хөнгөн, духны язарсан шарх нь дангаараа хөнгөн гэмтэлд тус тус хамаарна. Духны язарсан шарх нь гараар үүсгэгдэх магадлал маш бага 4 см урттай байсан. Бусад гэмтлүүд нь юугаар ч үүсэх боломжтой юм” гэх мэдүүлэг, /хх-ийн 24-р тал/,

7. Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Ц.Цэнд-Аюушийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, няцрал, баруун гайморын хөндийн урд болон гадна хананы цуурсан хугарал, духанд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учирсан байна. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйчлэлээр үүсгэгдэнэ. Дээрхи гэмтэл нь тогтоолд заасан болон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрхи гэмтлүүд нь цуг нэг дор үүссэн байхыг үгүйсгэхгүй. Дээрхи гэмтэл нь гэмдлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Ц.Цэнд-Аюушийн биед учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна. Дээрхи гэмтэл нь эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт тодорхой хугацаагаар нөлөөлнө” гэх дүгнэлт /хх-ийн 28-р тал/,

8. Шүүгдэгч П.Баянмөнхийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 61-р тал /,

9. Шүүгдэгч П.Баянмөнхийн хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 57, 62, 63, 68, 70, 72-74-р тал/,

10. Шүүгдэгч Б.Доржготовын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа / хх-ийн 93-р тал /,

11. Шүүгдэгч Б.Доржготовын хувийн байдлыг тогтоосон баримтууд / хх-ийн 68, 70, 77-86, 89, 90, 96-97,100-105 /, 

12. Хохирогч Ц.Цэнд-Аюушийн Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн хооронд аймгийн нэгдсэн эмнэлэгийн Гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүхийн хуулбар / хх-ийн 109-119-р тал /

13. Шүүгдэгч П.Баянмөнхийн мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “ Би зах дээр хөзөр тоглож байтал тэр залуу ирээд намайг араас боож хойш чирсэн тэгэхээр нь би түүний мөр орчимд нэг удаа цохиод дараа нь духанд нь гараараа нэг удаа цохисон тэгтэл түүний дух орчимд язарсан юм. Тэгэхээр нь би түүнийг заамдаж автал тэр залуу би таныг дүүгээрээ зодуулна гэж хэлэхээр нь би түүнд тэгвэл ингээд зодуул гэж хэлээд түүний дух орчимд дахин гараараа нэг удаа цохисон юм. Тэгтэл түүний духнаас цус гоожоод эхэлсэн юм. Тэр залуу цусаа гоожуулаад тонгойход би дээрээс нь түүнийг тонгойлгоод барьчихсан байтал хүү Доржготов хүрч ирээд тэр залууг " Хөгшин хүн дээрэлхлээ " гэж хэлээд нэг удаа хальт алгадсан юм. Би тэгэхээр нь чи цаашаа зайл гэж хэлээд хүүгээ түлхэж явуулсан юм. Түүнээс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Тэгж байтал нэг таксины эмэгтэй гүйж ирээд цагдаа дуудна гээд эхэлсэн юм. Би Цэнд-Аюушийн дух орчимд хоёр удаа, мөрөнд нэг удаа л цохисон өөр зодож цохисон зуйл байхгүй. Доржготов тэр залууг татаж эргүүлээд хальт алгадсан юм. Би тэр үед тэр залууг тонгойлгоод дарчихсан байсан юм. Би хүүгээ зодоонд оролцуулахгүй гэж бодоод түлхэж зайл гэж хэлээд явуулсан юм. Доржготов дахин тэр хүнийг зодож цохиогүй. Би ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна. Өдий 60 гаруй насалчихаад хүүтэйгээ хамт шүүгдээд зогсож байгаадаа гэмшиж байна. Хохирогчийг эмнэлэгт авч очиж толгойн зураг авахуулахад нь 95.000 төгрөг, эмнэлэгт хэвтсэн ор хоногийн 330.000 төгрөг, дусал шингэн 30.000 төгрөгөөр авч өгсөн. Хохирогчид эмчилгээний болон бусад бүх зардлыг нь төлж барагдуулж гомдоогүй болгосон”  гэх мэдүүлэг,

14. Шүүгдэгч Б.Доржготовын мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “ Би зах дээр байтал миний эхнэр Чагцал ирж аавыг хүн зодоод байна гэж хэлсэн тул би гүйж очиход аав нэг залуутай барьцалдсан байдалтай байсан тэгэхээр нь би очоод хөгшин хүнийг яагаад дарлаад байгаа юм бэ? гэж хэлээд түүнийг татаж эргүүлж байгаад нэг удаа алгадсан юм. Түүнээс өөрөөр зодож цохисон зүйл байхгүй. Намайг гүйгээд очих хооронд миний аав Баянмөнх, Цэнд-Аюуштай барьцалдаж авсан байсан. Зодож цохихыг хараагүй. Намайг Цэнд-Аюушийг татаад эргүүлэхэд түүний дух орчимоос цус гоожиж байсан юм. Тэгэхээр нь гартаа атгасан байсан чулуугаа газарт хаяад гараараа нэг удаа цохисон юм. Тэр үед аав намайг боль гэхээр нь би орхиод явсан. Хохирогчоос уучлалт гуйсан” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.

Хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үнэлэн дүгнэхэд: Шүүгдэгч Булгадар овогт Пүрэвийн Баянмөнх, Будгадар овогт Баянмөнхийн Доржготов  нар нь  бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Ц.Цэнд-Аюуш, гэрч О.Болдоо, Ш.Цэндсүрэн, И.Алтанцэцэг, Ц.Отгонтамир, Ж.Чагцал, шинжээч эмч Н.Одбаяр нарын мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.

Мөрдөн байцаалт болон прокурорын хяналтын шатанд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн ноцтой зөрчил гараагүй, хэргийн бүрдэл хангагдсан, зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэх үндэслэлтэй гэж  дүгнэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгчийн зүгээс шүүгдэгч Б.Доржготов нь бүлэглэн гэмт хэрэг үйлдээгүй, хохирогчийг нэг удаа цохьсон үйлдлийн улмаас хохирогчийн бие махбодид гэмтэл учраагүй тул түүний үйлдэл  нь гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэлбэрийн төдий агуулж байна. Иймд үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч П.Баянмөнхийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, хохирогч сайн дураараа эвлэрсэн гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж мэтгэлцэж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ц.Цэнд-Аюушийн: “...Намайг Баянмөнхтэй маргалдаад зогсож байтал хажуу талаас Готовоо ирж татсан эргээд түүнийг харах үед Баянмөнх хажуугаас намайг цохисон тэр цохилтын улмаас миний толгой хагарч цус гарсан. Тэгтэл Баянмөнх намайг татаж өндийлгөөд нүүрлүү дахин нэг удаа цохисон. Намайг тонгойход дээрээс Готовоо нэг удаа цохисон. Баянмөнх надтай маргалдаад зогсож байхдаа баруун гартаа том чулуу атгасан байсан. Чулуу атгасан чигтээ намайг цохисон...”, гэрч И.Алтанцэцэгийн: “...Цэнд-Аюуштай маргалдаж байсан хүн нь баруун гартаа чулуу атгасан байсан түүгээрээ Цэнд-Аюушийг цохьсон. Тэр хоёр барьцалдаж аваад зогсож байтал хажуунаас нь нэг өндөр залуу гүйж очоод "Чи хөгшин хүн яагаад дээрэлхээд байгаа юм бэ?" гэж хэлээд Цэнд-Аюушийн нүүрлүү нэг удаа цохисон..., гэрч Ж.Чагцалын: “...хадам аавыг нэг залуу хойш татаж унагаасан бололтой тэр хоёр босож ирээд маргалдаж барьцалдаж авсан юм. Би нөхөртөө тэр талаар хэлэхэд Доржготов түрүүлж очоод тэр залууг татаж эргүүлээд нэг удаа алгадсан юм..., Шинжээч эмч Н.Одбаярын: “ Ц.Цэнд-Аюушийн биед учирсан гэмтлүүдээс тархины доргилт, няцрал нь дангаараа хөнгөн гэмтэл, баруун гайморын хөндийн урд болон гадна хананы цуурсан хугарал нь дангаараа хөнгөн, духны язарсан шарх нь дангаараа хөнгөн гэмтэлд тус тус хамаарна…” гэх мэдүүлэг, Увс аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 481 дугаартай шинжээчийн: “Үзүүлэгч Ц.Цэнд-Аюушийн биед гэмтэл учирсан байна. Тархи доргилт, няцрал, баруун гайморын хөндийн урд болон гадна хананы цуурсан хугарал, духанд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл учирсан байна” гэх дүгнэлтүүдээр үгүйсгэгдэнэ.

Шинжээчийн дүгнэлтээр: Ц.Цэнд-Аюушийн бие махбодид Тархи доргилт, няцрал, баруун гайморын хөндийн урд болон гадна хананы цуурсан хугарал, духанд язарсан шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, зүүн мөрөнд зулгаралт гэмтлүүд  учирсан байх бөгөөд үүнээс тархины доргилт, няцрал нь дангаараа хөнгөн гэмтэл, баруун гайморын хөндийн урд болон гадна хананы цуурсан хугарал нь дангаараа хөнгөн, духны язарсан шарх нь дангаараа хөнгөн гэмтэл болох нь шинжээч эмчийн мэдүүлгээр тогтоогдож байна. Гэтэл шүүгдэгч П.Баянмөнх 2 удаа цохьсоны улмаас дээрх 3 өөр хөнгөн гэмтэл үүсэх боломжгүй тул шүүгдэгч Б.Доржготовын 1 удаагийн цохилтын улмаас хөнгөн гэмтэл учирсан гэж үзнэ.

Иймд шүүгдэгч Б.Доржготовын үйлдлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хэлбэрийн төдий агуулсан гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нарын хохирогч Ц.Цэнд-Аюушийг зодсон үйлдэл нь тодорхой нэг газарт нэг цаг хугацаанд зэрэг болсон гэдэг нь  хохирогч Ц.Цэнд-Аюуш, гэрч О.Болдоо, И.Алтанцэцэг, Ц.Отгонтамир, Ж.Чагцал, шүүгдэгч нарын мэдүүлгээр нотлогдож байх тул бүлэглэн үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.Баянмөнхийг зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчилж, хохирогч сайн дураараа эвлэрсэн гэдэг үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нар нь хохирогч Ц.Цэнд-Аюушт учирсан хохирлыг төлж барагдуулсан,  хохирогч Ц.Цэнд-Аюуш нь шүүгдэгчээс нэхэмжлэх хохирол төлбөргүй, гомдолгүй болох нь хохирогчийн цагдаагийн газарт 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр гаргаж өгсөн тодорхойлолтоор нотлогдож байх тул шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн  гэж үзэх үндэслэлтэй байна.             

           

            Шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  зүйлгүйг тус тус дурдах нь зүйтэй. 

            Шүүгдэгч нараас гаргуулах хохиролгүй тул тэдний эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч нарт  ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан эд хөрөнгийн хохирлыг нөхөн төлсөн гэсэн хөнгөрүүлэх нөхцөл байдлуудыг харгалзан үзсэн болно.

 

Монгол  улсын эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 дугаар зүйлийн 283.1, 284 дүгээр зүйлийн 284.1, 286 дугаар зүйлийн 286.1,  294-296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн  297.1-297.5 дахь хэсэг,  298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

         

            1. Шүүгдэгч Булгадар овогт Пүрэвийн Баянмөнх, Будгадар овогт Баянмөнхийн Доржготов  нарыг  бүлэглэн бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нар тус бүрт нь 270 / хоёр зуун дал / цаг албадан ажил хийлгэх ял  шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл баривчлах ялаах солихыг дурьдсугай.

            4. Шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хохирол төлбөргүй  болохыг тус тус дурьдсугай.

            5. Шүүгдэгч Б.Доржготовын өмчлөлийн БСБ загварын 32 инчийн өнгөт зурагт, шүүгдэгч П.Баянмөнхийн өмчлөлийн хөлдөөгч битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдрийн тогтоолуудыг хүчингүй болгосугай.

            6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч П.Баянмөнх, Б.Доржготов нарт өмнө авсан балтан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

          

              Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүлийн 304.1-д зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.ГАНСҮХ