Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0451

 

 

 

                                   

 

2016 оны 7 сарын 05 өдөр

Дугаар 221/МА2016/0451

Улаанбаатар хот

 

 

 

“Моностойн нуруу” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Ганзориг нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Моностойн нуруу” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Засаг дарга, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга нарт холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 30 дугаар шийдвэрээр: Газрын  тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7, 61 дүгээр зүйлийн 61.1, Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2  дахь хэсэгт заасныг баримтлан “Сэлэнгэ аймгийн  Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаартай, Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын  2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй  болгуулах” тухай  “Моностойн нуруу” ХХК-ний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК-ийн захирал Б.Пүрэвжавын өмгөөлөгч Ө.Ганзориг би дараах давж заалдах гомдлыг гаргаж байна. Үүнд:

Нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК-ийн захирал Б.Пүрэвжав нь анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 тоот захирамжаар Ерөө сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэх чиглэлээр 24 нэгж талбар бүхий 818 га газрыг 60 жилийн хугацаатай эзэмшсэн. Үүнээс 5 жилийн дараа газар эзэмших эрхийн гэрчилгээ солих болсон тул Ерөө сумын Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 141 тоот захирамжаар манай компанид 23 нэгж талбар бүхий 813.92 га талбайн гэрчилгээг сольж өгсөн. Гэтэл “Моностойн нуруу” ХХК-ийн хууль ёсоор 2007 оноос хойш 9 жил эзэмшиж байсан 94 га /2013 онд дахин хэмжилтээр 84 га болсон/ талбайг Сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 256 тоот захирамжаар эзэмших эрхийг хүчингүй болгож, Л.Цэрмаад олгосныг нэхэмжлэгч Б.Пүрэвжав огт мэдээгүй бөгөөд иргэн Л.Цэрмаа 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр “Моностойн нуруу” ХХК-ийн захирал Б.Пүрэвжавт “...Танай компаний эзэмшилд байгаа 84 га талбайг сумын Засаг дарга захирамж гаргаж надад өглөө” гэж хэлснээр газар эзэмших эрх нь зөрчигдсөнийг мэдсэн байдаг. Ерөө сумын Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 15 өдрийн 256 тоот захирамж гарснаас хойш 4 сарын дараа газар эзэмшиж байсан “Моностойн нуруу” ХХК-д 2016 оны 03 дугаар сарын 03-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн нь газар эзэмших эрхийг ноцтой зөрчиж байгаа юм.

Шүүх нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт зааснаар “Захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”. Гэтэл анх Л.Цэрмаад 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн №170400204 тоот газар эзэмшүүлэх гэрчилгээ олгосон байдаг боловч газрын эзэмшүүлэх гэрээг нотлох баримтаар цуглуулж, үнэлээгүй хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтыг хавтаст хэрэгт тусгаагүй нь хэрэг хянан шийдвэрлэхэд нөлөөлсөн. Тус газар эзэмшүүлэх гэрээнд газар эзэмшигчийн эрх үүргийг тодорхой зааж өгсөн байдаг. Дараах тохиолдлуудад газар эзэмших эрхийн гэрчилгээг Засаг дарга хүчингүй болгох эрхтэй байдаг. Үүнд: Эрхийн гэрчилгээ эзэмшигч Газрын тухай хууль тогтоомж, газар эзэмших гэрээний нөхцөл, болзлыг удаа дараа буюу ноцтой зөрчсөн, эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлүүдийг тус газар эзэмших гэрээгээр байгуулсан эрх, үүргээс харах мөн Л.Цэрмаа нь 2001 онд газар эзэмшүүлэх гэрээ байгуулснаар газар эзэмших эрхийг хүчингүй болгох үндэслэлүүдийг урьдчилан мэдэж байсан. Мөн Газрын тухай хуульд заасан гомдол гаргах хугацаа өнгөрсөн байдаг.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт:

1. ...Л.Цэрмаагаас “маргаан бүхий газрыг 2001 оноос хойш эзэмшиж байгаа 94 га талбайн гэрчилгээг солиулж авахаар хөөцөлдсөн боловч 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот газар эзэмших эрхийг хүчингүй болгосон хуурамч захирамж надад өглөө” гэсэн нь хавтаст хэрэгт 2012 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 52 тоот захирамж захиргааны хэрэгт нотлох баримтаар авагдаагүй байхад огт байхгүй захирамжийн талаар дурдсан нь эргэлзээтэй ойлгомжгүй байна.

2. Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хуурамч нотлох баримт гэж үзэж, Сэлэнгэ аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тасгийн улсын байцаагчийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 08 тоот дүгнэлт, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 39 дүгээр дүгнэлт зэргийг нотлох баримтын хэмжээнд үнэлсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хуурамч захирамж гэж үзэж байгаа бол энэ нь захиргааны зөрчил, эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл байхад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т “эрүүгийн, ... журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж зааснаар хэргийг түтгэлзүүлж тус захирамжийг хуурамчаар үйлдсэн эсэх талаар харъяаллын дагуу цагдаагийн байгууллагаар шалгуулж, тогтоолгохоор байтал шүүх өөрсдөө хуурамч нотлох баримт мөн гэж дүгнэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй шийдвэрлээгүй байна.

 З. Л.Цэрмаа нь 2001 онд эзэмшсэн 94 га газраа П.Ганзоригт түрээслүүлсэн эсхүл ашиглуулсан гэж 2 янзаар ярьдаг боловч хэрвээ тус газрыг түрээслүүлсэн бол иргэний тухай хуулийн 327 дугаар зүйлд зааснаар Хөдөө аж ахуйн зориулалттай газрын түрээсийн гэрээг бичгээр байгуулж эрх зүйн харилцаа үүсэх байсан гэтэл түрээсийн гэрээ огт байдаггүй мөн ашиглуулсан бол Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6-д зааснаар ашиглуулж байгаа бол Ерөө сумын Засаг даргын зөвшөөрлийн үндсэн дээр ашиглуулах хуулийн зохицуулалттай гэтэл зөвшөөрөл хүссэн баримт байдаггүй.

4. Шүүх болон аймгийн Засаг дарга нар Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хуурамч эсэх тал дээр ач холбогдол өгч түлхүү анхаарснаас бус тус захирамжийн үндэслэл нь хуулийн дагуу эсэхийг анхаарч үзээгүй байдаг.

 Жишээ нь: Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжид Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.5, 40.1.6-т заасан заалтуудыг үндэслэсэн нь бодит байдалтай нийцэж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогддог. Хавтаст хэргийн 6 хуудас Ерөө сумын газрын даамал Э.Ариунбатын тодорхойлолт “иргэн Л.Цэрмаа нь 2001-2007 оны хооронд 94 га газрыг эзэмшиж байсан бөгөөд тухайн газраа огт ашиглаж байгаагүй, газрын төлбөр огт төлж байгаагүй үнэн болно”, Хавтаст хэргийн 55 дугаар хуудас Сэлэнгэ аймгийн Татварын хэлтсийн тодорхойлолт 2002-2016 оны хооронд “Моностойн нуруу” ХХК газрын төлбөр төлөгдөж байсан, Л.Цэрмаа төлөгдөж байгаагүй тодорхойлолт, Хавтаст хэргийн 106 дугаар хуудас Ерөө сумын Засаг даргын Тамгын газрын ХХААн тасгийн дарга Я.Баярсэдийн мэдүүлэгт “Л.Цэрмаа нь 2001-2007 онд тариалангийн газар эзэмшиж байх хугацаандаа ямар нэгэн уринш болон тариалалтын мэдээг огт өгч байгаагүй юм, өөрийн нэр дээр болон бусдын нэр дээр” гэх мэт Л.Цэрмаа нь тус 94 га газрыг 2001-2007 оны хооронд огт ашиглаж байгаагүй, газрын төлбөр төлж байгаагүй нь газар эзэмших гэрээний зөрчлийг удаа дараа ноцтой зөрчсөн үйлдэл болох нь дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байхад Ерөө сумын Засаг даргын 2007 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 52 тоот захирамжийг хуурамч захирамж гэж үзэж Б.Пүрэвжавын газар эзэмших эрхийг зөрчиж, Л.Цэрмаагийн илт хууль зөрчсөн үйлдлийг хөхүүлэн дэмжиж байгаа нь хэт нэг талыг барьсан мөн Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг дарга 2007 оны 52 тоот захирамжийг хуурамч гэж үзэж байгаа бол Л.Цэрмаагийн хувьд Газрын тухай хуульд заагдсан зөрчлүүд дээр үндэслэж Ерөө сумын Засаг дарга дахин захирамж гаргаж Л.Цэрмаагийн 94 га газрыг хүчингүй болгох үндэслэлтэй байхад тийм шийдвэр гаргаагүй нь захиргааны байгууллага дахин хэлэхэд хэт нэг талыг барьсан байна.

Иймд хэт нэг талыг барьсан гэдэг нь дээрх тайлбарууд болон шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй байх тул Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 тоот шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү.

Жич: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хуралд нэхэмжлэгч "Моностойн нуруу" ХХК-ны захирал Б.Пүрэвжавын өмгөөлөгч Ө.Ганзориг оролцох болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

             Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлийн дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Анх Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2001 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 128 дугаар захирамжаар гуравдагч этгээд Л.Цэрмаад 94 га газрыг үр тарианы зориулалтаар эзэмшүүлсэн байх боловч 2007 оны 04 дүгээр сарын 17-ны  өдрийн 52 дугаар захирамжаар газрын төлбөр төлөөгүй, газраа зориулалтын дагуу ашиглаагүй гэх үндэслэлээр газар эзэмших эрхийг хүчингүйд тооцсон байх бөгөөд ийнхүү иргэн Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг хүчингүй болгохдоо захирамжийг хуурамчаар үйлдэж, тухайн цаг хугацаандаа бус 2009 оноос хойш нөхөж гаргасан болох нь Сэлэнгэ аймгийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлт, шүүхийн шинжилгээний байгууллагын дүгнэлт зэрэг болон хариуцагч Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргээр тогтоогдож байна.

Гуравдагч этгээд Л.Цэрмаагийн Сэлэнгэ аймгийн Засаг даргад дээрх асуудлаар гаргасан гомдлыг шалгаад Сэлэнгэ аймгийн Засаг даргын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн А/435 дугаар захирамжаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 52 дугаар захирамжийг хүчингүй болгож, Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг сэргээх арга хэмжээ авахыг Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргад даалгаж шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Мөн Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.7-д “Газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах”, 61 дүгээр зүйлийн 61.1-д “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэх/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь доод шатны Засаг дарга болох Ерөө сумын Засаг даргын хууль зөрчсөн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь эрх хэмжээгээ хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Ийнхүү шийдвэрлэсний дагуу Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргаас 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 289 дүгээр захирамжаар гуравдагч этгээд Л.Цэрмаад  тус сумын Хонгорын нуруунд байрлах  84.36 га газрыг үр тариа тарих зориулалтаар 46 жилийн хугацаагаар сэргээн эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн байна.

Түүнчлэн дээрх нөхцөл байдлуудаас үзэхэд 2007 онд гуравдагч этгээд Л.Цэрмаагийн газар эзэмших эрхийг хүчингүй болгоогүй, учир нь дээрх захирамжийг хуурамчаар үйлдсэн нь тогтоогдсон. 2009 оноос хойших хугацаанд хүчингүй болгосон хуулийн хүчин төгөлдөр ямар нэгэн захирамж гаргаагүй эс нь Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Засаг даргын 2007 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 59 дугаар захирамжаар нэхэмжлэгч “Моностойн нуруу” ХХК-д ...365/94 га... нийт 24 нэгж талбар бүхий 818 га газрыг үр тариа тарих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасныг зөрчжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 10 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

             

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

            ШҮҮГЧ                                                            Д.БААТАРХҮҮ

            ШҮҮГЧ                                                            Э.ЗОРИГТБААТАР