Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар  2022/ШЦТ/854

 

   Ц     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Г.З нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ганбатын Зт холбогдох эрүүгийн 2211 00587 1539 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овогт Ганбатын З /РД: .1/,

Монгол Улсын иргэн, 1998 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, эхийн хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 7 дугаар хороолол 45-43 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.З нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвд талийгаач Г.Баяндаваатай маргалдаж, улмаар түүний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 723 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.  

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд шүүгдэгч Г.З нь согтуугаар 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эрүүлжүүлэх саатуулах төвд талийгаач Г.Баяндаваатай маргалдаж, улмаар түүний нүүр рүү толгойгоороо нэг удаа мөргөж эрүүл мэндэд нь зүүн хөмсөгт шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Энэ нь цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 12-15 дугаар тал/,

Гэрч П.Хандаа мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний төрсөн охин Ганчимэг нь Амаржаргал гэх хүнтэй хамт амьдарч байгаад дундаасаа нэг охинтой болоод 2016 онд нөхрөөсөө салаад 2017 оноос хойш Баяндаваа гэх хүнтэй хамт амьдрах болсон. Манай охин Ганчимэг нь нөхөр Баяндаваагийн хамт Чингэлтэй дүүрэг 9 дүгээр хороо усны 1-4 тоотод манай нөхрийн дүү болох Ганчимэгийнд амьдардаг юм. Болсон асуудлын хувьд гэвэл өчигдөр шөнө буюу 2022 оны 03 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө нөхрийн дүү Р.Ганчимэг над руу залгаад танай охиныг зодоод байна гэсэн. Тэгэхээр нь би гэр ойрхон болохоор яваад гэрт нь очиход Баяндаваа манай охин Ганчимэгийн дээр гарчихсан өвдөглөөд хоолойг нь багалзуурдаад зодож байсан. Тэгэхээр нь би юу болж байна гээд Баяндаваад хэлэхэд удалгүй ардаас цагдаа нар ороод ирсэн. Тэгээд цагдаа Баяндавааг гаръя гэж хэлээд манай охин Ганчимэг хоёрыг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс рүү аваад явсан. Манай охин Ганчимэг нөхөр нь болох Баяндаваа хоёр их согтуу байсан. Тэгээд би гэртээ очоод байж байтал манай охин удалгүй хүрээд ирсэн ба Баяндаваа эрүүлжүүлэх байранд хоносон байх ирээгүй. Ингээд өнөөдөр буюу 2022 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 18 цагийн орчим Баяндаваа Ганчимэг хоёр манайхаар ирээд гэрийн түлхүүрээ аваад явсан ба Баяндаваа нь духан дээрээ оёдол тавиулчихсан байсан... Тухайн үед бол Баяндаваагийн духан дээр ямар нэгэн шарх сорви огт байгаагүй...” /хавтаст хэргийн 17-18 дугаар тал/,

Гэрч Г.Ганчимэг мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Гэтэл манайд хүрээд ир гэж ярихаар нь би өөрийн хамтран амьдрагч Баяндаваагийн хамт гэрээсээ 16-17 цагийн орчимд гараад Баянхошууны “Буурал ээж” дэлгүүрийн ойролцоо байдаг найзындаа явж очсон... Манай хүн тэр хүүхний авчирсан архинаас уугаад согтсон. Согтчихоод над руу хэрүүл өдөөд байхаар нь хоёулаа харьж хэрэлдье гэж хэлээд түрүүлж гараад гэр рүүгээ явсан. Явж байх замдаа манай аав, ээж хоёр ойрхон байдаг учраас аав ээжийнх рүүгээ яваад орсон. Тэгээд тэрнээс хойш нээх удалгүй манай нөхөр бас араас аавынд ороод ирсэн. Тэгээд бид хоёр аавынхаас гараад гэртээ ойролцоогоор 21-22 цагийн орчимд санагдаж байна харьсан. Гэртээ орчхоод галаа түлээд удаагүй байж байтал намайг хэл амаар доромжлоод ...тэгэхээр нь хариуд нь би бас хэрэлдээд тухайн үед бид хоёр барьцалдаж авсан. Манай талийгаач миний толгой руу гараа атгаж байгаад цохих үед би чангаар “надад туслаарай” гэж орилсон. Яг тэр үед манай хаалгыг гаднаас нэг хүн тогшоод манай ээж ороод ирсэн. Тэрний араас нээх удалгүй 2 цагдаа ороод ирсэн. Орж ирээд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байхад нь газар дээр нь барьж авлаа гээд өөрсдийнхөө утсаар зураг дарчихсан байсан. Тэндээс дуудлагаар ирсэн хоёр цагдаа бид хоёрыг хэлтэс дээр авч ирээд мэдүүлэг тайлбар авсан. “Та шүүх эмнэлэгт үзүүлэх үү” гэж асуухаар нь би тэр цагдаад “гомдол санал байхгүй” гэж хэлэхэд ...та хүчирхийллийг нуун дарагдуулж болохгүй шүү дээ гэж хэлсэн. Тэгээд танай нөхрийг эрүүлжүүлнэ гээд яваад өгсөн... Би “Буурал ээж”-д байх найзындаа ирсэн байсан чинь, манай найзынд хүрээд ирсэн. Зүүн талын шанаа хоёроос гурван газар шалбарчихсан, мөн хүзүүн дээр том шалбархайтай, зүүн хөмсгөн дээрээ хол хол зайтай оёдол тавиулчихсан байхаар нь гайхаад би юу болсон талаар нь асуухад, эрүүлжүүлэх байранд хүнтэй муудалцаад тэгээд хөмсгөө ийм болгочихсон тэгээд 103 дуудаад ирснийх нь дараа өвчин намдаах тариа хийлгүйгээр миний хоёр гараас барьж байгаад оёсон талаараа хэлж байсан... аавын гэрт орж ирчхээд өөрийнхөө ээжтэй утсаар мөнгөний талаар яриад байх шиг байсан, гэтэл хадам ээж надад чамд өгөх мөнгө алга гэж хэлж байсан бөгөөд манай нөхөр утасныхаа спикерийг унтраагаад “намайг гэх хүн байхгүй юм байна даа” гэж хэлээд уйлаад надаас гэрийн түлхүүр аваад гарсан. Тэрнээс хойш 10-15 минутын дараа өөрийн охиноо аваад араас нь очиход гэр дотроосоо цоожилчихсон байсан. Би унтаж байгаа юм болов уу гэж бодоод хаалгыг нь гаднаас нь нүдсэн чинь хариу өгөөгүй. Тэгэхээр нь би охиныхоо хамт хаалганаас хүчтэй татаж холхиулж байгаад онгойлгосон. Орох үед манай хүн тоононы чагтагаар өөрийнхөө хоолойг ороогоод боомилчихсон байсан... Өчигдрийн тухайд гэвэл бид хоёр муудалцаад миний толгой тархи руу цохиод байхаар нь эсэргүүцэл үзүүлээд зүүн нүднийх нь доод талд маажчихсан сорви байгаа. Түүнээс өөр ямар нэгэн байдлаар цохиж зодсон асуудал байхгүй...” /хавтаст хэргийн 25-26 дугаар тал/,

Шинжээч эмчийн 2022 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 1029 дугаартай дүгнэлтэд:

Талийгаач цогцост хүзүүнд дүүжлэлтийн задгай дарагдлын ором, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний дээд доод зовхины дотор буланд цус хуралт, зүүн хацар, дух, баруун хацар, хамрын үзүүрт, хүзүүнд, зүүн эгэм, цээж, зүүн тохойнд, баруун бугалга, сарвуу, баруун мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл нь хагас зөөлөн эдийн нэг удаагийн, мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

Дээрх зүүн нүдний дээд доод зовхины дотор буланд цус хуралт, зүүн хацар, дух, баруун хацар, хамрын үзүүрт, хүзүүнд, зүүн эгэм, цээж, зүүн тохойнд, баруун бугалга, сарвуу, баруун мөрөнд зулгаралт гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

Зүүн хөмсөгт шарх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

 Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

Талийгаач нь дүүжлэлтийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач нас барах үедээ хөнгөн зэргийн согтолттой байжээ. Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бэлдмэл илрээгүй байна. Талийгаачийн цус нь В/Ш/-р бүлгийн харьяалалтай байна. Талийгаач Г.Баяндаваагийн цогцост 2022 оны 03-р сарын 28-ны өдрийн 21 цаг 40 минутын цогцост хийсэн үзлэгээр нас бараад 4-5 цаг болсон гэх /хавтаст хэргийн 53-56 дугаар тал/,

 Эрүүлжүүлэгдсэн хүний бүртгэл, тэмдэглэлийн хуулбар /Хавтаст хэргийн 78-79 дүгээр тал/,

Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 81-84 дүгээр тал/,

Хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэдагва мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...талийгаач нь манай төрсөн эгч болох Бумандалайгийн хүү нь байгаа юм... хотод яг төрсөн ах, дүү, аав, ээж нь гэж байхгүй... эцэг, эх нь ирэх боломжгүй хөдөө орон нутагт байгаа юм... эрүүлжүүлэх саатуулах төвд хэрэв зодолдож маргалдаад гэмтэл учруулсан бол тэр хүн нь ч бас хариуцлага хүлээх хэрэгтэй...” /хавтаст хэргийн 99, 101 дүгээр тал/,

Гэрч Г.Солонго мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хүлээж авах үед хөмсөг нь сэтэрсэн шарх сорви байгаагүй бөгөөд 2022 оны 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цагийн орчимд нэмэлт камер дотор хүнтэй маргалдаад хөмсгөө сэтэлчихсэн байсан...” /хавтаст хэргийн 103 дугаар хуудас/,

Гэрч Б.Бямбасугар мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...тэр өдөр Галбаатар овогтой Баяндаваа нь 03 дугаар сарын 28-ны өглөө 08 цаг өнгөрч байхад камертаа хөмсгөө сэтлүүлчихсэн цус гарчихсан байдалтай байсан. Үүдэнд тухайн хоногийн харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэж байсан цагдаа нар камераас гаргаж ирээд үүдний сандал дээр суулгаад үзэх үед оёдол тавиулах шаардлагатай байсан тул 103-т дуудлага өгч эмч Дэлгэрдалай гэх хүн ирээд оёдол тавьсан...” /хавтаст хэргийн 105 дугаар тал/,

Шүүгдэгч Г.З шүүхийн хэлэлцүүлэгт: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, мөн хохирогчийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Г.З нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёс, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх дээрх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзлээ.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, ажил хөдөлмөр эрхэлдэг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн зэргийг тал бүрээс нь харгалзаж шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулав.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дах хэсэгт “энэ хуульд заасан нэг нэгж нь мянган төгрөгтэй тэнцүү байна” гэж заасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулав.

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Эрдэнэдагва хохирол нэхэмжилсэн зүйлгүй байх тул шүүгдэгч Г.Зыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.   

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн нэг ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигин овогт Ганбатын Зыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Г.Зт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянган / төгрөгөөр торгох ял оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 /ер/ хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.

5. Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ширхэг дискийг хэрэгт хавсаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               П.АРИУНБОЛД