Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 155/ШШ2019/00073

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Даваахүү даргалж шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 01 дүгээр багийн ..... тоотод оршин суух Б овогт Д.Ц \Р\-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын .....д оршин суух, Б овогт Э.Н. \Р.\-д холбогдох

1.280.000 /нэг сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгч Д.Ц нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Миний бие Э.Н зээлийн гэрээ байгуулж 2.800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг зээлдүүлснээс 2.000.000 /хоёр сая/ төгрөг өгсөн.Үлдсэн 800.000 /найман зуун мянган/ төгрөгийг авч чадахгүй 8 сарын хугацаа өнгөрч утсаа авахгүй мөнгөө авъя гэхэд мөнгө байхгүй тэгж байгаад өгий гэх зэрэг маргаан үүсгэж өдий хүрсэн болно.

Иймд зээлдүүлсэн 800.000 төгрөг болон алдангийн үний дүнгийн 50 хувиар тооцож 460.000 /дөрвөн зуун жаран мянга/ төгрөгийн хамт нийт 1.280.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгийг Э.Н гаргуулж өгнө үү.

...Э.Н-д надаас 2017 оны сүүлээр агт авч өгнө гэж 7.000.000 төгрөг авсан бөгөөд түүнээс 350.000 төгрөг нь үлдсэн болно. Ингээд 2018 оны 1 сард нэмж 2.300.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлсэн. Ингэхдээ 1 сарын хүүнд 150.000 төгрөг өгөхөөр тохиролцож зээлийн барьцаанд авто машин барьцаалсан. Гэтэл хэлэлцэж тохиролцсон хугацаандаа мөнгөө өгөөгүй бөгөөд 2018 оны 3 сард барьцаанд тавьсан машинаа авна гэж ирсэн. Уг машин нь хүний машин болж таарсан юм. Бид ярилцаад надад өгөх ёстой 2017 оны үлдэгдэл мөнгөний үлдэгдэл 350.000 төгрөг, 2018 оны 1 сард зээлсэн 2.300.000 төгрөг, түүний 1 сарын хүү 150.000 төгрөг, нийт 2.800.000 төгрөгт гэрээ нөхөн байгуулсан юм. Ингэхдээ 2.800.000 төгрөгийг 1 сарын хугацаатай хүүгүй, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5%-иар алданги тооцохоор тохиролцож гэрээг нотариатчаар батлуулсан. Гэрээнд заасан хугацаа дуусахад Э.Н нь 2.000.000 төгрөгийг өгсөн бөгөөд үлдэгдэл мөнгийг өгөхгүй байсан тул гэрээний дагуу үлдэгдэл мөнгө болон алданги нийт 1.280.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Нэхэмжлэл гаргахдаа энэ тухайгаа тодорхой бичээгүй нь буруу болсон байна. Үүнийг хариуцагч далимдуулсан юм уу үгүй юм уу мэдэхгүй тайлбартаа 2017 онд авсан мөнгөний үлдэгдэл 350.000 төгрөгний тухай огт бичээгүй байна. Иймд миний бие 2017 онд өгсөн мөнгөний үлдэгдэл 350.000 төгрөгийг дараа баримтаа бүрдүүлээд нэхэмжлэл гаргахаар нэхэмжлэлийн шаардлагаас хасаж байна. Мөн дээр нь 2018 оны 1 сард зээлсэн 2.300.000 төгрөгний хүү 150.000 төгрөгийг хасъя. Харин 2018 оны 1 сард зээлсэн 2.300.000 төгрөгний үлдэгдэл 300.000 төгрөг, алданги 460.000, нийт 760.000 төгрөгийг Э.Н-гээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Э.Н шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие 2018 оны 03 дугаар сарын 10-нд үндсэн мөнгө болох 2.300.000 төгрөг 0.7 хувийн хүү бодож 1 сарын хугацаатай зээлж авсан. Үүнийг нотариатчаар баталгаажуулахдаа үндсэн мөнгөний 1 сарын хүү болох 161000 төгрөгийг батлуулъя гэхэд Д.Ц хугацаандаа амжихгүй байж болно. 2.800.000 төгрөг батлуулъя гэхэд нь тэгэхээр болж батлуулсан. Үүнээс хойш үндсэн мөнгө болох 2.000.000 төгрөг буцааж төлсөн бөгөөд үлдэгдэл үндсэн мөнгөний 300.000 нийт мөнгөний 1 сарын хүү болох 161.000 төгрөг, нийт 461.000 төгрөг үлдсэн. Энэ үлдсэн 461.000 мянган төгрөгөө урьд нь Д.Ц-аас Н миний бие авах байсан 700.000 төгрөгний авцаандаа суутгаад өнгөрсөн боловч нотариатаар батлуулаагүй орхисныг далимдуулсан байна. Д.Ц-аас 700.000 төгрөг авах байсан учир нь Д.Ц нь Н миний хувийн унаа болох Harrer маркийн 0511 улсын дугаартай машиныг агт цуглуулах зориулалтаар өдрийн 45.000-50.000 төгрөгийн хооронд хөлсөлж эвдрэл гэмтэл гарвал 100 хувь ах нь хариуцана гээд Булган аймаг руу унаад гарсан. Үүнээс хойш 2 долоо хоногийн дараа миний машиныг авчирч өгөхдөө чиний машин тийм юм нь эвдрээд ийм ч юм нь гэмтээд гэх мэт худал үнэн шалтаг ярьж, авч явахдаа бүх эвдрэл гэмтэл гарвал бүрэн хариуцан гэчхээд иймэрхүү шалтаг ярьж нэг ч төгрөг өгөөгүй өнгөрсөн болно. Дээр нь энэ асуудлаас болж Ц нь Н миний толгойг чулуугаар цохиж хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь шүүх эмнэлгийн дүгнэлтээр тогтоогдсон. Энэ бүх асуудлыг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. Ийм учраас Д.Ц-ын нэхэмжлээд байгаа 1.280.000 төгрөгийг өгөх боломжгүй гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Э.Н-д холбогдуулан үндсэн зээл, алданги нийт 1.280.000 / нэг сая хоёр зуун ная/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан ба шүүх хуралдааны явцад 760.000 /долоон зуун жаран мянга/ төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна.

Нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Э.Н-ээс 2018 оны 1 дүгээр сард зээлсэн 2.300.000 төгрөгний үлдэгдэл 300.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан гэрээний дагуу алданги 460.000 төгрөг, нийт 760.000 төгрөгийг гаргуулж авна гэж,

хариуцагч Э.Н нь 2.300.000 төгрөгийг 0.7 хувийн хүүтэй бодож 1 сарын хугацаатай зээлсэн. Үүнийг нотариатчаар батлуулахдаа 2.800.000 төгрөгөөр батлуулсан. Үндсэн зээлээс 2.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг Д.Ц-аас авах байсан 700.000 төгрөгний авцаандаа суутгасан тул төлөхгүй гэж маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Ц нь 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөгийг 2018 оны 1 дүгээр сард хариуцагч Э.Н-д зээлж зээлийн гэрээг талууд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр бичгээр нөхөн байгуулжээ.

Тус гэрээ ёсоор 2018 оны 3 дугаар сарын 09-ны өдөр нэхэмжлэгч Д.Ц нь хариуцагч Э.Н-д 2.800.000 төгрөгийг 1 сарын хугацаатай, хүүгүй зээлдүүлэхээр, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцож алданги бодохоор тус тус харилцан тохиролцжээ. /хх-ийн 2 дугаар хуудас/

Түүнчлэн зохигчийн хооронд 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр байгуулсан зээлийн гэрээний үүрэг, гэрээнд зааснаар 2018 оны 4 сарын 09-ны өдөр дуусгавар болсон гэж үзвэл хариуцагч Э.Н нь зээлийн гэрээний үүрэг ёсоор нэхэмжлэгч Д.Ц-т үндсэн зээлийн үлдэгдэл болон түүний алдангийг төлөх үндэслэлтэй байх ба 247 хоногийн алданги 370.000 төгрөг болж байна.

Хэдийгээр хариуцагч Э.Н нь үндсэн зээлээс 2.000.000 төгрөгийг төлсөн. Үлдэгдэл мөнгийг Д.Ц-аас авах байсан 700.000 төгрөгний авцаандаа суутгасан тул төлөхгүй гэх тайлбарыг шүүхэд ирүүлсэн боловч түүнийг нотолсон баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох,  нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, 38 дугаар зүйлийн 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж тус тус заасны дагуу өөрийн татгалзлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Иймд Э.Н-ээс 670.500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Ц-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 89.500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Хариуцагч Э.Н-д 2019 оны 1 дүгээр сарын 18-ний өдрийн 15 цаг 30 минутанд товлосон шүүх хуралдааны товыг 2019 оны 1 дүгээр сарын 11-ний өдөр түүний 88870429 дугаарын утсаар мэдэгдсэн боловч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээрхүрэлцэн ирээгүй, нэхэмжлэгч нь хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.270 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 670.500 төгрөгийн тэмдэгтийн хураамж 20.642 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 323.6-т зааснаар хариуцагч Э.Н-ээс үндсэн зээл, алданги нийт 670.500 /зургаан зуун далан мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ц-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Д.Ц-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.270 /гучин таван мянга хоёр зуун дал/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Н-ээс 20.642 /хорин мянга зургаан зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ