Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2022/ШЦТ/196

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Увс аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Г даргалан,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Н.Бу,

Улсын яллагч: Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Д.Бу

Шүүгдэгч: П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Увс аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.А-аас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн А овогт П-гийн О-д холбогдох  2235000000226 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1984 оны 01 дүгээр сарын 31-нд Увс аймгийн Завхан суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ......оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй А овогт П-гийн О /РД:................./.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч П.О нь согтуугаар Увс аймгийн ........ сумын .... дүгээр багийн нутагт иргэн М.Н 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Н зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч П.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.О нь согтуугаар Увс аймгийн ....... сумын .... дүгээр багийн нутагт иргэн М.Н 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч М.Н зодсон болох нь:

1. Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн: “2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Завхан сумын төвд айлд очихоор явж байтал Г ах надтай таарсан юм тэгээд Г ах надад хандаж нэг шил архи аваад өг гэж гуйхаар нь би сумын төвд байх дэлгүүр ороод архи авч өгөх гээд зогсож байтал манай сумын О-ны эхнэр Б орж ирсэн тэгээд Г-д Эликс нэртэй 0.75 литрийн савалгаатай нэг шил архи авч өгчихөөд би түрүүлээд гараад явсан юм тэгээд би гадуур тог тавиад явж байгаад 20 цагийн орчимд өөрийн хашаандаа орж ирхэд П.О эхнэр Б-тэйгээ хамт манайд ирсэн согтуу байсан намайг  машинаасаа буугаад очиход П.О надад хандаж чи айлын авгайд архи авч егдөг яасан баян хулгайч вэ гэж хэлээд зүүн гараараа миний үснээс татаж байгаад баруун гараа атгаж байгаад миний баруун шанаа хэсэгт 1 удаа, мөн уруул хэсэгт 2 удаа цохиод зүүн хөлөөрөө миний баруун гуяны арын булчин хэсэгт нэг удаа өшиглөсөн. Тэгээд намайг үснээс чирээд машиндаа аваачаад Г-гийнд очиж яг хэнд нь архи авч өгсөн талаар асууна гэж хэлээд намайг татаад байсан юм тэгэхэд хажуу талаас манай эхнэр болон П.О эхнэр, манай дүү М.Н нар салгах гээд татаад салгасан юм тэгэхэд миний доод уруулын дотно хэсгээс цус гоожиж байсан. Тухайн үед тэнд байсан хүмүүс салгах гээд татахад П.О бид хоёрын дээл урагдсан. Тэгээд би цагдаа дуудах гээд цагдаагийн кобон дээр очиход сумын цагдаа аймгийн төврүү ажлаар явсан байсан тул гэртээ буцаад очиход П.О манай гэрийн зүүн талын орон дээр суучихсан төмөр шанагаар ус уугаад сууж байсан юм тэгээд би хэрүүлийн бузар шингэсэн юмнууд манай гэрээс гарч зайл гэж хэлээд очиход П.О миний толгойн дух хэсэгт тухайн шанаганы ёроол хэсгээр 2 удаа цохисон юм. Тэгээд манай эхнэр намайг чи гар энэ согтуу хүнтэй хэрүүл хийгээд хэрэггүй гэж хэлэхээр нь би гараад явсан. Тэгээд би гадуур явж байгаад 1 цаг орчим болоод гэртээ буцаад ирэхэд П.О явчихсан байсан. Би сумын эмнэлэг ороод эмчид үзүүлэхэд үүдэн шүдний дээд хоёр шүд хөдөлсөн, дух болон толгойн оройн хэсэгт хавдсан байна гэж хэлж байсан юм. ..” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 06-07, 10 дахь тал),  

2. Гэрч У.Н мөрдөн байцаалтад өгсөн:  “Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэртээ байж байтал манай авга ах П.О манай гэрт орж ирсэн. Тэгээд надад хандаж танай нөхөр М.Н хаана байна танай нөхөр манай эхнэрт архи авч өгсөн байна ямар баян хулгайч вэ олоод ир би түүнтэй уулзана гэж хэлсэн тэгээд би юу яриад байгаа юм гэхэд Г болон манай эхнэр нарт танай нөхөр чинь архи авч өгсөн байна одоо хурдан дуудаадах гэж хэлсэн тэгээд байхгүй байна. Өөрөө хайгаад олоод уулзаа би та нартай ийм зүйл яримааргүй байна гэж хэлэхэд гараад гадаа эхнэртэйгээ байж байтал гаднаас М.Н хүрээд ирсэн юм. Тэгээд М.Н машинаасаа буухад П.О М.Н-г чи муу ямар даварцсан юм бэ гэж хэлээд баруун гуя хэсэгт нь 1 удаа өшиглсөн тэгээд М.Н хойшоо ухраад яагаад байгаа юм бэ? гэж хэлэхэд П.О М.Н-г цохих гэж дайрч байгаад үсдэж аваад М.Н-г машиныхаа ар хэсэгрүү чирээд байсан тэгээд М.Н яагаад байгаа юм гэж хэлэхэд П.О М.Н-ийн урдаас нэг удаа цохисон юм. Машинруугаа М.Н чирээд байсан болохоор гараад явсан. Тэр хооронд П.О хашаан дотор байж байгаад гэрт орж ирээд манай зүүн орон дээр ус уугаад сууж байсан юм тэгтэл М.Н ороод ирсэн. Тэгээд М.Н манай гэрээс гар гэж хэлээд очиход П.О ус ууж байсан шангаараа М.Н-ийн толгой хэсэгт нь 2 удаа цохисон. П.О гараад явсан юм тэгээд М.Н дахин гараад явсан түүнийг эргээд ирэхэд П.О манай гэрээс гараад явсан. М.Н тухайн үед шүд өвдөж байна юм хазаж болохгүй байна гэж хэлж байсан тухайн үед доод талын уруулын дотор хэсэгээс цус гарч байсан мөн нүд бага зэрэг хөхөрсөн дух хэсэгт хавдар байсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 12-13 дахь тал),

3. Гэрч Г.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн: Би 2022 оны 10 дугаар сарын 01 -ний өдөр манай гэр бүлийн найз Г болон манай П.О бид нар манай гэрт 2 шил архи хувааж ууцгаасан юм. Тэгээд бид нар Г-гийн гэрт очихоор болоод явж байгаад дэлгүүр ороход Г-д М.Н гэх залуу нэг шил архи авч өгч байсан. Тэгтэл манай нөхөр П.О гэртээ харина гэж хэлээд гэрлүүгээ явцгаасан юм. Гэрт Г түүний эхнэр М мөн П.О бид 4 очсон юм. Тэгээд би гэртээ амарцгаая гэж хэлэхэд Г эхнэртэйгээ гэрлүүгээ явсан юм. П.О чи энд байж М.Н-ийн авч өгсөн архи уух гэж байна гээд уурлаад М.Н-гийн гэрт очиж уулзана гэж хэлээд бид хэд 18 цагийн орчимд М.Н-ийн гэрт очсон юм тэгээд П.О гэрт нь орсон би машиндаа байж байсан. Тухайн үед М.Н гэртээ байхгүй байсан юм тэгээд бид явах гэж байтал гаднаас М.Н хүрээд ирсэн юм тэгээд М.Н машинаасаа буугаад ирэхэд нь П.О М.Н бариад авсан тэгээд яг юу болсоныг би санахгүй байна. Тэр үед айгаад шоконд орсон байсан нэг мэдэхэд П.О-ыг тайвшруулж байсан тэгээд П.О-ыг аваад явах гэж байтал М.Н гараад явсан юм тэгээд П.О М.Н-ийн гэрт ус ууна гэж хэлээд орсон тухайн үед би гэрийн гадна талд байсан юм тэгээд удаагүй байж байтал М.Н буцаад хүрээд ирсэн юм. Тэгээд гэртээ ороод шуугилдаад байхаар нь би ороход нэг нэгийгээ барьчихсан байсан. Тэгээд М.Н, бид нар салгаад би П.О-ыг гэрлүү аваад явсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),

4. Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтад өгсөн: .Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр өөрийн гэртээ хүүхдээ хараад байж байсан юм. Манай гэр болон манай ах М.Н мөн манай аав М бид нарын хашаанд айл байдаг. Тухайн үед цаг нэлээд орой болсон байсан 20 цагийн орчимд М.Н ахын гэрт хүмүүс чангаар дугараад байхаар нь би хүүхдээ гэртээ үлдээж гараад ирхэд тэдний гэрийн гадна талд П.О ах болон М.Н ах нар нэг нэгнийгээ бариад авчихсан байсан тэгээд би явж очоод салгаад авсан. П.О эхнэр Б нөхрөө татаад авсан би М.Н ахыг татаад хойш нь болгосон тэгээд байж байтал М.Н ах түлээн дээр байсан 50 орчим см модыг бариад ирэхээр нь би та яах гэж байна гэж хэлээд модыг нь булаагаад авчихсан юм. Тэгээд салгаад байж байтал М.Н ах машинаа асаагаад гараад явчихсан. П.О манай хашаанд сууж хоцорсон би гэрлүүгээ хүүхдээ авахаар яваад орсон юм. Тэгээд хэсэг хугацаа өнгөрөөд байж байтал М.Н ахын гэрт чанга чимээ гараад байхаар нь би гүйгээд ороод ирсэн. П.О шанагаар М.Н ахын толгойн хэсэгт нь 2 удаа цохисон юм тэгээд би очиход П.О М.Н ахын үснээс барьчихаад тавихгүй байсан би гэрийн гадна талд гарсаных нь дараа гарыг нь татаж байгаад тавиулсан юм тэгээд М.Н ах хашаанаас гараад явчихсан. П.О-ыг эхнэр Б нь аваад явчихсан юм. ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 18-19 дахь тал),

5. Гэрч М.Н-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хашаагаа сольж буугаад 18 цагийн оримд Завхан сумын цахилгаанчин М.Н гэртээ тог тавиулахаар дуудсан юм. Тэгээд М.Н 30 орчим минутын дараа манай гэрт ирсэн юм. Тэгээд манай гэрийн цахилгааныг засаад нэг цаг орчим болоод 19 цаг 30 минутын үед манайхаас явсан тухайн үед гадна харанхуй болсон байсан. М.Н нь тухайн үед биедээ ямар нэг гэмтэл бэртэл байхгүй байсан айлд байж байгаад ирлээ гэж хэлж байсан тухайн үед архи согтууруулах ундааны хэрэглээгүй эрүүл байсан юм.”  гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 21 дэх тал),

6. Гэрч Д.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний орой 20 цаг енгөрч байхад эмнэлэгт хүнд зодуулсан гэх дуудлага ирсэн юм. Тэгээд би эмнэлэг дээр очоод үзлэг хийхэд тус сумын иргэн М.Н гэх хүн толгой хэсэгт 2 газар хавдсан, дээд эрүүний урд хоёр үүдэн шүд хөдөлсөн зүүн нүдний доогуур хөхрөлт эмзэглэлтэй байсан юм. Тэгээд би үзлэг хийж тэмдэглэл хөтөлсөн. Тухайн хоёр шүд унах магадлалтай байсан тул шүд унахаас сэргийлж хатуу зүйл идэхгүй шүдээ хазаж бэхжүүлэх зөвлөгөө өгч цаашид нарийн мэргэжпийн эмчид үзүүлэх талаар зөвлөгөө өгсөн юм. Тухайн үед М.Н гэртээ ирэхэд манай сумын нэг хүн намайг зодчихлоо гэж хэлж байсан юм.” гэх мэдүүлэг(хавтаст хэргийн 23 дахь тал),

7. Шүүгдэгч П.О мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн:Би 2022 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би сумын төвд өөрийн найз болох Г гэх хүнтэй нэг шил архи хувааж уугаад байж байтал миний ахын хүргэн болох М.Н гэх залуу надтай хамт явсан Г гэх хүнд нэг шил архи авч өгсөн бөгөөд тухайн М.Н нь 2020 онд манай эхнэр Б гэх хүн гэр бүлээс гадуурх харилцаатай болсон бөгөөд тэр цагаас хойш М.Н нь надтай хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хүн болгонд архи авч өгөөд байдаг байсан юм. Тухайн үед би гэртээ хариад өөрийн эхнэр 2 хүүхдийн хамт хөдөө баг руу явах гэтэл манай эхнэр би чамтай хамт явахгүй чи хоёр хүүхдээ аваад яв гэхээр нь миний уур хүрсэн бөгөөд би М.Н-гийн гэрт очиход М.Н-гийн эхнэр Н нь гэртээ байсан бөгөөд би орж М.Н-г асуухад байхгүй гэж надад хэлсэн. Тэгээд би гэрээс нь гартал М.Н гэртээ ирэхээр нь би М.Н-ийн бөгс хэсэгрүү хөлөөрөө 2 удаа өшиглөхөд тэнд байсан М.Н-ийн төрсөн дүү болох М.Н, эхнэр Н нар намайг салгасан. Тэгтэл М.Н нь гартаа нэг мод бариад намайг цохих гэж иртэл М.Н булааж авсан, тэгээд би М.Н-г үснээс нь доошоо дараад зүүн гараараа хальт нүүрэн хэсэгрүү цохих шиг болсон юм. Тэгээд би М.Н хоёулаа цагдааруу явья гэж хэлэхэд М.Н машинаа асаагаад гараад явсан тэрнээс хойш юу болсоныг сайн санахгүй байна. Би хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Миний хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 52-53 дахь тал)-үүдээр нотлогдож тогтоогдсон байна.

Увс аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 447 дугаартай Үзүүлэгч М.Н-ийн биед үүдэн дээд баруун 1 дүгээр шүд болон зүүн дээд 1 дүгээр шүднүүд ёзоор хэсгээр хөндлөн хугарал, доод уруулын салстад зулгаралт, дух, зүүн зулайн хуйханд зөөлийн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь тогтоолд заагдсан болсон хэргийн хугацаанд үүссэн байх боломжтой байна. Шинэ гэмтлүүд байна. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүд болон зүүн дээд 1 дүгээр шүднүүд ёзоор хэсгээр хөндлөн хугарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг бага хэмжээгээр тогтонги алдагдуулах тул “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно. Үүдэн дээд баруун 1 дүгээр шүд болон зүүн дээд 1 дүгээр шүдний булгаралт гэмтэл нь “Гэмтлийн зэрэг тогтоох журам"-ын 4.11.52.2 -д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувиар тогтонги алдагдуулна” гэх дүгнэлт(хавтаст хэргийн 31-32 дахь тал)-ээр хохирогчийн биед учирсан гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болох нь тогтоогдсон байна.

Шүүгдэгч П.О нь энэ үйлдлийг хийх зайлшгүй /гарцаагүй байдал, аргагүй хамгаалалт гэх мэт/ шаардлага бий болоогүй байхад өөрийн үйлдлийг хууль бус болохыг мэдэж, хохирогчийн биед гэмтэл учруулж болохыг ухамсарлаж, зориуд цохиж байгаа санаатай үйлдэл бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирогч М.Н-ийн биед гэмтэл учирч болохыг мэдсээр байж зориуд зодож хохирол, хор уршигт хүргэсэн байгаа тул түүнийг санаатайгаар энэ гэмт хэргийг үйлдсэн гэж үзнэ.

Иймд шүүгдэгч П.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч М.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд “...П.О нь хиохирол 500,000 төгрөг төлж өгсөн. Цаашид нэхэмжлэх зүйл гомдол санал хүсэлт байхгүй” гэх тодорхойлолтыг гараар бичиж, нотариатчаар гэрчлүүлж, хэрэгт хавсаргасан (хавтаст хэргийн 82 дахь тал)-ыг үнэлээд шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч П.О нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм буруугийн талаар маргаагүй болно.

2. Шүүгдэгч П.Од эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.О нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

Шүүгдэгч П.О нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах лавлагаа (хавтаст хэргийн 60 дахь тал)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар Гэрч Г.Б-ийн өгсөн:  “П.О-тай гэр бүл болоод 16 жил болж байна. Бид хоёр дундаасаа хоёр хүүхэдтэй. Манай нөхөр айлын бага хүүхэд дээрээ 5 ах 1 эгчтэй түүний ах  эгч нар бүгд тусдаа гарсан. Их даруу өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд хар муу  санаад байдаггүй. Хоёр хүүхэддээ болон надад энгийн сайхан харилцаата, элдэв муухай ааш гаргадаггүй, архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй сум орон нутагтаа нэр хүндтэй залуу байгаа юм. Өөрийн гэрийнхээ ажил төрлийг бүгдийг нь өөрөө хийдэг гарын дүйтээ хувийн зохион байгуулалт сайтай хүн юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 25 дахь тал), Гэрч Г.Б-ын өгсөн:  “П.О нь архи согтууруулах ундаа нэг их хэрэглээд байдаггүй хүнтэй зөв боловсон харьцаатай, шударга, эхнэр хүүхэддээ халамжтай, даруу төлөв зан чанартай, сум орон нутагтаа нэр хүндтэй залуу байгаа юм. Манай хүргэн болсон цагаас хойш түүнийг айл саахалт  болон нутгийн хүмүүстэй муудалцаж байхыг хараагүй цагаан цайлган сэтгэлтэй хүн байгаа юм.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дахь тал)-үүд авагдсан байна.

Шүүгдэгчид ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т “үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон. Мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, үйлдэгдсэн гэмт хэргийн шинж байдлыг харгалзан үзээд прокурортой тохиролцсон торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.

Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэхээр тогтоов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч А овогт П-гийн О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч П.О-д 650 /зургаан зуун тавь/ нэгжтэй  тэнцэх хэмжээ буюу 650.000 /зургаа зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Ялтан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

 4. Шүүгдэгч П.О нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хохирол, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч  П.О-д шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Б.ГАНСҮХ