Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/852

 

  

                                                           

 

 

 

 

 

 

   

      2022         11         04                               

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Д” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн хуралдааныг, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Ариунболд даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Мөнхтүшиг,

улсын яллагч Ж.Баянжаргал,

шүүгдэгч С.З нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг Адуу овогт Сүх-Очирын Зд холбогдох эрүүгийн 2211 00237 1424 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Алаг адуу овгийн Сүх-Очирын З /./

Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 0/-ний өдөр Завхан аймагт төрсөн, 28 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, “Sunday plaza” төвийн 4 давхарт 4041 тоот лангуунд худалдагч хийдэг, ам бүл 5, нөхөр, 3 хүүхдийн хамт Улаанбаатар хот Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо 61-3 тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.З нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Теди” худалдааны төвд Б.Роломжавын 12-1 тоот лангуунд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа Б.Роломжавын худалдан борлуулахаар итгэмжлэн хариуцуулсан “Iphone 11 pro”, “Iphone X”, “Iphone XS”, “Iphone 8”, “Samsung А-31” маркийн гар утаснуудыг үргэлжилсэн үйлдлээр завшин хувьдаа захиран зарцуулж Б.Роломжавд нийт 4,170,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” худалдааны төвд байхдаа өөрийнхөө өр төлбөрт орсон санхүүгийн алдагдалтай байгаа бодит байдлыг нуух замаар хохирогч Н.Угтахбаярыг төөрөгдөлд оруулан, үргэлжилсэн үйлдлээр Н.Угтахбаярын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр авах зорилгоор урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр харилцан тохиролцож мөнгө зээлж байгаа нэрийдлээр 150,000 төгрөгийг, 05-ны өдөр гар утсыг чинь зараад мөнгийг нь 2 хоногийн дараа шилжүүлье хэмээн хуурч “Iphone 13” загварын гар утас 1 ширхгийг тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилж хохирогч Н.Угтахбаярт нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                    

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 684 дугаартай яллах дүгнэлт, түүний хавсралтад дурдсан нотлох баримтууд, шүүгдэгчийн шинжлэн судлуулсан нотлох баримт, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой нотлох баримт, хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүй болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.З нь мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэж оролцсон болохыг дурдаж байна.

   Хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар мэдүүлгээс дүгнэн үзэхэд С.З нь Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Теди худалдааны төвд Б.Роломжавын 12-1 тоот лангуунд 2021 оны 04 дүгээр сарын 02-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн хооронд худалдагчаар ажиллаж байх хугацаандаа Б.Роломжавын худалдан барлуулахаар итгэмжлэн хариуцуулсан “Iphone 11 pro”, “Iphone X”, “Iphone XS”, “Iphone 8”, “Samsung А-31” маркийн гар утаснуудыг үргэлжилсэн үйлдлээр завшин хувьдаа захиран зарцуулж Б.Роломжавд нийт 4,170,000 төгрөгийн хохирол учруулсан,

Мөн Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Тэди” худалдааны төвд байхдаа өөрийнхөө өр төлбөрт орсон санхүүгийн алдагдалтай байгаа бодит байдлыг нуух замаар хохирогч Н.Угтахбаярыг төөрөгдөлд оруулан, үргэлжилсэн үйлдлээр Н.Угтахбаярын эд хөрөнгийг хариу төлбөргүйгээр авах зорилгоор урьдын харилцааны итгэлийг урвуулан ашиглаж 2022 оны 01 дүгээр сарын 04-ны өдөр харилцан тохиролцож мөнгө зээлж байгаа нэрийдлээр 150,000 төгрөгийг, 05-ны өдөр гар устыг чинь зараад мөнгийг нь 2 хоногийн дараа шилжүүлье хэмээн хуурч “iphone 13” загварын гар утас 1 ширхгийг тус тус өөрийн эзэмшилд хууль бусаар шилжүүлэн авч залилж хохирогч Н.Угтахбаярт нийт 2,750,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тус тус тогтоогдож байна.

Энэ нь

Нэг: хохирогч Б.Роломжав мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай лангуун дээр хамаатны охин болох З гэгч 2021 оны 04 дүгээр сараас өнөөдөр хүртэл сууж манай гар утаснуудыг зарж борлуулдаг ажил хийдэг юм. Манай лангуунаас “Айфоне 13 промакс” гар утас 2021 оны 12 сарын 27-ны өдөр алга болох үед би С.Зтай хэрэлдээд гар утсыг нь аваад шалгаж үзэхэд Орлом эгч надтай тооцоо хийх гэж байна “Айфоне 11 про” гар утас 1 ширхэг, “Айфоне Икс” гар утас 1 ширхэг, “Айфоне икс эс” гар утас 1 ширхэг, “Ай фоне 8” гар утас 1 ширхэг, “Самсунг А-31” маркийн гар утас 1 ширхэг гар утаснууд байна уу. Тоолуулчхаад буцаагаад өгье гэх утгатай чатуудыг манай хажуугийн лангуунд суудаг Угтахбаяр охиноос асуусан байхаар нь би эдгээр 5 ширхэг утсыг дутаасан болохыг олж мэдсэн...” гэх /хавтаст хэргийн 48- 51 дүгээр тал/,

Гэрч Н.Угтахбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...С.З нь 2021 оны 04 дүгээр сараас 2022 оны 01 дүгээр сарыг хүртэл Б.Роломжав гэх хүний эзэмшлийн лангуун дээр худалдагчаар ажиллаж байх үедээ надад Б.Роломжав гэх хүний лангуунаас гар утас дутааж байсан талаараа надад хэлж байсан бөгөөд би одоо яаг юу гэж хэлж байсныг санахгүй байна яг одоо миний санаж байгаагаар нэг удаа С.З нь надаас чи надад түр “Айфоне икс” маркийн гар утсаа өгч бай Б.Роломжав эгч тооллого хийх гэж байна гэж нэг удаа хэлж байсныг санаж байна...” гэх /хавтаст хэргийн 61 дүгээр тал /,

С.З, Б.Роломжав нарын Хаан банкин дахь 5753694755 дугаартай дансны хуулга, /хавтаст хэргийн 84-113 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ЧД1-22-751 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 73-74 дүгээр тал/,

Шүүгдэгч С.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... Би Роломжав гэх хүний эзэмшлийн лангуун дээр ажиллаж байх хугацаандаа өргөдөл гомдол дээр дурдагдсан

1. Самсунг А-31 маркийн гар утас 1 ширхэг гар утсыг 450,000 төгрөгөөр танихгүй хүнд зарж хувийн хэрэгцээндээ зарцуулсан сериал дугаар байхгүй зарахдаа тэмдэглэж зардаггүй.

2. Айфоне 11 про маркийн rap утас 1 ширхэг гар утсыг 1,650,000 төгрөгөөр танихгүй хүнд зарж хувийн хэрэгцээндээ зарцуулсан сериал дугаар байхгүй зарахдаа тэмдэглэж зараагүй.

3. Айфоне икс маркийн гар утас 1 ширхгийг найз Баасандоржид /94114149/ 1,000,000 төгрөгөөр зарж мөнгийг нь аваад хувийн хэрэгцээндээ зарцуулсан.

4. Айфоне икс эс маркийн гap утас 1 ширхгийг өөрийн найз болох /Мөнхзулд 1,050,000 төгрөгт зарж мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан.

5. Айфоне 8 маркийн гap утас 1 ширхгийг 550,000 төгрөгөөр лангуун дээрээсээ танихгүй хүнд зарж мөнгийг нь мөн адил хэрэгцээндээ зарцуулсан имэй кодыг нь зарах үедээ тэмдэглэж бичиж аваагүй. Би эдгээр 5 ширхэг гар утсыг нийт 4,700,000  төгрөгт зарж мөнгийг нь хувийн хэрэгцээндээ зарцуулсан бөгөөд би Роломжав гэх хүнтэй ярилцаж байгаад эдгээр гар утаснуудын хохирлын мөнгө болох 4,000,000 төгрөгийг өгсөн бөгөөд би мөнгөө шилжүүлэхдээ Роломжавын Хаан банкны 5007601362 дугаарын данс руу 2022 оны 02 дугаар сарын 23-ны өдөр өөрийн Хаан банкны 5753694755 дугаарын данснаас 1,800,000 төгрөгөөр нэг удаа, 1,200,000 төгрөгөөр дахин нэг удаа, 2022 оны 02 дугаар сарын 24-ний өдөр өөрийн эмээ Дэмбэрэлийн Хаан банкны 5114257033 тоот дугаарын данснаас Роломжавын дээр дурдсан Хаан банкны данс руу 1,000,000 төгрөг шилжүүлж нийт 4,000,000 төгрөгийг өгсөн. Одоо би Роломжав гэх хүнд 4,000,000 төгрөг өгөх дутуу бөгөөд уг мөнгө нь алга болсон гэх “Айфоне 13 про макс” гар утасны мөнгө бөгөөд би 6 дахь утас буюу “Айфоне 13 про макс”  гар утсыг алга болгоогүй уг утсыг сериал дугаараар нь шүүж үзэхэд Роломжавын төрсөн охин болох Баярцэцэг өөр хүнд зарсан байсан уг асуудлын талаар хэлэхэд  Роломжав нь одоо тэр утас биш байсан өөр “Айфоне 13 про макс” гар утас байсан гэж хэлэхээр нь би тэгвэл ямар сериал дугаартай утас байсан юм бэ гэж асуухад сериал  нь байхгүй гэж хэлээд байгаа би “Айфоне 13 про макс” маркийн гар утсыг алга болгосон гэх асуудал дээрээ санал нийлэхгүй байгаа учраас Роломжавын нэхэмжилж буй 8,000,000 төгрөгөөс 4,000,000 төгрөгийг нь өгсөн юм одоо үлдэгдэл 4,000,000 төгрөг нь “Айфоне 13 про макс гар” утасны мөнгө байгаа юм би уг мөнгийг бол өгч чадахгүй. Анх 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр би лангуун дээрээ ирээд лангуугаа нээгээд өөрийн лангуун дээр байсан “lphone13 pro max” загварын гap утаснуудыг бүртгэж үзсэн учир нь 2021 оны 12 дугаар сарын 25-26-ны өдрүүдэд “Тэди” гар утас худалдааны төв ажиллахгүй хаасан байх хугацаанд Б.Роломжав над руу залгаад “lphone13 pro max” загварын гap утсыг би өөрөө хүргэлтээр зарах гэж байгаа одоо очвол оруулах болов уу гэж асуухаар нь би яаж мэдэх вэ дээ та өөрөө очоод үзэхгүй юу даа гэж хэлээд утсаа тасалсан бөгөөд утас тасалсны дараа би цагийн дараа Б.Роломжав руу залгаад та утсаа орж авсан уу гэж асуухад тиймээ би ороод авчихсан гэж надад хэлсэн тухайн үед “Тэди” хаасан байх хугацаанд Б.Роломжав орж гap утас авсан учраас би бүх “lphone13 pro max” загварын гap утаснуудыг бүртгэж үзэхэд 1 ширхэг “lphone13 pro max” загварын гap утас дутчихсан байсан. Тэгээд би Б.Роломжав руу залгатал утсаа аваагүй бөгөөд удалгүй Б.Роломжав эгч ирэхээр нь нэг ширхэг “lphone13 pro max” загварын гap утас дутчихсан байна та авсан уу гэхэд үгүй гэж хэлсэн бөгөөд тухайн орой Б.Роломжав бид 2 утсаа тоолж үзэхэд 1 ширхэг “lphone13 pro max” загварын rap утас дутчихсан байсан. Тэгээд би өөрийн лангуу руу харсан хяналтын камерын бичлэгийг 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 27-ны өдрийн хоорондох бичлэгийг тухайн үед шүүж үзэхэд лангуу луу өөр хүн орж авсан эсвэл лангуун дээрээс утас алдагдсан зүйл огт харагдаагүй. Тэгээд 2021 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн Б.Роломжав эгч чи утас алдчихсан байна одоо яах уу гэхээр нь би за та тэгвэл надад алдсан гэх “iphone13 pro max” загварын rap утасныхаа сериалыг өгчих гэхэд надад ерөөсөө сериалыг нь өгөхгүй байсан би цагдаад өгч хайлгая гэхээр уурлаад байхаар нь 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасагт өргөдөл бичиж өгч хайлгасан тухайн үед би өргөдөл дээрээ одоо уг хэрэгт миний хувьдаа авсан 5 утсыг тэмдэглүүлж өгсөн байсан учраас миний өргөдөл гомдлыг хаасан байсан. Би Б.Роломжав эгчид цагдаад хандъя гэхээр цагдаад өгөхгүй байсан бөгөөд намайг цагдаад өргөдөл өгсөн өдөр Б.Роломжав эгч намайг лангуунаасаа надад хандаж цагдаад өргөдөл гаргасан байна гэж хэлээд хөөгөөд гаргачихсан. Гэрэлтзамын өгсөн мэдүүлгийн хувьд гэвэл Америкаас оруулж ирж заруулсан гар утас тэр утас бол Роломжавын гар утас биш байгаа юм. 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр бас Роломжав эгч лангуугаа хаахдаа дутуу түгжээд явчихсан байсан. Би Б.Роломжавын “Iphone 13 pro max” загварын гap утсыг аваагүй...” / /хавтаст хэргийн 190 дүгээр тал/ гэх,

Хоёр: Хохирогч Н.Угтахбаяр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр манай хажуу талын лангуунд худалдагчаар ажилладаг С.З гэдэг охин надаас “Айфоне 13 гар” утсаа надад зээлчих би хүнд зараад өгье 2 хоногийн дараа мөнгөө аваарай гэсэн. Тэгээд би угаасаа зарах гэж байгаа юм чинь гэж бодоод С.Зд “Айфоне 13” маркийн гар утсаа хайрцагтай нь өгөөд явуулсан. Мөн надаас 150,000 төгрөг зээлсэн ба гар утас мөнгө зэргийг одоо хүртэл буцааж өгөөгүй байгаа. 150,000 төгрөгийг би өөрийн хаан банкны 5014443486 тоот данснаас С.Згийн 5753694755 тоот данс руу шилжүүлсэн байдаг...” гэх / хавтаст хэргийн 177-179 дүгээр тал/,

Гэрч Хажидсүрэн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр С.Зтай уулзахаар Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Теди” худалдааны төвийн гадаа ирэхэд С.З “Тэди” гар утас худалдааны төвийн гадна талд гарч ирээд надад ширхэг цагаан өнгийн хайрцаг савтай “Айфоне 13” маркийн гар утас 1 ширхэг, “Айфоне икс Ар” маркийн улаан өнгийн лангуун дээр байсан хайрцаг савгүй 2 ширхэг гар утас гаргаж ирж өгөөд энэ 2 гар утсыг ломбарданд тавьчих 3,000,000 төгрөг хүрэх байх чи ломбарданд барьцаалаад мөнгөнөөсөө өөрийн “Айфоне 13 промакс” загварын гар утсыг авсан мөнгөө гаргаад авчих гэж хэлэхээр нь барьцаалсан...” гэх /хавтаст хэргийн 187-188 дугаар тал/,

Хөрөнгийн үнэлгээний Дамно ХХК-ний 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ЧД1 -22-851 дугаартай үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 191-192 дүгээр тал/,

Шүүгдэгч С.З мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...би Тэди гар утас худалдааны төв дээр 2021 оны 02 дугаар сараас эхлэн 2 давхар 12 дугаар павильоны 1 дүгээр худалдагчаар ажилладаг байсан. Би 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр цагаан өнгийн 256 Gb хэмжээтэй “Iphone 13” маркийн гар утсыг Н.Угтахбаяраас Хажидсүрэнд авч өгөхдөө лизингээр аваагүй би Хажидсүрэнд утас авч өгч байгаа гэж хэлээгүй, би өөрийгөө авч байгаа гэж Угтахбаярт хэлсэн би гар утасны чинь мөнгийг тэгж байгаад өгье гэж Угтахбаярт хэлээд авчихсан. Намайг өөрийнх нь гар утсыг аваад Хажидсүрэнд өгөх гэж байгаа гэж тухайн үед Угтахбаярт би утсыг нь өөрөө авч байгаа гэж хэлээд мөнгийг нь тэгж байгаад өгнө гэж хэлээд авчихсан юм. Угтахбаярын гар утсыг Хажидсүрэнгээс авсан “Iphone 13 pro max” загварын гap утасны мөнгөнд бодоод өгчихсөн. Би Угтахбаярын “lphone13” маркийн гap утсыг надад өгчих би мөнгийг нь тэгж байгаад өгье гэж хэлээд Хажидсүрэнд өгсөн учир нь Хажидсүрэн нь 2021 оны 12 дугаар сарын сүүлээр “”Skytel төвийн 2 давхраас "Iphone 13 pro max” загварын гap утсыг лизингээр худалдаж аваад би тухайн үед өөрийн худалдагчаар ажилладаг байсан Роломжав эгчийн лангуунаас гар утас дутаагаад өрөнд орчихсон байсан учир Хажидсүрэн надад өөрийн лизингээр авсан “Iphone 13 pro max” загварын гap утсыг өгөөд чи энэ утсыг зараад өрөө өгчих тэгээд надад энэ лизингээр авсан утасны мөнгийг тэгж байгаад өгчих би байрны лизингийн мөнгө гэж 2022 оны 01 дүгээр сарын 20-ны үеэр мөнгийг өгнө гэж хэлээд надад өгөхөөр нь би тухайн гар утсыг нь аваад маргааш нь 3,500,000 төгрөгт зараад /одоо тухайн утасны имэй код байхгүй/ мөнгийг нь Роломжав эгчид утас дутаасан мөнгөндөө бодож өгсөн бөгөөд 1 хоногийн дараа над руу Хажидсүрэн залгаад манай зурагтад байрлах хашаа байшин зарагдах гээд байна би яах вэ гэж хэлэхээр нь би гар утсыг нь зарчихсан байсан учраас за өнөөдөр ямар ч байсан зурагтын чинь хашаа байшинд мөнгө хийхгүй бол болохгүй юм байна гэж хэлээд ажил дээрээ дуудаад Хажидсүрэнд өөрт байсан “Iphone XR” гap утсыг Угтахбаяраас авсан цагаан өнгийн “Iphone 13” маркийн гар утасны хамтаар 3,500,000 төгрөгт бодож өгөөд за чи ямар ч байсан өнөөдөртөө наад 2 утсаа ломбардад тавиад түрдээ зээлнийхээ мөнгийг өгч бай гэж хэлээд өгөөд явуулсан. Хажидсүрэн намайг Угтахбаяраас “lphone 13” маркийн гар утсыг мөнгийг нь өгөлгүй аваад өөрт нь өгч байгааг Хажидсүрэн мэдээгүй намайг өөрт нь өгч байгаа утас гэж бодоод аваад явчихсан энэ талаар Хажидсүрэн мэдэхгүй...” гэх /хавтаст хэргийн 204 дүгээр тал/,

шүүгдэгч С.З шүүхийн хэлэлцүүлэгт “мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэх, хохирогч, гэрч нарын мэдүүлэг, “Дамно” ххк үнэлгээний тайлан мөн хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд агуулгын хувьд нийцсэн, харилцан уялдаатайгаар нотлогдож байна. 

Иймд шүүгдэгч С.Зг үргэлжилсэн үйлдлээр хохирогч Б.Роломжавын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, хохирогч Н.Угтахбаярыг үргэлжилсэн үйлдлээр хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийн урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлаж,

Шүүгдэгч С.З нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж шийдвэрлэлээ.

 

Хохирол, хор уршиг-хохирол төлөгдсөн байдал. 

Хавтаст хэрэгт авагдсан баримтад хохирогч Б.Роломжавд 4,170,000 төгрөгийн хохирол учруулснаас 3,000,000 төгрөгийн хохирол барагдуулж үлдсэн хохирлыг нэхэмжлэхгүй гомдол саналгүй /хавтас хэргийн 208 дугаар тал/ гэсэн байх тул цаашид хохирогч Б.Роломжавд төлөх төлбөргүй,

Хохирогч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 9-3 тоотод оршин суух Н.Угтахбаяр /РД: РУ99051209/-д 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөгийг төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

           1. Шүүгдэгч Алаг адуу овгийн Сүх-Очирын Зг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр бусдыг хуурч, урьдын харьцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч С.Зд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 1 жилийн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарласугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан  зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүгдэгчийн зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгчээс 2,750,000 /хоёр сая долоон зуун тавин мянга/ төгрөг гаргуулан хохирогч Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо, 9-3 тоотод оршин суух Н.Угтахбаяр /РД: РУ99051209/-д олгосугай.

6.Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг дурдсугай.

7. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             П.АРИУНБОЛД