Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 155/ШШ2019/00042

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж,тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

         Нэхэмжлэгч: Э овогт Ц-ийн Б-ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Х аймгийн НЗ хоршоонд холбогдох

           Хоршооны гишүүний эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Ундрах, нэхэмжлэгч Ц.Б, хариуцагчийн байгууллагын дарга Ж.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.О, гуравдагч этгээд Б.Н нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Ц.Б шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Миний бие 2007 онд зорчигч тээврийн үйлчилгээний Нөхөрлөл зам хоршоог үүсгэн байгуулалцаж ажиллаж байгаад өөрийн төрсөн дүүгийн хүүд хоршооны гишүүний эрх, үүргийг өв залгамжлуулан шилжүүлэх хүсэлт гаргахад хүсэлтийг хүлээж авах боломжгүй гэсэн шийдвэр өгсөн. Шийдвэрийг хүлээж аваад гаргасан хүсэлтээ буцааж татаж байгаа.Хүсэлт гаргахад хүлээн авах боломжгүй гэсэн шийдвэрийг 2018 оны 10 дугаар сарын 16-нд бичгээр гаргуулж авлаа. Иймд хоршооны гишүүний өв залгамжлуулах хүсэлтээ буцааж татах эрхийг хааж, хохироож байгааг хуулийн дагуу шийдвэрлэж, хоршооны гишүүний эрхийг сэргээж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч Ц.Бшүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би өөрийн төрсөн дүүгийн хүү Б.Н-г өөрийн оронд хоршооны гишүүнээр оруулах гэтэл хоршооны удирдлагууд хүлээн зөвшөөрөхгүй байсан. Тэгэхээр нь би өөрийн хоршооны эрхээ сэргээлгэх гэтэл мөн хүлээн зөвшөөрөөгүй юм. Би 2016 онд НЗ хоршоонд хүсэлт гаргаж байсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний шийдвэрээр намайг хоршооны гишүүн болгосон. Дараа нь Б.Н миний эрх зөрчигдөж байна гээд гишүүний эрхийг хассан. Хоршооны удирлагууд миний энэ хүсэлтүүдийг авч хэлэлцэж шийдвэрлэнэ гэж 2018 оны 10 дугаар сар хүртэл явсан боловч ямар ч үр дүн гараагүй учраас хоршооны эрхээ сэргээлгэх гэж шүүхэд хандах болсон юм. Би хоршооны гишүүнээр Б.Н дүүгээ оруулах гэж байгаа юм. Би өөрийн автобустайгаа хамт явах боломжгүй учраас Б.Н-д эрхээ шилжүүлж өгсөн юм. Б.Н-г түр гэрээ байгуулаад явж бай гэж хэлсэн юм. Энэ хоршоонд ямар нэгэн асуудал гаргах юм бол хувиарыг чинь хасна гэж дарамталдаг. Би хоршооны гишүүний эрхээ сэргээлгэх хүсэлтийг удаа дараа гаргаж байна. Хоршоонд сүүлийн үед дураараа байх гэсэн хүмүүс их болсон байна. Би энэ хоршоог үүсгэн байгуулсан хүний хувьд хоршооны гишүүнээр орох эрхтэй гэж бодож байна. Би хоршооны гишүүний эрхээ өөрийн төрсөн дүүгийн хүүхэд Б.Н-д өв залгамжлуулж өгье гэсэн боловч зөвшөөрөхгүй байгаа юм. Тэгээд Б.Н бид хоёр ярилцаад бид хоёрын аль нэг нь хоршооны гишүүн болж эрхээ эдэлье гэж бодсон юм. Гэрээгээр ажиллаж байгаа жолооч буюу тээвэрлэлийн жолооч нь санал хүсэлтээ хэлэх эрхгүй байгаа юм. Ямар нэг зүйл болохоор хувиарыг чинь хасна гэж дарамталж айлган сүрдүүлдэг. Энийг гэрээгээр ажиллаж байгаа жолооч нар бүгд хэлж байгаа юм. НЗ  хоршооноос хамгийн сүүлд 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гарсан. 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн шийдвэрийг аваад хяналтын зөвлөлд Би амаараа гомдол гаргаж байсан. Би хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөө авсан ...гэв.

          Хариуцагч Хаймгийн НЗ хоршооны дарга Ж.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Ц.Б нь 2016 оны 6 дугаар сарын 5-нд анх хоршооны гишүүний эрхээ дүү Б.Н-д өвүүлэх хүсэлтэй тул шилжүүлж өгнө үү гэсэн хүсэлтийг гаргасан бөгөөд НЗ хоршооны 2016 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэж хоршооны дүрмийн З дугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 11.4 дэх заалтаар хоршооны гишүүний эрхийг шилжүүлэх үндэслэлгүй тул уг хурлын шийдвэрээр Ц.Б-ыг хоршооны гишүүнээс чөлөөлж, жолооч Б.Н-г хоршооны тээвэрлэгч жолоочоор томилсон тогтоол гаргасан билээ. Дахин Ц.Б- нь 2017 онд хоршооны гишүүний эрх үүргийг сэргээж өгнө үү гэсэн утгатай хүсэлтийг гаргасан бөгөөд уг хүсэлтийг нь хоршооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж Ц.Б-ын хоршооны гишүүний эрхийг сэргээж, дүү Б.Н-г хоршооны тээвэрлэгч жолоочоос чөлөөлсөн болно. Манай хоршооны дүрмийн 3 дугаар бүлгийн 11 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт Хоршооны гишүүн нь өөрийн төрсөн ах, дүү, төрсөн үр хүүхдэд хоршооны ажил үүргийн онцлогоос шалтгаалж, гишүүний эрхээ шилжүүлж болно. Бусад тохиолдолд хоршооны эрхийг шилжүүлэхгүй гэж заасан бөгөөд Ц.Б-ын хувьд Б.Н- нь түүний эмэгтэй дүүгийн нь хүүхэд тул хоршооны дүрэмд заасан өөрийн нь төрсөн дүү, ах болон хүүхэд нь биш тул хүсэлтийг хүлээн авах боломжгүй байдаг. Ингээд 2017 онд дүү Б.Н нь хоршоонд ирүүлсэн өргөдөлдөө Ц.Б нь хоршооны гишүүний эрхээ Б.Н надад 10 сая төгрөгөөр зарсан, би түүнийг нь худалдан авсан байхад миний эзгүйд хоршооны тээвэрлэгч жолоочоос хассан нь гомдолтой байх тул үүнийг шийдвэрлэж өгнө үү... гэсэн өргөдлийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхдээ өмнө нь Ц.Б-ын хоршооны гишүүний эрхийг сэргээсэн байсныг чөлөөлж, Б.Н-тэй тээвэрлэлтийн гэрээ байгуулж ажиллуулахаар тогтоол гаргаж, мөн хоршооны дарга 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 16 дугаартай тушаал гаргасан билээ.

          Иймд Ц.Б-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй байгаа тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч НЗ хоршооны дарга Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр нэхэмжлэгч Ц.Бнь НЗам хоршоонд хүсэлт гаргасан юм. Бүх гишүүдийн хурлаар Ц.Б-ын хүсэлтийг хүлээн авч хэлэлцэж хоршооны гишүүнээс хасаж, Б.Н-г тээвэрлэлтийн жолоочоор авсан. Б.Н-г хоршооны гишүүнээр бүртгэж аваагүй юм. Б.Н нь Ц.Б-оос хоршооны гишүүний эрхийг 10.000.000 төгрөгөөр худалдаж авсан гэж тайлбарласан. Тэгэхээр нь эрхийг нь түдгэлзүүлж шийдсэн. Гуравдагч этгээд нь өөрийн тээврийн хэрэгсэлээр тээвэрлэлт хийнэ гэж байна. Б.Н-ийн нэг автобус нь тээвэрлэлтэнд явж байгаа учраас нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар ийм асуудал үүсгэж байгаа юм байна. Нэг удаа гарсан. Дараа нь дахин хоршоонд оруулсан. 2016 оны 5 сард Б.Н-д хоршооны гишүүний эрхээ өвлүүлнэ гэж гарсан. Дараа нь дахин хоршооны эрхийг сэргээж өгсөн.                   Б.Н-ийн гомдлын дагуу 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хоршооны гишүүний эрхийг нь хассан. Ц.Баттогтох нь хоршооны гишүүний эрхээ зарсан. Мөн хоршоонд нийлүүлсэн хөрөнгөө авсан. Мөн Б.Найдансүрэн нь гомдол гаргасны улмаас хоршооны гишүүний эрхийг нь хассан юм. Нэхэмжлэгч нь хоршоонд нийлүүлсэн хөрөнгөө нэхэж авсан. .. гэв.

          Гуравдагч этгээд Б.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Б ах бид хоёр зөвлөлдөөд би нэхэмжлэгчийн хүсэлтийг хүлээн зөвшөөрсөн юм. Надад хоёр автобус байгаа, Би нэг автобусаа Ц.Б-д өгчихөөд өөрийнхөө нэг автобусыг авна. Тэгэхээр нэхэмжлэгч Ц.Б-ын гишүүний эрхийг сэргээхэд татгалзах зүйл байхгүй байна. ...гэв.

 

          Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

         Нэхэмжлэгч Ц.Б нь хариуцагч  НЗ хоршоонд холбогдуулан хоршооны гишүүний эрх сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

         Хариуцагч Хөвсгөл аймгийн Хот хооронд зорчигч тээврийн үйлчилгээний Нөхөрлөл зам хоршооны дарга Ж.Б нь ... бүх гишүүдийн хурлаар Ц.Б-ын хүсэлтийг хэлэлцээд Ц.Б гуайг хоршооны гишүүнээс чөлөөлөөд харин тээвэрлэлтийн эрхийг нь дүү Б.Н-д нь өгсөн. Учир нь хоршооны дүрмэнд төрсөн дүүгийн хүүхдэд өвлүүлэх талаар заалт байхгүй юм. Үүнийг зөвшөөрөөд Б нь хоршоонд нийлүүлсэн хувь хөрөнгөө авсан. Дараа нь дахин эрхээ сэргээлгэнэ гэхэд нь сэргээсэн боловч дүү Б.Н нь өргөдөл хүсэлт өгөөд тэдний асуудлыг бүх гишүүдийн хурлаар дахин хэлэлцэж Ц.Б-ын хоршооны гишүүний эрхийг сэргээсэн шийдвэрийг хүчингүй болгосон. Одоо бол гишүүний эрхийг сэргээх ямар ч боломжгүй. Энэ нь хоршооны гишүүдийн эрх ашигт сөргөөр нөлөөлж байна ... гэж маргажээ.

         Зохигчдоос гаргаж ирүүлсэн Ц.Б-ын 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр НЗ хоршоонд гаргасан хүсэлт, 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн бүх гишүүдийн хурлын тэмдэглэл, НЗ хоршооны тэргүүлэгчдийн хурлын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тогтоол, Хөвсгөл аймгийн зорчигч тээвэр үйлчилгээний НЗ хоршооны даргын 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн тушаал, Ц.Б-ын НЗ хоршооны бүх гишүүдэд гаргасан хүсэлт /он сар өдөр бичээгүй/, Бүх гишүүдийн 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн хурлын тэмдэглэл, НЗ хоршооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тогтоол, НЗ хоршооны даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаал, 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Хурлын тэмдэглэл, НЗ хоршооны бүх гишүүдийн хурлын 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн тогтоол, Х НЗ хоршооны даргын 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн тушаал, 2018 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж баталсан НЗ хоршооны дүрэм, Бүх гишүүдийн хурлын тэмдэглэл,/он сар өдөр тавигдаагүй/, төлбөрийн баримт, 2006 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн баталсан Хоршооны дүрэм, 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн баталсан хоршооны дүрэм зэрэг нотлох баримт хэрэгт авагдсан байна.

          Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт болон зохигчдын тайлбараар нэхэмжлэгч Ц.Б нь 2016 оны 6 дугаар сарын 05-ны өдөр өөрийн дүүгийн хүүхэд болох Б.Н-д хоршооны гишүүний эрхээ өвлүүлэхээр хүсэлт гаргасныг Хоршооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцээд дүүгийн хүүхдэд өвлүүлэх асуудал хоршооны дүрмэнд заагдаагүй учир дүү Б.Н нь тээвэрлэлтийн эрх өгч гэрээ байгуулан, нэхэмжлэгч Ц.Б-ыг хоршооны гишүүнээс чөлөөлж шийдвэрлэсэн. Энэ талаар хоршооны даргын тушаал болон хоршооны тэргүүлэгчдийн тогтоол гарсан,

          Нэхэмжлэгч Ц.Б нь өөрийн хоршоонд оруулсан хувь хөрөнгө болох 400.000 төгрөгийг авсан, 2017 оны 10 дугаар сард хоршооны гишүүний эрхээ сэргээлгэхээр хоршооны бүх гишүүдэд хандаж хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг хүлээн авч бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн Ц.Ба-ын хоршооны гишүүний эрхийг сэргээж тээвэрлэлтийн гэрээ байгуулсан байсан Б.Н-ийн тээвэрлэлтийн гэрээг цуцалж шийдвэрлэн энэ талаар бүх гишүүдийн хурлын тогтоол болон хоршооны даргын тушаал гарсан,

            Гуравдагч этгээд Б.Н нь хоршооны бүх гишүүдийн хуралд ...намайг байхгүй үед шийдвэрлэсэн байсан би тендэрийн эрхийг төгрөгөөр худалдан авсан... гэж гомдол гаргасныг 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж Ц.Б-ын гишүүний эрхийг сэргээсэн шийдвэрийг хүчингүй болгож Б.Н-тэй дахин тээвэрлэлтийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн, энэ талаар бүх гишүүдийн хурлын тогтоол, хоршооны даргын тушаал гарсан зэрэг үйл баримт тогтоогдлоо.

           Нэхэмжлэгч Ц.Б болон хариуцагч Ж.Бнар нь дээрх үйл баримтуудад маргаагүй болно.

           Нэхэмжлэгч Ц.Б нь нэхэмжлэлийнхээ шаардлагын үндэслэлийг ... Хоршооны тухай хуульд зааснаар өөрийн хүсэлтээр гишүүнээс гарах, дахин элсэх эрхтэй гэж зааснаар тодорхойлсон бөгөөд Ц.Бнь хоршооны гишүүний эрхээ сэргээхийг шаардах эрхтэй байна.

          Нэхэмжлэгч нь 2016 оны 6 дугаар сарсан 05 ны өдөр гаргасан хүсэлтдээ Өөрийн дүү Б.Н-дээ өв залгамжлуулах тухай хүсэлтийг гаргасан боловч уг асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн нэхэмжлэгч Ц.Б-ыг хоршооны гишүүнээс гаргаж, дүү Б.Н-д нь тээвэрлэлтийн эрх өгч шийдвэрлэсэн байх ба тухайн шийдвэрт зохигчид маргаагүй, хоршоонд оруулсан хувь хөрөнгөө авсан байх тул тухайн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.

           Харин нэхэмжлэгч Ц.Б нь 2017 оны 10 дугаар сард хоршооны гишүүний эрхээ сэргээлгэхээр хоршооны бүх гишүүдэд хандаж хүсэлт гаргасан, түүний хүсэлтийг хүлээн авч бүх гишүүдийн хурлаар хэлэлцэн Ц.Б-ын хоршооны гишүүний эрхийг сэргээсэн боловч 2017 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж Ц.Б-ын гишүүний эрхийг сэргээсэн шийдвэрийг хүчингүй болгож Б.Н-тэй дахин тээвэрлэлтийн гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн үйл баримтад талууд маргаж байна.

         Ц.Б-ын гишүүний эрхийг сэргээсэн, сэргээсэн шийдвэрийг хүчингүй болгосон гэдгийг талууд гишүүнээс хассан учир сэргээлгэх эрхтэй гэж тайлбарлан маргаж байх тул Монгол Улсын Хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хууль зүйн дүгнэлтийг хийх нь зүйтэй байна.

          Монгол Улсын хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д гишүүнээс хассан тухай шийдвэрийг тухайн этгээд эс зөвшөөрвөл гомдлоо 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж болно.

           Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д Хяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрсөн этгээд зохих журмын дагуу шүүхэд гомдол гаргаж болно гэж заасан.

         Нэхэмжлэгч Ц.Б нь Хяналтын зөвлөлд амаар гомдол гаргаж байсан гэж тайлбарлаж байх ба амаар гаргаж, үүнийг нь шийдвэрлэсэн талаархи баримтыг шүүхэд ирүүлээгүй учир хяналтын зөвлөлд гомдол гаргасан гэж үзэх үндэслэлгүй байна.

         Үүнээс Ц.Б нь НЗ хоршооны гишүүнээс өөрийг нь хассан гэж үзсэн бол гомдлоо 14 хоногийн дотор Хяналтын зөвлөлд гаргаж шийдвэрлүүлэх, хяналтын зөвлөлийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх байсныг зөрчсөн гэж үзэж дүгнэв.

        Хэрэв нэхэмжлэгч Ц.Б нь Хоршооны гишүүнээс гарсан гэж үзвэл хоршооны гишүүнд дахин элсэх эрхтэй ба түүний хошооны гишүүнээр дахин элсэх асуудлыг хоршооны бүх гишүүдийн хурлаар хэлэлцэж шийдвэрлэхээр Хоршооны тухай хуулийн 13 дугаар зүйл, 14 дүгээр зүйлүүдэд тус тус заасан болохыг дурьдлаа.

          Иймд нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй НЗ хоршоонд холбогдох хоршооны гишүүний эрхийг сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

           Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Хоршооны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.7-д зааснаар нэхэмжлэгч Ц.Б-ын нэхэмжлэлтэй,  хариуцагч НЗ хоршоонд холбогдох гишүүний эрхээ сэргээлгэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

         2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 / далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

           3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Б.МӨНХТУЯА