| Шүүх | Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Доржийн Баттулга |
| Хэргийн индекс | 144/2022/0121/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/133 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Г |
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/133
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Баттулга даргалж,
Нарийн бичгийн дарга Д.Намуун,
Улсын яллагч Д.Г,
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Г-д холбогдох 2229000000134 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Чайна Гео ЛЛС” ХХК-ийн ажлын талбай дээр ажлаа хийх явцад М.Шийлэгдоржийг шаардлага тавихад эсэргүүцэж маргалдан, улмаар М.Ш-ийн эрүүл мэндийн эсрэг төмрөөр цохих байдлаар халдаж, биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
1.1.Шүүхээс тогтоосон нөхцөл байдал, үйл баримт
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтыг дүгнэвэл.
Шүүгдэгч Б.Г нь 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Өмнөговь аймгийн Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Чайна Гео ЛЛС” ХХК-ийн ажлын талбай дээр ажлаа хийх явцад М.Ш-ийг шаардлага тавихад эсэргүүцэж маргалдан, улмаар М.Шийлэгдоржийн эрүүл мэндийн эсрэг төмрөөр цохих байдлаар халдаж, биед нь хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
1.2 Нотлох баримтын үнэлгээ
Улсын яллагчийн шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдсон болно. Тухайлбал:
Хохирогч М.Ш-ийн: “...Намайг 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр Манлай сумын нутаг дэвсгэрт ажил дээрээ ажлаа хийж байхад хамт ажилладаг эксковаторын жолооч Г гэх залууд хоёр удаа ажлын шаардлага тавихад шаардлага хүлээж авахгүй өөдөөс маргалдаж байгаад би Г-ын цамцнаас заамдаад барьсан чинь би цамцных нь захыг урчихсан. Тэгсэн чинь Г уурлаад машин руугаа яваад урт төмөр гаргаж ирээд миний толгой хэсэг рүү хоёр удаа цохиж гэмтэл учруулсан. Хамт ажилладаг Мөнх-Эрдэнэ гэх залуу бид 2-ын хажууд байж байгаад Г бид 2-ыг салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Г.Мөнх-Эрдэний: “...Би 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өглөө 06 цаг 50 минутад ажилдаа гарч шороогоо ачиж буулгаад 3 дахь хэрээсээ хийчихээд 4 дэх хэрээсдээ явахаар шороогоо ачих гээд хойшоо ухарч байхад Шийлэгдорж Г хоёр хоорондоо муудаж байсан. Би машиныхаа толинд харсан чинь хоорондоо барилцаж аваад Г доор нь орчихсон дээр нь Шийлэгдорж харагдаж байсан. Удалгүй Г босч ирээд эксковатор дотроос төмөр гаргаж ирээд Ш-ийн гар луу толгой руу нь цохисон. Тэгэхээр нь би болохоо байлаа гэж бодоод машинаасаа бууж гараад очиж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 13054 дугаартай “1. М.Шийлэгдоржийн биед хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн хуйханд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, дух, зүүн чихний дэлбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 3-аас доошгүй удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. З. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 27-28-р хуудас/,
Яллагдагч Б.Г-ын: “...2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 10 цаг 30 минутын орчимд Манлай сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй Чайна Гео ЛЛС-ын автозамын бүтээн байгуулалтын талбайд ажлаа хийж байхад материалын инженер Шийлэгдорж нар дээр хүрч ирээд миний хийж байсан ажлыг эксковатороор доош нь сайн ух гэж хэлсэн. Тэгэхээр нь би хариуд нь доошоо ухаж болохгүй байна, газар нь хатуу байна гэж тайлбарлаж хэлсэн чинь өөдөөс ямар олон юм ярьдаг банди вэ гээд бид хоёр маргалдаад Ш миний цамцнаас зуураад заамдаад авсан. Тэгээд миний цамцны захаар намайг боогоод газарт унагаад би босч ирээд цамцны зах урагдсан байхаар нь уурандаа машин дотроосоо урт төмөр байхаар нь авч ирээд толгой хэсэг рүү нь цохиод дараа нь зүүн гар орчимд нь нэг удаа цохьсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/,
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой хянаад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.
1.3.Оролцогчийн эрхийн хэрэгжилт
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр сэргээн тогтоосон байх бөгөөд хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
1.4.Хууль зүйн дүгнэлт
Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Г нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Б.Г нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр прокурорт хүсэлт гаргасан байна. Прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар хүсэлтийг хангаж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь үндэслэлтэй, хууль буруу хэрэглээгүй байна.
Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4-т заасан нөхцөл байдлыг хянаж үзээд шүүгдэгч Б.Г-ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
1.5. Хохирол, хор уршиг
Хохирогч М.Ш нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдүүлсэн, тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3-т заасан шаардлагыг хангасан гэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай шүүхэд ирүүүлсэн байх тул шүүгдэгч Б.Г-ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна ...” гэх саналыг шүүгдэгч Б.Г нь хүлээн зөвшөөрсөн байна.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх заалтад заасан нөхцлийг хянаж үзээд мөн зүйлийн 5 дахь заалтад зааснаар прокурорын гаргасан саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэв.
2.3. Бусад асуудлын талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 82 сантиметр урттай, 2,5 сантиметр өргөнтэй бор өнгийн төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэрээр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г-д 500 /таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол биелүүлээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хохирогч М.Ш нь шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.Гантулгын иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 82 сантиметр урттай, 2,5 сантиметр өргөнтэй бор өнгийн төмрийг устгахыг тус шүүхийн Тамгын газрын эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
7. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.БАТТУЛГА