Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 155/ШШ2019/00023

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хөвсгөл аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж, шүүгч Б.Отгонбямба, Н.Бямбасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах “Х” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 8 дугаар багт байрлах П / зоогийн газар,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 7 дугаар багийн 16-31 тоотод оршин суух Б овогт Ц.Ч /РГ......../ нарт  холбогдох

Дулаан ашигласны төлбөр 1.284.479 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Лхамдолгор, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б, хариуцагч Ц.Ч, хариуцагч П зоогийн газрын өмгөөлөгч В.Э нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Х” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хөвсгөл аймгийн УСНААК /ОНӨААТҮГ/, УС ЧАНДМАНЬ ОНӨҮГ, ХӨВСГӨЛ ДУЛААН ХХК-иудыг Хөвсгөл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор татан буугдаж, мөн тогтоолоор Х ХХК нь шинээр үүсгэн байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх тогтоолоор манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр авлага, эд хөрөнгө нь шилжиж ирсэн болно. 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөвсгөл Дулаан ХХК-ийг төлөөлж ерөнхий инженер О.Т, хариуцагч Пирамид зоогийн газрыг төлөөлж захирал Г.Г нар нь харилцан тохиролцсоны үндсэн дээр Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ байгуулж гэрээнд гарын үсэг зурсан байна.

Иймд дулаан ашигласны төлбөр болох 1.284.479 төгрөгийг хариуцагч байгууллагаас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "...Нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна. УСНААК /ОНӨААТҮГ/, Ус Чандмань ОНӨҮГ, Хөвсгөл Дулаан ХХК-иуд нь 2016 онд татан буугдаж, “Х” ХХК нь шинээр үүсгэн байгууллагдаж, үйл ажиллагаагаа явуулж байна. Манай байгууллагад татан буугдсан аж ахуйн нэгжүүдийн өр авлага, эд хөрөнгө нь шилжиж ирсэн. Үүнийг нэг нь П зоогийн газраас “Хөвсгөл Дулаан” ХХК-нд төлөх халаалтын төлбөрийн үлдэгдэл 1.284.479  төгрөг байсан. Үүнийг П  зоогийн газраас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Гэтэл П зоогийн газар нь 1.284.479 төгрөгний  халаалтын төлбөрөөс 1.045.245 төгрөгийг нь “Хөвсгөл Дулаан” ХХК-ний дулаан хариуцсан байцаагчаар ажиллаж байсан Ц.Ч-т төлсөн тухай баримтыг ирүүлсэн.Ингээд уг хэрэгт Ц.Ч-ийг хамтран хариуцагчаар татсан байгаа. Баримтаас үзэхэд Ц.Ч нь П зоогийн газраас халаалтын төлбөрийг бэлэн мөнгөний орлогын баримтаар хураан авсан боловч  байгууллагад бүрэн  тушаалгүй, авч ашигласан байна. Өөрөөр хэлбэл П зоогийн газар нь 2013 онд 10 сар дулаан ашигласан байх ба 1 сарын дулаан ашигласны төлбөр 483.368 төгрөг. Нийт 10 сарын төлбөр 4.833.680 төгрөгийг төлөх ёстойгоос 3.802.491 төгрөгийг төлж, 2013 онд 1.606.090 төгрөгний үлдэгдэлтэй байсан. 2014 онд уг мөнгөнөөс 321.611 төгрөгийг төлсөн ба 1.284.479 төгрөг үлдсэн. Үүнийг сар бүрээр авч үзвэл 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 317.743 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг болно. Үүнийг би хүснэгтээр бичиж хэргийн материалд гаргаж өгсөн байгаа. Ингээд 2013 оны 4 дүгээр сарын төлөгдөөгүй 317.743 төгрөгөөс Ц.Ч-т өгсөн гэх  78.509 төгрөгийг хасаж үлдэгдэл 239.234 төгрөгийг П зоогийн газраас гаргуулахаар нэхэмжилсэн. Харин үлдэх 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045245 төгрөгийг Ц.Ч-гээс нэхэмжилсэн. Ц.Ч  үүнээс гадна өөр аж ахуй нэгжийн халаалтын төлбөрийг байгууллагад тушаалгүй авч ашиглаж байсан нь эрүүгийн шүүхээр тогтоогдсон байдаг. Иймд хариуцагч Пзоогийн газраас 2013 оны 4 дүгээр сарын халаалтын төлбөрийн үлдэгдэл 239.234 төгрөгийг, хариуцагч Ц.Чулуунцэцэгээс байгууллагад учруулсан хохирол болох П зоогийн газраас дулаан ашигласны төлбөрт өгсөн  2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245 төгрөгийг  гаргуулж  өгнө үү" гэв.

Хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г шүүхэд болон өмнөх шүүх хуралдаануудад гаргасан тайлбартаа: “...Би хуучин нэрээр П одоогийн нэрээр Э зоогийн газрын захирлаар 2012 оноос хойш одоог хүртэл ажиллаж байна. Миний бие 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр тухайн үеийн нэрээр Хөвсгөл дулаан ХХК-тай /төлөөлж тус компанийг ерөнхий инженер О.Т /харилцан тохиролцож, дулаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулж талууд гарын үсэг зурж баталгаажуулсан.

Энэ гэрээний дагуу манайх дулаан ашигласны төлбөрийг сар бүр бэлэн мөнгөөр дулааны байцаагч Ц.Ч-т тушаадаг, уг байцаагч бэлэн мөнгөний орлогын баримт үйлдэж өгдөг байсан. Жилийн эцэст тус компанитай тооцоо нийлэх тухай санал тавихад байцаагч Ц.Ч нь “Тооцоо нийлэх гэж манай байгууллага дээр очоод хэрэггүй, би бүгдийг зохицуулна” гэж хэлж байсан. Мөн 2013 оны өвөл нэг удаа манай зоогийн газарт ирж надтай уулзахдаа “манай компаниас хүмүүс ирж дулааны төлбөрийн талаар ярьвал надад /Ц.Ч-т/ дулааны төлбөрийг төлөөгүй гэж хэлээд өгөөч” гээд гуйхаар нь би “Тийм асуудал байхгүй, манайх төлбөрөө төлж байгаа, төлсөн гэдгээ хэлнэ” гэхэд тэгвэл “Ганзам хоршоог л гуйхаас” гээд гараад явсан.

Энэ үеэс эхлэн би энэ байцаагчийн шударга ажиллаж байгаа эсэхэд эргэлздэг болсон. Тус байгууллага нь манайхаас 1.284.479 төгрөг гаргуулахаар нэхэмжилсэн боловч миний бие шүүхэд дулааны төлбөрийн үлдэгдэл 1.284.479 төгрөгөөс 1.045.245 төгрөгийг төлсөн тухай нотлох баримтыг гаргаж өгсөн. Харин үлдэгдэл 239.234 төгрөг төлсөн тухай баримт байхгүй байгаа тул дээр мөнгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин 1.045.245 төгрөгийг зөвшөөрөхгүй.

"... Миний бие Ц.Ч-т халаалтын төлбөрийг цуг тухай үед нь хураалгадаг байсан... П / зоогийн газар нь 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245 төгрөгийг төлсөн..." гэжээ. 

Хариуцагч Ц.Ч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнөх шүүх хуралдаан дээр гаргаж байсан тайлбар маань хэвээр байна. Миний бие “Хөвсгөл дулаан” ХХК-д дулааны байцаагчаар ажиллаж байхдаа П зоогийн газрыг хариуцан ажиллаж байсан нь үнэн. П зоогийн газар нь 2012 оноос “Э” зоогийн газар нэртэйгээр үйл ажиллагаа явуулж байсан ба 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245 төгрөгийн дулааны төлбөр төлсөн гэх П зоогийн газраас хэрэгт гаргаж өгсөн баримтууд нь миний тус байгууллагаас халаалтын төлбөрийг бэлнээр аваад өгч байсан баримт мөн байна. Эдгээр баримтын дагуу хураан авсан мөнгийг би  “Хөвсгөл дулаан” ХХК-д бүрэн тушааж нягтлантай тооцоо нийлсэн. Тооцоо нийлсэн тухай баримт нь байгууллагад хадгалагдах ёстой боловч олдоогүй. Намайг ажиллаж байх хугацаанд надтай холбоотой зөрчил дутагдал, төлбөр тооцоо илэрч байгаагүйг аудитын дүгнэлтээс харж болно. Байгууллагын халаалтын гэрээ, төлбөр тооцоо тайлан мэдээг ерөнхий санхүүч хийж дүгнэдэг учир байцаагч дуртай тоогоо тавьж тооцоо нийлдэг эрх бүхий субъект биш. Харин өөрийн  үүргийн хуваарийн дагуу  байгууллагуудтай тооцоо нийлж байсан. Энэхүү төлбөр тооцоо яагаад байгууллага татан буугдсан хойно гарч ирж надаас нэхээд байгааг ойлгохгүй байна. 2014 онд тэтгэвэрт гарахдаа байгууллагад нэг ч төгрөгний тооцоо байгаагүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэв

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад бичмэл нотлох баримтууд болон нэхэмжлэгчийн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч П зоогийн газарт холбогдуулан халаалтын төлбөр 1.284.479 /нэг сая хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагыг тодруулж хариуцагч П зоогийн газраас 2013 оны 4 дүгээр сарын дулаан ашигласны төлбөрийн үлдэгдэл 239.234 /хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Ц.Ч-ээс П-зоогийн газраас дулаан ашигласны  төлбөрт түүнд өгсөн 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245 /нэг сая дөчин таван мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г...2013 оны дулаан ашигласны  төлбөрийн үлдэгдэл 1.284.479 төгрөгөөс 1.045.245 төгрөгийг буюу  2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөгийг “Хөвсгөл дулаан”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийн байцаагчаар ажиллаж байсан Ц.Ч-т төлсөн,

хариуцагч Ц.Ч нь П зоогийн газраас дулаан ашигласны  төлбөрт төлсөн 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245  төгрөгийг авсан талаар маргаагүй, харин авсан мөнгөө байгууллагадаа бүрэн тушаасан тул нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж  маргажээ.

Ц.Ч нь 2014 онд “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компаний халаалтын орлогын 9.580.436 төгрөгийг хувьдаа завшиж тус байгууллагад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдэж, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн гэх үндэслэлээр хэргийг Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2 дугаар сарын 09-ний өдрийн 34 дугаар шийтгэх тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгдэгч Ц.Ч-ийн хэрэг бүртгэлт болон шүүх хуралдааны шатанд өгсөн...2014 оны 8-9 сард албан газар байгууллагаас авсан орлогыг байгууллагадаа тушаагаагүй хувьдаа ашигласан...Өнөр худалдааны төв, Империал ресторан, Масс ресторан, Ганзам дэлгүүр, Баянгол төв, Дэлгэрмөрөн трейд зэрэг газрууд...гэх мэдүүлэг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн...тус эрүүгийн хэргээр Ц.Ч-ийг 2014 онд аж ахуй нэгж байгууллагаас дулаан ашигласны төлбөрт авсан мөнгийг байгууллагад тушаалгүй завшсан асуудлыг шийдвэрлэсэн. Үүнд П зоогийн газрын дулаан ашигласны төлбөр ороогүй.... гэх тайлбар зэргээс дээрх эрүүгийн хэрэгт П зоогийн газарт учирсан хохирлыг шийдвэрлээгүй болох нь тогтоогдлоо. 

Нэхэмжлэгч байгууллага нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр П зоогийн газрын дулаан ашигласны төлбөр 1.284.479 төгрөгийг П зоогийн газар болон Ц.Ч нараас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байсан байх тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлээгүй байна.

Нэхэмжлэгч байгууллага нь дулаан ашигласан төлбөрийн үлдэгдэл 239.234 /хоёр зуун гучин мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг хариуцагч П зоогийн газраас Иргэний хуулийн 466 дугаар зүйлд зааснаар, хариуцагч Ц.Ч-ээс байгууллагад учирсан хохирол  1.045.245  /нэг сая дөчин таван мянга хоёр зуун дөчин тав/ төгрөгийг Иргэний хуулийн 497, 510 дугаар зүйлд зааснаар тус тус шаардах эрхтэй.

  “Хөвсгөл дулаан” хязгаарлагдмал хариуцлагатай компани нь дулааны эрчим хүчээр ханган ажиллах, П зоогийн газар нь дулааны эрчим хүч ашиглаж, хөлсийг сар бүр төлж байхаар тохиролцож бичгийн гэрээ байгуулсан болох нь 2013 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн “Дулаан эрчим хүчээр хангах аж ахуйн гэрээ”-ний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчийн тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

Хөвсгөл Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 56 дугаар тогтоолоор “Хөвсгөл-Дулаан”  хязгаарлагдмал хариуцлагатай компанийг 2016 оны 09 дүгээр сарын 09-ны өдрөөс татан буулгаж үйл ажиллагаа болон өмч хөрөнгө, өр төлбөрийг нь шинээр үүсгэн байгууллагдсан “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанид шилжүүлжээ.

Хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г... 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245  төгрөгийг “Хөвсгөл дулаан”  хязгаарлагдмал хариуцлагатай компаний байцаагчаар ажиллаж байсан Ц.Ч-т хүлээн өгсөн болох нь бэлэн мөнгөний орлогын баримт, зохигчийн тайлбар зэргээр  нотлогдож байна. Харин  нэхэмжлэгч байгууллагын  нэхэмжилсэн 2013 оны 4 дүгээр сарын дулаан ашигласан төлбөрын үлдэгдэл 239.234 төгрөгийг хариуцагч П зоогийн газрын захирал Г.Г нь төлсөн гэдгээ баримтаар нотлож чадаагүй,

Мөн хариуцагч Ц.Чулуунцэцэг нь Пирамид /Эрдэнэс/ зоогийн газрын захирал Г.Г-ээс 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 78.509 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, нийт 1.045.245  төгрөгийг бэлнээр авсан нь үнэн бөгөөд уг мөнгөө байгууллагадаа тушаасан гэх боловч уг үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй, хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д заасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг  өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй болно.

Иймд хариуцагч П зоогийн газраас 239.234 төгрөгийг, хариуцагч Ц.Ч-ээс 1.045.245 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч байгууллагад олгох үндэслэлтэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б... П зоогийн газар нь 2013 онд 10 сар дулаан ашигласан байх ба 1 сарын дулаан ашигласны төлбөр 483.368 төгрөг. Нийт 10 сарын төлбөр 4.833.680 төгрөгийг төлөх ёстойгоос 3.802.491 төгрөгийг төлж, 2013 онд 1.606.090 төгрөгний үлдэгдэлтэй байсан. 2014 онд уг мөнгөнөөс 321.611 төгрөгийг төлсөн ба  1.284.479 төгрөг үлдсэн. Үүнийг сар бүрээр авч үзвэл 2013 оны 3 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг, 2013 оны 4 дүгээр сарын төлбөр 317.743 төгрөг, 2013 оны 12 дугаар сарын төлбөр 483.368 төгрөг болно. Мөн дулаан ашигласны төлбөрийг П зоогийн газар нь тухайн сардаа төлдөггүй 2-3 сарын дараа нөхөж бэлнээр Ц.Ч өгдөг. Түүнийг нь Ц.Ч мөн уг төлсөн хугацаанд нь байгууллагад тушаадаггүй. 2013 оны дулааны төлбөрийн үлдэгдлийг 2014 онд төлсөн зэргээс шалтгаалан 2013 оны дулаан ашигласныг тооцоог 2014 оны жилийн эцсийн байдлаар  бодож гаргасан  тул уг баримтыг хэрэгт өгсөн....гэж тайлбарласан бөгөөд хариуцагч нар нэхэмжлэлийн үнийн дүнгийн талаар хэн аль нь маргаагүй тул нэхэмжлэлийн шаардлага 1.284.479 /Арван хоёр сая хоёр зуун наян дөрвөн мянга дөрвөн зуун далан ес/ төгрөгийн хэмжээнд шийдвэрлэв.

Хариуцагч Пзоогийн газрын захирал Г.Г нь шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр шийдвэрлүүлэх хүсэлт ирүүлсэн, иргэдийн төлөөлөгч Л.А-аад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хэргийн оролцогчид нь хариуцагч болон иргэдийн төлөөлөгчийг байцуулахгүйгээр хэргийн хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул хариуцагч Г.Г болон иргэдийн төлөөлөгчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болохыг дурдлаа.

Хариуцагч П зоогийн газраас 239.234 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 7.827 төгрөг, хариуцагч Ц.Чулуунцэцэгээс 1.045.245 төгрөгт тохирох улсын тэмдэгтийн хураамж 29.636 /хорин есөн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 466 дугаар зүйлийн 466.2, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч П зоогийн газраас дулаан ашигласны төлбөр 239.234/ хоёр зуун гучин есөн мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг, хариуцагч Ц.Ч-ээс 1.045.245 /нэг сая дөчин таван мянга хоёр зуун гучин дөрөв/ төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Х” хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.

 3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 35.377 / гучин таван мянга гурван зуун далан долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч П зоогийн газраас улсын тэмдэгтийн хураамж 7.827/ долоон мянга найман зуун хорин долоо/ төгрөг, хариуцагч Ц.Ч-ээс улсын тэмдэгтийн хураамж 29.636 /хорин есөн мянга зургаан зуун гучин зургаа/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тус тус дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Г.ДАВААХҮҮ

                                     ШҮҮГЧИД                                  Б.ОТГОНБЯМБА

                                                                              Н.БЯМБАСҮРЭН