Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2022/ШЦТ/824

 

 

 

 

 

 

 

2022          10            24                                 2022/ШЦТ/824

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Б” танхимд Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Хулангаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Ц.Хулан,

шүүгдэгч Ш.Т нарыг оролцуулан эрүүгийн 2211000001555 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, 2022 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ш.Т /РД: хх000000/, 1995 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Орхон аймагт төрсөн, Баянзүрх дүүргийн 00 дүгээр хороо 00 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, тусгай дунд боловсролтой, төмөр замын коллежийг замчин мэргэжлээр төгссөн, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 1, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 28-445 тоотод иргэн Д.П-тэй “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүний нүүр хэсэгт гараараа хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, баруун дээд зовхи, дотор булангийн цус хуралт, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт: гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хохирогч Д.П, гэрч Б.Болорцэцэг, иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал, яллагдагч Ш.Т нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 11710 тоот дүгнэлт, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 04/4234 тоот албан бичиг, түүний хавсралт болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэ

хгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч Ш.Т-:

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрч, өөрийгөө өмгөөлж оролцсон болно.

Шүүгдэгч Ш.Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2022 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 28-445 тоотод хохирогч Д.П-тэй “гэрээсээ хөөсөн” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж, түүний нүүр хэсэгт гараараа олон удаа цохиж, зодсоны улмаас хүний биед Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн Дугаар 11710 тоот дүгнэлтээр тогтоогдсон “...Д.П-ийн биед зүүн дээд, доод зовхи, хамрын нуруу, зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн дээд, доод зовхи, баруун дээд зовхи, дотор булангийн цус хуралт, хамрын нуруу, зүүн хацрын зулгаралт гэмтэл ...дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр цохих үйлдлээр үүснэ ...гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хөнгөн зэрэгт хамаарна ...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй... дээрх гэмтлүүд нь 1-3 хоног хүртэлх хугацаанд үүссэн байна.” (хавтаст хэргийн 19-20 дахь тал) гэх шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтлүүдийг учруулсан болох нь хохирогч Д.П мэдүүлсэн “...2022 оны 8 дугаар сарын 25-ны өдөр би зуун айл дээр хамт ажилладаг хүмүүсийн хамтаар архи уусан бөгөөд надтай хамт ажилладаг дүү Төрбат, Далай бид нар Даваагийн гэрт очиж уучхаад манай гэр рүү явсан энэ үед Даваа гэртээ тасраад үлдсэн бөгөөд би Төрбат, Далай нарын хамтаар гэртээ ирсэн тэгээд манай эхнэр байж байсан бөгөөд бид нар дахиад архи уусан энэ үед Далай тасраад унтсан бөгөөд би Төрбатыг ширээн дээр суугаад байхаар нь манайхаас зайл гэж хэлтэл үүнээс болоод Төрбат над руу дайраад миний нүүр рүү гараараа нэлээд хэдэн удаа цохисон тэгтэл манай эхнэр цагдаа дуудсан юм. ...Төрбатаас өөр хүн надад гар хүрээгүй. ...миний нүүр рүү хэд хэдэн удаа цохисон ...Гэмтэлд үзүүлж боолт хийлгэсэн. ...Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрсэн” гэх мэдүүлэг  (хавтаст хэргийн 10 дахь тал), гэрч Б.Болорцэцэг мэдүүлсэн “...2022 оны 8 дугаар сарын 24-25-нд шилжих шөнө би гэртээ ганцаараа унтаж байтал гаднаас манай нөхөр Пүрэв, Төрөө, Далай гурав бүгдээрээ согтуу орж ирсэн. Тэгээд тэр гурав 1 шил архи уусан бөгөөд хамт ирсэн эмэгтэй нь тасраад уначихсан юм. Үүний дараагаар манай нөхөр Төрөөг гэртээ харь гэж хэлтэл намайг хөөдөг хэн юм гээд манай нөхрийн нүүр рүү нь гараараа цохиод байсан би сандраад цагдаад хандсан. ...Яв гэж хэлтэл чи намайг хөөлөө гэж хэлээд цохиод авсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 16 дахь тал), гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хавтаст хэргийн 7 дахь тал), шүүгдэгч Ш.Т-ын яллагдагчаар мэдүүлсэн “...би Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 26 дахь тал) болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч нь өөрийн хууль зөрчиж, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж, хүнийг зодсон үйлдэлд хандаж буй сэтгэхүйн харьцаа нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул санаатай гэмт хэрэг үйлдсэн. Ш.Т нь хохирогчийн нүүр хэсэгт цохиж зодсоны улмаас Д.П-ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хохирол хор уршигтэй Ш.Т-ын үйлдэл шууд шалтгаантай холбоотой байна.

Шүүгдэгч Ш.Т-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч Ш.Т-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг хүч хэрэглэн халдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Хохирогч Д.П нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн “...надад ямар нэгэн гомдол санал, хүсэлт нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 10, 47 дахь тал)  байх тул шүүгдэгч Ш.Т нь энэ хэрэгт хохирогчид төлөх төлбөргүй байна. Иргэний нэхэмжлэгч Б.Насанжаргал мэдүүлсэн “...хохирогч Д.П-т Эрүүл мэндийн даатгалын сангаас 262.000 төгрөгийн зардал гарсан тул дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагч Ш.Т-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 45 дахь тал), Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын 2022 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн №04/4234 албан тоот, хавсралтын хамт (хавтаст хэргийн 41-42 дахь тал) зэрэг баримтууд авагдсан байна. Шүүгдэгч Ш.Т-аас 2022 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 262.000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төгрөгийг Төрийн сангийн 100900020080 тоот дансанд тушаасан баримт (хавтаст хэргийн 65 дахь тал) авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Ш.Т-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч Ш.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас буюу урьдаас төлөвлөсөн санаа зорилгогүйгээр гэнэт үүссэн санаатай үйлдлээр анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдож байна. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Мөн шүүгдэгч Ш.Т нь гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэв.

 Шүүгдэгч Ш.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно гэж заасны дагуу уг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Эрүүгийн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш.Т /РД: хх000000/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Ш.Т-ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Т-ад оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ш.Т-ад сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд шүүгдэгч Ш.Т нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ГАЛБАДАР