Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2019 оны 09 сарын 09 өдөр

Дугаар 155/ШШ2019/00736

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Даваахүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанд;

Нэхэмжлэгч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ***************** оршин суух, Б  овогт Д-ын Э /************** /-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ********** тоотод оршин суух, Б  овогт О-ийн А /*************** / -д холбогдох,

Хүүхдийн эцэг тогтоож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгч Д.Э , хариуцагч О.А  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.Э  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би 2013 онд сурагч байх үедээ О.А тэй үерхэж байгаад 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин П г төрүүлсэн. Тухайн үед нөхөр О.А  нь иргэний үнэмлэхээ аваагүй байсан учраас би охиноо өөрийнхөө нэрээр овоглож төрсний гэрчилгээг нь авч байсан юм. Ар гэрийн амьдрал тааруугаас бид хоёр манай аавын гэрт амьдарсан. Хамт амьдрах хугацаанд О.А  архи ууж, бид хоёрын харилцаа таарамжгүй болж, тусдаа амьдрах болсон.

...Бид Дэлхийн зөн олон улсын байгууллагад явдаг байсан ба уг байгууллагаас биднийг хүүхэдтэй болоход охинд маань гэр өгсөн нь үнэн. Гэхдээ тэр гэрийг охинд маань өгсөн болохоос бидэнд өгөөгүй. О.А  эвлэрэх санал тавьж байгааг зөвшөөрөх боломжгүй гэж бодож байна.Учир нь О.А  амьдралаа аваад явах чадваргүй, охиндоо анхаарал халамж тавьдаггүй. Энэ хүнийг би 3 жил харсан.Одоо дахин харах боломжгүй тул охин П гийн эцэг О.А  мөн болохыг тогтоож, эцгээс нь хуульд заасны дагуу хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч О.А  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би эвлэрэх саналтай байна. Яагаад надтай буцаж нийлье гэхэд хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм бэ. Би охиноо төрөхөд нь 12 дугаар анги байсан. Э ыг сургуулийг нь төгсөхийг тулд би охиноо харж гэртээ байдаг байсан. Тэгээд би ЭЕШ шалгалт өгч чадаагүй ба мэргэжил эзэмшиж чадахгүй үлдсэн. Бид Улаанбаатар хотод 3 сар хамтдаа амьдарсан.Хамт амьдарч байх хугацаанд Э ийн ээж, ах хоёр нь ирээд охиныг маань аваад явсан. Тэр цагаас өнөөдрийг хүртэл охинтой маань уулзуулаагүй. Салах болсон шалтгаан нь хадаг тавиагүй гэж салсан. Манай талаас хадаг тавих боломжгүй байсан. Би архи дарс хэрэглэдэггүй байсан. Би нэг хэсэг бид эцэг эхээс нь нууцаар уулзаж байсан. Одоо яагаад буцаж нийлэхгүй гээд байгаа шалтгааныг нь сонсмоор байна.Охин миний төрсөн охин мөн тул эцэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна. Харин тэтгэлэг төлөх шаардлагыг зөвшөөрөхгүй. Бидэнд дэлхийн зөнгөөс 5 ханатай гэр өгснийг би Э , охин хоёрт үлдээсэн байгаа гэв.

Шүүх хуульд заасан журмын дагуу энэ хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтууд болон зохигчдын шүүхэд өгсөн тайлбарыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Э  нь хариуцагч О.А эд холбогдуулан хүүхдийн эцэг, тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Д.Э , О.А  нар нь 2013 оноос үерхэн нөхөрлөж, тэдний дундаас 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр охин Э.П  төрсөн болох нь:

2016 оны 04 дүгээр сарын 14-ний төрсөн охин Б овогтой Э ын П  /********** /-д олгосон төрсний гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар,

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Далайн-Элбэрэлт ӨЭМТ-ийн их эмчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн эмнэлгийн тодорхойлолт, зохигчийн тайлбар зэргээр нотлогдож байна.

Зохигч нь гэрлэлтээ бүртгүүлээгүй ч тэдний дундаас төрсөн охин Э.П  нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ, мөн эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй ба хариуцагч О.А  нь шүүх хуралдаанд охин Э.П  нь миний хүүхэд мөн тул хүүхдийн асуудал дээр ямар нэгэн маргаан байхгүй болно.... гэх тайлбарыг өгсөн, Э.П  нь бага насны бөгөөд түүнд эхийн халамж анхаарал, амьдрах таатай орчин нөхцөл зайлшгүй шаардлагатай зэрэг байдлыг харгалзан 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Э. П г төрсөн эх Д.Э ын асрамжид үлдээж, эцэг О.А ээс сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна гэж шүүх үзлээ.

Нэхэмжлэгч Д.Э  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч О.А ээс хүүхдийн эцэг тогтоолгох тухай нэхэмжлэлд төлбөл зохих 70.200 төгрөг, мөн Гэр бүлийн тухай хуулинд зааснаар хүүхдэд олгох тэтгэлгийг насны байдлыг нь харгалзан төлөхөөр тогтоосон ба 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Э.П д Хөвсгөл аймгийн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээ 194.300 төгрөгийн 50 хувь болох 97.150 төгрөгийг сар бүр хариуцагч О.А  төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар охин Э.П д сар бүр төлөх тэтгэлэг 97.150 төгрөгийг нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тооцоход 1.165.800 төгрөг болох ба түүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 32.529 төгрөг, нийт 102.729 төгрөгийг хариуцагчаас гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Б овогтой Э ын П  /********** /-ийн эцгээр Б  овогт О-ийн А /*************** / мөн болохыг тогтоосугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Э. П г төрсөн эх Д.Э ын асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр төрсөн охин Э. П г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр эцэг О.А ээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж, тэжээн тэтгүүлсүгэй.

4Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагч О.А ээс 102.729 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ДАВААХҮҮ