Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2023/0838/З |
Дугаар | 221/МА2024/0599 |
Огноо | 2024-09-12 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 12 өдөр
Дугаар 221/МА2024/0599
Х.Мын гомдолтой
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Г.Мөнхтулга
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч А.Сарангэрэл
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: Гомдол гаргагч Х.М, өмгөөлөгч Н.Э
Гомдол гаргагч: Х.М
Хариуцагч: Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын байцаагч Н.Т
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0562 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: гомдол гаргагч Х.М, гомдол гаргагчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагч Н.Т
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Г.Баянжаргал
Хэргийн индекс: 128/2023/0838/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Гомдол гаргагч Х.Моос Нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн Гал түймрийн улсын байцаагч Н.Тад холбогдуулан “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00711480 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18.065.000 төгрөгийг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.
2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 562 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8, Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1-д заасныг тус тус баримтлан Х.Моос Нийслэлийн Онцгой байдлын газрын гал түймэртэй тэмцэх хэлтсийн гал түймрийн улсын байцаагч Н.Тад холбогдуулан гаргасан 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00711480 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18,065,000 төгрөгийг хүчингүйд тооцуулах тухай гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болоод хэргийн үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй, шүүхийн шийдвэр үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Улсын байцаагч шийтгэлийн хуудас гаргахдаа гал түймрийн улмаас шатсан гэх автомашин түймэр гарахаас өмнө нь шатсан, тухайн автомашиныг засварлаж байсан гэх хүн нь тус автомашины шатсан зүйлсийг засах гэж гараашинд оруулсан байсан талаар хэлж байхад нь аль хохирол нь өмнө шатсанаас үүсэлтэй, аль хохирол нь гараашинд гал гарснаас үүсэлтэй гэдгийг тогтоох талаар ажиллагаа хийгээгүй. Улсын байцаагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж тодорхой арга хэмжээ авах эрхтэй боловч энэ эрхээ хэрэгжүүлэхдээ шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн хохирол хэн учруулсан гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй байж шийтгэврийн арга хэмжээ авсан үйлдлийг эс зөвшөөрч гомдол гаргасан боловч шүүхээс энэ нөхцөл байдалтай холбоотой үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй.
3.2. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Засгийн газрын тогтоол нь талууд Түрээсийн гэрээ байгуулсан тохиолдолд хэрэгжихээр байна. Гэтэл би түрээсийн гэрээ байгуулах гээд очтол Н.А гэрээ байгуулсан тохиолдолд хэрэгжихээр байна. Гэтэл би түрээсийн гэрээ байгуулах гээд очиход Н.А гэрээ байгуулаагүй татгалзсан учир гэрээ байгуулж чадаагүй.
Тус шатсан гэх машины эзэн Д.М машинаа зарсан эсэх, даатгалын сангаас нөхөн төлбөр авсан эсэх асуудлыг зөрчил шалган шийдвэрлэсэн улсын байцаагч шүүх аль аль нь тодруулах үүрэгтэй ч энэ үүргээ хэрэгжүүлээгүй.
Миний хувьд гуравдагч этгээдээр машины эзэн Д.М тогтоогдох ёстой байтал хаа хамаагүй манай машинд засвар хийж байсан Н.А гэх хүнийг гуравдагч этгээдээр тогтоосон нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон.
3.3. Шүүх Эрчим хүчний яамны Эрчим хүчний бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын цахилгаан хэлтсийн шинжээч Б.Баясгаланбаатарын 2024 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн дүгнэлтийг буруу үнэлсэн, миний зүгээс шүүхэд гаргасан нотлох баримт, тайлбарыг үнэлээгүй. Иймд дээрх нөхцөл байдлуудыг шалган тогтоох үүргээ хэрэгжүүлэхгүйгээр шүүхээс хуульд нийцсэн эсэх, хэргийн нотлох баримтыг буруу үнэлсэн шийдвэр гаргасан хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 0562 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
2. Шүүх гомдлыг дараах үндэслэлээр хангахгүй орхив. Үүнд:
2.1. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар “Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 22 дугаар гудамжны 6*** тоотод байрлах Х.Мын эзэмшлийн 8х13 метрийн хэмжээтэй гараашинд гал түймэр гарч, иргэн Д.Мын засвар хийлгэж байсан 6****У*** улсын дугаартай “Тоёото хайландер загварын автомашин өртөж шатсан” гэх үндэслэлээр Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгож, иргэн А.Мд 18.065.000 /арван найман сая жаран таван мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг гомдол гаргагчаар төлүүлэхээр шийтгэл оногдуулсныг гомдол гаргагч Х.М эс зөвшөөрч “... иргэн Н.Аэд дулаан гараашийг түрээслүүлж байсан. Н.А нь Д.Мын машинд засвар үйлчилгээ үзүүлж байхад гал гарч автомашин галд өртсөн, ... Д.М автомашиныг хэдэн төгрөгөөр худалдан борлуулсныг эрх бүхий албан тушаалтан тодруулаагүйгээр хохирлын үнэлгээгээр нөхөн төлбөрийг төлүүлэхээр заасан нь хуульд нийцээгүй ...” гэх үндэслэлээр “2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00711480 дугаартай шийтгэлийн хуудасны нөхөн төлбөр болох 18.065.000 төгрөгийг хүчингүйд тооцуулах”-аар маргасан байна.
2.2. Анхан шатны шүүхээс “... Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Эмнэлгийн 22 дугаар гудамжны 6*** тоот хаягт байрлах 8х13 хэмжээ бүхий гараашны зориулалттай объектын цахилгааны шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлыг хариуцах үүрэгтэй бөгөөд тухайн тохиолдолд цахилгаан дамжуулах утсанд гэмтэл үүссэнээс үүдэн гал түймэр гарсан болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон тохиолдолд гомдол гаргагч талын “шийтгэл ногдуулсан нь хууль бус” гэх тайлбарыг хүлээн авах үндэслэлгүй, ... галын аюулгүй байдлыг хангах үүргээ хэрэгжүүлээгүй зөрчлөөс гомдол гаргагчийг чөлөөлөх үндэслэл болохооргүй байна.
... Гомдол гаргагч Х.М нь 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 1 дүгээр “Ажлын байр түрээслэх гэрээ”-г ирүүлсэн боловч гуравдагч этгээд Н.Аээс энэ гэрээг байгуулаагүй, гарын үсэг зураагүй, мөн гал түймрийн аюулаас учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаарх тохиролцоогүй гэж тайлбарласан энэ тохиолдолд гомдол гаргагч Х.М нь барилга байгууламжийг түрээсэлж байгаа иргэний хувьд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах талаарх дээрх Засгийн газрын тогтоолд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ, ... Х.М нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаж дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах эрхтэй байсан хэдий ч энэ хэрэгжүүлээгүй ... Энэ тохиолдолд гомдол гаргагчийн тайлбарлаж буй хохирлын үнэлгээ бодитой эсэх, иргэн Д.Мын даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, мөн шатсан машинаа худалдан борлуулсан эсэх нь хариуцагч албан тушаалтны үйл ажиллагаанд хамааралгүй, ...” гэх дүгнэлтүүдийг хийж, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болжээ.
2.3. Зөрчлийн хэрэгт Онцгой байдлын ерөнхий газрын Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/89 дүгээр “... шинжилгээнд ирүүлсэн 4 гэж тэмдэглэсэн цахилгааны утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгааны хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсэж бөмбөлөг үүсдэг ...” гэх шинжээчийн дүгнэлт, Цагдаагийн ерөнхий газрын мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 178/мэдээлэл/19 дүгээр “... гал гарсан шалтгаан нь цахилгаан дамжуулагч утсанд гэмтэл үүссэн /богино холболт, хэт ачаалал, шилжилтийн эсэргүүцэл г.м/ үүссэний улмаас гар гарсан байх үндэслэлтэй байна. Гал түймрийн голомт нь тус гараашны баруун хойд талаас үүсвэрлэн гарч шатах материалаар дамжин тархсан байна, ... Гамшиг судлалын хүрээлэнгийн аюулгүй байдлын үнэлгээний нэгдсэн төвийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 12/89 дугаартай утсанд бөмбөлөг үүссэн байна. Бөмбөлөг нь цахилгаан хэт ачаалал, богино холболт, шилжилтийн эсэргүүцлийн улмаас дамжуулагч утсанд богино холбоо үүсэх, эсвэл гал түймрийн улмаас цахилгаан дамжуулагчийн гадна тусгаарлагч дөлний нөлөөгөөр шатаж гүйдэл дамжуулагч хоорондоо нийлснээр богино холбоо үүсэж бөмбөлөг үүсдэг гэж тусгасан байна” гэх шинжээчийн дүгнэлтүүд гарсан байх бөгөөд хариуцагчаас эдгээр шинжээчийн дүгнэлтүүдийг үндэслэн маргаан бүхий 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 00711480 дугаар шийтгэлийн хуудсыг гаргасан байна.
2.4. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.11 дүгээр зүйлийн 5-д “Оролцогч шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй бол эрх бүхий албан тушаалтан, прокурорт энэ хуульд заасан журмын дагуу гомдол гаргаж болно”, 6-д “Оролцогчийн хүсэлтээр дахин шинжилгээг нэг удаа хийж болно” гэж тус тус заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Х.М шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан дахин шинжилгээ хийлгүүлэхээр гомдол гаргаагүй байна.
2.5. Энэ тохиолдолд гомдол гаргагч Х.М нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.1-д “ахуйн галын аюулгүй байдлыг бүрэн хангаж, холбогдох хууль тогтоомж, галын аюулгүй байдлын норм, нормативын баримт бичгийн шаардлагыг сахин биелүүлэх” үүрэгтэй гэж, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.3-д “техникийн ашиглалтын болон аюулгүй ажиллагааны дүрмийг мөрдөх”, 30.1.8-д “өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” үүрэгтэй гэж заасныг тус тус зөрчсөн төдийгүй Цахилгаан эрчим хүч хэрэглэх дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.11-д заасан “иргэн өөрийн сууц, гараж, хашаа, туслах аж ахуйн болон зуслангийн байшингийн цахилгаан шугам, дотоод холболт, цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах” гэж заасны дагуу өөрийн эзэмшлийн гараашны цахилгаан хэрэгслийн ашиглалт, аюулгүй ажиллагаа, галын аюулаас урьдчилан сэргийлэх шаардлагыг бүрэн хариуцах үүргээ хангалттай хэрэгжүүлээгүй гэж үзэж хариуцагчаас Зөрчлийн тухай хуулийн 5.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нэг зуун нэгж буюу 100,000 /Нэг зуун мянга/ төгрөгөөр торгож, иргэн А.Мд 18.065.000 /арван найман сая жаран таван мянга/ төгрөгийн нөхөн төлбөрийг төлүүлэх хариуцлага ногдуулсныг буруу гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
2.6. Гомдол гаргагчийн “... Түрээсийн гэрээ байгуулахаар очиход Н.А гэрээ байгуулаагүй татгалзсан учир гэрээ байгуулж чадаагүй. Д.М машинаа зарсан эсэх, даатгалын сангаас нөхөн төлбөр авсан эсэх асуудлыг тодруулаагүй, ... гуравдагч этгээдээр Д.Мыг оролцуулах ёстой байсан боловч оролцуулаагүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
2.7. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 339 дүгээр тогтоолоор батлагдсан “Галын аюулгүй байдлын үндсэн дүрэм”-ийн 2.1.7-д “Барилга байгууламжийг түрээслэх гэрээнд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдлыг хангах шаардлага, хариуцлагын талаар заавал тусгана” гэж заажээ.
2.8. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2023 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн огноотой 01 дүгээр Ажлын байр түрээслэх гэрээнд талууд гарын үсэг зураагүй, гал түймрийн аюулаас учирсан хохирлыг хэрхэн шийдвэрлэх талаар тусгаагүй, гэрээнд талууд гарын үсэг зураагүй, гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхээс “... гомдол гаргагч Х.М нь барилга байгууламжийг түрээсэлж байгаа иргэний хувьд тухайн барилга байгууламжийн галын аюулгүй байдал алдагдвал хэн хариуцлага хүлээх талаарх нөхцөл байдлыг түрээсийн гэрээнд тусгаагүй байх тул галын аюулгүй байдлыг хангах талаарх дээрх Засгийн газрын тогтоолд заасан үүргийг хэрэгжүүлээгүй гэж үзнэ” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй.
Хэдийгээр гомдол гаргагч нь иргэн Н.Атэй гал түймрээс урьдчилан сэргийлэхтэй холбоотой үүрэг хариуцлагыг тусгасан гэрээг бичгээр байгуулагдсан тогтоогдохгүй байх боловч “өөрийн өмчлөлийн гараашийг амаар хэлцэл хийж түрээслүүлсэн” гэж тайлбарлаж буй үйл баримттай холбогдуулан хохирол төлбөрийг хамтран хариуцах асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд хандаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэйг дурдах нь зүйтэй байна.
2.9. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3.1 дүгээр зүйлийн 2.5-д “Холбогдогч дараахь эрхтэй: зөрчил шалгах тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах”, 2.10-д “хуульд заасан бусад” гэж заасны дагуу гомдол гаргагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой хүсэлтийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад гаргах эрхтэй байсан боловч тус эрхээ хэрэгжүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн “... Х.М нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээг хүлээн зөвшөөрөөгүй тохиолдолд эрх бүхий албан тушаалтанд гомдол гаргаж дахин шинжээч томилуулж, дүгнэлт гаргуулах эрхтэй байсан хэдий ч энэ хэрэгжүүлээгүй, ... гомдол гаргагчийн тайлбарлаж буй хохирлын үнэлгээ бодитой эсэх, иргэн Д.М даатгалын нөхөн төлбөр авсан эсэх, мөн шатсан машинаа худалдан борлуулсан эсэх нь хариуцагч албан тушаалтны үйл ажиллагаанд хамааралгүй ...” гэх дүгнэлтийг буруу гэж үзэх үндэслэлгүй, энэ талаарх гомдол гаргагчийн “... гал түймрийн улмаас шатсан гэх автомашин аль хохирол нь өмнө шатсанаас үүсэлтэй, аль хохирол нь гараашинд гал гарснаас үүсэлтэй гэдгийг тогтоох ажиллагааг хийгээгүй, ... улсын байцаагч шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хохирол хэн учруулсан гэдгийг хангалттай нотлох баримтаар тогтоогоогүй ...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.
Ийнхүү анхан шатны шүүх хэргийг нотлох баримтад үндэслэж, Зөрчлийн болон Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг маргааны үйл баримтад зөв тайлбарлан хэрэглэж, хуулийн зорилт, зарчимд нийцүүлэн дүгнэж, гомдлыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь зөв байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 562 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гомдол гаргагч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гомдол гаргагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ