Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 113

 

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга  В.Орхон,

улсын яллагч Г.Мөнхбаяр,

хохирогч Д.Энхжин, түүний өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа /ҮД: 0257/,

шүүгдэгч Б.Дашням, түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар /ҮД: 1955/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Донгойд овогт Баттулгын Дашнямд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626031012 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Төв аймгийн Сэргэлэн суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, одоо Их засаг Олон улсын их сургуулийн 3 дугаар курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Төв аймгийн Сэргэлэн сум 1 дүгээр баг, Баянбүрд гэх газар оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Донгойд овогт Баттулгын Дашням /РД: НС96121516/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Дашням нь нь Хан-Уул дүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим иргэн Д.Энхжинтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, биед нь эрүүний баруун булан, ооч ясны хугарал, хамар ясанд хугарал, таславчийн мурийлт, 2 шүд авсан хүндэвтэр гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

                  

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Дашням: ...2016 оны 7 дугаар сарын 9-ний орой найз Жамсран, Аранжиндэмбэрэл нартай 19 цагийн үед шийдэн дээр сагсан бөмбөг нилээд орой болтол тоглосон. Бибаатар Аранжиндэмбэрэлтэй утсаар яриад хүрээд ир гэхэд Аранжиндэмбэрэл дэмбэрэл Бибаатарын эмээ, өвөөгийнх нь хашаа руу явсан. Би Жамсрантай хамт шөнийн 00 цагийн үед Энхжингийн байсан Өлзийт хороолол руу явсан. Тэнд очиход Энхжин болон хамт байсан хүмүүс нь нэлээн согтуу байсан. Би архи уугаагүй. Оргио гэх хүнийг урьд танихгүй, тухайн үед түүнтэй маргасан. Юунаас болж маргаснаа санахгүй байна. Бид хоёр заамдалцаад зогсож байхад Энхжин ирээд боль гээд миний гарыг барихад Оргио намайг нэг удаа цохиод зугтаасан. Тухайн үед Энхжин Оргио бид хоёрыг салгах гэж байсныг мэдээгүй. Оргиог өмөөрөөд намайг цохиулсан гэж ойлгоод би Энхжинтэй маргалдаад нүүр лүү нь гараараа 2 удаа цохисон. Гэтэл Жамсран бид хоёрыг салгаад би Жамсрантай хамт гэр лүүгээ явсан. Маргааш нь Бибаатар над руу утсаар залгаад чи Энжингийн эрүүг хугалсан байна гэж хэлсэн. Би Энхжинд эмчилгээний төлбөрт 1.140.000 төгрөг төлсөн...  гэв.

 

Хохирогч Д.Энхжин: ...2016 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө би ажлаа тараад Кино үйлдвэрийн буудал дээр Батдэлгэр, Пүрэвдорж нартай уулзсан. Гэтэл намайг Өлзийт хороолол руу хамт явах уу гэж хэлсэн. Тэгээд бид гурав хамт Өлзийт хороолол явсан. Бид нар Өлзийт хороолол явах замдаа Бибаатартай утсаар ярихад хурдан хүрээд ир гэж хэлсэн. Өлзийт хороололд очиход Бибаатар, Оргио, Түмүүлэн нар байсан. Тухайн үед Бибаатар нэлээн архи уусан согтуу байсан. Бид нар Өлзийт хороолол ороод нэг шил архи авч уугаад сууж байхад Жамсран, Аранжиндэмбэрэл, Дашням нар ирсэн. Тэгээд Жамсран, Дашням хоёр бид нартай байж байгаад явсан. 01 цагийн үед буцаж ирсэн. Тэр үед Оргио, Дашням хоёр маргалдаад заамдалцсан. Би маргааныг салгах гэж очоод больцгоо гээд Дашнямын гарыг барихад Оргио Дашнямыг нэг удаа цохиод зугтаасан. Тухайн үед Оргио, Дашням хоёрын маргааныг салгаж байхад Дашням намайг барьж байгаад Оригод цохиулсан гэж уурлаад миний нүүрэнд хоёр удаа цохисон. Миний хамраас цус гараад тогтохгүй байхаар нь Батдэлгэртэй хамт гэртээ харьсан. Гэртээ ороод ээжтэйгээ хамт эмнэлэг явсан. Би эмчилгээний зардалд 1.140.000 төгрөг авсан. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй... гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Хохирогч Д.Энхжин мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед өөрийн найз болох Пүрэвдорж, Батдэлгэр хоёртой кино үйлдвэрийн автобусны буудал дээр тааралдсан. Би найзуудтайгаа хамт Өлзийт хороололд ирсэн. Замдаа явж байхдаа найз Бибаатартай ярихад халамцуу байсан. Манай найз Бибаатарын гэр нь нисэхэд байдаг бөгөөд хамт Өлзийт явах уу гэж асуухад өөрөө Өлзийтөд байна гэсэн. Бид нар Өлзийт хорооллын 14 дүгээр хороон дээр уулзахаар болсон. Пүрэвдорж, Батдэлгэр бид нарыг очиход Бибаатар манай Өлзийт хороолллын хүүхэд болох Оргио, Тэмүүлэн нарын хамт байсан. Тэмүүлэн бид нартай уулзчихаад яваад өгсөн. Бид нар дэлгүүрээс 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй пиво 2 ширхгийг авсан. Тухайн үед Бибаатарт бас пиво байсан. Бид нар Бибаатарын өвөө, эмээгийнх нь амьдардаг байсан хоосон хашааны саравчинд очиж пивоо ууж эхэлсэн. Бибаатар, Пүрэвдорж хоёр, Дашням болон түүний найз нар болох Жамсран, Дэмбээ нар ирээд хамтдаа пиво уусан. 00-01 цагийн үед бид нар пивоо ууж байхад Оргио, Дашням нар маргалдаж эхэлсэн. Манай найз Бибаатар Оргиог дагуулаад ирсэн байсан болохоор маргаан, зодоон хийгээд яахав гэж бодоод маргааныг салгасан. Тэгтэл Дашням намайг цохисон. Би маргааныг салгатал Дашням Оргиог өмөөрлөө гэх шалтгаанаар дахин 1-2 удаа цохисон. Би газар унаад босож ирээд Дашнямтай зодолдох гээд ирэхэд манай найз нар салгасан. Харин Оргио яваад өгсөн. Би хашааны хойд хэсэгт байсан байшингийн зүүн буланд найз Пүрэвдорж, Дэмбээ нар сууж байхаар нь тэр хоёр дээр очоод юм ярьж байхад Дашням дахиад бид нар дээр ирсэн. Намайг Чи яахаараа Оргиог өмөөрдөг юм бэ гэж хэлээд миний хамар хэсэгт дахин нэг удаа цохисон. Би уур хүрээд Дашнямтай зодолдох гэж байхад Пүрэвдорж, Дэмбээ нар салгасан. Тэгтэл Дашням миний хамар луу нэг удаа гараагаа цохисон. Тэр үед миний хамарнаас цус гараад тогтохгүй байсан. Тэгтэл Дэмбээ, Дашнямыг аваад явсан. ...2016 оны 07 сарын 21-ний өдөр эмнэлэгт хэвтээд 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хагалгаанд орсон. Эмнэлэгт нийт 4 хоног хэвтсэн. Одоо гэрээрээ эмчилгээ хийлгэж байгаа. Амаа том ангайж чадахгүй, хамрын хугархайнаас болоод найтааж чадахгүй, сайн хоол цайгаа идэж чадахгүй байдалтай байна. ...Яг маргаан гарах ямар нэгэн ноцтой зүйл болоогүй. Ер нь найзууд дундаа маргаан зодоон гаргаад яах юм бэ гэж бодоод маргааныг салгасан. Дашням намайг зодсон. ...Дашням тасартлаа согтоогүй байсан. Манай найз нараас Пүрэвдорж, Батдэлгэр, Бибаатар, Оргио нар, харин Дашнямын найз нар болох Жамсран, Дэмбээ нар байсан. Дашням миний хамар хэсэгт 2 удаа, эрүү рүү 2-3 удаа гараараа цохисон. Намайг доошоо тонгойгоод сууж байхад гараараа толгойны дагз хэсэгт цохиж байсан... /хх-ийн 8-10, 11-13/ гэсэн,

 

Гэрч Б.Доржханд мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Манай хүү Энхжин нь 2016 оны 07 дугаар сарын 09-ний өглөө 07 цаг 30 минутын үед ажилдаа явна гээд гэрээсээ гарсан. ...01 цаг өнгөрч байхад манай хүү Энхжин гэртээ орж ирээд ээжээ  та босоод ирээч, нэг юм хараадах гэж хэлсэн. ...Хүүгээ харахад Энхжингийн хамарнаас цус гараад цариа нь хачин болсон байхаар нь чи чинь хэнд зодуулсан юм бэ гэж хэлээд тэмтэрээд үзэхэд шүд нь зай гараад хачин болсон байхаар нь эрүү нь хугарсан байна гэж бодоод бид нар эмнэлэг явахаар болсон. Тухайн үед Энхжингийн хамарнаас гарсан цус нь тогтохгүй байсан. ...Том хүүгээ дагуулаад гэмтлийн эмнэлэг явсан. Зураг авахуулаад гэмтлийн эмнэлэгт очиход хамар нь 3 хугарсан, эрүү нь 2 хугарсан байна гэж хэлсэн. Тэгээд бид нарыг 1 дүгээр эмнэлэг рүү явуулсан. Тухайн үед шууд хагалгаа хийгээгүй, 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр манай хүү хагалгаанд орсон ... /хх-ийн 14-16/ гэсэн,

 

Гэрч Э.Бибаатар  мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 23 цагийн орчим Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Барилгын дэлгүүр дээр Энхжин, Пүрэвдорж, Батдэлгэр, Оргио нартай уулзсан. Би тэр үед 3 савтай 2,5 литрийн савалгаатай пиво авсан байсан. Харин манай найз нар нэмж 4 пиво авсан. Бид нар манай хашаанд уг пивонуудаа уусан. Манай найз нарын нэг нь  Жамсран болон Дашням нар ирж байна гэж байсан. Тэгээд Дашням, Жамсран нар ирсэн. Тэр хоёрыг ирсэнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Ямар ч байсан их согтуу байсан учраас болсон явдлын талаар санахгүй байна. ...Би Энхжингийн гэрт очиход болсон явдлын талаар хэлж чадахгүй, эрүү нь хугарсан байдалтай боолттой байсан... /хх-ийн 17-19/ гэсэн,

 

Гэрч Э.Пүрэвдорж мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Энхжинтэй кино үйлдвэр дээр уулзаж Өлзийт хороолол руу хамт явсан. Тухайн үед Энхжин, Батдэлгэр, Лхагвасүрэн нартай хамт ирсэн. ...Тэгээд бид нар Бибаатарын хашаанд очиж уусан. Тухайн үед гадаа шөнө болсон байсан, миний санаж байгаагаар 00-01 цагийн үед байх пивоо уугаад дуусаж байхад  Дашням, Жамсран, Дэмбээ, Цэнгэл нар ирсэн. Бид нар хамт пиво уусан. Дашням уугаагүй. Нөгөө хэд нь уусан шиг санагдаж байна. Дэмбээ бид хоёр нөгөө хэдээс зайтай юм ярьж байхад Жамсран ирээд нөгөө хэд чинь маргалдаад байна гэж хэлсэн. Тэгээд очиход Цэнгэл Оргио 2 маргалдаж байсан, уг маргааныг Бибаатар салгасан байсан. Тэгээд Дэмбээ бид хоёр ойр зуурын юм ярьсан. Бид 2 юм ярьж сууж байхдаа тал савтай пиво уусан. Тэгтэл би тасарсан байсан. Цаашаа болсон асуудлын талаар мэдэхгүй байна. Маргааш өглөө нь гэртээ сэрсэн. Тэгтэл манай ангийн хүүхдүүд болох Янжинсүрэн, Түвшинжаргал, Бибаатар нар ирээд шөнө болсон асуудлын талаар хэлсэн.... /хх-ийн 20-22/ гэсэн,

 

Гэрч Б.Жамсран мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 19 цагийн үед Өлзийтөд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр уулзсан. Ер нь сагсан бөмбөг тоглох зорилготой байсан. Бид нар орой болтол сагс тоглосон. Цагийг нь тодорхой санахгүй байна. Би өөр хүнтэй уулзах гээд ганцаараа явсан. Цэнгэл, Дэмбээ гэх хүүхдүүд Бибаатар, Энхжин нар дээр очсон байсан. Би хүнтэй уулзаж байхад Дашням над дээр ирсэн. Цэнгэл, Дэмбээ гэх хүүхдүүдийг Бибаатар, Энхжин нар дээр очсон гэхээр нь би Дашнямын хамтаар тэд нарын байгаа газар болох Бибаатарын гэрт очсон. Дашням бид хоёрыг очих үед Бибаатар, Пүрэвдорж, Энхжин, Цэнгэл, Дэмбээ нар байсан, тэнд байсан хүмүүс пиво ууж байх шиг байсан. Цэнгэл согтсон байсан, харин Дэмбээ гайгүй байх шиг байсан. Харин Бибаатар, Пүрэвдорж, Энхжин нар пиво уусан байх шиг харагдаж байсан. Би Бибаатартай хамт байшингийн баруун талд нь юм яриад сууж байхад хүмүүс маргалдаад эхэлсэн. Тухайн үед Энхжин, Дашням нар маргах шиг болсон, гэхдээ харанхуй болсон учраас хэн хэнтэйгээ маргалдсаныг хараагүй, хүмүүсийн дуу чимээ гараад байхаар нь яваад очиход Дашням, Энхжингийн нүүрэн хэсэгт нь цохисон байдалтай харагдаж байсан. Би тэр хоёрын маргааныг салгаад Дашнямыг аваад явсан. Харин Энхжин хаашаа явсаныг мэдэхгүй байна... /хх-ийн 23-25/ гэсэн,

 

Гэрч Х.Аранжиндэмбэрэл мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Би 2016 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 19 цагийн үед Өлзийтөд байдаг сагсан бөмбөгийн талбай дээр тоглох гэж Дашнямтай уулзсан. Тэндээ 22 цаг хүртэл тоглосон. Тухайн үед Жамсран, Дашням нар өөр хүнтэй уулзана гээд явсан. Тэр хоёрыг явсаны дараа Бибаатарын хашаанд хүрээд ир гэж нэг нь дуудсан. Би Цэнгэлийн хамтаар Бибаатарын хашаанд очсон. Тухайн үед Пүрэвдорж, Батдэлгэр, Энхжин, Оргио, Бибаатар нар байсан. Тэд нар тухайн үед пиво ууцгааж байсан. Бид хоёр тэндээ сууж байгаад пивоноос нь уусан, мөн ойр зуурын юм ярьсан. 23 цаг өнгөрч байхад Жамсран, Дашням нар ирсэн. Пүрэвдорж бид хоёр Бибаатарын байшинд орж суугаад юм ярьж байхад гадаа хүмүүс маргалдах чимээ гарсан. Тэгэхээр нь гараад очиход Дашням, Энхжингийн нүүр хэсэгт гараагаа 2 удаа цохиж байгаа харагдсан. Энхжингийн хамарнаас цус гарчихлаа гэж хэлээд Батдэлгэртэй хамт доошоо тонгойсон. Тухайн үед Дашням хажууд нь байсан. Удалгүй Энхжин явсан, Дашням тэндээ үлдсэн, Жамсран, Дашням нар хамт явсан... /хх-ийн 26-28/ гэсэн,

 

Шинжээч эмч Т.Номинцэцэг мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: ...Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. ...Гараар нэг удаа цохиход үүсэх боломжтой гэмтэл юм. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хагалгаа  хийлгэхэд 2 шүдийг авсан байсан. ...Эрүүний булчингийн хугарал ооч ясны хугаралууд нь дангаараа хүндэвтэр, мөн нийлээд ч хүндэвтэр гэмтэлд хамаардаг. ...Тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байсан... /хх-ийн 41-42/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Дашням  мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: ...2016 оны 07 дугаар сарын 09-ний өдөр 20 цагийн үед Өлзийт хорооллын сагсан бөмбөгийн талбай дээр Дэмбээ, Цэнгэл, Жамсран нартай уулзсан. Орой харанхуй болтол тоглосон. 22 цагийн үед Цэнгэл, Дэмбээ хоёр Бибаатар, Энхжин, Пүрэвдорж нартай уулзахаар явсан. Би Жамсрантай уулзаад тэр хэдийн араас нь очсон. Бибаатарын хашаанд нь очиход тэнд байсан хүмүүс пиво ууцгааж байсан. Дөнгөж очоод удалгүй би Оргио гэх хүүхэдтэй маргалдсан. Оргио гэх хүүхдийг урьд нь таньж мэддэггүй байсан, тэр өдөр л харсан хүүхэд байгаа юм. Тэгтэл тэр Оргио гэдэг хүүхэд намайг чи атаман юм уу гэж хэлээд надаас хэрүүл өдөөд би түүнтэй маргалдсан. Маргалдаж байхад Энхжин голоор орж ирээд маргааныг салгах гэсэн. Энхжин миний гарыг бариад зогсож байхад Оргио гэх хүүхэд миний нуруу болон дагз хэсэгт гараагаа цохиод өөрөө зугтаагаад явсан. Тэгээд Оргиог явсаны дараа Энхжинд уурлаж, чи миний гарыг бариад хүнд зодуулчихлаа гэж хэлээд Энхжингийн нүүрэн хэсэгт нь 2 удаа цохисон. Энхжин тухайн үед намайг зодоогүй. Тэгтэл Дэмбээ, Жамсран нар зодооныг салгасан. Жамсран намайг аваад явсан. Энхжинг Батдэлгэр аваад явах шиг болсон. Энхжинтэй дараа нь уулзахад шүдэндээ аппарад шиг юм зүүсэн байсан. Гэхдээ намайг цагдаад өгсөн байгаа талаараа хэлээгүй. Би Энхжингээс уучлалт гуйж, утсаар ярьдаг байсан. ...Би гараагаа цохиж дээрх гэмтэлийг учруулсан.  ... Би тухайн үед архи уугаагүй. Харин Энхжин уухын хувьд уусан, гэхдээ тасартлаа согтоогүй байсан. ...Тухайн үед Оргио гэх хүүхэд маргааныг эхлүүлсэн. Оргио бид хоёрын яриа огт нийлэхгүй байсан. Тэгээд л маргаан эхэлсэн. ...Би Энхжингийн нүүр хэсэгт 2 удаа цохисон. Өөр ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй юм. ...Би Д.Энхжингийн нүүр хэсэгт л 2 удаа цохисон хаана цохисоноо мэдэхгүй байна... /хх-ийн 48-49, 50-51, 53-55/ гэсэн мэдүүлгүүд,

 

- Хохирогч Б.Энхжингийн Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн № 1159 тоот акт, дүгнэлтэд: ...Дүгнэлт 1. Энхжингийн биед эрүүний баруун булан, ооч ясны хугарал, хамар ясанд хугарал, таславчийн мурийлт, 2 шүд авсан гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид 2 шүдний уналт нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонгийг 10%-аар алдагдуулна.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... /хх-ийн 35-36 дугаар хуудас / гэсэн дүгнэлт, 

 

- Шүүгдэгч Б.Дашнямын иргэний үнэмлэхийн лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57, 58/,

- Тодорхойлолт /хх-ийн 63, 64/,

- Хохирогч Д.Энхжингийн өвчний түүх  /хх-ийн 68-73/,

- Хохирлын баримтууд /хх-ийн 75-78/,                                            

- Хохирлын мөнгө авсан баримт /хх-ийн 79/ зэрэг болно. 

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

 

Шүүгдэгч Б.Дашням нь Хан-Уул дүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2016 оны 07 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 00-01 цагийн орчим иргэн Д.Энхжинтэй Оргиотой маргалдаж байхад гарыг нь бариад хөдөлгөөнийг нь хорьж байгаад Оргиод зодууллаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж, түүний нүүрэн тус газарт нь цохиж, биед нь эрүүний баруун булан, ооч ясны хугарал, хамар ясанд хугарал, таславчийн мурийлт, 2 шүд авсан хүндэвтэр зэргийн гэмтлийг санаатай учруулсан гэмт хэрэг  үйлдсэн болох нь хохирогч Д.Энхжин, гэрч Б.Жамсран, Х.Аранжиндэмбэрэл нарын мэдүүлгүүд, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №1159 тоот дүгнэлт, шүүгдэгч Б.Дашнямын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Дашням болон Оргио гэх хүний хооронд маргаан үүссэн болох нь хохирогч Д.Энхжингийн ...00-01 цагийн үед бид нар пивоо ууж байхад Оргио, Дашням нар маргалдаж эхэлсэн... гэсэн, шүүгдэгч Д.Дашнямын ...Оргио гэх хүүхдийг урьд нь таньж мэддэггүй байсан, тэр өдөр л харсан хүүхэд байгаа юм. Тэгтэл тэр Оргио гэдэг хүүхэд намайг чи атаман юм уу гэж хэлээд надаас хэрүүл өдөөд би түүнтэй маргалдсан... гэсэн мэдүүлгүүдээр, шүүгдэгч Д.Дашням Оргио гэх хүнтэй маргалдаж байхад маргааны хохирогч Д.Энхжин салгасан болох нь түүний ...манай найз Бибаатар Оргиог дагуулаад ирсэн байсан болохоор маргаан, зодоон хийгээд яахав гэж бодоод маргааныг салгасан... гэсэн мэдүүлгээр тус тус тогтоогдож байна.

Улмаар шүүгдэгч Б.Дашням нь Оргиотой маргалдаж байхад Д.Энхжин түүний гарыг нь бариад хөдөлгөөнийг нь хорьж байгаад Оргиод зодууллаа гэх шалтгааны улмаас хохирогч Д.Энхжинг цохьсон нь Б.Дашням болон Оргио гэх хүний хоорондын маргааны дараа хувийн сэдэлтээр үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Дашнямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Энхжинд хүндэвтэр гэмтэл учирсан ба эмчилгээний зардалд нийт 1.140.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогч Д.Энхжингийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн ...Би эмчилгээний зардал гэж Б.Дашнямаас  1.140.000 /нэг сая нэг зуун дөчин мянган/ төгрөг авсан... гэсэн хохирлын мөнгө хүлээлцсэн баримт /хх-ийн 79/, шүүхийн хэлэлцүүлэг хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь энэ тухай мэдүүлж байх тул энэ шүүх хуралдаанаар хянан хэлэлцэх хохирол төлбөргүй болно.

Хохирогч Д.Энхжин эрүүндээ хадаас хадуулах хагалгаанд орсон, 6 сараас 12 сарын дараа хадаас авахуулах хагалгаанд орох учир энэ зардлаа дараа нь жич нэхэмжилнэ гэсэн тул хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

Шүүх шүүгдэгч Б.Дашнямд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

 

Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй  тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Эрүүгийн 201626031012 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй гэснийг тус тус дурдав.

 

Монгол улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296 дугаар зүйл, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Донгойд овогт Баттулгын Дашнямыг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Донгойд овогт Баттулгын Дашнямд  02  /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

      

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дах хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дашнямд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй ангид эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн 201626031012 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүний  иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хохирогч гомдол саналгүй, хохирогч Д.Энхжин нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Б.Дашнямд оногдуулсан 2 жилийн хугацаагаар  хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Төв аймгийн цагдаагийн газарт даалгасугай.

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Дашнямд урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                          Д.АЛТАНЖИГҮҮР