Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Бат-Эрдэнэд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Ерөнхий шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Ш.Сувд-Эрдэнэ, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргал түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолтой Г.Бат-Эрдэнэд холбогдох эрүүгийн 1836001750163 дугаартай хэргийг улсын яллагчийн эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргал түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг, шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хэлэлцэв.

            Монгол Улсын иргэн, 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, менежмент төрийн захиргаа мэргэжилтэй, урьд ял шийтгэлгүй, Ажаа овогт Ганбатын Бат-Эрдэнэ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” төвийн үүдэнд 2018 оны 10 дугаар сарын 06-ны орой иргэн Ч.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож улмаар амь насыг нь хохироосон гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “ Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд холбогдуулан Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, Шүүгдэгч Ажаа овогт Ганбатын Бат-Эрдэнийг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бат-Эрдэнийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнэд оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Г.Бат-Эрдэнээс энэ тогтоолоор гаргуулах хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 1-д зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргал нь гэм хор учруулсны төлбөрийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэжээ.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргал түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг нарын давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан гэрчийн мэдүүлгүүдийг үнэн зөвөөр үнэлээгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь заалтыг анхан шатны шүүх зөрчсөн. Г.Бат-Эрдэний зүйлчлэлийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр өөрчилсөнд гомдолтой байна. Хэрэгт гэрч Б.Лхүндэвжав нь “Итгэл” бааран дотор Г.Бат-Эрдэнэ нь амь хохирогч Ч.Батжаргалыг бүжгийн талбайд нэг удаа элэгдэж зодсон, баарнаас гадагш дагуулж гараад зодоод унагаасан гэдгийг мэдүүлдэг, мөн шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэдгээ хохирогчийн өмгөөлөгч миний асуултанд хариулахдаа мэдүүлсээр байхад анхан шатны шүүх нь хүндрүүлэх нөхцөл байдал байхгүй байна гэж дүгнэсэн нь шийтгэх тогтоол үндэслэлгүй гарчээ. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ түүний өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 3, 4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд Ховд аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан хүнийг алах гэмт хэрэг үйлдсэнээр зүйлчлэн ирүүлсэн нь шүүгдэгч Г.Бат-Эрдэнийн удаа дараа өгсөн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ гэжээ. Тухайн өдөр шүүгдэгч болон амь хохирогч нарын хооронд үүссэн маргааныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэсэн байр сууринаас дүгнэж хүндрүүлэх шинжээр нь зүйлчлэх нь учир дутагдалтай юм. Хүнийг алах тодорхой сэдэлттэй, тодорхой маргааны улмаас үүссэн хэрэг хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох хэрэг хоёрыг ялгаатай авч үзэж зүйлчлэх ёстой. Гэм буруугийн санаатай хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний хүсч үйлдсэн хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршигт зориуд хүргэсэн байдаг. Гэтэл гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хор уршиг учирсан байдгаараа санаатай гэмт хэргээс ялгаатай юм. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Г.Бат-Эрдэнийг  1/нэг/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан  шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-т хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно гэжээ. Шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ нь бага насны хоёр хүүхэдтэй, эхнэр нь тодорхой эрхэлсэн ажилгүй, орон сууцны зээлтэй анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 17,166,428 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Цэцэгжаргалд өгсөн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж Г.Бат-Эрдэнэд оногдуулсан хорих ялыг тэнсэж өгнө үү гэв.

Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гарсан тайлбартаа: Г.Бат-Эрдэнэд Ховд аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж мөн зүйлд зааснаар Г.Бат-Эрдэнэийг нэг жилийн хорих ялаар шийтгэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй юм. Шүүгдэгч Г.Бат-Эрдэний.....гарыг нь тавилах гэхэд тавихгүй бид хоёр хамт унасан би дээр нь дарж унасан. Унаад босоход толгой нь бага зэрэг язарсан байсан гэх мэдүүлэг, болон гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Г.Бат-Эрдэнэ хохирогч Ч.Батжаргал нар нь маргаж барилдаж авах яввцдаа Итгэл төвийн үүдний замын хашлага болох улаан алаг боржур мөргөж унаж толгойндоо гэмтэл авсан болох нь шинжээчийн .... Ч.Батжаргалын цогцост учирсан тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл нь үхэлд хүргэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтэд дурьдсанаар талийгаач нь тархины баруун чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа гэмтэл авсан болох нь гэрч Б.Баттулга, С.Нагашбай, Б.Анхбаяр, Б.Батбулга нарын мэдүүлгүүд болон шинжээчийн дүгнэлтийг үнэлсэн болно. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөрүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар болон мөрдөн байцаалтын шатанд гэрч Б.Лхүндэвжав, шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн гэрч Б.Лхүндэвжавын мэдүүлгүүд болон бусад гэрч нарын мэдүүлгээр Г.Бат-Эрдэнэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдож байна. Мөн шүүхээс прокурорын яллах дүгнэлт түүний үндэслэл болсон нотлох баримтуудыг огт үгүйсгэж, няцаагаагүй нь шүүхийн шийтгэх тогтоол хуль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Шүүхээс зүйлчлэл өөрчилж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж шүүгдэгчид ял завшуулж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна гэсэн хуулийн шаардлага хангаагүй байна. Г.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж яллаж, шүүх хураалдаанаар хэлэлцүүлсэн яллах талын нотлох баримтууд болон цагаатгах, ял хөнгөрүүлэх талын нотлох баримтанд дүн шинжилгээ хийж ямар учраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гэж үзэж байгаа талаараа үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарласан гэж үзэж байна. Шийтгэх тогтоолын дээрх заалтуудад дүгнэлт хийхэд шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхээс Эрүүгийн хуулийг буруу хэрэглэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж шүүгдэгчийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн үндэслэл тогтоогдож байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх үйл ажиллагаа, шийтгэх тогтоолыг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн шүүгдэгч болон түүний өмгөөлдөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна.

            Ховд аймгийн  прокурорын газраас шүүгдэгч Г.Бат-Эрдэнийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ховд аймгийн Жаргалант сумын Баатархайрхан багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Итгэл” төвийн үүдэнд 2018 оны 10 дугаар сарын 6-ны орой иргэн Ч.Батжаргалтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдах явцдаа зодолдож   улмаар ”хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэнд   холбогдуулан  Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд гэрч М.Лхагвадорж, Б.Лхүндэвжав, З.Энхсайхан нарын мэдүүлэг болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтаар түүнийг болгоомжгүйгээр хүний амь нас хохироосон үйлдэл нь тогтоогдож байна гэх үндэслэлээр   прокуророос түүнд ял сонсгож яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1-д заасан зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөн Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1-д заасан хүний амь насныг болгоомжгүйгээр хохироох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх эрүүгий хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дараах журмыг зөрчжээ. Үүнд:

  1.Эрүүгийн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д зааснаар “шүүх нотлох баримтаар тогтоодсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” Гэж хуульчилжээ. Анхан шатны шүүх шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг дээрх хуульд зааснаар хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгаагүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3.-т заалтад нийцээгүй байна.                                                                                                                                                                                  

Шүүх  Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн талаар ямар нөхцөл байдал тогтоогдсон, уг нөхцөл байдал нь ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа болон ямар нотлох баримтуудаар уг гэмт хэргийн шинж үгүйсгэгдэж байгаа байдлын талаар тодорхой бичээгүй, прокурорын яллах дүгнэлтэнд тусгагдсан нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ тодорхой тусгаагүй байхаас гадна шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх, зүйлчлэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлын үндэслэлийг шийтгэх тогтоолд тодорхой, ойлгомжтой бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1. дэх заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 –д заасан “шүүхийн шийдвэр нь ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэх шаардлагыг хангаагүй байна. Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3–д заасан шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлд хамаарч байна. Давж заалдах шатны шүүх нь анхан шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтой гэж үнэлэх боломжгүй болно.

2.Хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч Г.Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх  ажиллагаанд А.Асимхан нь иргэдийн төлөөлөгчөөр оролцжээ. /2 дугаар хх-ийн 180-182 дугаар тал,3 дугаар хавтас хх-ийн 25,89 дугаар тал/ Шүүх хуралдаан даргалагчаас шүүгчийн эцсийн үг хэлсний дараа “иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт” гэсэн дарааллаар шүүх  хуралдааныг явуулахаар  дараалал тогтоосон байна. /3 дугаар хавтас хх-ийн 87 дугаар тал/

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.26 дугаар зүйлд зааснаар “Иргэдийн төлөөлөгч нь энэ хуулийн 35.25 дугаар зүйлд заасан ажиллагаа явагдаж дуусны дараа шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан саналаа уншиж сонсгож болно.” гэж хуульчилжээ. Энэ хуульд зааснаар иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгчийн гэм буруугийн талаарх санлаа бичгээр гаргахаар хуульчилсан байна. Анхан шатны шүүх нь дээрх хууль болон шүүх хуралдаан явуулах дарааллын дагуу тус шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгчийн саналын талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгаагүй байна. Шүүх иргэдийн төлөөлөгчийн саналын талаар тэмдэглэлд тусгаагүй нь “Шүүх хуралдааны тэмдэглэлд “... шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” Гэж заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь заалтыг ноцтой зөрчжээ.

Гуравдугаар хавтаст хэргийн 24 дүгээр талд бичгийн баримт байх бөгөөд уг баримтыг  хэн хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар  учир шалтгааны улмаас үйлдсэн болох нь ойлгомжгүй тодорхойгүй байна. Уг бичгийн баримтыг шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчийн шүүгдэгчийн гэм буруугийн талаар бичгээр гаргасан санал гэж үзэх боломжгүй байна. 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг  шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож байгаа тул шүүгдэгчийн гэм буруугийн талаар давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ховд аймгийн Булган сум дахь сум дундын  шүүхийн 2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 30 дугаартай  шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны  шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2.Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч  Г.Бат-Эрдэнэд  цагдан хорихоор авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр  зүйлийн 2 дахь хэсэг, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1,3.2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан,эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон  үндэслэлээр оролцогч хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Б.ДАМБА

 

                                              ШҮҮГЧИД                                       М.НЯМБАЯР

 

                                                                                                      Н.ТУЯА