| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2018/03232/и |
| Дугаар | 102/ШШ2019/00246 |
| Огноо | 2019-01-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 17 өдөр
Дугаар 102/ШШ2019/00246
2019 оны 1 сарын 17 өдөр Дугаар102/ШШ2019/00246 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
нэхэмжлэгч:Сүхбаатар дүүрэг, 5 дугаар хороо, Нарны зам 81, Жи Эс цамхаг 7-701 тоот хаягт байрлах Рэйлроүд инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй,
хариуцагч: Баянгол дүүрэг, 10 дугаар хороо Хаппи төв 501 тоотод оршин байрлах, Спо инженеринг ХХК-д холбогдох,
158.98 м2 дөрвөн орон сууц нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага алданги 51.800.000 гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Учрал, Д.Содномдаржаа, хариуцагч В.Болд, гэрч Б.Батсүрэн нар оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Л.Уянга хөтлөв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Учрал шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Рэйлрөүд инженеринг ХХК болон Спо инженеринг ХХК-ийн хооронд 2013 оны 8 сарын 07-ны өдөр №15 Орон сууцны барилгын хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдсан. Энэ талаар талуудын хооронд маргаан байхгүй. Гэрээний дагуу 103,600,000 төгрөгийг хариуцагчийн хүсэлтээр шилжүүлсэн. Барилга баригдсан газрын төлбөрийг Баярлах, Жавхлантулга нарт шилжүүлсэн. Мөн В.Болдын өмчлөлийн Өгөөмөрцэрэн ХХК-д тодорхой хэмжээний төлбөр шилжүүлсэн байдаг. Гэрээний дагуу барьсан барилга болох Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 3б хаягт байрлалтай 6 давхар үйлчилгээний орон сууцны 5 давхар буюу 158.98 м.кв 4 орон сууцыг өнөөдрийг хүртэл Рэйлроүд инженеринг ХХК-д шилжүүлээгүй. Мөн хариуцагч барилга барих явцдаа 48,000 ширхэг тоосго буюу тухайн үеийн ханшаар нэг тоосгыг 280 төгрөгөөр тооцож 13,440,000 төгрөгийн барааг авсан боловч төлөөгүй. Энэ тоосгыг Б.Цэнд-Аюуш нь өөрийн эзэмшлийн 3993УНО дугаартай автомашинаа өгч худалдан авч өгсөн. Б.Ганхөлөг, С.Тогтохбаяр нартай 48,000,000 төгрөгийн орон сууцны гэрээ байгуулсан боловч барилга ашиглалтад орохгүй байсан тул Б.Цэнд-Аюуш нь мөн өөрөөсөө хохирлыг нь барагдуулсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг зэргээр тогтоогдож байгаа. Иймд 2013 оны 8 сарын 07-ны өдөр №15 Орон сууцны барилгын хөрөнгө оруулалтын гэрээний дагуу зохих хөрөнгө оруулалтыг хийсэн бөгөөд оруулсан нэмэлт хөрөнгө оруулалт, зардал, гэрээний дагуу 0.3 хувийн алданги зэргийг оролцуулан гэрээний үүргийн биелэлтийг хангуулж, гэрээний зүйл болох Баянгол дүүрэг 10 дугаар хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 3б хаягт байрлалтай 6 давхар үйлчилгээний орон сууцны 5 давхар буюу 158.98 м.кв 4 орон сууцыг Рэйлроүд инженеринг ХХК-ийн өмч болохыг тогтоож, алданги 51,800,000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Бид хөрөнгө оруулалтыг гэрээнд зааснаас давсан хэмжээгээр хийсэн байдаг. Иймд Рэйлроүд инженеринг ХХК-ийн зөрчигдсөн эрхийг сэргээж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү... гэв.
Хариуцагч В.Болд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Рэйлроүд Монголиа ХХК байхад нь Орон сууцны хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. 4 орон сууцыг м.кв биш 25,000,000 төгрөгөөр тооцож гэрээлсэн боловч Рэйлроүд инженеринг ХХК нь Спо инженеринг ХХК-ийн данс, санхүү тайланд тусгаж нэг ч төгрөг шилжүүлээгүй. Б.Цэнд-Аюуш гэдэг хүн Рэйлроүд инженеринг ХХК-ийн гүйцэтгэх захирал боловч мөн Спо инженеринг ХХК-ийн 40 хувийн хувьцаа эзэмшдэг, надтай адил эрх үүрэгтэй компаний үйл ажилллагаанд оролцдог байсан. 2013 онд энэ гэрээг хийж байхад Б.Цэнд-Аюуш манай компаний санхүү хариуцсан захирал байсан. В.Болд миний бие Өгөөмөрцэрэн компаний шугамаар Рэйлроүд инженеринг ХХК-д 250,000,000 төгрөгийн ажил хийж өгсөн ба 75,000,000 төгрөг, 17,000,000 төгрөгөөр гэрээ байгуулж үлдсэн мөнгөн дүнгийн гэрээг хийе гэсэн ч хийгээгүй мөнгийг миний нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгч талын шинээр гаргаж өгсөн 4 баримтын тухайд 2014 онд Нүүдэлчин группын Эрдэнэт хотод барьсан үр будаа буулгах пункерын бетоны төлбөрт 15,000,000 төгрөг, туслах материал болон арматурын төлбөрт 4,000,000 төгрөг, ажилчдын цалинд 3,000,000 төгрөг шилжүүлсэн баримт байна. Тухайн үед компаний тамга тэмдэг хотод байсан тул би компаний данснаас мөнгө авч чадахгүй болж миний дансанд шилжүүлсэн. Баярлах, Жавхлантулгад төлсөн газрын төлбөрийн тухайд Дорноговь аймгийн өргөн суманд барьсан Мак компаний өндөрлөсөн тавцан, Эрдэнэт хотод барьсан гурилын үйлдвэрийн ажлын цалинггазрын төлбөрт шилжүүлж өгөөч гэж би Б.Цэнд-Аюушд санал тавьсан. Бид амаар харилцан тохирч энэ мөнгийг шилжүүлсэн. Өгөөмөрцэрэн компанируу шилжүүлсэн 25,000,000 төгрөг нь ажлын хөлсөнд гэж шилжүүлсэн. Б.Цэнд-Аюуш Спо инженеринг ХХК-иас 1,2,3 сая төгрөгөөр нь авсан баримтууд байгаа ч би гаргаж өгөх боломжгүй битүүмжлэлтэй байж байгаад одоо манай гэрт байгаа. 3,000,000 төгрөг, 2,000,000 төгрөг миний нэр дээр, Өгөөмөрцэрэн компаний нэр дээр шилжүүлсэн баримт байгаа. Б.Цэнд-Аюушын хувийн орон сууцны зураг төсөл хийсэн 7,000,000 төгрөгний гэрээ байгаа хэрэгт хавсаргаагүй. Энэ гэрээний дагуу урьдчилгаа шилжүүлсэн боловч үлдэгдлээ шилжүүлээгүй, манайх бүх зураг төслөө хийж өгсөн. Тоосгоны асуудлын тухайд Б.Цэнд-Аюуш бид 2 ярилцаад Дарь-Эхэд байдаг тоосгоны үйлдвэрээс авахаар болж 1 ширхэгийг 130 төгрөгөөр бодож нэхэмжлэх ирсэн. Нэхэмжлэхийн хуулбарыг Б.Цэнд-Аюушд өгч би төлж чадахгүй нь чи төлөөч гэж хэлсэн, тэр мөнгийг нь төлсөн. Яагаад гэвэл компаний хувьцаа эзэмшигч тул барьж байгаа барилгад хөрөнгө оруулах ёстой. Би төл гэж шаардаагүй, өөрөө төлье гэсэн. 2013 онд ланд 200 маркийн автомашинийг Арабаас авчруулж ахдаа бэлэглэсэн. Миний хажуудбэлэглэлийн гэрээгээ хийсэн. Автотээврийн үндэсний төв дээрээс гэрээг нь шүүж үзвэл гарч ирнэ. 2 хүн байр захиалсан тухайд 2 хүн байр захиалъя гэж байна мөнгийг нь аваад оруулах уу гэж асуухад нь өөрийнхөө авна гэсэн 4 орон сууцанд оруул, би мэдэхгүй гэсэн. Хөрөнгө оруулалт гэж надруу мөнгө шилжүүлсэнгүй, надад шилжүүлсэн мөнгө нь ийм учиртай, ажлын хөлс юм гэж албан ёсоор сануулж байсан. Спо инженеринг ХХК-тай байгуулсан байр захиалсан гэсэн хөрөнгө оруулалтын гэрээ байх ёстой, тийм гэрээ байхгүй. Иймээс би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Гэрээний дагуу Рэйлроүд инженеринг ХХК-иас Спо инженеринг ХХК-д хөрөнгө оруулалт гэж нэг ч төгрөг оруулаагүй тул гэрээний үүргийг биелүүлэхээс татгалзсан. Анх гэрээ байгуулахдаа Рэйлроүд инженеринг ХХК хөрөнгө оруулалтын 100,000,000 төгрөгийг 150,000,000 төгрөг болгож авъя гэж ярилцаад барьцаанд нь 4 байр гэж оруулсан. Баярлах гэж хүний гэрчийн мэдүүлэгт ч Б.Цэнд-Аюуш гэж хүн санхүү хариуцсан захирал гэж ирж уулзсан гэсэн байгаа. Баярлахтай байгуулсан гэрээнд ч В.Болд, Б.Цэнд-Аюуш гэж гарын үсэг зурсан байгаа... гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Рэйлроүд инженеринг ХХК нь хариуцагч Спо инженеринг ХХК-д холбогдуулан Баянгол дүүргийн 10 хороо, Зүүн наран 18 дугаар гудамж, 3б хаягт байрлалтай 6 давхар орон сууцны 5 давхарт буюу нийт 158.98 м2 дөрвөн орон сууц нэхэмжлэгчийн өмч болохыг тогтоолгох, гэрээний үүргээ биелүүлээгүйн хариуцлага алданги, зардалд 51.800.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага үндэслэлээ ... 2013 оны 08 сарын 07-ны өдөр талуудын хооронд байгуулагдсан гэрээний үүргийн дагуу орон сууцны төлбөрийг бэлнээр болон дансаар шилжүүлсэн... гэж тайлбарласныг хариуцагч эс зөвшөөрч ...нэхэмжлэгч тал тухайн гэрээний үүрэгт Спо инженеринг ХХК-ны дансанд ямар ч мөнгө шилжүүлээгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.
Хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2013 оны 08 сарын 07-ны өдөр 15 тоот орон сууцны барилгын хөрөнгө оруулалтын гэрээ нэхэмжлэгч буюу хөрөнгө оруулагч Рэйлроүд инженеринг ХХК, хариуцагч буюу гүйцэтгэгч Спо инженеринг ХХК нарын хооронд бичгээр байгуулагджээ.
Уг гэрээгээр Баянгол дүүрэг, 10 хороо, Зүүн нарангийн 18 дугаар гудамж 3б тоот хашаанд байрлалтай 18640311149833 нэгж талбарын дугаартай, Г-2205001435 дугаар бүхий хувийн өмчийн 430м2 газар дээр хариуцагч өөрийн компаний барьж буй үйлчилгээтэй 6 давхар орон сууцны зориулалттай барилгын ажилд нэхэмжлэгчээс 103.600.000 төгрөгийг санхүүжилтээр хүлээн авч, дууссан барилгын 5 давхарт тус бүр нь 42.89м2 талбай бүхий 2 өрөө орон сууц 2 ширхэг, тус бүр нь 36.6м2 талбай бүхий 1 өрөө орон сууц 2 ширхэг нийт 158.89м2 талбай бүхий 4 айлын орон сууцыг 2014 оны 03 сарын 31-ны өдөр барилгын ажлыг дуусган ашиглалтад оруулж нэхэмжлэгчид хүлээлгэн өгөхөөр,
нэхэмжлэгч гэрээний дагуу эхний санхүүжилтийн 60.600.000 төгрөгийг гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 1 хоногийн дотор, хоёр дахь санхүүжилтийн 43.000.000 төгрөгийг эхний санхүүжилтээс хойш 1 сарын хугацаанд хариуцагч талд төлөх, ашиглалтад орсон орон сууцыг хүлээн авахаар харилцан тохиролцсон байна. /хэргийн 8 дугаар тал/
Энэ нь зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэхь хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэл болж байна.
Дээрхи гэрээ нь зохигчдын хүсэл зоригийн илэрхийлэл болсон, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д заасан шаардлагыг хангасан байх тул Рэйлрөүд инженеринг ХХК болон Спо инженеринг ХХК-ийн хооронд 2013 оны 8 сарын 07-ны өдөр №15 орон сууцны барилгын хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр хэлцэл байна.
Хэлцэл хийгдсэн, хүчин төгөлдөр эсэх талаар зохигчид маргаагүй.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасны дагуу ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь ажлын үр дүнг хүлээн авч хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.
Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д хуульд өөрөөр заагаагүй бол гүйцэтгэсэн ажлын хөлсний хэмжээ болон хөлс төлөх арга, журам, хугацааг талууд тохиролцож тодорхойлно, мөн хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д талууд өөрөөр тохиолцоогүй бол ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөх үед хөлс төлнө гэжээ.
Зохигч талуудын хооронд байгуулагдсан гэрээгээр нэхэмжлэгч ажлын хөлсийг хариуцагч ажлыг бүрэн гүйцэтгэж, ажлын үр дүнг хүлээлгэн өгөхөөс өмнө төлөхөөр тохиролцсон байна.
Өөрөөр хэлбэл зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний 4-д заасны дагуу, гэрээ 2013 оны 08 сарын 07-ны өдөр байгуулагдсан, гэрээнд гарын үсэг зурснаас хойш 1 хоногийн дотор эхний санхүүжилт буюу 60.600.000 төгрөгийг нэхэмжлэгч 2013 оны 08 сарын 08-ны өдрийн дотор хариуцагчид, үүнээс хойш 1 сарын хугацаанд буюу 2013 оны 09 сарын 08-д 43.000.000 төгрөгийг хариуцагчид төлсөн байх үүргийг хүлээжээ.
Талуудын хооронд байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн буюу үйлчилгээтэй 6 давхар орон сууцны зориулалттай барилгын 5 давхарт тус бүр нь 42.89м2 талбай бүхий 2 өрөө орон сууц 2 ширхэг, тус бүр нь 36.6м2 талбай бүхий 1 өрөө орон сууц 2 ширхэг нийт 158.89м2 талбай бүхий 4 айлын орон сууц байна.
Хариуцагчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар үйлчилгээтэй 6 давхар орон сууцны барилгын ажил дууссан хэдий ч улсын коммис хүлээн аваагүй хуулийн дагуу бүрэн ашиглалтад ороогүй байна.
Нэхэмжлэгч ажлын үр дүн буюу энэхүү 4 айлын орон сууц өөрийн өмч болохыг тогтоолгохын тул эхлээд өөрөө гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн буюу хөлсөө бүрэн төлсөн байх, хоёрдугаарт тухайн ажлын үр дүнд, өөрийнх нь төлсөн хөлс шингэсэн байх урьдчилсан нөхцлийг талуудын хооронд байгуулсан гэрээний 4 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1-д зааснаар шаардна. Энэхүү урьдчилсан нөхцөл буюу үүргээ биелүүлсэн бол нэхэмжлэгч нь хариуцагчаас ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хариу үүрэг шаардах эрхтэй болно.
Гэтэл нэхэмжлэгчийн гэрээгээр хүлээсэн дээрхи үүргээ биелүүлснийг нотолж буй баримтууд нь энэ гэрээний үүргийг биелүүлснийг нотлох баримт гэж үзэхэд эргэлзээтэй, гэрээг байгуулахаас өмнө мөнгө төлсөн, эсхүл мөнгө төлөх гэрээнд заасан хугацаа өнгөрсөн байхад мөнгө төлсөн, гэрээний оролцогч биш этгээдүүдийн хооронд мөнгө шилжсэн, иргэд хоорондын мөнгө шилжүүлсэн зэрэг дараах баримтуудыг ирүүлсэн байна.
1.гэрээ байгуулагдахаас өмнө төлбөр төлсөн баримт 2013 оны 06 сарын 07-ны өдөр нэхэмжлэгчээс Болдод газрын төлбөрт 4000.000 төгрөг, 2013 оны 06 сарын 25-ны өдөр Цэнд-Аюушаас Жаргалтулгад 16.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2013 оны 06 сарын 04-ны өдөр нэхэмжлэгчээс Б.Баярлахад газрын урьдчилгаа 20.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, /хэргийн 9, 12, 14 дүгээр тал/
2. 2013 оны 10 сарын 04-ны өдөр Цэнд-Аюушаас Баярлахад 20.000.000 төгрөг шилжүүлсэн баримт гүйлгээний утга байхгүй, 2014 оны 10 сарын 31-ны өдөр нэхэмжлэгчээс Өгөөмөрцэрэн ХХК-д гэрээт ажлын урьдчилгаа 25.000.000 төгрөг хүлээлгэн өгсөн баримт, 2014 оны 08 сарын 29-ны өдөр Цэнд-Аюушаас Болдод гүйлгээний утга бичигдээгүй 2.000.000 төгрөг шилжүүлсэн баримт,2014 оны 9 сарын 30-ны өдөр Б.Цэнд-Аюушаас В.Болдод гүйлгээний утга бичигдээгүй 3.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2014 оны 11 сарын 10-ны өдөр нэхэмжлэгчээс В.Болдод гүйлгээний утга бичигдээгүй 15.000.000 төгрөг шилжүүлсэн баримт, 2014 оны 11 сарын 28-ны өдөр нэхэмжлэгчээс В.Болдод ажлын хөлс 5.000.000 төгрөг шилжүүлсэн баримтуудыг ирүүлсэн байна. /хэргийн 11, 13, 01, 02, 03, 04 дугаар хуудас/
3. 2011 оны 09 сарын 26-ны өдөр 02 тоот туслах гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ нэхэмжлэгч руй ХХК, Өгөөмөрцэрэн ХХК-ны хооронд, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Рей ХХК захирал Б.Цэнд-Аюуш, Өгөөмөрцэрэн ХХК захирал В.Болд нарын хооронд туслан гүйцэтгэгчээр ажил гүйцэтгэх гэрээ тус тус байгуулагдаж байсан байна. /хэргийн ... дугаар тал/
2013 оны 08 сарын 07-ны өдрийн 15 тоот гэрээ нь хуулийн этгээдүүдийн хооронд байгуулагдсан хэлцэл бөгөөд нэхэмжлэгчийн ирүүлсэн ажлын төлс төлсөн болохоо нотлож буй дээрхи баримтууд нь нэг бол гэрээ байгуулахаас өмнө, нэг бол гэрээний хугацаа дууссан хойно мөнгө төлсөн, эсхүл гэрээний оролцогч биш талуудын хооронд мөнгө төлсөн баримтууд байна. Мөн дээрхи баримтууд нь 2011 оны 09 сарын 26-ны өдөр, 2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Рэйлроүд инженеринг ХХК болон Өгөөмөрцэрэн ХХК-ны хооронд байгуулагдсан гэрээний үүрэг байж болох бөгөөд аль нь аль гэрээний үүрэгт хамааралтай төлбөрийн баримт болох нь тодорхойгүй эргэлзээтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй.
Хуульд заасан журмын дагуу нэхэмжлэгч өөрийн шаардлага, үндэслэл, тайлбараа нотлох үүргээ биелүүлээгүй буюу гэрээний дагуу ажлын хөлс төлөх үүргээ зохих ёсоор бүрэн биелүүлснээ нотлоогүй тул түүнд хариуцагчаас гэрээний үүрэг болон хариуцлага шаардах эрх үүсээгүй, хариуцагчийн татгалзал үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч Спо инженеринг ХХК-д холбогдуулан гаргасан 158.89м2 талбай бүхий 4 айлын орон сууц Рэйлроүд инженеринг ХХК-ны өмч болохыг тогтоолгох, нэмэлт хөрөнгө оруулалт зардал,алданги 51.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Рэйлроүд инженеринг ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж шүүхээс дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 934950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээхээр тогтоов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвйэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 351 дүгээр зүйлийн 351.1.1, 352 дугаар зүйлийн 352.1-д зааснаар хариуцагч Спо инженеринг ХХК-д холбогдуулан гаргасан 158.89м2 талбай бүхий 4 орон сууц Рэйлроүд инженеринг ХХК-ны өмч болохыг тогтоолгох, зардал,алданги 51.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Рэйлроүд инженеринг ХХК-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 934950 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ