Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 2022/ШЦТ/845

 

 

 

 

 

 

 

 2022         11           01                                 2022/ШЦТ/845

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн байрны “Ё” танхимд Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбатаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2., 2.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн эрүүгийн хэргийг нээлттэйгээр хянан хэлэлцсэн шүүх хуралдааныг

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Алтнай,

улсын яллагч Б.Энхбат,

шүүгдэгч С.О, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нарыг оролцуулан эрүүгийн 2202002200254 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.О нь Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн байрны 101 тоот Археологийн судалгааны танхим (лаборатор)-ийн өрөөнд буюу хүн үйл ажиллагаа явуулах орон байр, тусгайлан хамгаалсан байранд 2 удаагийн үйлдлээр нэвтэрч, түүх, соёл, шинжлэх ухааны хөгжилд ач холбогдолтойд тооцож, тусгайлан хамгаалсан Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх түүх, соёлын биет өв, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ, цэнэ, ач холбогдол бүхий түүхэн олдвор “Соёлын биет өв” болох “Хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалт нь тодорхойгүй мөнгөн эдлэл” зэрэг 2 ширхэг эд зүйлсийг 2021 оны 9 дүгээр сард, шүншигний цэвэр мөнгөн аягыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр тус тус хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлж Монгол Улсад ноцтой хохирол учруулсан, мөн Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэгт “...Археологийн олдворыг худалдахыг хориглоно” гэж заасныг мэдсээр байж, археологийн малтлага, судалгаагаар илэрсэн Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх түүх, соёлын биет өв, нийгэм, түүх соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ, цэнэ, ач холбогдол бүхий түүхэн олдвор “Соёлын биет өв” болох “Хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалт нь тодорхойгүй мөнгөн эдлэл” зэрэг 2 ширхэг эд зүйлсийг 2021 оны 9 дүгээр сард, шүншигний цэвэр мөнгөн аягыг 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Урт цагаан гудамж, Чин толгой гэх үйлчилгээний төвд тус тус бусдад худалдсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2., 2.3 дахь заалт, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан талаарх тэмдэглэл, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ны өдрийн №1/61 албан тоот гэрч Ц.Цэрэндорж, Д.Энхбат, Д.Гантулга, Г.Амарсайхан, Г.Элбэгбаяр, Б.Батзориг, Б.Сарнай, Б.Очир, Э.Аззаяа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А, яллагдагч С.О нарын мэдүүлэг, Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн №1/76 албан тоот, хавсралтын хамт, Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №1/87 албан тоот, хавсралтын хамт, Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн №01/187 албан тоот, шинжээчийн дүгнэлтүүд, Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №01/203 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал), Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №1/103 албан тоот, XVII зууны Монголын хотууд төсөл Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг дахь хэсэг байшингийн туурьт явуулсан археологийн малтлага судалгааны ажлын тайлан,  XVIII зууны Монголын хотууд төсөл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьт явуулсан археологийн судалгааны ажлын тайлан, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар А/05 тушаал, Монгол Улсын Соёлын яамны дэд сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №2/947 албан тоот, хавсралтын хамт, Хаан банк дахь Д.Гантулгын төгрөгийн 5027688603 тоот дансны дипозит хуулга, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн №1/77 албан тоот, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар Б/05 тушаал болон шүүгдэгчийн хувийн байдлыг тодруулсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

          Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах хүсэлт гаргаагүйг дурдаж, шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Нэг. Гэм буруутайд тооцох тухайд шүүгдэгч С.О-:

Шүүх хуралдаанд шүүгдэгч С.О болон түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нар нь шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх байр суурьтайгаар оролцсон болно.

Прокуророос шүүгдэгч С.О-ад холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2., 2.3 дахь заалт, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн ирүүлсэн нь шүүгдэгч С.О-ын үйлдэлд хэргийн зүйлчлэл хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний хүндрүүлэх зарим шинж тохироогүй, мөн соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж хангагдахгүй байна гэж дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж, 2 дахь хэсэгт Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно гэж тус тус заасны дагуу шүүх хуулиар өөрт олгогдсон эрх хэмжээний хүрээнд прокуророос С.О-ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202002200254 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд заасан ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан гэх шинжийг, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан гэх үйлдэл, холбогдлыг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд ноцтой хохирол учруулж, их хэмжээний эд хөрөнгийг хулгайлсан бол хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамааруулахаар хуульчилсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтанд "их хэмжээний хохирол" гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг хамааруулахаар заажээ. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсоноор шүүгдэгч С.О-ын үйлдлийн улмаас “...Бүгд нийлээд 47.025.000 төгрөг” хохирол учирсан гэсэн байх тул их хэмжээний хохирол учирсан гэх ойлголтонд хамаарахгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт Энэ хуульд заасан "ноцтой хохирол, хор уршиг" гэж хохирогчийн амьдралын эх үүсвэр болсон эд хөрөнгийн эрхэд, эсхүл улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эрхэд хохирол, хор уршиг учирсныг ойлгоно гэж заасан байна. Шүүгдэгч С.О-ын хулгайлан авсан мөнгөн аяга, хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалт тодорхойгүй мөнгөн эдлэл зэрэг нь хохирогч болох Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн амьдралын эх үүсвэр болсон эд зүйл гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд хуулийн этгээдийн хувьд амьдралын эх үүсвэр гэх ойлголт байх боломжгүй, мөн улс орон, хүн амын аюулгүй байдалд ач холбогдол бүхий эд зүйл биш, мөн Монгол Улсад ноцтой хохирол учруулсан гэдэг шинж нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид ноцтой хохирол, хор уршиг гэдгийг хуульчлан тодорхойлсон тодорхойлолттой нийцэхгүй, мөнгөн аяга, хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалт тодорхойгүй мөнгөн эдлэл зэрэг нь түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгал соёлын биет өв болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, археологийн төсөл, судалгаа, малтлагын үр дүнд илрүүлэн түүнийг шинжлэн судалж, түүх соёлын ач холбогдолыг тогтоон тодорхойлж, дугаарлан бүртгэлжүүлж тусгайлан хамгаалж Шинжлэх ухааны академийн тусгайлан хамгаалсан өрөөнд хадгалж байсан зэргээрээ энэхүү халдлагын зүйл нь хулгайлах гэмт хэргийн хувьд түүх, соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс гэх шинжид хамааруулан прокуророос яллах дүгнэлт үйлдэхдээ хүндрүүлэн зүйлчилж ирүүлсэн. Шүүхээс прокурорын яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтанд зааснаар зүйлчилсэн нь хэргийн зүйлчлэлд тохирсон бөгөөд харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчилсэн нь хэргийн зүйлчлэлд тохироогүй, Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэсэн, мөн гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний нэг шинжийг хэд хэдэн хүндрүүлэх шинжид хамааруулан ойлгож хэрэглэх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулна гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж нь соёлын биет өвийн худалдааг хууль бусаар явуулсан, зуучилсан бол эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ гэмт хэрэг нь хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэх, өөртөө эдийн ашигтай байдал бий болгох, шунахайрах сэдэлттэй гэмт хэрэг байна. Энэхүү гэмт хэргийн шинж нь эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр соёлын биет өвийг олон нийт, тодорхой хүмүүсийн хүрээнд үнэ хаялцуулах, худалдах ажиллагааг зохион байгуулсан, энэхүү үйл ажиллагаанд зуучилсан үйлдэл байна. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд соёлын биет өвийг худалдахдаа худалдах, бэлэглэх, өвлүүлэх зэргээр өмчлөх эрхээ бусдад шилжүүлсэн тохиолдолд тухайн шатны Соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд мэдэгдэх гэж өмчлөгчид үүрэг хүлээлгэсэн, мөн Соёлын биет өвийг түрээслэх, худалдах, худалдан авах, түр солилцох журмыг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална гэж мөн хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт заажээ. Шүүгдэгч С.О-ын хувьд прокуророос 2021 оны 9 дүгээр сард болон 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх түүх, соёлын биет өв, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий мөнгөн аяга, хормосог саадгийн мөнгөн тоног, зориулалт тодорхойгүй мөнгөн эдлэл зэргийг Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн байрны 101 тоот Археологийн судалгааны танхим (лаборатор)-ийн өрөөнд буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн. Хулгайлах гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдэхээс гадна өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн болохын хувьд өөрт эдийн ашигтай байдал бий болгох зорилгыг агуулж, шунахайрах сэдэлтээр үйлдэгдэнэ. Хулгайлах гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлсийг зарж борлуулах, бусдад худалдах, барьцаалан зээлдүүлэх газарт барьцаанд тавьж бэлэн мөнгө болгох зэрэг үйлдэл нь энэхүү гэмт хэргийн субъектив санаа зорилготой гарцаагүй уялдах тул субъектив талын энэхүү санаа зорилгоо хэрэгжүүлж буй үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчэн хариуцлага хүлээлгэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт нэг гэмт хэрэгт нэг удаа ял оногдуулна гэх зарчимтай зөрчилдөж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд зааснаар шүүгдэгч С.О-ад холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.О нь Монгол Улсын Шинжлэх Ухааны Академийн түүх, угсаатны зүйн хүрээлэнд эрдэм шинжилгээний туслах ажилтан 2 удаагийн үргэлжилсэн үйлдлээр буюу Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн байрны 101 тоот Археологийн судалгааны танхим (лаборатор)-ийн өрөөнд буюу хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх түүх, соёлын биет өв, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий түүхэн олдвор, түүх, соёл, шинжлэх ухааны хөгжилд чухал ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс болох хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалт нь тодорхойгүй мөнгөн эдлэлийг 2021 оны 9 дүгээр сард хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч бусдад 520.000  төгрөгийн, мөн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр шүншигний мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч бусдад 46.500.000 төгрөгийн хохирол тус тус учруулж хулгайлах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн бичгийн дараах нотлох баримтуудаар хангалттай, хөдөлбөргүйгээр нотлогдон тогтоогдож байна.

Үүнд:

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл “...Шинжлэх ухааныы академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс гаргасан Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Шинжлэх ухааны академийн хүрээлэнгүүдийн нэгдсэн I байрны 101 тоот өрөөнд хадгалагдаж байсан 17 дугаар зууны үеийн мөнгөн аягыг тус хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.О нь хууль бусаар авч бусдад дамжуулж худалдсан байна” гэх гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 3 дахь тал),

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн №1/61 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 4 дэх тал),

Гэрч Ц.Цэрэндорж мэдүүлсэн “...миний бие 2021 оны 5 дугаар сараас хойш Шинжлэх ухааны академийн түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирлаар ажиллаж байна. 2018 онд манай Түүх, археологийн хүрээлэнгийн судлаач нар Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дэвсгэрт байрлах Хэсэг байшингийн туурийн малтлага хийх үед 17 дугаар зууны үеийн цэвэр мөнгөөр хийсэн шүншигний аягыг олж илрүүлсэн. Тухайн аягыг тус хүрээлэнгийн археологийн лабороторид 2018 оноос хойш хадгалж, судалж байсан бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр аягыг алга болсон талаар сан хөмрөгч надад мэдэгдсэн. Бид тэр даруйд нь нарийвчилсан хайлт хийсэн боловч олдоогүй бөгөөд хяналтын камер шүүхэд мөн тогтоогдоогүй. Тэгээд лабораторийн сан хөмрөгний хаалганы түлхүүр хариуцдаг хүнээс аяга хаана байгаа талаар болон түхлүүр өөр хүн ашигласан эсэхийг тодруулахад манай хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан С.О гэх залуу түлхүүрийг хэд хэдэн удаа авч ашигласан талаар хэлсэн. С.О нь хүнд өрөнд орсон мөнгөний хэрэг гарсан тул туайн аягыг авч хувь хүнд барьцаанд тавьснаа хэлж аягыг маргааш өдөр нь авчирна гэж хэлсэн. Тэгээд маргааш өдөр нь буюу 2022 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр аягыг авчирч өгөхгүй байсан учир лавлаж асуухад барьцаанд тавьсан хүн нь хөдөө явсан байна. Маргааш 19 цагийн үед ирээд ав гэж байна гэж хэлсэн. Тэгээд маргааш орой нь бидэнд дуурайлгаж хийсэн илт өөр аяга авчирч өгсөн. Бид тухайн үед аягыг хуурамж болохыг нь мэдээд жинхэнэ аягыг асуухад миний авсан аяга энэ мөн гэж байснаа тэр хүн надад хуурамч аяга өгсөн байна гэж хэлсэн бөгөөд аяга барьцаанд тавьсан гэх хүн рүү залгахад утас андуурсан байна гэж хэлээд утас салгаад байсан. ...2018 онд Түүх археологийн хүрээлэнгийн судлаач нар Дорноговь  аймгийн их хэт сумын нутаг дэвсгэрт байрлах хэсэг байшингийн туурийн малтлага хийх үед олж илрүүлсэн. Тухайн аяга нь 17 дугаар зууны үед холбогдох цэвэр мөнгөөр үйлдсэн 16.8 см диаметртэй 5.5 см өндөртэй 100 орчим грамм жинтэй гадна талдаа угалзан хээтэй, шүншиг /зан үйлд ашигладаг/-ийн зориулалттай аяга байсан. Уг аягыг судлах ажил дууссан ба 2022 оны 4 дүгээр сард багтаан Чингис хааны музейд шилжүүлэх төлөвлөгөөтэй байсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 7-8 дахь тал),

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 12-15 дахь тал),

Гэрч Д.Энхбат мэдүүлсэн “...надад тийм мөнгөн аяга өгөөгүй. Харин 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр над руу залгаж мөнгөн аяганы захиалга байна та хийх үү гэж асуусан юм. Тэгэхээр нь би зөвшөөрөөд над руу наад хүнээ явуулчих гэсэн юм. Тэгтэл удалгүй манай ажил болох Лагшин төв дээр үл таних эрэгтэй хүн ирсэн. Тэгээд нөгөө залуу маань надаар цул мөнгөн аяга хийлгэх гэсэн юм гээд үүний дагуу би аягыг нь маргааш хийж өгсөн. Мөнгөн аяганы дотор тал шиг хомбогор гадна талдаа тагшгүй ирмэг дээгүүрээ үүлэн хээтэй аяга хийж өгсөн. Би тухайн залууд нэг ланг 40.000 төгрөгөө хийж өгнө гээн юм. Тэгээд нийт 4 лан мөнгөөр 160.000 төгрөгийг ажлын хөлсөнд нь авахаар тохиролцсон. Тэгээд бэлдэц болох мөнгө нь байхгүй байсан болохоор нөгөө залуу надаас та мэддэг учраас бэлдэцийг нь аваад өгчих гэж хэлсний дагуу бид хоёр урт цагаан орж мөнгө зардаг хүнээс 3 лан мөнгө буюу 120 граммыг 300.000 төгрөгөөр худалдаж авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 17-18 дахь тал),

Гэрч Д.Гантулга мэдүүлсэн “...Миний бие 2002 оноос хойш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Урт цагааны Чин толгой нэртэй үйлчилгээний төвийн 8 дугаартай өрөөнд алт мөнгөний дархан хийж байна. 2022 оны 4 дүгээр сарын 04-ны өдөр 19 цагийн үед ажил дээрээ байхад манай нөгөө өрөөний дархан Батзориг надад хандаж энэ хүн мөнгө зарах гэж байна захиалганд чинь хэрэг болох юм биш үү гэж хэлэхэд 30 орчим насны намхан биетэй шар царайтай залуу дагуулаад ирсэн. Тэгээд тэр залуу 15 см орчим диаметртэй цэвэр мөнгөн аяга зарна гэж харуулж манай хөгшнөөс маань үлдсэн эд байгаа юм. Мөнгөний хэрэг гараад зарж байна гэж хэлсэн. Тэгээд тухайн аягыг үзэхэд эргэн тойрондоо хонхойлт үүссэн, эдэлгээний сэвтэй, хуучин бүдгэрсэн хээтэй. 150 грамм буюу 4 лан жинтэй байсан бөгөөд 1 граммыг нь 1500 төгрөгөөр тооцож нийт 228.000 төгрөгөөр худалдаж авах санал тавихад зөвшөөрсөн. Тэгээд тэр залууд 170.000 төгрөгийг бэлнээр 58.000 төгрөгийг нь түүний хэлсэн Хаан банкны 5064422092 дугаарын данс руу шилжүүлсэн. Би тэр мөнгөн аягыг маргааш өглөө нь хайлуулж аяганы захиалганд бэлдэц болгож аяга хийсэн. Тухайн аягыг 600.000 төгрөгөөр үл таних захиалсан хүнд нь өгсөн. ...түүинй дараагаар 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр надад мөнгөн аяга зарсан залуу ирээд манай аав аягаа нэхээд байна би танд зарсан аягаа авъя гэж хэлсэн. Би тэгэхэд нь тухайн аягыг хайлуулсан талаар хэлэхэд дуурайлгаж хийлгэж болох уу гэж асуусан. Би тэгэхэд өөрийн төрсөн ах Д.Энхбатын утсыг өгөөд гэрийг нь зааж өгөөд очиж уулзаад аяга хийлгэж болно гэж хэлсэн. Би тухайн үед нөгөө худалдаж авсан аяганы зургаа ах руугаа явуулж байсан. ...өөрийн эзэмшлийн эд зүйлийг зарна гэж орж ирсэн ...би эртний эдлэлийн наймааны талаар мэдэгдэхүүн байхгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 20-21 дэх тал),

Гэрч Г.Амарсайхан мэдүүлсэн “...миний бие 2020 оны 3 дугаар сараас хойш Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнаар ажиллаж байна. Манай хүрээлэнгийн 101 тоотод археологийн олдворын лаборатори байдаг бөгөөд тухайн лабораторийг эрдэм шинжилгээний ажилтан Уртнасан хариуцдаг. Уртнасангийн хувьд 2022 оны 3 дугаар сарын эхээр БНСУ-д докторт явж би тухайн лабораторийг түр хариуцахаар ярилцаж байсан. 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр Чингис хааны музейд олдвор хүлээлгэж өгөх үед манайд байсан 17 дугаар зууны үеийн шүншигний мөнгөн аяга алга болсон байсан. Тэгээд бид лабораторийн камер шүүж үзэхэд ажиллахгүй байсан бөгөөд манай захирал олдвор хүлээлцэх комиссын гишүүдтэй ганцаарчилж уулзсан. Тэр үед манай эрдэм шинжилгээний ажилтан С.О тухайн олдворыг бусдад худалдсан гэж хэлсэн байсан. Тэгээд маргааш өдөр нь мөнгөн аягыг зарсан хүнээс авсан гэж хэлсэн болвч хуурам мөнгөн аяга авчирч өгсөн. Би тэр аягыг маш сайн мэднэ. С.О-ын авчирсан аяг нь ил хуурамч байсан. ...2018 онд Дорноговь аймгийн Иххэт сумын хэсэг байшингийн тууриас олдсон. 245.3 грамм жинтэй, 16.8 см диаметртэй 5.5 см өндөртэй, бадамлянхуа цэцгэн хээтэй, цэвэр мөнгөн шүншигний аяга байсан. Уг аяганы судалгааны ажил дууссан учир Чингис хаан музейд хүлээлгэн өгөх гэж байсан. ...нийт 4 түлхүүр байдаг бөгөөд надад 1 ширхэг, эрдэм шинжилгээний ажилтан Очирт 1 ширхэг, нарийн бичиг Сарнайд 2 ширхэг байдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 25 дахь тал),

Гэрч Г.Элбэгбаяр мэдүүлсэн “...миний бие хаан банкны 50644422092 дугаарын данс эзэмшдэг бөгөөд 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр өөрийн 8021 УАН улсын дугаартай приус 20 маркын тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад багшийн дээдээс үл таних 30 орчим насны намхан, хүүхэд шиг шар царайтай эрүүн доороо жаахан сахалтай залууг авсан. Тухайн залуу согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тэгээд тухайн залуу урт цаган орж хүнээс мөнгө авна гэж хэлээд урт цагаанд хүргэж өгсөн. Тэгэхэд таксины мөнгөө хүнээс авч өгнө гээд бид хоёр хамт урт цагаан худалдааны төвийн зүүн хойд хэсэгт байх алт, мөнгөний дарханы өрөөнд орсон. Ойролцоогоор 20 орчим минут болоод намайг дуудаж миний дансыг асууж 58.000 төгрөг хийлгэсэн. Тухайн хүн алт, мөнгөний дарханд ямар нэгэн зүйл зараад мөнгөө авсан байсан. Өөрөө бэлнээр бас мөнгө авсан байсан. Тэгээд  алт мөнгөний дарханаас гараад 25 дугаар эмийн сангийн орчим найз охинтойгоо уулзана гээд хүргүүлж 25 дугаар эмийн сангийн автобусны буудлын баруун урд талд байх АТМ-ээс 50.000 төгрөг авч өгсөн. 8000 төгрөгийг таксины мөнгөнд авсан” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 27 дахь тал),

Гэрч Б.Батзориг мэдүүлсэн “...миний бие 2022 оны 1 дүгээр сараас хойш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Урт цагааны Чин толгой нэртэй үйлчилгээний төвд алт, мөнгөний дархан хийж байна. 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад манай ажил дээр жижиг биетэй шар царайтай 30 орчим насны эрэгтэй хүн орж ирээд надаас мөнгө авах уу гэж асуусан. Би тухайн үед би авахгүй тэр өрөөнөөс асуу гэж хэлээд Гантулгын өрөөг зааж өгсөн. Тэгээд Гантулгын өрөөнд очсон. Миний мэдэх зүйл ийм л байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 29 дэх тал),

Гэрч Б.Сарнай мэдүүлсэн “...тухайн 101 тоот лабораторийн өрөөний хувьд 3 ширхэг түлхүүртэй бөгөөд нэг нь надад, нэг нь Амарсайханд, нэг нь эрдэм шинжилгээний ажилтан Очирт байдаг” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 31-32 дахь тал),

Гэрч Б.Очир мэдүүлсэн “...миний бие 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш археологийн лабораторийн түлхүүрийг урьд өмнө нь ажилласан байсан Уртнасангаас авсан. Тухайн өрөөнд археологийн олдворуудаас гадна археологийн малтлага хийхэд шаардлагатай тоног, төхөөрөмж байдаг байсан. Тухайн эд зүйлүүд миний нэр дээр данстай байдаг тул орох шаардлагатай байдаг байсан. Би өөрийн түлхүүрээ ажлын ширээний шүүгээнд хадгалдаг байсан. ...Асуулт: Та С.О-ад археологийн судалгааны танхим /лаборатор/-ийн түлхүүрийг өгдөг байсан уу? Хариулт: үгүй” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 34 дэх тал),

Гэрч Э.Аззаяагийн мэдүүлсэн “...миний бие Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Урт цагааны худалдааны төвийн Чин толгой нэртэй павилоны 5 тоотод алт, мөнгөний дарханы ажил эрхэлдэг. 2021 оны 9 дүгээр сарын сүүлээр жижиг биетэй, намхан, цайвар шар царайтай, 30 орчим насны эрэгтэй хүн ирж мөнгө худалдсан. Тухайн үед тэр залуу манай хамаатны гэр галд шатсан чинь энэ мөнгө шатаагүй үлдсэн байна гэж хэлсэн. Тэгээд галд шатсан мөнгөн аяганы бололтой метал худалдсан. Тухай металл нь мөнгөн аяганд ашиглаж байсан бололтой нимгэн төмөр байсан. Тэгээд тэр мөнгийг худалдаж авсан. Яг хэдэн төгрөгөөр худалдаж авсан талаар тодорхой санахгүй байна. Тухайн үед 1 грамм мөнгийг 1500 төгрөгөөр бодож авдаг байсан. Би мөнгөө бэлнээр өгсөн учир санахгүй байна. Тэр залуу миний өгсөн мөнгөнд хариулт өгсөн санагдаж байна” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 43 дэх тал),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мэдүүлсэн “...2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр манай салбарын эрдэм шинжилгээний ажилтан С.О нь Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 101 тоот өрөөнд байрлах археологийн судалгааны танхим /лаборатор/-д хадгалагдаж байсан мөнгөн аяыг хулгайлан авч бусдад худалдсан байсан. Тухайн мөнгөн аяга нь 2018 онд Дорноговь аймгийн Иххэт сумын Хэсэг байшингийн туурь гэдэг нэртэй газраас археологийн малтлагаар илрүүлж олсон Монгол Улсын 17 дугаар зууны үеийн түүхэнд холбогдох 16 см диаметртэй 5 см өндөр 247 грамм жинтэй амсар хэсгээрээ бадамлянхуа цэцгийн хээтэй цэвэр мөнгөн аяг байсан. Тухайн мөнгөн аяга нь хэсэг байшингийн туурийн гол сүмийн шүншигнээс илэрсэн. Уг аягатай адил аяга Цонжин болдогийн музейд байдаг бөгөөд тухайн аягыг судлаачид Монголын эзэнт гүрний үед хамааруулж байгаа. Алдагдсан мөнгөн аяганы хувьд Монголын эзэнт гүрний үед ч хамаарах боломжтой. Уг мөнгөн аягыг соёлын сайдын тушаалаар Чингис хааны музейд шилжүүлэх гэж байсан бөгөөд уг үзмэр шилжүүлэх ажлын хэсэгт С.О ажиллаж байсан. Мөн С.О нь тухайн археологийн судалгааны танхимд хадгалагдаж байсан 2015 оны Сардигийн хийдийн малтлагаар илэрсэн 6х2 см хэмжээтэй хээтэй мөнгөн чимэглэл, 3.4х3.4х0.5 см хэмжээтэй 25 грамм жинтэй цэвэр цагаан мөнгөн эдлэл алга болсон байсан. Уг эдлэлийг С.О нь хууль бусаар авсан байсан. Дээрх эд зүйлүүдийн үнэ цэнийн талаар ярихад зөвхөн ур хийц сайтай мөнгөн эдлэл гэхээсээ илүү Монголын түүийн тодорхой нэг цаг хугацааг илэрхийлэх үнэ цэнэтэй олдвор гэж бодож байна. Мөнгөн аяганы хувьд судалгааны ажлын явцад 17 дугаар зууны үеийн сүмийн шүншигнээс илэрсэн бөгөөд шүншигнээс илэрсэн, ур хийц, хээ зэргээс үзэхэд Монголын эзэнт гүрний үед холбогдох магадлалтай. Миний хувьд уг мөнгөн аягыг хомгүй үнэт эсвэл үнэт олдворт зайлшгүй хамаарна гэж үзэж байна. Бусад мөнгөн эдлэлийн хувьд 2015 оны сарьдагийн хийдийн малтлагаар илэрсэн түүхэн чухал олдвор юм. Дээрх эд зүйлсийг мөнгөн дүнгээр илэрхийлэх боломж байхгүй. Тухайн олдворуудыг хяналтын камертай, 2 давхар хаалгатай, лацтай, тусгайлсан өрөөнд зориулалтын саванд хийж хадгалдаг байсан. Уг өрөөний ажиллах журмыг 2019 онд Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн захирал батласан байдаг. Уг журмын дагуу тухайн археологийн судалгааны танхим /лаборатори/-д 3 хүн л орж ажиллах эрхтэй боловч 2022 оны 4 дүгээр сарын 05-ны үед зөвхөн сан хөмрөгч Амарсайхан ажиллаж байсан. Бусад 2 орон тоо нь батлагдаагүй хүн томилогдоогүй байсан. Уг археологийн судалгааны танхим /лаборатор/-ийн түлхүүр сан хөмрөгч Амарсайхан, захирлын туслах Б.Сарнай, археологич Уртнасан нарт байдаг байсан. Уртнасангийн хувьд С.О-тай нэг өрөөнд суудаг байсан. Уртнасан нь 2022 оны 3 дугаар сард БНСУ-руу докторт явсан бөгөөд эрдэм шинжилгээний ажилтан Очирт археологийн судалгааны танхим /лаборатори/-ийн түлхүүр болон археологийн малтлагаар хэрэглэдэг эд хэрэглэлийг хүлээлгэн өгсөн байсан. ...археологийн малтлагаар илэрсэн олдворуудыг манай байгууллагын археологийн тэнхимийн сан хөмрөгт дугаарлаж бүртгэж авдаг. Мөнгөн аягыг ХБ1872, хээтэй мөнгөн чимэглэл СХ-880, мөнгөн эдлэлийг СХ-15-894 дугаарт бүртгэсэн байгаа”

“...Асуулт: Хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалтыг нь тодорхойгүй мөнгөн эдлэл зэрэг зүйлс нь түүхийн ямар үеийг төлөөлөх вэ? Хариулт: 17-18 дугаар зууны үед холбогдох Монгол язгууртны хэрэглэж байсан саадагны чимэглэл байгаа юм” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 38-39 дэх тал, 2 дахь хавтаст хэргийн 15 дахь тал),

Орон байранд нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дэх хавтаст хэргийн 46-52, 55-56, 59-64 дэх тал),

Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн №1/76 албан тоот, хавсралтын хамт (1 дэх хавтаст хэргийн 74, 75-76 дахь тал),

Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн №1/87 албан тоот, хавсралтын хамт (1 дэх хавтаст хэргийн 78, 79 дахь тал),

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл (1 дэх хавтаст хэргийн 80-84, 85-95 дахь тал),

Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн №01/187 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 98 дахь тал),

Шинжээч С.Хүрэлсүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн материалаас үзэхэд алдагдсан аяганы амсар нь дээрх олдворуудын нэгэн адил босоо амсартай ба амсарын гадна ирмэгт хүрээ гаргаж түүнтэй зэрэгцүүлэн нарийн хурц үзүүртэй багажаар “ургамалын” дүрст хээг уран гоёмсогоор их тод сийлсэн байна. Уг аяга сайн хадгалалттай байх ба хөрсөнд бус битүү орчинд удаан байсныг илтгэх харласан, шарласан байдал аяганы гадна дотор талын ёроол хэсэгт илүү ажиглагдаж байна. Тиймээс энэхүү олдворыг археологийн дурсгалаас олдсон олдвор гэж үзэх бүрэн үндэстэй байна. Энэхүү аяга олдсон газар нь Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг Хэсэг байшин хэмээх эртний барилгын туурь бүхий газар бөгөөд эндээс олдсон бичигт хөшөөний бичээст тулгуурлан 1630-аад оны дурсгал хэмээн үздэг. Тиймээс Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх боломжтой. Түүх соёлын биет олдвор байх бүрэн боломжтой. Уг аяганы материалын орц найрлагыг тодорхойлох боломжгүй. Үүнийг өөр мэргэжлийн хүмүүс тогтоох боломжтой. Харин хэмжээ жин зэргийг Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн албан бичгийн хавсралтанд дурдсанаар тодорхойлох боломжтой. Тэнд дурдсанаар уг аяга 5.5 см өндөр, амсарын голч 16 см, зузаан 1 мм хэмжээтэй, Жин 247.7 гр. Дээрх аяга бүхий олдворын үнэлгээ болоод зэрэглэлийг тогтоох боломжтой. Үүнийг Соёлын яамны харьяа Соёлын өвийн үндэсний төвийн дэргэдэх олдворын үнэлгээ, зэрэглэл тогтоох ажлын хэсэг зохих журмын дагуу тогтоодог. Шинжээчийн хувьд үзэхэд олдворын материалын үнэ цэнэ байхаас гадна илүүтэй түүхэн цаг үеийн соёлын өвийг төлөөлөх ховор олдвор гэдэг утгаараа зэрэглэл тогтоогдож түүний дараагаар тодорхой үнэлэгдэх ёстой хэмээн үзэж байна” (1 дэх хавтаст хэргийн 102-103 дахь тал),

Шинжээч С.Хүрэлсүхийн 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн дүгнэлт “...ирүүлсэн эд зүйл археологийн олдвор биш учир үнэлгээ болоод зэрэглэл тогтоох боломжгүй” (1 дэх хавтаст хэргийн 107-108 дахь тал),

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн №01/203 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал),

Шинжээч С.Энхболдын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн дүгнэлт “...Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгээс алдагдсан гэх хоромсого саадгийн мөнгөн тоног зориулалт тодорхойгүй мөнгөн эдлэл гэх зүйлсийн тодорхойлолт, гэрэл зургийг Монгол нутагт явуулсан археологийн малтлага судалгаагаар илэрсэн олдвор хэрэглэгдэхүүн холбогдох судалгааны тайлангуудаас шүүх явцад Хоромсого саадгийн мөнгөн тоног хэмээх зүйл нь Шинжлэх ухааны академийн Түүх, Археологийн хүрээлэнгийн XVII зууны Монголын хотууд төслийн хүрээнд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьт явуулсан археологийн малтлага судалгааны 2015 оны тайланд Төмөр суурьтай мөнгөн чимэг гэсэн нэрээр тайлбар зургийн хамт орсон байна. Иймд дээрх зүйл нь археологийн малтлага судалгаагаар илэрсэн болох нь тодорхой юм. Харин зориулалт тодорхойгүй мөнгөн эдлэл гэх зүйлийн талаар ямар нэгэн тэмдэглэл, зураг, холбогдох тайлан судалгааны материалд байхгүй байгаа учир урьдчилсан дүгнэлт хийх боломжгүй. ...Судалгаанд ирүүлсэн дээрх 2 олдворын хоромсого саадгийн мөнгөн тоног хэмээх зүйл нь түүх, соёлын биет өв мөн болно. ...Судалгаанд ирүүлсэнг зүйлс нь биетээр байхгүй учир материал орц найрлага хэмжээ жин зэргийг нарийвчлан гаргах боломжгүй. ...Судалгаанд илрүүлсэн хоёр олдвор нь археологийн малтлага судалгаагаар илэрсэн нь тодорхой боловч биетээр байхгүй учир элэгдэл хорогдол хэмжээ материалыг тогтоох боломжгүй байна. Иймд үнэлгээг нарийвчлан тогтоох боломжгүй юм” (1 дэх хавтаст хэргийн 114-115 дахь тал),

Соёлын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн шинжээч нарын 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн №01 дүгнэлт “...Шинжилгээнд ирүүлсэн материалтай танилцаж үзэхэд уг эд зүйлүүд нь Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгийн малтлага судалгааны ажлын явцад олж илрүүлсэн, олдворын бүртгэлд орсон, тодорхой түвшинд судлагдсан зүйл байх тул дүгнэлт гаргах боломжтой гэж үзэв. ...Шинжилгээнд ирүүлсэн эд зүйл болох мөнгөн аяга нь Дорноговь аймгийн Иххэт сумын нутагт орших гол сүмийн шүншигний хэсгээс олсон. Бусад 2 олдвор нь Сарьдагийн хийдийн малтлагаар судалгааны ажлын үр дүнд олдсон эд зүйлүүд байна. Үнэлгээг дараах байдлаар гаргав. Үүнд: 1. Мөнгөн аяганы үнэлгээ 46.500.000 төгрөг, 2. Хоромсог саадгийн тоногийн үнэлгээ 520.000 төгрөг, 3. Зориулалт нь тодорхойгүй эд зүйлийн үнэлгээг тогтоогоогүй болно. Бүгд нийлээд 47.025.000 төгрөг. Дээрх эд зүйлийг шинжлэхэд “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль тогтоомж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны “Журам батлах тухай” А/335 тоот тушаалаар баталсан “Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, Сангийн сайдын 2013 онд 140 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батласан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”, хоёрдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнийн жагсаалт”-ыг баримтлан мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварт үндэслэн тодорхойлсон болно” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 129-130 дахь тал),

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №1/103 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 141 дэх тал),

XVII зууны Монголын хотууд төсөл Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг дахь хэсэг байшингийн туурьт явуулсан археологийн малтлага судалгааны ажлын тайлан (1 дэх хавтаст хэргийн 142-145 дахь тал),

XVIII зууны Монголын хотууд төсөл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьт явуулсан археологийн судалгааны ажлын тайлан (1 дэх хавтаст хэргийн 146-148 дахь тал),

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн Дугаар А/05 тушаал (1 дэх хавтаст хэргийн 153 дахь тал),

Монгол Улсын Соёлын яамны дэд сайдын 2022 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №2/947 албан тоот, хавсралтын хамт (1 дэх хавтаст хэргийн 155-156 дахь тал),

Хаан банк дахь Д.Гантулгын төгрөгийн 5027688603 тоот дансны дипозит хуулга (1 дэх хавтаст хэргийн 167-185 дахь тал),

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн №1/77 албан тоот (1 дэх хавтаст хэргийн 231 дэх тал),

Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн захирлын 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Дугаар Б/05 тушаал (1 дэх хавтаст хэргийн 232 дахь тал),

Шүүгдэгч С.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэжээ.

гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 14 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан хулгайлах гэмт хэргийн халдлагын зүйл нь түүх, соёл, шинжлэх ухааны хөгжилд ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлс байх нь энэ гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид хамаарч байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн нэр томъёо, ухагдахууныг тайлбарлахад Монгол Улсын хуульд заасан тодорхойлолт, хэм хэмжээг баримтлана гэсэн байна. Монгол Улсын Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтанд "соёлын өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийн аль нэг хэсгийг төлөөлж чадах байгаль, нийгэм, түүх, соёл, урлаг, шинжлэх ухааны үнэ цэнэ, ач холбогдол бүхий өвийг; 3.1.2 дахь заалтанд "соёлын биет өв" гэж түүхэн тодорхой орон зай, цаг үеийг төлөөлөх биетээр оршин байгаа дурсгалыг ойлгохоор хуульчилжээ.

Шүүгдэгч С.О-ын 2021 оны 9 дүгээр сард хулгайлан авсан хоромсог саадгийн мөнгөн тоног, зориулалт тодорхойгүй мөнгөн эдлэл нь XVIII зууны Монголын хотууд төсөл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьт явуулсан археологийн судалгаа, малтлагаар илрүүлсэн, соёлын биет өв болох нь “...Судалгаанд ирүүлсэн дээрх 2 олдворын хоромсого саадгийн мөнгөн тоног хэмээх зүйл нь түүх, соёлын биет өв мөн болно” гэж тогтоосон шинжээч С.Энхболдын дүгнэлтээр тогтоогджээ. Хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлсэн  Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №1/103 албан тоотоор ирүүлсэн “XVIII зууны Монголын хотууд төсөл Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дахь Сарьдагийн хийдийн туурьт явуулсан археологийн судалгааны ажлын тайлан”-д “хайлсан мөнгөн аяганы хэсэг”, “төмөр суурьтай мөнгөн чимэг” гэх нэрүүдээр гэрэл зургаар бэхжүүлж, хоромсог саадгийн мөнгөн тоногийг СХ-880 дугаарт бүртгэжээ. Мөн шүүгдэгч С.О-ын 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр хулгайлан авсан шүншигний мөнгөн аяга нь XVII зууны Монголын хотууд төсөл Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг дахь Хэсэг байшингийн туурьт явуулсан малтлагаар илрүүлсэн, соёлын биет өв болох нь “...Энэхүү аяга олдсон газар нь Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг Хэсэг байшин хэмээх эртний барилгын туурь бүхий газар бөгөөд эндээс олдсон бичигт хөшөөний бичээст тулгуурлан 1630-аад оны дурсгал хэмээн үздэг. Тиймээс Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх боломжтой. Түүх соёлын биет олдвор байх бүрэн боломжтой” гэх шинжээч С.Хүрэлсүхийн дүгнэлтээр тогтоогдсон, Шинжлэх ухааны академийн Түүх угсаатны зүйн хүрээлэнгийн 2022 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №1/103 албан тоотоор ирүүлсэн “XVII зууны Монголын хотууд төсөл” Дорноговь аймгийн Их хэт сумын нутаг дахь хэсэг байшингийн туурьт явуулсан археологийн малтлага судалгааны ажлын тайланд тусгагдсанаар судалгаа хийгдэж, мөнгөн аягыг ХБ-18 дугаарт бүртгэсэн байна. Шинжээч С.Хүрэлсүхийн дүгнэлтэнд дурьдсанаар “...энэхүү олдворыг археологийн дурсгалаас олдсон олдвор гэж үзэх бүрэн үндэстэй байна. Энэхүү аяга олдсон газар нь Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг Хэсэг байшин хэмээх эртний барилгын туурь бүхий газар бөгөөд эндээс олдсон бичигт хөшөөний бичээст тулгуурлан 1630-аад оны дурсгал хэмээн үздэг. Тиймээс Монголын түүхийн XVI-XVII зууны үеийг төлөөлөх боломжтой. Түүх соёлын биет олдвор байх бүрэн боломжтой” гэж дүгнэсэн болно. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мэдүүлсэн “...археологийн малтлагаар илэрсэн олдворуудыг манай байгууллагын археологийн тэнхимийн сан хөмрөгт дугаарлаж бүртгэж авдаг. Мөнгөн аягыг ХБ1872, хээтэй мөнгөн чимэглэл СХ-880, мөнгөн эдлэлийг СХ-15-894 дугаарт бүртгэсэн байгаа” гэх мэдүүлэг нь энэхүү түүх, соёлын дурсгалт биет өв болсон эд зүйлсийг нээн илрүүлж, тодорхой судалгаа явуулж, бүртгэлжүүлсэн байгаа болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч С.О нь 2 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ хүн үйл ажиллагаа явуулах, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч үйлдсэн болох нь Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Г.Амарсайхан мэдүүлсэн “...Манай хүрээлэнгийн 101 тоотод археологийн олдворын лаборатори байдаг бөгөөд тухайн лабораторийг эрдэм шинжилгээний ажилтан Уртнасан хариуцдаг. Уртнасангийн хувьд 2022 оны 3 дугаар сарын эхээр БНСУ-д докторт явж би тухайн лабораторийг түр хариуцахаар ярилцаж байсан. ...нийт 4 түлхүүр байдаг бөгөөд надад 1 ширхэг, эрдэм шинжилгээний ажилтан Очирт 1 ширхэг, нарийн бичиг Сарнайд 2 ширхэг байдаг” гэх мэдүүлэг, гэрч Б.Сарнай мэдүүлсэн “...тухайн 101 тоот лабораторийн өрөөний хувьд 3 ширхэг түлхүүртэй бөгөөд нэг нь надад, нэг нь Амарсайханд, нэг нь эрдэм шинжилгээний ажилтан Очирт байдаг” гэх мэдүүлэг,  гэрч Б.Очир мэдүүлсэн “...миний бие 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрөөс хойш археологийн лабораторийн түлхүүрийг урьд өмнө нь ажилласан байсан Уртнасангаас авсан. ...Би өөрийн түлхүүрээ ажлын ширээний шүүгээнд хадгалдаг байсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч С.О яллагдагчаар мэдүүлсэн “...тус сан хөмрөг 3 түлхүүртэй бөгөөд даргын туслах Б.Сарнай, сан хөмрөгч Г.Амарсайхан, эрдэм шинжилгээний ажилтан Б.Очир нарт байдаг. Би Б.Очиртой хамт нэг өрөөнд суудаг бөгөөд Очирын түлхүүрийг шүүгээнээс нь аваад сан хөмрөгт орж эд зүйлсийг хулгайлж авдаг байсан” гэх мэдүүлгүүдээр нотлогдон тогтоогдож байна. Хулгайлах гэмт хэргийг хүн үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн шинжээр хүндрүүлэн зүйлчлэхдээ шүүгдэгч С.О-ын хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон буюу нэвтрэх эрх олгогдоогүй байхад Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн байрны 101 тоот Археологийн судалгааны танхим (лаборатор)-ийн өрөөнд хууль бусаар нэвтэрч, үргэлжилсэн үйлдээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн зэргийг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтанд зааснаар зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн болно.

  Шүүгдэгч С.О нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэмт хэргийг санаатай үйлдсэн. Мөн С.О-ын хувьд шүншигний мөнгөн аяга, хоромсог саадгийн мөнгөн тоног зэрэг эд зүйлсийг археологийн судалгааны үр дүнд илрүүлсэн, эдгээр эд зүйлсийн насжилт, түүхэн үнэ цэнэ, соёлын биет өв болох талаас ямар ач холбогдолтой эд зүйлс болохыг мэдсээр атал зөвхөн эдгээр эд зүйлсийн орцонд агуулагдах мөнгөний зах зээлийн ханшаар тооцож бусдад зарж борлуулсан үйлдэл нь амар хялбар аргаар мөнгө олох гэсэн буюу өөрт эдийн ашигтай байдал бий болгох гэсэн зорилготой, шунахайрах сэдэлттэй үйлдэл юм.

Шүүгдэгч С.О-ын үйлдсэн гэмт хэргийг прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2 дахь заалтанд зааснаар  зүйлчилж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн зүйл, хэсэг, заалтыг зөв хэрэглэсэн байна.

Иймд улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлтийг хүлээн авч шүүгдэгч С.О-ыг гэм буруугийн санаатай хэлбэрээр түүх, соёл, шинжлэх ухааны хөгжилд ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлсийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үргэлжилсэн үйлдлээр авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2 дахь заалтанд зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн эрүүгийн 2202002200254 хэрэгт шүүгдэгч С.О-ад холбогдуулан  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хэрэг бүртгэлтэнд буцаах шаардлагагүй гэж дүгнэв.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:

Соёлын яамны дэргэдэх Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл, үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн шинжээч нарын 2022 оны 6 дугаар сарын 21-ны өдрийн №01 дүгнэлтээр “...1. Мөнгөн аяганы үнэлгээ 46.500.000 төгрөг, 2. Хоромсог саадгийн тоногийн үнэлгээ 520.000 төгрөг, 3. Зориулалт нь тодорхойгүй эд зүйлийн үнэлгээг тогтоогоогүй болно. ... нийлээд 47.025.000 төгрөг” гэж шүүгдэгч С.О-ын үйлдлийн улмаас учирсан хохирлын талаар дүгнэлт гаргажээ. Шүүгдэгч түүний өмгөөлөгч нараас хохирлын хэмжээг үнэлэхдээ бодит байдлаас илүү үнэтэйгээр үнэлсэн талаар маргасан боловч үүнийг нотлох баримт хэрэгт авагдаагүй, шинжээч нар нь шинжилгээ хийхдээ Дээрх эд зүйлийг шинжлэхэд “Соёлын өвийг хамгаалах тухай” хууль тогтоомж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2015 оны “Журам батлах тухай” А/335 тоот тушаалаар баталсан “Түүх соёлын дурсгалт зүйлийн зэрэглэл үнэлгээ тогтоох мэргэжлийн зөвлөлийн ажиллах журам”, Сангийн сайдын 2013 онд 140 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батласан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнэ тогтоох журам”, хоёрдугаар хавсралтаар баталсан “Түүх, соёлын дурсгал, үзмэр, эд өлгийн зүйлийн шинэчилсэн дансны үнийн жагсаалт”-ыг баримталсан болохыг дурьдаж мэргэжлийн зөвлөлийн гишүүдийн мэдлэг, туршлага, мэргэжлийн ур чадварт үндэслэн тодорхойлсон болно гэснийг үгүйсгэх, шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг нотлох баримтаар үнэлэхгүй байх, дүгнэлтэнд эргэлзэх үндэслэл тогтоогдоогүй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.А мэдүүлэхдээ “...тухайн алдагдсан эд зүйлсийг олж авах хүсэлтэй байна. Мөнгөн дүнгээр илэрхийлж, үнэлж чадахгүй байна. Их үнэ цэнэтэй эд зүйлс юм” гэх мэдүүлэг авагдсан байна. Шүүгдэгч С.О-ын үйлдлийн улмаас нийт 47.025.000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч энэхүү шүншигний мөнгөн аяга, хоромсог саадгийн мөнгөн тоног зэрэг эд зүйл нь археологийн судалгааны үр дүнд илрүүлж, тогтоосон соёлын биет өв болох бөгөөд дээрх эд зүйлсийг хулгайлан авч бусдад худалдсаны улмаас эдгээр эд зүйлс дахин олдохгүйгээр алга болсон, гэрчүүдийн мэдүүлгээр хайлуулж мөнгөн эдлэл хийхэд ашигласан гэх тул энэ гэмт хэргийн улмаас учирсан мөнгөн дүнгээр илэрхийлэгдэх хохирол нь 47.025.000 төгрөгөөр хэмжигдэх боловч гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасны дагуу хор уршиг нь Монголын түүхийн нэгэн цаг үеийг төлөөлж, соёлын биет өв, дурсгал болох эд зүйлс бүр мөсөн устан алга болж, эргэн сэргээгдэх ямар ч боломжгүйгээр Монгол Улсад хохирол учирсан байдлаар тодорхойлогдож байгааг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэнгээс шүүхийн хэлэлцүүлэгт “...Түүхэн археологийн зүйлийн талаар мэдлэгтэй, энэ талаар сурч төгссөн. Би Цэрэндорж дарга, Шинжлэх ухааны акедемийн дэд захирал Энхчимэг нартай уулзсан. Тэдэнтэй уулзахад бид бол үнэлгээний тал дээр хэлэх зүйл байхгүй гэж хэлсэн. Би тэдэнд энэ хүү танай мэргэжлийн хүн. Анх удаа өөрийн болчимгүй үйлдлээс болж ийм хэрэгт холбогдоод явж байна. Танай байгууллагад ажиллаж байгаад хохирлын мөнгөнөөсөө 45.600.000 төгрөгөө суутгуулаад ажиллах болох уу гэхэд “бидэнд мөнгө чухал биш”. Шүүхийн шийдвэрийг харж байгаад шийднэ гэдгээ хэлсэн. Хорихоос өөр төрлийн ял авбал бид өөрийн байгууллагад ажиллаж байсан хүнийг сануулаад батлан даалтанд авах үгүйгээ шийднэ. Бидний зүгээс гаргаж ирсэн үнэлгээг хүлээн зөвшөөрнө. Хохирол төлбөрийг барагдуулна” гэх саналаа илэрхийлсэн боловч энэ нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хор уршигийг арилгасан гэж үзэх үндэслэл болохгүй мөн нөхөн төлөхөө илэрхийлэх нь бодитой байх ёстой бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөх завсарлага авах саналаа илэрхийлээгүйг дурьдах нь зүйтэй байна.

Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон нийт 47.025.000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдөөгүй байх тул шүүгдэгч С.О-аас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар 47.025.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд олгохоор шийдвэрлэв.

Хоёр. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч С.О-ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаарх санал, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэргийг тус тус харгалзан үзлээ.

Шүүгдэгч С.О-ын үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.О нь үргэлжилсэн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, энэ төрлийн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэнэ гэж зааснаар хүнд гэмт хэргийн ангилалд хамаарна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйл, 7.1 дүгээр зүйлд тус тус заасан тэнсэх зохицуулалтыг зөвхөн хөнгөн гэмт хэрэгт буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэрэгт хэрэглэх боломжтой юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэйгээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн бол 2 жилээс 8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилсан байх тул тэнсэх зохицуулалт хэрэглэж өгнө үү гэх өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах үндэслэлгүй юм. Мөн шүүгдэгч С.О нь хэдийгээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн боловч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөөгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтанд зааснаар шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тухайн зүйл хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур ял оногдуулах зохицуулалтыг мөн хэрэглэх үндэслэлгүй болно.

Шүүгдэгч С.О-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2 дахь заалтанд зааснаар хорих ял оногдуулах тухай прокурорын саналыг хүлээн авч түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2 дахь заалтанд зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно гэж заасны дагуу шүүгдэгч С.О нь урьд хорих ял эдэлж байгаагүй, түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, ангилал, гэмт хэрэгт оногдуулсан ял, эрүүгийн хариуцлагын хэр хэмжээ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шийдвэрлэвэл зохих бусад зүйлийн талаар:

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурьдав.

   Хэрэгт хавсарган ирүүлсэн сиди 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хадгалахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэг, 34.14 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэлийн прокурорын газраас ирүүлсэн шүүгдэгч С.О-ад холбогдох эрүүгийн 2202002200254 дугаартай хэргээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 25.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнийг, мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтанд зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг тус тус Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтанд заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.  

2. Шүүгдэгч С.О /РД: ХХ00000000/-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2 дахь заалтанд зааснаар үргэлжилсэн үйлдлээр түүх, соёл, шинжлэх ухааны хөгжилд ач холбогдолтойд тооцож тусгайлан хамгаалсан эд зүйлийг хүн үйл ажиллагаа явуулах, тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч С.О-ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1., 2.2 дахь заалтанд зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.О-ад оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч С.О-аас 47.025.000 /дөчин долоон сая хорин таван мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Монгол Улсын Шинжлэх ухааны академийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнд олгосугай.

6. Хэргийн хамт ирүүлсэн сиди 1 ширхэгийг хэрэгт хадгалсугай.

7.  Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлэгдээгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч С.О-ыг цагдан хорьж эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

9. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.О-ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Л.ГАЛБАДАР