Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
Хэргийн индекс | 187/2022/0747/Э |
Дугаар | 2022/ШЦТ/738 |
Огноо | 2022-11-03 |
Зүйл хэсэг | 17.3.1., |
Улсын яллагч | Б.Хурц |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/738
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч Б.Хурц, хохирогч Г.Өвгөнбүргэд, шүүгдэгч Ц.Хишигжаргал, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Таргад овогт Цэвээний Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2210017871145 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Увс аймагт төрсөн, 34 настай, эмэгтэй, дээд боловсролтой, сэтгэл зүйч мэргэжилтэй, ам бүл 2, охины хамт Увс аймгийн Өмнөговь сум, 5 дугаар багийн задгай тоотод оршин суух бүртгэлтэй, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Таргад овогт Цэвээний Хишигжаргал /РД: ОЙ88041604/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Хишигжаргал урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж Г.Өвгөнбүргэдийг хуурч, БНХАУ-аас цахилгаан бараа оруулж ирнэ гэж зохиомол байдлыг зориуд бий болгосноор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Жаргалан төвийн Хаан банкны салбараас 5031138459 данс руу 12,077,000 төгрөг шилжүүлсэн буюу урьдын харилцааны явцад бий болсон итгэлтийг урвуулан ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон иргэн Г.Өвгөнбүргэдэд нийт 12,077,000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг:
Хохирогч Г.Өвгөнбүргэд: “...Хэргийн талаар улсын яллагч сая тодорхой хэлчихлээ, нэмж хэлэх зүйл байхгүй, миний хувь хохирлоо барагдуулаад авчихвал гомдолгүй, надаас бараа оруулж ирнэ гэж хэлээд 12,000,000 төгрөг авснаас буцааж 8,000,000 төгрөгийг авсан байгаа, өмнө 350,000 төгрөгийг зээлж авсан, тэрийгээ өргөдөлдөө бичсэн байгаа...” гэв.
Шүүгдэгч Ц.Хишигжаргал: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв учир шүүхэд нэмж мэдүүлэг гаргахгүй, 8 сая төгрөгийг төлсөн, үлдсэн хохирлыг 14 хоногт төлнө, үнийн дүн дээр маргаан байхгүй, миний хувьд тогтсон байгууллагад хамрагдаж ажил хийгээгүй байгаа, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд зөвлөгөө өгдөг, Увс аймагт, сардаа 2-3 байгууллагад сургалт явуулаад 1 өдөр нэг хүүхдэд 9,000 төгрөг, 7 хүүхэдтэй ажиллаж байгаа, ажилдаа ороод явахын бол хохирлыг төлөх боломжтой, найзаасаа 3,200,000 төгрөг авах ёстой, тэрийгээ авчихвал хохирлыг төлчихнө...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Хохирогч Г.Өвгөнбүргэд мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2017 оноос хойш Хишигжаргал нь ажлаасаа жирэмсний амралтаа авснаас хойш ямар нэгэн холбоо барилгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын дундуур холбоо тогтоосон. Тэгээд бид нүүр тулж уулзсан ба би “ах нь БНХАУ-с цахилгаан бараа оруулж ирж зарах хүсэлтэй байна, харин надад хэл мэддэг хүн хэрэгтэй байна” гэхэд Хишигжаргал нь “өө 2018, 2019 онуудад дүү нь өөрөө урдаас бараа оруулж ирж зарж байсан, их боломжийн ашигтай ч юм байна лээ, тэгээд ковид гарснаас хойш өнөөдрийг хүртэл хийж чадахгүй байгаа” гэж надад хэлсэн. Тэгээд Хишигжаргал нь “дүү нь хотод нэг сарын хугацаатай сургалтад суух гэж ирсэн. Тийм учраас зав их багатай байгаа, гэхдээ дүү нь урд таньдаг хэдэн хүмүүс байгаа тэд нартайгаа вичатаар холбогдоод таны сонирхож байгаа бараа болон үнийн дүнг мэдээд өгч болно” гэж хэлсэн. Тэр өдрөөс хойш 14 хоногийн дараагаар надад хэд хэдэн бараа болон түүний үнэ зэргийг үзүүлсэн, тэр монгол мөнгөөр 90 юань болж байна гэсэн тэгээд би “энэ чинь тэгээд яг сайн нь мөн юм уу” гэхэд хэд хоногийн дараа “120 юань гэж байна ахаа, энэ нь илүү чанартай ч юм байна” гэсэн. Тэгээд би “за тэгвэл энэ үнэ дээр чинь тогтоод бараа захиалъя” гэсэн. Тэгээд миний сонгож захиалсан бараанууд болон тээврийн хөлс нь нийт 12,077,000 төгрөг болсон. Би тэр мөнгийг Хишигжаргал гэдэг хүний дансанд шилжүүлсэн ба одоог хүртэл бараа болон мөнгөө алийг нь ч Хишигжаргалаас аваагүй байна. ...Би 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн Жаргалант үйлчилгээний төвийн Хаан банкны салбараас Хишигжаргал гэх хүний 503хххх459 тоот дансанд нэг удаагийн гүйлгээгээр 12,077,000 төгрөгийг угаалгын машин бүргэдээс 99045357 гэх утгаар шилжүүлсэн. ...Хишигжаргал нь нэг өдөр “ахаа миний лизинг төлөх хугацаа тулчхаад, дүү нь жоохон сандраад явж байна, уул нь энийгээ төлчих юм бол дүү нь таны барааны араас нэг мөсөн тухтай хөөцөлдмөөр байна” гээд байсан учраас түүний лизингийн төлөлт болох 350,000 төгрөгийг 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр эхнэрийн мобайл банкнаас бүргэдээс гэх утгаар 503хххх459 тоот дансанд шилжүүлсэн. ...Нийт 12,427,000 төгрөгийн хохирол учраад байна, ...Хишигжаргал нь миний мөнгийг яг юунд хэрхэн яаж зарцуулсан талаар надад ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа. Тийм учраас Хишигжаргал гэх хүний дансны хуулгыг шалгуулах хүсэлтэй байна...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн,
Шүүгдэгч Ц.Хишигжаргал мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би Г.Өвгөнбүргэд ахаас “Хятадад байдаг бага оврын угаалгын машиныг чи хятад хэлтэй юм чинь захиад аваад өг” гэсэн учир 2022 оны 05 сарын 09-ний өдөр ярилцаж тохиролцоод Г.Өвгөнбүргэд ахаас өөрийн Хаан банкны 503хххх459 дугаарын данс руу 12,077,000 төгрөг шилжүүлж авсан. Мөнгөө хэдийгээр шилжүүлж авсан боловч надад өөрт маань өдөр тутмын мөнгөний хэрэг байсан учир угаалгын машиныг нь захиж өгөхгүйгээр тухайн 12,077,000 төгрөгийг хувьдаа ашиглаж ойр зуурын зүйлдээ хэрэглэсээр үрж дуусгасан. Тэгээд Г.Өвгөнбүргэд ахад хэлж чадахгүй явсаар ийм зүйл боллоо. Хийсэн үйлдэлдээ гэмшиж байна. ...Би бусдад учруулсан хохирлоо барагдуулаагүй, хохирогчид төлбөрөө төлөх хүсэлтэй байгаагаа илэрхийлж байна. ...Би гэм буруу дээрээ маргаан байхгүй...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ мэдүүлгүүд,
- Өргөдөл /хавтас хэргийн 7 дахь тал/,
- Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтас хэргийн 27 дахь тал/,
- Шүүгдэгч Ц.Хишигжаргал болон хохирогч Г.Өвгөнбүргэд нарын фейсбүүк чатын хуулбар /хавтас хэргийн 29-32 дахь тал/,
- Хаан банкны данс эзэмшигч Ц.Хишигжаргалын 503хххх459 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 44 дэх тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 45-56 дахь тал/,
- Шүүгдэгч Ц.Хишигжаргал 8,000,000 төгрөгийг хохирогч Г.Өвгөнбүргэдийн хохиролд төлсөн тухай баримт /хавтас хэргийн 62-63 дахь тал/,
- Шүүгдэгч Ц.Хишигжаргалын хувийн байдалтай холбоотойгоор иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 35 дахь тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хавтас хэргийн 36 дахь тал/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 37 дахь тал/, үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хавтас хэргийн 38 дахь тал/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хавтас хэргийн 39 дэх тал/, шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй эсэх тодорхойлолт /хавтас хэргийн 40 дэх тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 41 дэх тал/, зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч Ц.Хишигжаргал урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэг газар хамт ажиллаж байсан гэх Г.Өвгөнбүргэдийг БНХАУ-аас цахилгаан бараа захиалж өгч чадна гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгосноор 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Жаргалан төвийн Хаан банкны салбараас 503хххх459 данс руу 12,077,000 төгрөг шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн нь хохирогч Г.Өвгөнбүргэдийн “...2017 оноос хойш Хишигжаргал нь ажлаасаа жирэмсний амралтаа авснаас хойш ямар нэгэн холбоо барилгүй байж байгаад 2022 оны 04 дүгээр сарын дундуур холбоо тогтоосон. Тэгээд бид нүүр тулж уулзсан ба би “ах нь БНХАУ-с цахилгаан бараа оруулж ирж зарах хүсэлтэй байна, харин надад хэл мэддэг хүн хэрэгтэй байна” гэхэд Хишигжаргал нь “өө 2018, 2019 онуудад дүү нь өөрөө урдаас бараа оруулж ирж зарж байсан, их боломжийн ашигтай ч юм байна лээ, тэгээд ковид гарснаас хойш өнөөдрийг хүртэл хийж чадахгүй байгаа” гэж надад хэлсэн. ...Тэр өдрөөс хойш 14 хоногийн дараагаар надад хэд хэдэн бараа болон түүний үнэ зэргийг үзүүлсэн тэр монгол мөнгөөр 90 юань болж байна гэсэн тэгээд би "энэ чинь тэгээд яг сайн нь мөн юм уу” гэхэд хэд хоногийн дараа “120 юань гэж байна ахаа энэ нь илүү чанартай ч юм байна” гэсэн. Тэгээд би “за тэгвэл энэ үнэ дээр чинь тогтоод бараа захиалъя” гэсэн. Тэгээд миний сонгож захиалсан бараанууд болон тээврийн хөлс нь нийт 12,077,000 төгрөг болсон. Би тэр мөнгийг Хишигжаргал гэдэг хүний дансанд шилжүүлсэн ба одоог хүртэл бараа болон мөнгөө алийг нь ч Хишигжаргалаас аваагүй байна...” /хавтас хэргийн 13-14 дэх тал/ гэсэн, шүүгдэгч Ц.Хишигжаргалын: “...Би Г.Өвгөнбүргэд ахаас “Хятадад байдаг бага оврын угаалгын машиныг чи хятад хэлтэй юм чинь захиад аваад өг” гэсэн учир 2022 оны 05 сарын 09-ний өдөр ярилцаж тохиролцоод Г.Өвгөнбүргэд ахаас өөрийн Хаан банкны 503хххх459 дугаарын данс руу 12,077,000 төгрөг шилжүүлж авсан. Мөнгөө хэдийгээр шилжүүлж авсан боловч надад өөрт маань өдөр тутмын мөнгөний хэрэг байсан учир угаалгын машиныг нь захиж өгөхгүйгээр тухайн 12,077,000 төгрөгийг хувьдаа ашиглаж ойр зуурын зүйлдээ хэрэглэсээр үрж дуусгасан...” /хавтас хэргийн 24-25 дахь тал/ мэдүүлгүүд, Хаан банкны шилжүүлгийн мэдээлэл /хавтас хэргийн 27 дахь тал/, шүүгдэгч Ц.Хишигжаргал болон хохирогч Г.Өвгөнбүргэд нарын фейсбүүк чатын хуулбар /хавтас хэргийн 29-32 дахь тал/, Хаан банкны данс эзэмшигч Ц.Хишигжаргалын 503хххх459 тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтас хэргийн 44 дэх тал/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтас хэргийн 45-56 дахь тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Залилах гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг өөртөө авах, буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй байх гэсэн шунахайн сэдэлтээр хуурамч мэдээлэл, эд зүйл, бичиг баримт ашиглаж төөрөгдүүлэх, урьдын танил харилцааг ашиглах, итгэл эвдэх, худал амлах зэрэг аргаар эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлж, өмчлөгч өөрийн хөрөнгийг өөрөө өгөхөд хүргэж, хохирол учруулдаг бөгөөд шүүгдэгч Ц.Хишигжаргал хамт ажилладаг Г.Өвгөнбүргэдийн урьдын харилцааны явцад бий болсон харилцааг ашиглаж, БНХАУ-аас угаалгын машин захиж өгнө гэж хуурч, захиалсан бараа хил дээр гацсан байгаа гэж төөрөгдөлд оруулан өөрийн Хаан банкны дансыг ашиглан шилжүүлэн авч хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Ц.Хишигжаргалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна.
Шүүгдэгч Ц.Хишигжаргал нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Ц.Хишигжаргал нь тохиолдлын шинжтэй нөхцөлийн улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлын зарим хэсгийг буюу 8,000,000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлөхөө илэрхийлсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заасны дагуу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж, учруулсан хохирлын хэмжээ, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч маргаагүй зэрэг нөхцөлийг харгалзан прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хишигжаргалд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
3. Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Өвгөнбүргэдийн эд хөрөнгөд 12,077,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч нь 8,000,000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан, үлдэгдэл 4,077,000 төгрөгийн хохирлыг 14 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн байна. Иймд төлөгдөөгүй үлдсэн 4,077,000 төгрөгийг шүүгдэгч Ц.Хишигжаргалаас гаргуулж хохирогч Г.Өвгөнбүргэдэд олгох нь зүйтэй байна.
Эрүүгийн 2210017871145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Хишигжаргал энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй гэснийг тус тус шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Таргад овогт Цэвээний Хишигжаргалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зохиомол байдлыг зориудаар бий болгож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, хуурч, бусдыг төөрөгдөлд оруулсны улмаас эд хөрөнгийг нь шилжүүлэн авч залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Таргад овогт Цэвээний Хишигжаргалыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Ц.Хишигжаргалд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хишигжаргалд торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс хойш Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Хишигжаргал /РД: ОЙ88041604, Увс аймгийн Өмнөговь сум, 5 дугаар баг задгай тоотод оршин суух бүртгэлтэй/-аас 4,077,000 /дөрвөн сая, далан долоон мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Өвгөнбүргэд /РД: ФД75091011, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 22 дугаар байр 2-17 тоотод оршин суух хаягтай/-д олгосугай.
6. Эрүүгийн 2210017871145 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Ц.Хишигжаргал энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Хишигжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Хишигжаргалд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР