Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 42

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар:

Нэхэмжлэгч: 19.. онд ... аймагт төрсөн, ... настай, ..., .., ам бүл .., ... хүүхдийн хамт ..дүгээр хороо, .. дүгээр байрны .. тоотод оршин суух, Д-ы Х-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 19.. онд Налайх дүүрэгт төрсөн, .. настай, ...., бүрэн дунд боловсролтой, ..., ... дугаар хороо, .. дугаар гудамжны ..тоотод оршин суух, Б- овогт Х-гийн П-д холбогдох хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, нөхөн тэтгэлэг 6.200.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Х-, хариуцагч Х.П-, нарийн бичгийн дарга Ц.Амарбилэг нар оролцов.       

ТОДОРХОЙЛОХ нь:

           Нэхэмжлэгч Д.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Х.П-тэй 19.. оны .. дүгээр сарын ..-ны өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл 15 жил хамтран амьдарсан. Бидний дундаас 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин А- төрсөн. Х.П- 2014 оны 6 дугаар сарын 20-ны өдөр та нартай хамт амьдарч чадахгүй гээд биднийг охиод явсан, тухайн үед би чи архи уухаараа битгий ирж бай, бид ч гэсэн амармаар байна гэж хэлсэн. 2014 оны шинэ жил, цагаан сараар хүрээд ирэх болов уу гэж харсан боловч ирээгүй. Архи ууж ирээд агсан согтуу тавиад байхгүй мөртлөө охин бид хоёрыг тайван байлгахгүй хардаж сэрдэж байгаад үүрээр унтдаг, охин бид 2 өглөө ажил сургуульдаа явчихдаг байсан. 2014-2018 оны хооронд өөр хүнтэй хамтран амьдарлаа саллаа л гэдэг, одоо өөр нэг хүнтэй амьдарч байгаа тул бидэнтэй хамт амьдрах боломж, хүсэл ч байхгүй болсон. 2015 онд хүүхдийн тэтгэлэг тогтоолгох гэсэн боловч намайг шүүхэд битгий өгөөч, охиндоо сар бүр 150.000 төгрөг өгч байя гэсэн болохоор нь өгөөгүй. Гэтэл тэр цагаас хойш тооцож үзвэл 1.000.000 төгрөг хүрэхгүй мөнгө л өгсөн. Охин хүүхэд болохоор хэрэгцээ шаардлага ихтэй байдаг. Би ганцаараа ажил хийдэг. Миний том охин Чех улсад амьдардаг төрөх үед  нь Чех улсруу 3 сар явсан хойгуур П- хүүхдээ байхад гэртээ өөр эмэгтэй авчирч хоносон байсан. Үүнээс хойш хоёр, гурав эмэгтэй хүнтэй холбогдсон. Би энэ бүх зүйлд нь гомдоод хамт амьдрахаа больсон. Иймд өөрийнх нь хэлсний дагуу 150.000 төгрөгөөр тооцоод 2015-2018 он хүртэлх хүүхдийн тэтгэлэг 6.200.000 төгрөг гаргуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Х.П- шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Бид 1998 оноос хойш 2014 он хүртэл хамтран амьдарсан. Энэ хугацаанд А- охин төрсөн. Тухайн үед Х- 3 хүүхэдтэй байсан. Би 3 хүүхдийг нь боловсролтой, эрдэм номтой хүмүүс болгосон. Хүүхдүүд бага байхад бид хоёр хэрэлддэггүй байсан. Хүүхдүүд томрох тусам хэрэлдэж эхэлсэн. Охиндоо би өөрт байгаа хэмжээгээр мөнгө өгдөг байсан. Одоогоор би группын мөнгөөр амьдардаг. Жилд 4,5 удаа эмнэлэгт хэвтдэг группын мөнгөө эмчилгээ, өөрийн өдрийн хоол, нүүрс түлээнд зарцуулаад дуусдаг болохоор хуримтлуулсан мөнгө байхгүй тул өгөх боломжгүй. Мөн би өмнө нь байгаа боломжоороо мөнгө өгдөг байсан учир 6.200.000 төгрөгийг шаардаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Харин хүүхдийн тэтгэлэг тогтоолгох шаардлагыг зөвшөөрч байна. Х- дээд боловсролтой болоход нь миний хувь нэмэр байгаа гэж боддог. Би Х-гийн гурван хүүхдэд хүний өөрийн гэж алаг үзэлгүй хандаж өсгөсөн гэв.

Шүүхээс хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Х- нь хариуцагч Х.П-д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгож, нөхөн тэтгэлэг 6.200.000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Х.П- нь нэхэмжлэлийн шаардлагаас нөхөн тэтгэлэг 6.200.000 төгрөгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь  зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Д.Х-, хариуцагч Х.П- нар нь 1999 оны 1 дүгээр сарын 6-ны өдрөөс эхлэн хамтран амьдарч байх хугацаандаа 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин П.А-г төрүүлэн улмаар одоог хүртэл эрүүл саруул, эхийн гар дээр өсөн бойжиж байгаа болох нь төрсний гэрчилгээний хуулбар, Нийслэлийн Ерөнхий боловсролын лаборатори “Боловсрол” цогцолбор сургуулийн тодорхойлолт, зохигчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбар зэргээр тогтоогдож байгаа бөгөөд зохигчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2014 оноос тус тусдаа амьдрах болсон байна.

Хариуцагч Х-гийн П- нь охин А-гийн эцэг мөн болох нь захиргааны байгууллагын журмаар тогтоогдсон болох нь төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд  төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ”,   38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт “эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй”, 38.3 дахь хэсэгт “эцэг, эх харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй бол тэтгэлгийг шүүх тогтооно“ гэж заасны дагуу Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар эцэг Х.П-гээс тэтгэлэг гаргуулж охин А-г тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар Х.П-гээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүй бөгөөд 50 дугаар зүйлийн 50.2-т зааснаар шүүхийн шийдвэрээр тогтоосон тэтгэлгийг хугацаанд нь төлөөгүй бол хожимдуулсан хоног тутамд тогтоосон тэтгэлгийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөх болохыг хариуцагчид  анхааруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 167.231 төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээж,  хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжийг 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн мөрдөгдөж эхэлсэн амьжиргааны баталгаажих доод түвшин 198.600 төгрөгөөр тооцож, нэг жилийн хугацаанд  төлвөл зохих тэтгэлэг 2.383.200 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 53.081 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Д.Х-гийн хүүхдийн тэтгэлэг 6.200.000 төгрөгийг нөхөн  гаргуулах нэхэмжлэлийн шаардлага нь хуульд тусгагдаагүй тул хэрэгсэхгүй болгов.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2002 оны 7 дугаар сарын 18-ны өдөр охин П.А-г 18 нас хүртэл амьжиргааны баталгаажих түвшингийн доод хэмжээгээр тэтгэлгийг тогтоон эцэг Х.П-гээс сар бүр гаргуулан тэжээн тэтгүүлж, нөхөн тэтгэлэг 6.200.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.   

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Х.П-гээс гаргуулах тэтгэлгийн хэмжээ нь цалин хөлснөөс өөр орлогогүй бол түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай. 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 167.231 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Х.П-гээс улсын тэмдэгтийн хураамжид 53.081 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Х-д олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн  120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр  нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ