| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Довчинсэнгээгийн Алтанжигүүр |
| Хэргийн индекс | 187/2022/0725/Э |
| Дугаар | 2022/ШЦТ/736 |
| Огноо | 2022-11-03 |
| Зүйл хэсэг | 20.7.1., |
| Улсын яллагч | М.Энхбаатар |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 11 сарын 03 өдөр
Дугаар 2022/ШЦТ/736
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч М.Энхбаатар, шүүгдэгч Н.Бат-Очир, шүүгдэгчийн өмгөөлөгч И.Хонгор, нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Бурхантууд овогт Нарантуяагийн Бат-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2202004730324 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1998 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 24 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто зам, гүүр, барилгын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа барилга дээр ажилладаг, ам бүл 12, ээж, аав, дүү, эгч нарын хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт Ухаагийн 23-25б тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Бурхантууд овогт Нарантуяагийн Бат-Очир /РД: УЗ98012611/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Н.Бат-Очир нь 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-256 тоотод орших гэрийнхээ хашаан дотор байх саванд “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 111,3 гр хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай Конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч нарын мэдүүлэг:
Шүүгдэгч Н.Бат-Очир: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг гаргахгүй...” гэв.
Хоёр: Шүүх хуралдаанд талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:
Гэрч Н.Алтанбаатар мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хан-Уул дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Бат-Очир гэх хамаатныдаа очсон. Тэгээд тэр өдрийн шөнийн 00-01 цагийн хооронд цоорхой гэх газар Бат-Очир ахаас хар тамхины төрлийн Канабис ургамлыг аваад бороо цоорхой гэх газар очиж татсан. Тэгээд 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бат-Очир ахын гэрт байж байхад манай найз болох Баяндалай нь Бат-Очир ахаас өвс байна уу гэсэн утгатай чат бичсэн. Тэгээд утсаар яриад байсан. Хэр их юм байгаа юм бэ? гэж Баяндалай Бат-Очир ахаас асуусан. Тэгсэн чинь Бат-Очир ах чи хэдэд авах юм гэж хэлэхэд Баяндалай 50,000 төгрөгт авъя гэж хэлсэн, 30-40 минутын дараа Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн эцэс дээр ирчихлээ гэсэн, би Бат-Очир ахад хамт явъя гэж хэлэхэд намайг яах юм бэ гэж хэлээд нөгөө атга өвсөө цагаан өнгөгүй уутанд хийгээд аваад явсан. ...Би Батсүх, Бат-Очир ах нарын хамтаар Хан-Уул дүүрэг 12-р хорооны Био комбинат гэх газрын хойшоо гүүр даваад уулын бэлээр Канабис төрлийн ургамал ургадаг тэндээс түүсэн. Тэгээд Бат-Очир, Батсүх ах нартай хэрэглэж байсан. Би анх 2022 оны өвөл бааранд ажиллаж байхдаа хэрэглэж үзэж байсан ...Баяндалай гэх хүнээс хар тамхины талаар мэдээлэл авч байсан ... Би буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ авхуулахад санал хүсэлт байхгүй...” /хавтас хэргийн 57, 93 дахь тал/ гэсэн,
Гэрч С.Батсүх мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед Хан-Уул дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арьс ширний 2-13 тоот гэрээсээ гараад найз Бат-Очирын гэрт очсон. Тэгсэн цагдаагийн албан хаагч нар ирсэн, намайг аваад явсан. ...2022 оны 06 дугаар сараас эхэлж Бат-Очирын хамт гудамжинд хүн багатай газар татаж хэрэглэсэн, хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 10, 31-ний өдрүүдэд Хан-Уул дүүрэг 12 дугаар хороо, Парадайс гэх амралтын газар Kaнaбиcc төpлийн ургамал татсан. ...Бат-Очироос авч татдаг, Алтанбаатар, Бат-Очир, бид гурав Канабис төрлийн ургамал түүсэн. ...Илүү гарсан Канабис төрлийн ургамал өвсийг Бат-Очир гэр лүүгээ аваад орсон...” /хавтас хэргийн 59, 94 дэх тал/,
Гэрч Н.Батцэнгэл мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 08 дугаар сарын эхээр санаж байна хэдний өдрийг санахгүй байна, хүргэн ах Билгүүний хамт гэрийнхээ үүдэнд хутга ирлээд сууж байтал төрсөн ах Бат-Очирыг цагдаа гавлачихсан хашаа руу орж ирсэн. Тэгээд гэрт нэгжлэг хийгээд гэрээс ямар нэгэн зүйл илрээгүй. Хашаанд байх хуучин хөргөгчийн эвдэрхий дотроос өвс гаргаж ирсэн. Цагдаа нар энэ хэнийх юм бэ гэж асуухад Бат-Очир ах минийх гэж хэлж байсан. Ингээд тэр өвс рүү ахыг хуруугаар нь заалгаж зогсож байгаад зургийг нь дарж аваад ахыг аваад явсан...” /хавтас хэргийн 96-97 дахь тал/ гэсэн,
Шүүгдэгч Н.Бат-Очир мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 22-н товчооны ойролцоо явж байхад өвс ургасан байхыг хараад 4-5 ширхэг өвс тасалж аваад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаа 23-256 тоот хашаанд байх тайрсан поошиг дотор хийж хатаасан, түүнээс хойш 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагад баригдсан. Би 22-н товчоо руу найзын ахынх руу очиж байшинг нь буулгаж янзлах зорилгоор явж байгаад өвс олж харсан. Тэгээд тэр өвсийг өөрөө хэрэглэх зорилгоор түүсэн. Би түүсэн өвснөөсөө хэн нэгэнд өгөөгүй. ...Манай хамаатны дүү Алтанбаатар гээд дүү Бандикагаас 290.000 төгрөгийн авлагатай. Бандика намайг утсаар залгахаар ерөөсөө утсаа авахгүй байх юм, та худлаа үнэн юм зохиож ярьж байгаад Бандикааг аваад ирээч гэж Алтанбаатар гуйсан. Тэгэхээр нь Бандика руу байна уу? гээд чат бичсэн. Тэгтэл Бандика байна гэж хариу ирүүлсэн. Уулзах талаар санал тавихад татгалзсан. Тэгээд Бандика надаас өвс байна уу гэж асуусан. Тэгэхээр нь надад өвс байгаа чамд мөнгө байгаа юм уу гэж асуусан. Тэр хооронд би Алтанбаатарт Бандика мөнгөөр өвс авна гээд мөнгөтэй байгаа юм биш үү гэж асуухад Алтанбаатар Бандикаг яаж ийж байгаад дуудаж авч ирээд мөнгөө авмаар байна гэхээр нь би Бандика руу чи ирээд өвс аваа, ирээд над руу залгаарай гэж хэлсэн. Тэгээд Бандика 45 минутын дараа над руу залгаад би Нисэхийн эцсийн буудал дээр ирчихлээ гэж хэлсэн. Тэгээд би Алтанбаатарыг 5 минутын дараа гараад ирээрэй гэж хэлээд Бандикатай уулзахаар гарсан. Тэгээд гэрээсээ гараад гудамжаар гараад монопол гэх дэлгүүрийн хажууд явж байгаад цагдаад баригдсан. Бандикатай уулзаж амжаагүй. Бандикад өвс зарах сэдэл байгаагүй. Тэр үед миний биед өвс ч байгаагүй ...Би одоо өвс түүсэн гэх газраа зааж өгч чадахгүй. Би тэр газарт анх удаа очсон, сайн мэдэхгүй байна, ...би саяхнаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж эхэлсэн...” /хавтас хэргийн 129-130 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3885 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1.Шинжилгээнд ирүүлсэн “3” болон “9” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна.
2.Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлсээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна.
3.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай" конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.
4. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 71,3 грамм, цэвэр жин нь 69,1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 69,0 грамм болов “9” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 46,8 грамм, цэвэр жин нь 42,2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 42,0 грамм болов...” /хавтас хэргийн 103-106 дахь тал/ гэсэн,
- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн 3886 дугаартай дүгнэлтэд: “...1.Шинжилгээнд ирүүлсэн “Н.Бат-Очир УЗ98012611 2022.08.04” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна.
2. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Бат-Очир УЗ98012611 2022.08.04” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol илрэв.
3.Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг болно...” /хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 833 дугаартай дүгнэлт “...1. Н.Бат-Очир нь урьд өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна. Н.Бат-Очир нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчтэй гэх баримт, шинж үгүй байна.
2. Н.Бат-Очир нь сэтгэц идэвхт эм бодисоос хамааралтай болсон гэх шинж, баримт одоогоор үгүй байна.
3. Н.Бат-Очир нь сэтгэцийн хувьд мэдүүлэг өгөх чадвартай байна.
4. Н.Бат-Очир нь сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна...” /хавтас хэргийн 185 дахь тал/ гэсэн дүгнэлтүүд,
- Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаа, 23-256 тоотод нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 2-3, 7-9 дэх тал/,
- Н.Бат-Очирын биед болон гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 5,10 дахь тал, 22-44 дэх тал/,
- Эд мөрийн баримтаар тооцох зорилгоор эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтас хэргийн 90, 92 дахь тал/,
- Шүүгдэгч Н.Бат-Очирын хувийн байдалтай холбоотойгоор төрсний бүртгэлийн лавлагаа /хавтас хэргийн 160 дахь тал/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 161 дэх тал/, төрөл садангийн хүмүүсийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтас хэргийн 162-164 дэх тал/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 171 дэх тал/, “ЭННС констракшн” ХХК-д ажилладаг тодорхойлолт, цалингийн тодорхойлолт /хавтас хэргийн 172 дахь тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтас хэргийн 176 дахь тал/ зэрэг болно.
Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт
1. Шүүгдэгч нь Н.Бат-Очир 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 23-256 тоотод орших гэрийнхээ хашаан дотор байх саванд “өвс” гэх нэршилтэй цэвэр жин нь нийт 111,3 гр хэмжээтэй Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын /delta-9 tetrahydrocannabinol/ агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь гэрч Н.Алтанбаатарын “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Бат-Очир ахын гэрт байж байхад манай найз Баяндалай нь Бат-Очир ахаас өвс байна уу гэсэн утгатай чат бичсэн. Тэгээд утсаар яриад байсан, хэр их юм байгаа юм бэ? гэж Баяндалай Бат-Очир ахаас асуусан. Тэгсэн чинь Бат-Очир ах чи хэдэд авах юм гэж хэлэхэд Баяндалай 50,000 төгрөгт авъя гэж хэлсэн, 30-40 минутын дараа Хан-Уул дүүрэг 9 дүгээр хороо, Нисэхийн эцэс дээр ирчихлээ гэсэн, би Бат-Очир ахад хамт явъя гэж хэлэхэд намайг яах юм бэ гэж хэлээд нөгөө атга өвсөө цагаан өнгөгүй уутанд хийгээд аваад явсан...” /хавтас хэргийн 57, 93 дахь тал/ гэсэн, гэрч С.Батсүхийн “...Би 2022 оны 08 дугаар сарын 04-ний орой 17 цагийн үед Хан-Уул дүүрэг 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах арьс ширний 2-13 тоот гэрээсээ гараад найз Бат-Очирын гэрт очсон. Тэгсэн цагдаагийн албан хаагч нар ирсэн, намайг аваад явсан. ...2022 оны 06 дугаар сараас эхэлж Бат-Очирын хамт гудамжинд хүн багатай газар татаж хэрэглэсэн, хамгийн сүүлд 2022 оны 07 дугаар сарын 10, 31-ны өдрүүдэд Хан-Уул дүүрэг 12 дугаар хорооны Парадайс гэх амралтын газар Kaнaбиcc төpлийн ургамал татсан ...Бат-Очироос авч татдаг, Алтанбаатар, Бат-Очир, бид гурав канабис төрлийн ургамал түүсэн...” /хавтас хэргийн 59, 94 дэх тал/, шүүгдэгч Н.Бат-Очирын “...2022 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 22-н товчооны ойролцоо явж байхад өвс ургасан байхыг хараад 4-5 ширхэг өвс тасалж аваад Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны Буянт-Ухаа 23-256 тоот хашаанд байх тайрсан поошиг дотор хийж хатаасан, түүнээс хойш 2 хоногийн дараа цагдаагийн байгууллагад баригдсан. Би 22-н товчоо руу найзын ахынх руу очиж байшинг нь буулгаж янзлах зорилгоор явж байгаад өвс олж харсан. Тэгээд тэр өвсийг өөрөө хэрэглэх зорилгоор түүсэн. ...Би саяхнаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэж эхэлсэн...” /хавтас хэргийн 129-130 дахь тал/ гэсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3885 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “3” болон “9” гэж хаягласан гялгар ууттай ногоон өнгийн ургамал мэт зүйлс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн ургамал мэт зүйлсээс делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. Шинжилгээнд ирүүлсэн “3” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 71,3 грамм, цэвэр жин нь 69,1 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 69,0 грамм болов “9” гэж хаягласан ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 46,8 грамм, цэвэр жин нь 42,2 грамм, шинжилгээнд дээж авч үлдсэн жин нь 42,0 грамм болов...” /хавтас хэргийн 103-106 дахь тал/ гэсэн, мөн хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 3886 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: Шинжилгээнд ирүүлсэн “Н.Бат-Очир УЗ98012611 2022.08.04” гэж хаягласан шээс нь шинжилгээнд тэнцэж байна. Шинжилгээнд ирүүлсэн “Н.Бат-Очир УЗ98012611 2022.08.04” гэж хаягласан шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol илрэв. Шинжилгээнд илэрсэн делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтанд багтдаг болно...” /хавтас хэргийн 117-119 дэх тал/ гэсэн,
- Шүүх сэтгэц эмгэг судлалын 2022 оны 833 дугаартай дүгнэлт /хавтас хэргийн 185 дахь тал/, нэгжлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 2-3, 7-9 дэх тал/, Н.Бат-Очирын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтас хэргийн 24-44 дэх тал/ зэрэг хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан бөгөөд дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын жагсаалтад багтсан байгалийн буюу аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн системийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний ердийн үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.
Шүүгдэгч Н.Бат-Очирын делта-9 тетрагидроканнабинол /Delta-9 tetrahydrocannabinol/-ын агууламж бүхий ургамлыг хууль бусаар хадгалсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан худалдаалах зорилгогүйгээр хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Н.Бат-Очирт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Бат-Очир нь худалдаалах зорилгогүйгээр хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.
2. Шүүгдэгч Н.Бат-Очир нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд шүүгдэгч Н.Бат-Очирын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй.
Дээрх хөнгөрүүлэн үзэх нөхцөл, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, үйлдэгдсэн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Н.Бат-Очирт 01 /нэг/ жил, 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж шийтгэв.
Шүүгдэгч Н.Бат-Очирт зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрлөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг тус тус хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж мэдэгдэв.
Эрүүгийн 2202004730324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар “№3” гэж дугаарласан цэвэр жин нь 69.1 гр, “№9” дугаарласан цэвэр жин нь 42.2 гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газарт даалгаж, шүүгдэгч Н.Бат-Очир нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Бурхантууд овогт Нарантуяагийн Бат-Очирыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Нарантуяагийн Бат-Очирыг 01 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Очирт тогтоосон 1 /нэг/ жил 03 /гурав/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын хугацаанд Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж, түүнд хяналт тавихыг Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Бат-Очир нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдэнд анхааруулж, мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн 2202004730324 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар “№3” гэж дугаарласан цэвэр жин нь 69.1 гр, “№9” дугаарласан цэвэр жин нь 42.2 гр хэмжээтэй “өвс” гэх нэршилтэй мансууруулах бодис /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-г шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
6. Эрүүгийн 2202004730324 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Н.Бат-Очир нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй гэснийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Бат-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус бүр хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бат-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.АЛТАНЖИГҮҮР