Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 2022/ШЦТ/826

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч ***олортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Цэвэлмаа хөтлөн,

Улсын яллагч: Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Энхбат,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокуророос *** овогт ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн эрүүгийн 2202000000237 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 1958 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, тэтгэвэрт, ам бүл 2, эхнэрийн хамт Чингэлтэй дүүргийн *** дугаар хороо, *** дугаар *** мянгат гудамжны *** тоотод оршин суух /РД:***/, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***.

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** гудамжны *** тоотод үйл ажиллагаа явуулах “***” ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй “***”, “***”, “***”, “***” ХХК-иудаас 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 25 ширхэг падаан, “***” ХХК-аас 2018 оны 9 дүгээр сард хууль бусаар шивүүлсэн 10 ширхэг падаан, “***” ХХК-аас 2018 оны 12 дугаар сар хууль бусаар шивүүлсэн 6 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 2,462,362,727,27 (хоёр тэрбум, дөрвөн зуун жаран хоёр сая, гурван зуун жаран хоёр мянга, долоон зуун хорин долоон төгрөг, хорин долоон мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 41 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 246,236,272,73 (хоёр зуун дөчин зургаан сая, хоёр зуун гучин зургаан мянга, хоёр зуун далан хоёр төгрөг, далан гурван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ыг “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдсон байна. Үүнд:

1. Хохирогч Татварын ерөнхий газрын хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очирын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний хувьд Татварын ерөнхий газрын хуулийн хэрэгжилтийг хангах газарт татварын улсын байцаагчаар ажилладаг. Татварын албан хууль эрх ашиг сонирхлыг хуулийн байгууллагад төлөөлж оролцдог. “***” ХХК-ийн хувьд 2017-2019 оныг дуустал зөрчилтэй НӨАТ-ын падааны худалдан авалт хийж улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 246,236,272.73 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. “***” ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байна. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 246,236,272.73 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд “***” ХХК нь илгээсэн байдаг.  “***” ХХК-тай холбоотой татварын өр төлбөрийн асуудал гэх юм бол НӨАТ-ын хий бичилтэй холбоотой өр төлбөрийг барагдуулж байгаа бүрэн дуусаагүй байгаа. НӨАТ-ын хуурамч шивэлтийн тайланг залуулсны дагуу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлсөн, хохиролгүй болгосон байна. “***ын” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Нэр бүхий 3 аж ахуйн нэгжээс худалдан авалт хийсэн дүгнэлт гаргасан байна. Бодит байдал дээр “***” ХХК нь нийт 6 аж ахуйн нэгжээс 41 падаанаас 246,236,272.73 төгрөгийн падаан бичүүлэн авч төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан байна. Татварын ерөнхий газрыг төлөөлж байгаагийн хувьд “***” НӨАТ-ын хий шивэлттэй холбоотой өр төлбөрийг төлж байгаа боловч цаашид бүрэн төлүүлэх хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 18-19 дэх тал),

2. Татварын ерөнхий газраас ирүүлсэн “***” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 2,462,362,727.27 (хоёр тэрбум, дөрвөн зуун жаран хоёр сая, гурван зуун жаран хоёр мянга, долоон зуун хорин долоон төгрөг, хорин долоон мөнгө) төгрөгийн үнэ бүхий 41 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “***”, “***”, “***”, “***”, “***”, “***” гэсэн нэр бүхий 6 аж ахуйн нэгжүүдээс авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2017 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 7 дугаар сарын 10, 2019 оны 4 дүгээр сарын 23, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж байгаа талаарх баримт (1 дэх хавтаст хэргийн 22-23 дахь тал),

3. “***” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 84-92 дахь тал),

4. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналтын шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, *** нарын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” “...Татварын хяналтын шалгалтаар нийт 50,236,117,113.4 төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын Ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд. 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ: 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх: 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн... Хавсралтаар: “...Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус *** ХХК юм. ...2017 онд 27,849,892,034.45 төгрөгийн бараа материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгосон байж болзошгүй, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар ногдох орлого, нэмэгдсэн өртгийн албан татвар ногдох орлогыг хуурамчаар тусгасан...” гэх дүгнэлт (2 дахь хавтаст хэргийн 100-106 дахь тал),

5. “***” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 160-176 дахь тал),

6. Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, *** нарын (татварын хяналт, шалгалт хийх томилолт), (Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж)-ийн дагуу “***” ХХК-ийн 2013.01.01-2017.12.31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн: “Дүгнэлт: ...Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52,642,576,428.3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэг бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв.

Хавсралтад: “...Татварын хяналт шалгалтаар, нийт 52,642,576,428.27 төгрөгийн зөрчил илэрсэн.

2017 онд 26,335,816,350.81 төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж бусдад нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон...” гэх дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 117-184 дахь тал),

7. “***” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (1 дэх хавтаст хэргийн 185-196 дахь тал),

8. Гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг. 1. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан, 2. Цахим татварын мэдээллийн сан, 3. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг. 1. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14-т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, сар, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. 2.Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Еtех.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан.

3. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем

Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос терминал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно.

Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.

Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайлангаа Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 26-28 дахь тал),

9. “***” ХХК-тай холбоотой баримтууд (1 дэх хавтаст хэргийн 42-43, 54-72 дахь тал),

10. 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр “***” ХХК-г төлөөлж захирал ***, нөгөө талаас “***” ХХК нарын хооронд байгуулсан “Худалдах, худалдан авах гэрээ”-ний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 77-78 дахь тал),

11. Гэрч *** (“***” ХХК-ийн нягтлан бодогч)-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..2017 онд “***" ХК-ийн өргөтгөлийн барилга, “***” ХХК-ийн оффисын барилгын ажил барьж байсан. “***” ХХК, “***” ХХК-уудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй. Энэ компаниудын талаар мэдэхгүй. 2017 оны 12 дугаар сарын тайлан гаргах үед “***” ХХК-аас 284,200,000 төгрөгийн, “***" ХХК-аас 272,000,000 төгрөгийн нийт 556,200,000 төгрөгийн худалдан авалт хийгдсэн гэх НӨАТ-ын падаанууд шивэгдсэн байсан. Энэ талаар захирал ***аас асуухад захирал асуухад захирал яагаад шивсэн юм бол бараа, материал худалдах худалдан авах гэрээ хийх нь хийсэн, харин бараа, материал аваагүй байгаа, яагаад ингэж шивсэн талаар асууя гэж байсан. Захирлаас дахин лавлаж асуухад утас нь ерөөсөө холбогдохгүй байсан. Тэгээд тайлангийн хугацаа болоод байсан учраас дараа нь учраа олъё гээд худалдан авалтыг тайлан дээр баталгаажуулсан. Дараа нь 2018 оны 6 дугаар сард тухайн худалдан авалтыг хийгдээгүй учраас шивэгдсэн НӨАТ-ын падаануудыг буцаалт хийж, тайлангаа зассан, өөр мэдэх зүйл байхгүй.

“***” ХХК, “***” ХХК-уудаас 523,818,181.82 төгрөгийн худалдан авалт хийсэн гэж тусгасан татварын байцаагчийн дүгнэлтэд тусгагдсан мөнгөн дүн бол үнэн байна. Татварын улсын байцаагчийн дүгнэлттэй бол маргахгүй. Манай компанитай гэрээ байгуулсан мөртлөө бизнесийн үйл ажиллагаа явагдаагүй...” гэсэн мэдүүлэг (1 дэх хавтаст хэргийн 76-77 дахь тал),

12. Яллагдагч ***д холбогдох эрүүгийн 2202000000237 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдөр яллагдагч *** нарт холбогдох хэргээс тусгаарласан “Зарим яллагдагч нарт холбогдох хэргийг тусгаарлах тухай” прокурорын 14 дугаартай тогтоол (1 дэх хавтаст хэргийн 1-3 дахь тал),

13. Яллагдагч ***, ***, ***, ***, ***, *** нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай прокурорын яллах дүгнэлт (1 дэх хавтаст хэргийн 204-239 дахь тал),

14. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт, “***” ХХК-ийн захирлын “Манай компани нь 2018-2019 онд НӨАТ-ын буцаалт хийж 246 236 272 төгрөгийн НӨАТ-ын өртэй болсон. Үүнээс 134 041 269 төгрөгийн НӨАТ-ын татварыг төлсөн ба үлдэгдэл 112 194 983 төгрөгийн үлдэгдэлтэй байна. Covid-19 цар тахлын улмаас компанийн үйл ажиллагаа доголдож татварын өр төлөхөд хүндрэл учирч төлөлгүй удааширсан билээ. 2022 оноос манай компанийн үйл ажиллагаа тогтворжин, санхүүгийн нөхцөл сайжирч Баянзүрх дүүргийн ... дугаар хорооны нутаг дэвсгэрт ... хүүхдийн хүчин чадал бүхий сургуулийн барилга угсралтын ажлыг 6 228 186 596 төгрөгийн төсөвт өртөгтэй хийж гүйцэтгэж байгаа бөгөөд барилгын ажил хийж гүйцэтгэн улсаас санхүүжилтийг авч энэхүү татварын өрийг төлж барагдуулах болно...” гэх хүсэлт, ажил гүйцэтгэх гэрээний хуулбар (2 дахь хавтаст хэргийн 7, 8, 9-12 дахь тал),

15. “***” ХХК-ийг иргэний хариуцагчаар татах тухай прокурорын 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 01 дугаартай тогтоол (2 дахь хавтаст хэргийн 247-248 дахь тал),

16. Шүүгдэгч ***ы иргэний хариуцагчаар мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...***-ийн захирлаар миний бие ажилладаг, надаас өөр компанийг төлөөлөх эрх бүхий албан тушаалтан байхгүй. Тийм учир компанийг цаашид би төлөөлөн удирдах болно. НӨАТ-ын албан татварын хий шивэлттэй хуурамч падаан авсан асуудалтай холбоотой гаргах санал хүсэлт байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 3-4 дэх тал),

17. Шүүгдэгч ***ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...”***” ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани *** гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтыг 2018 онд тайлангаа залруулж зөвтгөсөн. Одоо манай компани улсад ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй. Улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн үед манай компани 2017 онд үйл ажиллагаа явуулаад худалдан авалт хийсэн боловч *** гэгч хүний компаниудаас НӨАТ-ын падаан шивэгдсэн байсан. Энэ талаар харьяа татварт тайлангаа залруулсан байгаа. Би “***” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг (2 дахь хавтаст хэргийн 40 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Прокурортой ял тохиролцож, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан. Энэ хүсэлт хэвээрээ байгаа...” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хэргийн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотойгоор хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар (1 дэх хавтаст хэргийн 42 дахь тал), хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа (1 дэх хавтаст хэргийн 43 дахь тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 44 дэх тал), гэрлэсний бүртгэлийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 45 дахь тал), жолоочийн лавлагаа, мэдээлэл (1 дэх хавтаст хэргийн 46 дахь тал), үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 47 дахь тал), үл хөдлөх хөрөнгийн лавлагааны хуулбар (1 дэх хавтаст хэргийн 48-50 дахь тал), авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 51-52 дахь тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (1 дэх хавтаст хэргийн 53 дахь тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил тогтоогдоогүй тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                                                                                   

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***ы гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, 1 дэх хавтаст хэргийн 73-74 дэх талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Шүүхээс хийсэн эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход: Шүүгдэгч *** нь “***” ХХК-ийн захирал буюу удирдах албан тушаалтнаар ажиллахдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй “***”, “***”, “***”, “***” ХХК-иудаас 2017 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 25 ширхэг падаан, “***” ХХК-иас 2018 оны 9 дүгээр сард хууль бусаар шивүүлсэн 10 ширхэг падаан, “***” ХХК-иас 2018 оны 12 дугаар сард хууль бусаар шивүүлсэн 6 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 2,462,362,727.27 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 41 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 246,236,272.73 төгрөгийн буюу их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт хангалттай нотлогдон тогтоогдсон байна. 

Тодруулбал, хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт авагдаж,  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй харилцан хамаарал бүхий нотлох баримтууд болох Татварын ерөнхий газраас ирүүлсэн “***” ХХК нь 2022 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын 2,462,362,727.27 (хоёр тэрбум, дөрвөн зуун жаран хоёр сая, гурван зуун жаран хоёр мянга, долоон зуун хорин долоон төгрөг, хорин долоон мөнгө) төгрөгийн үнэ бүхий 41 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг “***”, “***”, “***”, “***”, “***”, “***” гэсэн нэр бүхий 6 аж ахуйн нэгжүүдээс авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2017 оны 7 дугаар сарын 10, 2018 оны 7 дугаар сарын 10, 2019 оны 4 дүгээр сарын 23, 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж байгаа талаарх баримт, “***” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлт, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн татварын хяналтын шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, *** нарын 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай дүгнэлт, “***” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг  хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч ***, *** нарын дүгнэлт, “***” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэ-Очир, гэрч ***, гэрч *** нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг болон шүүгдэгч ***ы хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч *** нь 246,236,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийсэн болох нь тогтоогджээ.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар бүлгийн 17 дугаар зүйлд хуулиар ногдуулсан албан татвар төлөх нь иргэний үндсэн үүрэгт хамаарахаар хуульчилсан бөгөөд үүргээ биелээгүй бол гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуульд заасан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Татвар төлөхөөс зайлсхийх” энэ гэмт хэрэг нь Эдийн засгийн гэмт хэрэгт хамаардаг ба гэмт хэргийн үндсэн шинж нь татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд буюу санаатайгаар худал тодорхойлсон, нуусан үйлдэл байна.  

Татвар төлөхөөс зайлсхийх гэдэгт хуулийн хүрээнд татварын ачааллаа багасгах, татвар төлөх үүргээ санаатай хэрэгжүүлээгүй буюу татварын албанд мэдэгдэлгүйгээр санхүүгийн үйл ажиллагаа эрхэлсэн үйлдлийг ойлгодог.

Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-д “тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээ”-г их хэмжээний гэж ойлгохоор заасан бөгөөд улсад нийт 246,236,272.73 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субъект мөн болох нь хэргийн баримтаар тогтоогдож байх бөгөөд түүний 246,236,272.73 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор 2017 оны 12 дугаар сард бизнесийн үйл ажиллагаа явуулдаггүй “***”, “***”, “***”, “***” ХХК-иудаас 25 ширхэг падаан, 2018 оны 9 дүгээр сард “***” ХХК-иас хууль бусаар шивүүлсэн 10 ширхэг падаан, 2018 оны 12 дугаар сард “***” ХХК-иас хууль бусаар шивүүлсэн 6 ширхэг падаан буюу Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 2,462,362,727.27 төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 41 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа татварын хэлтэст тайлагнасан үйлдэл нь энэ гэмт хэргийн  шинжийг хангаж байна.

Тэрээр өөрийн үйлдэл хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй буюу санаатай гэмт хэрэг үйлдсэнд тооцогдоно.

Иймд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан учир шүүгдэгч ***ыг “Татвар төлөхөөс зайлсхийх” буюу “татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 5-д “Татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа гэмт хэрэг үйлдсэн өдрөөс хойш таван жил байна” гэж зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.  

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, уг хүсэлтийг улсын яллагч хүлээн зөвшөөрч, ялын төрөл хэмжээний саналаа үйлдэж шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Улсын яллагчийн ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***д танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***ы хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн болон талуудын ял тохиролцсон нөхцөлийг харгалзаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан.

Иймээс шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг түүнд мэдэгдэж байна.

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусд асуудлын талаар:

Энэ гэмт хэргийн улмаас улсад нийт 246,236,272.73 төгрөгийн хохирол учирснаас шүүгдэгч *** нь мөрдөн шалгах ажиллагаанд 134,041,289.00 төгрөгийг төлсөн, одоо нийт 112,194,983.73 төгрөгийн төлөх төлбөртэй байна. 

Иймд, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын... эд хөрөнгөд... хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж зааснаар шүүгдэгч ***, иргэний хариуцагч “***” ХХК-иас  112,194,983.73 /нэг зуун арван хоёр сая, нэг зуун ерэн дөрвөн мянга, есөн зуун наян гурван мянга, далан гурван мөнгө/ төгрөг гаргуулж, хохирогч Татварын Ерөнхий газарт олгох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***д өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Татвар төлөхөөс зайлсхийх буюу хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д 1000 /нэг мянга/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***д сануулсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***, иргэний хариуцагч “***” ХХК-иас 112,194,983.73 /нэг зуун арван хоёр сая, нэг зуун ерэн дөрвөн мянга, есөн зуун наян гурван мянга, далан гурван мөнгө/-н төгрөгийг гаргуулж, хохирогч Татварын Ерөнхий газарт олгосугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 БОЛОРТУЯА