Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 2022/ШЦТ/846

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж,

Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Ганзаяа хөтлөн,

Улсын яллагч: Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор  Б.Билгүүн,

Шүүгдэгч: *** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *** овогт ***-ын ***т холбогдох эрүүгийн 2205000002422 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.             

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, 2004 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** 1 дүгээр курсийн оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдардаг, Өвөрхангай аймгийн *** сум, *** дүгээр баг, *** дүгээр гудамж, *** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн *** дугаар хороо, *** тоотыг түр түрээслэн оршин сууж байгаа, /РД:***/, урьд ял шийтгэлгүй, *** овогт ***-ын ***.

Холбогдсон хэргийн талаар: /Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүгдэгч ***ын *** (***) нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Нийслэлийн Баянгол дүүргийн *** дугаар хорооны нутаг дэвсгэрт гээгдүүлсэн хохирогч ***гийн эзэмшлийн Хаан банкны вика картыг тухайн өдөр *** хотхоны орчмоос олж авсан бөгөөд уг картыг бусдын гээгдэл эд хөрөнгө болохыг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 832,650 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулжээ.

        ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгч ***ийн гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар: 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах, цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч ***гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш Хаан банкны виза картаа олохгүй байсан. Заримдаа гэр, ажил дээр байж байдаг болохоор нь тоохгүй явж байгаад 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр интернэт банкныхаа хуулгыг хартал 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс хойш нийт 832,650 төгрөг уншуулж гүйлгээ хийсэн байсан. Би хамгийн сүүлд 2022 оны 10 дугаар сарын 07-ны өдөр Дөлгөөн нуур хажуу талд Хүүхдийн урлан бүтээх төв дотор сонгино авах гээд 3700 төгрөгийг уншуулчхаад виза картаа өмднийхөө баруун талын халаасанд хийсэн. Миний виза карт Хаан банкны ногоон өнгийн чиптэй карт байсан. Би виза картаа гэрийнхээ гадаа гээгдүүлсэн байх гэж бодож байна...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 7-8 дахь тал),

2. Камерын бичлэгт үзлэг хийсэн: “...Хяналтын камерын бичлэг дээрх цагаар 2022-10-08 16:31:10 цагийг зааж байх бөгөөд тухайн этгээдийг *** хотхоны урд явж байгаа харуулав. Хяналтын камерын бичлэг дээрх цагаар 2022-10-08 16:31:24 цагийг харуулж байх бөгөөд тухайн этгээдийг *** гэх хүнсний дэлгүүр лүү орж байгааг харуулав. 2022-10-08 16:32:22 минутад кассын хэсгийг харуулав. 2022-10-08 16:32:40 минутад тухайн гээгдүүлсэн гэх виза картыг худалдагчид өгч байгааг харуулав. 2022-10-08 16:32:51 минутад худалдагч пос машинд мөнгөн дүнг оруулж байгааг харуулав. Тухайн картын чип хэсгийг уншуулж байгааг харуулав. Тухайн гээгдүүлсэн гэх картаар худалдан авалт хийчхээд явж байгааг харуулав. Тухайн этгээд гарч байгааг харуулав. Баянгол дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт байрлах *** хүнсний дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийн он, сар, цаг, минут, секунд зөрүүгүй болно. Бодит цаг нь 2022 оны 10 дугаар сарын 08-ны 16 цаг 33 минут болно. Иймд үзлэгийг 13 цаг 32 минутад дуусгав.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 15-19 дэх тал),

3. Хохирогч ***гийн ***гийн Хаан банкны *** тоот дансанд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 25 дахь тал),

4. Хохирогч ***гийн “өөрт учруулсан хохирол 836,250 төгрөгийг барагдуулсан учир өөр ямар нэгэн гомдол санал байхгүй” гэх хүсэлт (хавтаст хэргийн 49 дэх тал),

5. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх шүүгдэгчийн гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 48 дахь тал),

6. Шүүгдэгч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өөрийн гэрийн хажуугаас буюу Баянгол дүүргийн *** дугаар хороо *** хотхоны хажуу талаас Хаан банкны ногоон өнгийн виза карт олсон. Түцнээс бохь 300 төгрөгөөр авч үзсэн, тэгэхээр нь тухайн картыг уншуулсан чиптэй байсан учраас шууд уншсан, код нэхээгүй. Тэгэхээр нь энэ картыг ашиглаж болох юм байна гэж бодоод тухайн өдрийн 19 цагт ***эд байрлах спорт зааланд шигшээ багийн бэлтгэлдээ очсон. Бэлтгэлээ тараад спорт заалны хажуу талд байрлах хүнсний дэлгүүрээс гоймон пичень, ундааг 37,300 төгрөгөөр худалдан авсан. 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр *** худалдааны төвөөс халаалтын цамц өмсгөл 150,000 төгрөгөөр худалдан авсан. Тэр өдрийнхөө 14 цагийн орчим 3, 4 дүгээр хорооллын *** дэлгүүрээс сагсны шорт 45,000 төгрөгөөр худалдан авсан, дараа 10 дугаар хороололд байрлах манай гэрийн доор байрлах буюу *** хотхоны хүнсний дэлгүүрээс 4,000 төгрөгөөр ундаа худалдаж авсан. 2022 оны 10 дугаар сарын 10-ны өдөр ***-ын номын сангийн өөдөөс харсан шөлөндөө гэх хоолны газар 16,000 төгрөгөөр хоол авч идсэн. Тэндээсээ гараад бэлтгэлээсээ хоцрох гээд байхаар нь үеэл ахаараа ***ийн спорт зааланд хүргүүлсэн, замдаа ахдаа 90,000 төгрөгөөр бензин хийж өгсөн. Тэмцээнээ дуусгаад 10 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах эмийн сангаас тамадины уусмал, витамин С уусмал 9,400 төгрөгөөр худалдан авсан. 2022 оны 10 дугаар сарын 12-ны өдөр баруун 4 замын ***оос малгайтай цамц 80,000 төгрөгөөр худалдан авсан. Дараа нь Гранд плазагаас халаалтын өмд 130,000 төгрөгөөр худалдан авсан. 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдөр лекцийн материал 16,000 төгрөгөөр хэвлүүлсэн. Дараа картыг ***-ын номын сангийн өөдөөс харсан хогийн саван дээр тухайн картыг үлдээсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 33 дахь тал),

Шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Мөрдөн шалгах ажиллагааны шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэх мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөн шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ***ийн хувийн байдалтай холбоотойгоор гэрч ***ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...*** нь даруу төлөв зантай, хүнтэй нийтэч, нөхөрсөг ар гэрийн хүмүүжил сайтай, хүнд тусархаг цайлган цагаахан сэтгэлтэй, гэнэн архи согтууруулах ундаа, тамхи элдэв хорт зуршилгүй, нээх уурлаад байдаггүй даруу төлөв зантай хүн байдаг...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14 дэх тал), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 36 дахь тал), төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 39 дэх тал), иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 40 дэх тал), Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн тодорхойлолт (хавтаст хэргийн 41 дэх тал), оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагааны хуулбар (хавтаст хэргийн 42 дахь тал), Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 43-44 дэх тал) зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэлээ.                    

Харин хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч ***аас гэрчээр мэдүүлэг авсан нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлд заасан мэдүүлэг өгөх, өгөхөөс татгалзах үндсэн эрхэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай тул цаашид анхаарах шаардлагатайг тэмдэглэж, хавтаст хэргийн 11-12 дахь талд авагдсан гэрчийн мэдүүлгийг нотлох баримтаар үнэлээгүй болно.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Хэргийн үйл баримтаар шүүгдэгч *** 2022 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрээс хохирогч ***гийн гээгдүүлсэн Хаан банкны чиптэй виза картыг олж авсан, улмаар уг карт бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж ашиглан хохирогчийн Хаан банкны *** тоот дансанд байсан 832,650 төгрөгийг завшиж, хувийн хэрэглээндээ зарцуулсан болох нь нотлогдож тогтоогдсон байна.

Тодруулбал, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж бэхжүүлэгдсэн, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд болох хохирогч ***гийн мэдүүлэг, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогджээ.

Шүүгдэгч *** олсон эд зүйл буюу виза картыг ашиглаж болохгүй, бусдын гээгдүүлсэн эд зүйл, хөрөнгө гэдгийг мэдсээр байж зохих байгууллага, иргэнд хүлээлгэн өгөх арга хэмжээ аваагүй, харин амар хялбар аргаар мөнгө, эд хөрөнгө олж авах зорилгоор ашигласан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай, шунахай сэдэлттэй байна. 

Мөн шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчид 832.650 төгрөгийн бодит хохирол учирсан байх ба энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3-д “бага хэмжээний хохирол гэж 300 нэгжтэй тэнцэх хэмжээнээс доош төгрөг” гэж зааснаар бага хэмжээнээс дээш хохиролд хамаарна

Иймд, шүүгдэгчийн үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Гээгдэл эд хөрөнгө завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан, төгссөн гэмт хэрэг байх тул шүүгдэгч ***ийг “...гээгдэл эд хөрөнгө ...бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан...” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч *** нь гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, тэрээр хэрэг хариуцах чадвартай, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэх үндэслэлтэй.

Шүүгдэгч *** нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна. (хавтаст хэргийн 48 дахь тал)

Уг хүсэлтийн дагуу прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган (хавтаст хэргийн 51-52 дахь тал), яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлснийг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл хангагдсан гэж дүгнэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг ***т танилцуулсныг тэрээр хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй гэж үзнэ.

Иймд шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуу тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелүүлээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солино” гэж тус тус заасан тул шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг хуульд заасан 90 хоногийн хугацаанд буюу 3 сарын хугацаанд биелүүлэх үүрэгтэйг тайлбарлаж, биелүүлээгүй бол арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж байна. 

Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусад асуудлын талаар:

Гэмт хэргийн улмаас хохирогч ***д 832,650 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хавтас хэргийн 49 дэх талд хохирогч нь “...хохирол 836,250 төгрөг барагдуулсан учир өөр ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх хүсэлтийг гаргасан байх тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч ***аас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск нь хэргийн үйл баримтыг тогтоосон ач холбогдол бүхий баримт байх тул хэргийн хамт хадгалахаар тогтлоо.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч ***т өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэх нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч *** овогт ***-ын ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ийг 450 /дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/-н төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөх хугацаа тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч ***т сануулсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалахаар тогтож, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч *** нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч ***д 836,250 төгрөг нөхөн төлсөн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.БОЛОРТУЯА