Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 2022/ШЦТ/76

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж,

Улсын яллагч Г.Ундрах,

Шүүгдэгч Н.Энхмандал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Номин нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар, 

Тээврийн Прокурорын газраас  Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Нэргүйн Энхмандалд холбогдох эрүүгийн 2203004090388 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1992 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Төв аймгийн  Батсүмбэр суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, кранист ажилтай, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүрэг 23-р хороо 75 тоотод оршин суух, Боржигон овогт Нэргүйн Энхмандал /РД:МБ92081215/

 

            Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Н.Энхмандал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар километр зуутын зөрлөгт Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Баянмөнхийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Н.Энхмандал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар километр зуутын зөрлөгт Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Баянмөнхийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хүч хэрэглэсэн болох нь:

           1.Хохирогч Ж.Баянмөнхийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхмандал нь галт тэргэнд орж ирээд 17 дугаар вагонд ажиллаж байсан 2 үйлчлэгчийг 2 муу гичий, пизда гэх мэтээр орилж харааж байх үед би очиж тус иргэнд үйлчлэгчийг хэл амаар доромжилж, бусад зорчигчдын амгалан тайван байдлыг алдагдуулахаа боль гэж шаардлага тавихад өөдөөс намайг чи пизда ажлаа хийж чадсангүй чамайг ална гээд над руу дайрч миний биед халдсан. Энхмандалыг танхайрч байх үед би очиж боль гэж шаардлага тавихад шууд чамайг ална гээд 2 гараараа миний хоолойг боогоод тавихгүй байсан. Галт тэргэнд ажил үүргээ хэвийн гүйцэтгээд, танхайрч байсан иргэнд хууль ёсны шаардлага тавьсны төлөө элдэв үгээр хараалгаж хоолойгоо боолгуулсан тул гомдолтой  байна. Миний тухайн үед өмсөж явсан цамцны сунаж урагдсан, хүзүү улайсан боловч Н.Энхмандал бид 2 хоорондоо эвлэрсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 26-27, 30-31-р хуудас)

            2.Гэрч Х.Гаваасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...дэслэгч Ж.Баянмөнх нь олон нийтийн газарт ингэж болохгүй, битгий орилоод бай хэмээн шаардлага тавихад Энхмандал нь эсэргүүцэн салаавч гарган Ж.Баянмөнхийг заамдахад би Энхмандалыг салгасан...” гэх мэдүүлэг (хх-ийн 44-45-р хуудас)

            3.Гэрч О.Батхуягийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...согтуу залуу цагдаагийн алба хаагчийг шууд заамдаж аваад хэл амаар доромжлон манай ах чамаас том цагдаа, маргааш өглөө би чамайг ажилгүй болгоно гэж хэлж байхад өөр нэг цагдаагийн алба хаагч ирж заамдсан байсныг нь болиулсан. Ж.Баянмөнхийн хүзүү хэсэг улайсан байсан. Эхнэр нь боль гэхэд эхнэрийнхээ үгийг хүлээж авахгүй, мөн цагдаагийн тавьсан шаардлагыг биелүүлэхгүй байсан. Галт тэрэг цагийн хуваарийн дагуу 2 минут зогсолт хийгээд хөдөлж эхэлж байх үед цаанаас тухайн зорчигч нар орилоод гүйж ирсэн. Тэгэхэд улаан тохио барьж галт тэрэг зогссон. Зогссоны дараа манай үйлчлэгч хүүхдийг тосож авч, тэдгээр хүмүүс вагонд суусан. Вагон хөдөлгөөн үйлдэж байх үед зорчигчдыг суулгасан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг (хх-ийн 48-49-р хуудас)

            4.Гэрч С.Содбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Энхмандал галт тэрэг дотор вагоны үйлчлэгч рүү орилоод уурласан. Удаагүй 2 цагдаа ирээд та одоо боль вагонд ороод ирлээ тайвшир гэж хэлэхэд өөдөөс нь асаад орилоод дайраад нэг цагдаагийн дүрэмт хувцасных нь захаар хоолойг нь боогоод тавихгүй байхаар нь би очоод Энхмандалыг 2 удаа алагдаж байж тавиулсан. Энэ асуудал галт тэргэнд дөнгөж ороод 3-4 минутын орчим вагоны голд болсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 63-р хуудас)

            5.Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шүүх эмнэлгийн шинжилгээний 2022 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10019 дугаартай шинжээчийн дүгнэлтэд:

            1.Ж.Баянмөнхийн биед хүзүүний зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

            3.Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй гэх дүгнэлт (хх-ийн 70-71-р хуудас)

            6.Хяналтын камерын бичлэг, СД бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн 15-19-р хуудас)

            7.Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 12-14-р хуудас)

            8. “...Жагварал овогтой Баянмөнх нь Төмөр замын Цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан байцаагч гэх үнэмлэх...” (хх-ийн 32-р хуудас)

9.Шүүгдэгч Н.Энхмандалын  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн:

Би 197-р точик дээрээс вагонд суух гэж байсан. Наадам өнгөрөөд би пиво уусан байсан. Яг суух гээд манай охин суугаагүй байхад вагон хөдөлсөн. Охин шатан дээр хөлөө тавиад хойшоо унах гэж байхад нь охиноо авсан. Вагонд суугаад би машинисттай чинь уулзана гэсэн чинь цагдаа нь чамайг явуулахгүй гэсэн. Тэгээд би цагдаатай маргалдсан. Миний охин үхсэн байсан бол та нар яах юм бэ хэн хариуцах вэ гэсэн. Тийм зүйл болсон гэсэн мэдүүлэг зэргээр хангалттай нотлон тогтоогдож байна.

 Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримтууд  нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэргийн оролцогч талуудын эрхийг хязгаарласан байдал тогтоогдоогүй тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна гэж дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт  “ Энэ хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцох үйлдэл, эс үйлдэхүйг тусгайлан заана”  гэжээ.

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн шүүгдэгч   Н.Энхмандал нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 22 цаг 00 минутын орчимд Сэлэнгэ аймаг, Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах 97 дугаар километр зуутын зөрлөгт Эрдэнэт-Улаанбаатар чиглэлийн 274 дүгээр галт тэргэнд зорчин явахдаа Төмөр зам дахь цагдаагийн газрын хэв журмын ажил хариуцсан байцаагч, цагдаагийн дэслэгч Ж.Баянмөнхийн тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэн хоолойг нь боож хүч хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн  23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “Хууль сахиулагчийг эсэргүүцэх”  гэмт хэрэгт  тооцогдохоор заасан үйлдэл байна гэж шүүх дүгнэлээ.

Иймд Н.Энхмандалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Н.Энхмандал нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч маргахгүй байгаа болно.

Иргэний нэхэмжлэлийн хувьд:

Хохирогч Ж.Баянмөнх нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Н.Энхмандалыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тул Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх  хэсэгт зааснаар ял шийтгэл оногдуулах  үндэслэлтэй байна .

 Шүүгдэгч Н.Энхмандалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын 270,000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Н.Энхмандал төлж барагдуулахаар тогтоосон болно.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг  Н.Энхмандалд мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж хэргийн газрыг үзлэгийн явцыг баримтжуулсан 1 ширхэг СД-г хэрэгт хавсаргаж шийдвэрлэв.

            Хохирогч Э.Баянмөнх өөрийн хүсэлтээр шүүх хуралд оролцоогүй болно.

Шүүгдэгч Н.Энхмандалын өөрийгөө өмгөөлж шүүх хуралдаанд оролцох хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийг өөрөө өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 4,  36.6, 36.7, 36.8, 36.10-д   заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт Нэргүйн Энхмандалыг хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Н.Энхмандалыг 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр  торгох  ял оногдуулсугай.

3.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д зааснаар торгох ялын хоёр сая долоон зуун мянган  төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Н.Энхмандал төлж барагдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 9 дэх хэсэгт зааснаар  торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс зайлсхийсэн бол торгох ялыг хорих ялаар солихыг  Н.Энхмандалд мэдэгдсүгэй.

5.Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй,бусдад төлөх төлбөргүй,  битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Энхмандалд   хувийн баталгаа гарах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

7.Энэ хэрэгт  хэргийн газрын үзлэгийн явцыг баримтжуулсан дүрс бичлэгийн 1 ширхэг CD-ийг хавсаргасугай

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч  тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА