| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шаравын Оюунханд |
| Хэргийн индекс | 181/2017/02517/И |
| Дугаар | 210/МА2018/00257 |
| Огноо | 2018-01-22 |
| Маргааны төрөл | Зуучлал, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 210/МА2018/00257
Б.Х-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02763 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: Б.Х-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: “Г Б Т-” НҮТББ-д холбогдох
Зуучлалын гэрээг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн 5 385 ам.доллар буюу 12 783 569 төгрөгийг буцаан гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Ш.Оюунхандын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батбаяр, У.Буяндэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.Х-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Хишигзаяагийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Г Б Т- ТББ нь АНУ-ын сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж, АНУ-руу 1 жилийн хугацаагаар хөтөлбөрт хамрагдах сурагчдыг бүртгэж байгаа тухай зарын дагуу охин Н.Тунанг хамруулахаар тохиролцож, 2016 оны 4 сарын 29-ний өдөр "АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ" байгуулж, шаардсаны дагуу 2000 ам.долларыг бэлнээр төлсөн. Мөн 2016 оны 5 сарын 05-ны өдөр хөтөлбөрийн төлбөрт 3 285 ам.долларыг АНУ-руу шилжүүл гээд нэгэн байгууллагын дансны дугаар өгсний дагуу уг төлбөрийг шилжүүлсэн. Гэвч хариуцагч нь гэрээний үүргээ огт биелүүлээгүйгээс болж нэг жилийн хөтөлбөрт хамрагдах боломжгүй болсон тул 2016 оны 8 сарын 05-ны өдрийн уулзалтаар Н.Тунанг 2016 оны 12 сард эхлэх хагас жилийн хөтөлбөрт хамруулах, өмнө төлсөн төлбөрийг хагас жилийн төлбөрт шилжүүлэн тооцохоор ярилцаж, тохирсон боловч мөн л ямар ч үр дүн гараагүй. Иймд хариуцагч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул 2016 оны 4 сарын 29-ний өдрийн АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээгээр шилжүүлсэн 5385 ам.доллар буюу 12 783 569 төгрөгийг Г Б Т- ТББ-аас гаргуулахаар шаардаж байна гэжээ.
Хариуцагч Г Б Т- НҮТББ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Б.Х-тай 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр "АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах гэрээ"-г байгуулсан. Тус гэрээгээр зуучлалын хөлс 2 000 ам.долларыг хүлээн авч ажил үйлчилгээг эхлүүлсэн. Улмаар АНУ-ын Нивада мужийн И Эс интернэйшнл олон улсын байгууллагад суралцагч Н.Тунангийн материалыг явуулахад суралцуулах боломжтой гэсэн албан ёсны хариуг ирүүлсэн. Энэ талаар суралцагчийн ээж Б.Х-д танилцуулахад саналыг зөвшөөрсөн. Гэрээгээр нэхэмжлэгчид зохих үйлчилгээг үзүүлж холбож өгсөн тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.5-д заасныг баримтлан хариуцагч Г Б Т- НҮТББ-с 5285 ам.доллар буюу 12 783 569 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 490 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Г Б Т- НҮТББ-аас 219 490 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-д олгож шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мөнхтөр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Г Б Т- ТББ- ын зүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлж АНУ-ын И ЭС интернэйшнл олон улсын байгууллагад С.Тунангийн материалыг явуулж нэхэмжлэгч Б.Х- АНУ-ын И ЭС интернэйшнл олон улсын байгууллагын дансанд хөтөлбөрийн төлбөр болох 3285 долларыг тушаасан. Хариуцагчийнүйл ажиллагаанаас үл хамаарах шалтгаанаар Н.Тунангийн материал удаан хугацаагаар хүлээгдэж, өнөөдрийг хүртэл ямар ч хариу мэдэгдэл ирээгүй холбоо тасраад байна. Анхан шатны шүүх 2016 оны 4 дүгээр сарын 29-ны өдрийн 06/29 тоот гэрээний 1 дүгээр зүйлийн 1.4-т "Б тал сургууль болон Америк айлын санал биеэр болон майлээр хүлээн авсан тохиодолд A тал үндсэн үүрэгт ажлаа гүйцэтгэсэнд тооцно" гэж заасныг зөв тайлбарлан хэрэглээгүй, олон улсын байгууллагатай холбон өгсөнөөр үүрэг биелэгдсэн гэж үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх нотлох баримтыг зөв үнэлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй боловч хуульд байхгүй зүйл заалт баримталсан байгааг зөвтгөн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.
Нэхэмжлэгч Б.Х- нь хариуцагч “Г Б Т-” НҮТББ-д холбогдуулан зуучлалын гэрээг цуцлаж, гэрээгээр шилжүүлсэн 5385 ам.доллар буюу 12 783 569 төгрөгийг буцаан гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн гэж маргажээ.
Зохигчдын хооронд 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АНУ-д ахлах сургуулийн сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах тухай 06/29 дугаар гэрээ байгуулагдаж, хариуцагч нь нэхэмжлэгчийн охин Н.Тунанг сурагч солилцооны хөтөлбөрт хамруулах, нэхэмжлэгч нь хөлс төлөхөөр харилцан тохиролцсон байх тул Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт заасан зуучлалын гэрээний харилцаа үүссэн гэх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь хариуцагч тусгай зөвшөөрөлтэй эсэх, зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэлтэй холбоотойгоор үр дагаврыг арилгуулах бус, харин гэрээний үүргээ биелүүлээгүйгээс гэрээг цуцлаж, гэрээний дагуу шилжүүлсэн зүйлээ буцаан гаргуулах шаардлага байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлд заасан агуулгаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно.
Хариуцагч нь нэхэмжлэгчид И Эс интернэйшнл олон улсын байгууллагаас ирүүлсэн хүсэлт болон төлбөр төлөх баримт зэргийг нэхэмжлэгчид дамжуулсан боловч, Иргэний хэргийн 410 дугаар зүйлийн 410.1 дэх хэсэгт зааснаар хэлцэл хийх этгээдтэй холбосон талаарх баримт хэрэгт авагдаагүй тул хариуцагчийг гэрээний үүргээ биелүүлсэн гэж үзэхгүй.
Хариуцагч нь гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд нэхэмжлэгчийн зүгээс нэмэлт хугацаа тогтоосон боловч үр дүн гараагүй тул зуучлуулагч буюу нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзсантай холбоотойгоор учирсан хохирлоо Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй.
Харин анхан шатны шүүх хохирол гаргуулж байгаа тохиолдолд холбогдох хуулийн зохицуулалт болох Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг баримтлаагүй, хуульд байхгүй заалт хэрэглэсэн байгааг залруулж, Иргэний хуулийн 410 дугаар зүйлийн 410.1 гэж өөрчлөх нь зүйтэй байна. Мөн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хариуцагч байгууллагын нэрийг “Говь боловсролын төв” НҮТББ гэж буруу бичсэн байгааг залруулах нь зүйтэй.
Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02763 дугаар шийдвэрийн 1 дэх заалтын “410 дугаар зүйлийн 410.1.1” гэснийг “410 дугаар зүйлийн 410.1” гэж, “227.5” гэснийг “227.3” гэж, тогтоох гэснийг 1, 2 дах заалтын “Говь боловсролын төв” гэснийг “Г Б Т-” гэж тус тус өөрчлөн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г Б Т- НҮТББ-ын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219 500 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Ц.ИЧИНХОРЛОО
Ш.ОЮУНХАНД