Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Александрын Сарангэрэл |
Хэргийн индекс | 128/2024/1101/З |
Дугаар | 221/МА2024/0613 |
Огноо | 2024-09-19 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 221/МА2024/0613
|
|
|
"УБ"ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Г.Мөнхтулга
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х,
Нэхэмжлэгч: "УБ"ХХК
Хариуцагч: Сангийн яамны Худалдан авах ажиллагааны газрын улсын байцаагч Д.Г
Нэхэмжлэлийн шаардлага: “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалын "УБ"ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах тухай”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 570 дугаар шийдвэртэй захиргааны хэрэг,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч У.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Еликай
Хэргийн индекс: ***/2024/1101/З.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 570 дугаар шийдвэрээр:
“Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль /2005 он/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2, 521.2.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч "УБ"ХХК-аас Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалын "УБ"ХХК-нд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
2.Давж заалдах гомдлын агуулга:
2.1 “ШУТИС-ын харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторид 2023.04.14-ны өдөр шилжүүлсэн ***,*** тоот сорилтын дүнгийн огноог 2023.06.29-ний өдөр гэж бичсэн нь тогтоогдсон гэж дүгнэхдээ хүчинтэй огноо дуусгавар болох хугацаа хэтрээд хэд хоног өнгөрсөн, тус лабораториас 2023.04.14-ний өдөр шилжүүлсэн ***,*** тоот сорилтын дүнд хамаарах материалын орц найрлага, завсарлагдсан гэх дүгнэлттэй хавсаргаж өгсөн материалтай шинж, бүтэц, орц найрлагын зөрүүгүй талаарх дахин гаргасан 2023.08.07-ны өдрийн дүгнэлтийг хэрхэн үнэлсэн тодорхойгүй, улсын байцаагчийн дүгнэлтийн үндэслэл болсон “илт хуурамч мэдээлэл” гэх агуулгыг хууль зүйн талаас нь бодиттой агаад үндэслэлтэй дүгнээгүй хэт нэг талыг барьж бусад нотлох баримтыг үнэлээгүй орхигдуулсанд гомдолтой байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн /2005 оны/ 14 дүгээр зүйлийн 14.1.6 “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг” гэсэн хуулийн заалтыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна. Хуулийн дээрх заалт нь тендерийн материалын үндсэн мэдээлэлд хамаарах эсэх, эсхүл огноо нь үндсэн мэдээллийн агуулгад нөлөөлөх эсэх, илт худал мэдээлэл гэдгийг улсын байцаагч ямар баримтаар нотолж байгаа, шүүхийн зүгээс нотлох үүргийн хүрээнд ямар ажиллагааг хийсэн цугларсан нотлох баримтуудыг бүхэлд нь үнэлсэн эсэх нь эргэлзээтэй байгаа нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх зарчмаас хазайсан гэж гомдол гаргаж байна.
Сангийн сайдын 2023.11.22-ны өдрийн ***-р тушаалын Убэд холбогдох хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журмын 2 дугаар зүйлийн 2.1-т тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн гэж” улсын байцаагч тогтоосон гэж үзсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, гэрээний болон үүргийн эрх зүйн харилцаа үүссэн эсэхэд ямар нэгэн хууль зүйн дүгнэлт өгөөгүйд гомдолтой байна. Дээрх журмаар талууд тендерт шалгарч гэрээ байгуулагдаж үүргийн харилцаа үүссэнээс хойшхи үр дагавартай холбоотой зөрчлийг зохицуулсан байх ба үүрэг гүйцэтгэгч, үүргээ удаа дараа зөрчсөн байх нөхцөл тогтоогдсон бол ноцтой зөрчил гэж үзэхээр байгааг анхан шатны шүүх огт анхаараагүй орхигдуулсан байна.
Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч "УБ"ХХК-аас “Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлт болон Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалын "УБ"ХХК-д холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Д.Гд холбогдуулан гаргажээ.
2.Нэхэмжлэгч компани нь Гаалийн ерөнхий газраас 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр зарласан ГЕГ/202301003/03/** дугаартай “Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер”-т[1] оролцож шалгаран, Гаалийн ерөнхий газартай 2023 оны 08 дугаар сарын 11-ний өдөр А**/2023 гэрээг[2] байгуулжээ.
3.Нэхэмжлэгч нь уг тендерт оролцохдоо тендерийн баримт бичгийн өгөгдлийн хүснэгтийн ТШЗ-19.3-т[3] “Тендерээр санал болгосон барааны техникийн тодорхойлолтод заасан бүтэц, шинж чанарыг тодорхойлсон итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээний бичгийг ирүүлэх” гэж заасны дагуу ШУТИС-ын харьяа Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн ***, ***тоот сорилтын дүнг хавсарган хүргүүлсэн байна.
4.“Б” ХХК-аас 2023 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 3/26 тоот албан бичгээр[4] "УБ"ХХК-ийг тендерт оролцохдоо илт худал мэдээлэл ирүүлсэн” гэх мэдээллийг хариуцагч Худалдан авах ажиллагааны улсын байцаагчид ирүүлжээ.
5.Сангийн яам 2023 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 03 тоот албан бичгээр[5] худалдан авах ажиллагааны хяналт шалгалтын удирдамж гарган, "УБ"ХХК болон бусад байгууллагуудад хяналт шалгалт оруулахаар болжээ.
Уг удирдамжийн дагуу хариуцагч улсын байцаагчаас "УБ"ХХК нь тендер шалгаруулалтад оролцохдоо худалдан авах ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн эсэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан нөхцөл байдал үүссэн эсэх талаарх хяналт шалгалтын ажиллагааг явуулж, маргаан бүхий *** дугаар дүгнэлтийг гаргасан.
6.Маргаан бүхий *** дугаар дүгнэлтээр[6] "УБ"ХХК нь Гаалийн ерөнхий газраас зарласан ГЕГ/202301003/03/** дугаартай Гаалийн улсын байцаагчдын дүрэмт хувцас, дагалдах хэрэгсэл нийлүүлэх тендер шалгаруулалтад оролцохдоо Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д заасан “илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлсэн” буюу “тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн эрх бүхий лабораторийн сорилтын дүнгийн огноог засварлан” ирүүлсэн болохыг тогтоожээ.
7.Улмаар улсын байцаагчаас Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 521 дугаар зүйлийн 521.2.1-д заасныг тус тус үндэслэн "УБ"ХХК-ийн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах саналыг Санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.
8.Энэхүү саналыг үндэслэн Сангийн сайдын 2023 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн *** дугаар “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэх тухай” тушаалаар[7] "УБ"ХХК-ийн тендерт оролцох эрхийг 3 жилийн хугацаанд хамруулахаар баталжээ.
9.Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6-д “Дараах нөхцөл байдал тогтоогдвол тендерт оролцогч ерөнхий нөхцөл хангаагүй гэж үзнэ: илт худал мэдээлэл бүхий тендер ирүүлснийг энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагч тогтоосон”,
Мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 14.1.4, 14.1.6 дахь заалтад заасан нөхцөл үүссэнийг тогтоосон тухай энэ хуулийн 521.1-д заасан эрх бүхий улсын байцаагчийн шийдвэрийг үндэслэн тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтөлж, нийтэд мэдээлнэ”, 521 дугаар зүйлийн 521.1-д “Худалдан авах ажиллагааны хэрэгжилтэд хяналт тавих эрх бүхий улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад байна.”
10.Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-т Тендерт оролцогч сүүлийн 3 жилийн хугацаанд худалдан авах ажиллагаанд оролцохдоо гэрээний үүргээ ноцтой зөрчсөн, биелүүлээгүй ... улсын байцаагч тогтоосон ... нь тухайн этгээдийг эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд хамруулах үндэслэл болно”, мөн журмын 2.4-т “Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын 2.2-т заасны дагуу ирүүлсэн саналд үндэслэн 30 хоногийн дотор энэ журмын хавсралтаар баталсан маягтын дагуу тушаал гарган, эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд бүртгэнэ” гэж тус тус заажээ.
Сонсох ажиллагааны тэмдэглэлд[8] “нэхэмжлэгч компанийн гүйцэтгэх захирлаас манай компаниас хүргүүлсэн баримт бичгийг бүрдүүлэхдээ тендер хариуцсан мэргэжилтэн маань ШУТИС-ийн харьяа ХҮСХХ-ийн сорилтын төвийн итгэмжлэгдсэн лабораторийн дүнгийн огноог засварлан хүргүүлснийг сүүлд мэдсэн” гэх тайлбар, нэхэмлэгчийн компанийн гүйцэтгэх захирлын 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 23/21 тоот “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” тушаалаар[9] “Захиалгын менежер О.Ч нь 2023 оны 06 дугаар сард зарлагдсан ГЕГ-ын ажилчдын дүрэмт хувцас бэлтгэн нийлүүлэх тендер шалгаруулалтын баримт бичиг бүрдүүлж, илгээх явцдаа өөрийн хийж гүйцэтгээгүй хариуцлага алдсан алдаа дутагдлыг нуух зорилгоор тендерийн бичиг баримтад засвар оруулсан байсан нь илэрч компанийн нэр хүнд, үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг авчран...хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн үйлдэл гаргасан” гэж сахилгын шийтгэл оногдуулжээ.
Мөн нэхэмжлэгч компанийн 2023 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн “Шуурхай хурлын тэмдэглэл”-ийн[10] Чын тайлбарт “...хүснэгт дотроос хүчинтэй хугацааны талаар хайж хайж хамгийн доод жижиг дөрвөлжинд 60 хоног гэснийг олж харсан, тооцоод үзсэн чинь манай шинжилгээ 4 сарын 20-нд бичигдсэн гэхээр 6 сарын 20-нд дуусах гээд байсан. Тэгэхээр нь сандраад шинжилгээгүй л бол манайх тендерээ алдчихна гэж бодоод айгаад арга хайсан. 6 сарын 29-нд ижил өнгийн материал дээр шинжилгээний хариуг авч байсныг санаад тэр огноог ашиглая гэж дураараа ганцаараа шийдэж, асуудлыг нуусан нь миний буруу. Хүнс биш материалын доторх орц хэдхэн хоногийн зөрүүнд өөрчлөлт орохгүй юм чинь гэж тухайн үедээ би сандраад бодсон зүйл байсан” гэж дурдсан байна.
Үүнээс гадна ШУТИС-ийн ХҮСХХ-ийн 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 42 тоот албан бичгээр[11] Сангийн яамны Худалдан авах ажиллагааны улсын байцаагч Б.Гд “...Уб компаниас манайд 2023 оны 04 дүгээр сарын 14-нд ирүүлж шинжлүүлсэн *** кодтой цагаан өнгийн, ***кодтой цэнхэр өнгийн нэхмэл эдийн сорилд шинжилгээний дүнгийн хуулбарыг хүргүүлж байна” гэж, ШУТИС-ийн ХҮСХХ-ийн 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Итгэмжлэгдсэн лабораторийн сорилт”-ын ***, 421-р дүнг[12] гаргажээ.
Хэрэгт авагдсан дээр дурдсан баримтуудаас дүгнэхэд "УБ"ХХК нь тендер шалгаруулалтад илт худал мэдээлэл бүхий тендерийн баримт бүрдүүлсэн буюу тендер шалгаруулалтад оролцохдоо ирүүлсэн эрх бүхий лабораторийн сорилтын дүнгийн огноог засварласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч компанийг тендерт оролцох эрхээ хязгаарласан этгээдийн бүртгэлд хамруулах санал гаргасан маргаан бүхий дүгнэлт нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.6, 14.5, 521 дүгээр зүйлийн 521.2.1-д заасантай нийцсэн байна.
11.Хариуцагч Сангийн сайдын Худалдан авах ажиллагааны улсын байцаагчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн *** дугаар дүгнэлтийг үндэслэн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч "УБ"ХХК-ийг тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлд 3 жилийн хугацаагаар хамруулахаар шийдвэрлэсэн нь Засгийн газрын 2019 оны 274 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Тендерт оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн бүртгэлийг хөтлөх журам”-ын 2 дугаар зүйлийн 2.1-т заасантай нийцсэн байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэхдээ хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 570 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн У.Хгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 125-247, 2 дугаар хавтас 1-34 дэх тал
[2] Хэргийн 1-р хавтас 216-218 дахь тал
[3] Хэргийн 1 –р хавтас 149 дэх тал
[4] Хэргийн 1-р хавтас 97 дахь тал
[5] Хэргийн 1-р хавтас 81-84 дэх тал
[6] Хэргийн 1-р хавтас 18-25 дахь тал
[7] Хэргийн 2-р хавтас 37-39 дэх тал
[8] Хэргийн 1-р хавтас 27-28 дахь тал
[9] Хэргийн 1-р хавтас 30 дахь тал
[10] Хэргийн 1-р хавтас 31 дэх тал
[11] Хэргийн 1-р хавтас 105-109 дэх тал
[12] Хэргийн 2-р хавтас 129-131 дэх тал