Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 116

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

нарийн бичгийн дарга В.Орхон,

улсын яллагч Ц.Оюун-Эрдэнэ,

шүүгдэгч Б.Энхтуяа, түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг /ҮД: 0505/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Харгана тайган овогт Боряагийн Энхтуяад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201624000893 дугаартай хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1973 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 43 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм зүйч мэргэжилтэй, ам бүл 2, эхийн хамт Баянгол дүүргийн 18 дугаар хороо 4 дүгээр хороолол 42 дугаар байр 88 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  2001 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, Харгана тайган овогт Боряагийн Энхтуяа /РД: ХЗ73022101/.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Энхтуяа нь  2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын уулзвар замд Toyota Gaia маркийн 62-25 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “Хориглосон дохиогоор жолооч “Зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тийм тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчин Т.Бямбажавын жолоодон явсан Toyota prius маркийн 66-94 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 1,670,000 төгрөгийн шууд, 2,052,000 төгрөгийн нийт хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй  тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээнэ” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол хэрэг гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэгт холбогдожээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн  мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Энхтуяа: “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.  

 

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд:

 

Иргэний нэхэмжлэгч Т.Бямбажав мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би үнэлгээгээр гарсан хохирлын мөнгө аваад, гомдол санал байхгүй...” /хх-ийн 10/ гэсэн,

 

Иргэний нэхэмжлэгч Т.Бямбажав мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-ний шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр 120 мянгатын уулзвар дээр ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа явах чиглэлд өөрийн Приус 11 маркийн 66-94 УНВ дугаартай автомашинаар уулзварын хамгийн урд талд зогсож байгаад, миний явахаар зөвшөөрсөн ногоон гэрэл асахаар нь хөдөлгөөнөө эхлээд явж байтал уулзварын голд урдаасаа баруун эргэж байсан цагаан өнгийн Toyota Gaia маркийн автомашин миний автомашины зүүн урд талаас урд хэсгээрээ мөргөсөн. Би ослын газар дээр зогсоод, мөргөсөн автомашины жолооч дээр очиход жолооч эмэгтэй ганцаараа явж байсан, яаж яваад байна гэхэд, чи өөрөө яаж яваад байгаа бэ гээд намайг загнасан. Би чи согтуу байгаа юм биш үү, даатгалтай юу гэхэд тэр эмэгтэй даатгалтай гэсэн тэгэхээр нь машин дээрээ очоод утсаараа даатгал дуудах гээд машиндаа сууж байхад тэр эмэгтэй хүн машинаа асаагаад зугтаад явсан...” /хх-ийн 11-12/ гэсэн,

 

Гэрч Б.Халиунсүрэн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...2016 оны 10 дугаар сарын 01-ний орой 22 цаг 30 минутын үед манай найз Энхтуяа нь над дээр ирэхдээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан...” /хх-ийн 17/ гэсэн,

Гэрч Б.Тамир мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Toyota Gaia маркийн 62-25 УБВ дугаартай машин Энхтуяа эгчийн аав болох Боряагийн нэр дээр байдаг юм. Түүний аав 2 жилийн өмнө нас барсан. ...Өөр унах хүн байхгүй болохоор Энхтуяа эгч л унадаг...”   /хх-ийн 18-19/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Энхтуяа мөрдөн байцаалтын шатанд сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн үед байхаа Хан-Уул дүүргийн нутаг 120 мянгатын уулзвар дээр урдаасаа зүүн гар тийшээ эргэх гээд урд талд зогсож байгаад үндсэн ногоон гэрэл асахаар нь зүүн гар тийшээ эргээд явтал өөдөөс чигээрээ явж байсан Toyota prius маркийн автомашины зүүн урд хэсгээс нь мөргөсөн. Тухайн үед би ногоон гэрлээр орохгүй, нэмэлт зүүн гар тийш эргэх гэрлээр орох ёстой байсан, гэрлэн дохио зөрчөөд орсон байсан. ...Тэр хүн надад “зохицох уу” гэхээр нь би “тэгье” гэж хэлээд машинаа асаагаад ойролцоогоор 100 гаруй метр яваад байран дунд машинаа тавиад, гэр рүү явган яваад өгсөн. Тухайн үед би айсандаа тэр хүнтэй тохиролцъё гэж хэлээд яваад өгсөн миний буруу байсан. ...Бусдад учруулсан хохирлыг төлж барагдуулж, гомдол саналгүй болгосон байгаа. ...Ослын дараа тэр хүн жолооч талын цонх дээр ирээд “та даатгалтай юу, тохиролцох уу” гэхээр би “даатгалгүй, тохиролцьё” гэж хэлээд тэр хүнийг машин руугаа явахаар нь машинаа асаагаад ослын газраас 100-150 м зайтай газар байхаа, замаас хол байран дунд машинаа тавиад, 30-40 минут машиндаа байж байгаад явган гэрлүүгээ явсан. ...Би 2008 онд жолооч болсон, ойрын хэдэн жил машин жолоодоогүй байж байгаад саяхан л машин барьсан, машин барилгүй төсөөрсөн байсан. Би тухайн үед согтууруулах ундаа хэрэглээгүй байсан. ...Миний жолоодож явсан машин миний аавын нэр дээр байдаг, аав маань нас барсан. Тухайн үед зам гэрэлтүүлэгтэй үзэгдэх орчин чөлөөтэй байсан, замын хөдөлгөөн сийрэг байсан...” /хх-ийн 52-54/ гэсэн мэдүүлгүүд,

- Зам тээврийн осол, хэрэг үзлэгээр тогтоосон байдал /хх-ийн 3/,

- Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5/,

- Бэлэн мөнгө хүлээн авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 7, 8/

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 15/,

- “Гэрэгэ Эстимэйт” ХХК-ийн хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 22-24/,

- Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн шинжээчийн дүгнэлт: 2016 оны 10 дугаар сарын 12-ны № 16/45907 дугаартай дүгнэлтэнд 1. Зүүн урд дугуйн тоормосны хүч 2,3 кН, баруун урд дугуйн тооромсны хүч 2,3 кН, тоормосны хүчний зөрүү 0%, зүүн хойд дугуйн тоормосны хүч 1,2 кН, баруун хойд дугуйн тоормосны хүч 1,4 кН, тоормосны хүчний зөрүү нь 14,29% байна.

2. Зүүн талын холын гэрлийн тусгалын чадал 10800cd, баруун талын гэрлийн тусгалын чадал 10900cd байна.

3. Дугуйнуудын хээний гүн 2-3,5 мм байгаа нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /хх-ийн 30-33/ гэсэн,

- Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 592 дугаартай дүгнэлт: 1. Toyota Gaia маркийн 62-25 УБВ дугаартай автомашиныг жолоодон явсан жолооч Б.Энхтуяа нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн “5.1. хориглосон дохиогоор жолооч “зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл , явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно.” “2.5. Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, а/ тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.2-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмыг байрнаас нь хөдөлгөхгүй байх” в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Toyota Prius маркийн 66-94 УНВ дугаартай автомашиныг жолоодож явсан жолооч Т.Бямбажав нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үнэдэслэл тогтоогдохгүй байна.

3. Зам тээврийн осол нь замын байгууламж, зам тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдалаас нөлөөлөөгүй байна /хх-ийн 38/ гэсэн дүгнэлтүүд,

- Авто тээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн34/,

- Захиргааны зөрчил шалгасан хуудас /хх-ийн 63/,

- Шүүгдэгч Б.Энхтуяагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59, 61/,

- Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 77/,

- Нас барсны гэрчилээ /хх-ийн 67/,

- Захиргааны шийтгэврийн хуудас /хх-ийн 78/ зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх тэдгээрийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөвд тооцож шийтгэх тогтоолын үндэслэл болголоо.

Шүүгдэгч Б.Энхтуяа нь 2016 оны 10 дугаар сарын 01-нээс 02-нд шилжих шөнө 00 цагийн орчим Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр 120 мянгатын уулзвар замд Toyota Gaia маркийн 62-25 УБВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан “хориглосон дохиогоор жолооч “зогс-шугам” тэмдэглэл буюу 5.29 тэмдгийн өмнө зогсох бөгөөд хэрэв тэмдэг, тэмдэглэл байхгүй бол тээврийн хэрэгсэл, явган зорчигчийн хөдөлгөөнд саад болохгүйгээр уулзвар буюу явган хүний гарцын өмнө зогсоно” гэсэн заалтыг зөрчин Т.Бямбажавын жолоодон явсан Toyota Prius маркийн 66-94 УНВ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөн 1.670.000 төгрөгийн шууд, 2.052.000 төгрөгийн нийт хохирол учруулаад, мөн дүрмийн 2.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ, б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн марк, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх”, в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага /ажилтан/-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх” гэсэн заалтуудыг зөрчин зам тээврийн осол хэрэг гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэргийг үйлдсэн болох нь Т.Бямбажавын гэрчээр болон иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, бэлэн мөнгө хүлээн авсан тэмдэглэл, авто тээврийн хэрэгслийн 2016 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 967 дугаартай эвдрэл, хохирлын үнэлгээний дүгнэлт, Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 592 дугаартай дүгнэлт, шүүгдэгч Б.Энхтуяа нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч Б.Энхтуяаг зам тээврийн осол гаргасан газрыг санаатай орхиж зугтаасан гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон,  хэргийн бүрдэл хангагдсан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.Энхтуяа урьд нь Сонгинохайрхан дүүргийн шүүхийн  2001 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 196 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 79 дүгээр зүйлийн 2, 224 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 200.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2 дахь хэсэгт заасан хугацаа дууссан байх тул түүнийг анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгч Т.Бямбажавд 1.670.000 төгрөгийн шууд, 2.052.000 төгрөгийн нийт хохирол учирсан ба шүүгдэгч Б.Энхтуяа дээрх хохирлыг нөхөн төлсөн болох нь бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл, иргэний нэхэмжлэгч Т.Бямбажавын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би үнэлгээгээр гарсан хохирлын мөнгөө аваад, гомдол санал байхгүй...” гэсэн мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.

Шүүх шүүгдэгч Б.Энхтуяад ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгааг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх дээрх хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч Б.Энхтуяагийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж хянан харгалзах боломжтой гэж үзэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангиллын 595726 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Энхтуяад буцаан олгож, хуулбарыг нь хэрэгт хавсаргах нь зүйтэй.  

Эрүүгийн 201624000893 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Энхтуяа нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдав.

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 295, 296, 297 дугаар зүйлийн 297.1.1-297.1.4, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Харгана Тайга овогт Боряагийн Энхтуяаг зам тээврийн осол гарсан газрыг санаатай орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтуяаг 02 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Энхтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эмэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн В ангиллын 595726 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Б.Энхтуяад буцаан олгож, хуулбарыг нь хэрэгт хавсаргасугай.

 

5. Эрүүгийн 201624000893 тоот хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Энхтуяа нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.

            6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Энхтуяад оногдуулсан 02 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавьж ажиллахыг Баянгол дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Энхтуяад урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүсүгэй.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Энхтуяа урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхийг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Д.АЛТАНЖИГҮҮР