Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 184/ШШ2019/00118

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Амин-Эрдэнэ даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: А.С ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: В.Ж-д холбогдох

 

Эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянан хэлэлцээд

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.З, хариуцагч В.Ж, хариуцагчийн өмгөөлөгч Б.А, орчуулагч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Найданжав нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Миний бие 2015 онд Хятад улсын иргэн В.Жтой танилцаж, 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүү С.А төрсөн. Хүүгээ төрснөөс хойш хамтдаа амьдарч байсан боловч зан харилцааны таагүй байдлаас болж цаашид хамт амьдрах боломжгүй болсон. Шүүхээс хүүхдийн эцэгийг тогтоох шинжээч томилж, шинжилгээгээр хүүхдийн эцэг нь В.Ж гэж тогтоосон. В.Ж нь миний сургуулийн 2 жилийн сургалтын төлбөрийг төлсөн. Мөн аавын бөөрны хагалгаанд нь мөнгө өгч байсан. Манай хүүхэд эмнэлгийн хяналтанд байнга байдаг. Би цэцэрлэгийн багшаар ажилладаг учраас хүүхдээ авч явдаг. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж, хүүхдийн тэтгэлэгийг бөөнд нь буюу 27,379,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

...Би хүүхдийн тэтгэлэгийг нэг дор бөөнд нь өгвөл энэ мөнгийг гэрээрээ нийлээд бүгдийг нь үрж дуусгаад миний хүүхэд мөнгөгүй болно. Би хүүхдийнхээ тэтгэлэгийг сар бүрт нь өгнө. Бид хоёр тусдаа амьдраад 4 сар гаруй болох хугацаанд миний хүүг цэцэрлэгт оруулаагүй байна. Би А.Сг мөнгөөр дутаагаагүй. А.С нь сургуулиа төгсөж, намайг ашиглаад дууссан учраас хүүхдээ аваад явсан. Намайг хүүхэдтэй утсаар яриулдаггүй. Би А.С-д шинэ гар утас, Манжуураас шуба хүртэл авч өгч байсан. Сар бүрт нь хүүхдийн тэтгэлэгийг өгвөл энэ мөнгийг хүүхдийн өвчинд зарцуулна. А.С Дундговь аймагт өөрөө цэцэрлэгийн багшаар ажилладаг мөртлөө хүүхдээ цэцэрлэгт явуулдаггүй, өөр хүнтэй хамт амьдардаг байна. А.С бид хоёр гэрлэлтээ батлуулаагүй. Хэрвээ би хүүхдээ тоохгүй хаясан бол Хятад Улсын иргэн гээд Монгол Улсад ирэхгүй байсан. Хүүхдийн тэтгэлэгийг нэг дор бөөнд нь өгөх ямар ч боломжгүй. Миний хүүхэд өвчтэй учраас цаашид санхүүгийн шаардлага улам их гарна. Хэрэв нэг дор тэтгэлэгийг бөөнд нь өгчихвөл ээж нь үрж дуусгаад цаашид хэрэглэх мөнгөгүй болно. Тиймээс сар сардаа хүүхдийн тэтгэлэгийг тогтмол өгч байх болно. Би Монгол Улсад албан ёсны дагуу ажил хөдөлмөр эрхэлдэг гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч В.Жд холбогдуулан эцэг тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүүхдийн тэтгэлэгийг бүхэлд нь буюу 27.379.200 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлжээ.

 

Нэхэмжлэгч А.С нь хариуцагч В.Жтой 2015 онд танилцаж, хамтран амьдарч эхэлсэн бөгөөд тэдний дундаас 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүү С.А төрж, одоо эрүүл бойжиж байгаа болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, Жаргалан өрхийн эмнэлэгийн тодорхойлолтоор тус тус нотлогдож байна.

Хариуцагч нь хүүхдийн эцэг мөн эсэх талаар эргэлзэж, шинжээч томилуулах хүсэлт гаргасан ба шүүхээс 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ...В.Ж нь С.А-ийн биологийн эцэг байх магадлалыг тооцоолж үзэхэд 99.99%-ийн магадлалтай гэх 11379 дугаар шинжээчийн дүгнэлтийг /хх 27/ шүүхэд ирүүлснээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр сэргээсэн.

Хариуцагч В.Ж нь хүүхдийн эцэг болохоо хүлээн зөвшөөрч, тэтгэлэг төлөхөөс татгалзахгүй гэхдээ тэтгэлэгийг бүхэлд нь гаргуулах шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарласан.

Гэр бүлийн тухай хуулийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-т хүүхдийн тэтгэлэгийг мөнгөн хэлбэрээр нэг удаа гаргуулж болно гэж зааснаар хариуцагч В.Ж нь Сонгинохайрхан дүүрэг, 18 дугаар хороо, Толгойт 184101, Москвагийн гудамж, 48б байр, 601 тоот хаягт түр оршин суудаг, байнгын оршин суух хаягийн бүртгэл Бүгд Найрамдах Хятад Ард улс гэсэн байх тул дээрх нөхцөл байдлыг үндэслэн хариуцагчаас хүүхдийн тэтгэлэгийг нэг удаа гаргуулах нь зүйтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн 27.379.200 төгрөгөөр хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг тооцсон асуудал нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т ...тэтгэлэг нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээнээс багагүй байна гэж, заасан мөн Монгол улсын Үндэсний статистикийн хорооны даргын 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн А/13 тоот тушаалаар хүн амын амьжиргааны доод түвшинг 198.600 төгрөг гэж тогтоосны дагуу тэтгэлэгийн хэмжээг тооцсон нь хуульд нийцнэ гэж үзэв.

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар В.Жг С.А-ийн эцэг мөн болохыг, эцэг В.Жгоор тэжээн тэтгүүлэхээр, хүүхдийн тэтгэлэгт 27.379.200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч А.С нь В.Жг эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад болохгүй байхыг мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт тэтгэлгийг гагцхүү хүүхдийн хэрэгцээнд зарцуулах бөгөөд тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулагдаагүй нь тогтоогдсон бол тэтгэлэг төлөгч түүнийг зориулалтаар нь зарцуулуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг, хүүхдийн асрамжийн талаарталууд маргаагүй болохыг тус тус тэмдэглэж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-т заасныг баримтлан В.Ж-г хүү С.А-ийн эцэг нь мөн болохыг тогтоосугай.

 

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дугаар зүйлийн 40.1.1, 40.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1, 41.1.2-тзааснаар 2016 оны 12 дугаар сарын 17-ны өдөр төрсөн хүү С.А-д олгох хүүхдийн тэтгэлэгийн хэмжээг 27.379.200 төгрөгөөр тооцож, эцэг В.Ж-гоос гаргуулан эх А.Сд олгосугай.

 

3.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6-д зааснаар нэхэмжлэгч А.Сд, хариуцагч В.Жд эцэг хүний хувьд хүлээсэн үүргээ зохих ёсоор хэрэгжүүлэх, үр хүүхэдтэйгээ уулзахад нь саад учруулахыг хориглосугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 198.296 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч В.Жгоос198.296 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Сд олгосугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                       Э.АМИН-ЭРДЭНЭ