Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 2022/ШЦТ/740

 

 

 

 

 

 

 

 

 

     2022            11           04                                         2022/ШЦТ/740                                 

                                                                                                                     

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, улсын яллагч Ч.Түмэн-Өлзий, хохирогч Б.Б, хохирогчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүгдэгч Г.С, шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Учрал, шинжээч эмч Б.Баяртогтох /онлайнаар/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Хонгорзул нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цогт овогт Гомбосүрэнгийн*******т холбогдох эрүүгийн 22100 0000 0927 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв. З

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 2000 оны 7 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймагт төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн 2 дугаар дамжааны оюутан, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт амьдрах, ... оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, бие эрүүл, ухаан бүрэн, Цогт овогт Г.С /РД:******/.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна иргэн Б.Б-ийн биед шалтгаангүйгээр халдан зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан холбогджээ.                                                   

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

 

1. Шүүгдэгч Г.С-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Надад гэм буруу дээр маргах зүйл байхгүй, хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Одоо нэмж хэлэх зүйл байхгүй.

Би найзуудтайгаа “Рlaytime” хөгжмийн фестивальд яваад согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Тэгээд манай найзууд намайг гэрийн гадаа таксинаас буулгаж өгсөн байсан. Яагаад хохирогчийн биед халдсанаа би сайн санахгүй байгаа. Хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулна. Миний буруу. Би урьд өмнө согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Гэхдээ нэг их хэрэглээд байдаггүй. Тухайн өдөр хэтрүүлэн хэрэглэснээс болсон явдлыг санахгүй байна. Би мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх зүйл хэрэглээгүй. Надаас дээж авч, шинжилгээ хийсэн. Хэргийг шалгаж байхад чихний аппаратын талаар яриагүй учраас би мэдэхгүй байна. Би өөрийгөө эвдээгүй гэж бодож байна.“ гэсэн мэдүүлэг,

 

2. Хохирогч Б.Б-аас шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Би өглөө эрт Их Наяд худалдааны төвийн талбай дээр нохойгоо салхилуулаад, бетон хавтан дээр нохойгоо хараад сууж байхад харуул залуугийн хойноос хар хувцастай залуу хөөгөөд гүйгээд байсан. Би “энэ хоёр тоглож байна” гэж бодсон юм. Тэгтэл нэг нь байшин тойроод гүйгээд явсан. Би хараад сууж байхад шүүгдэгч над руу гараа савлаад гүйгээд ирсэн.

“Согтуу байна, нохой урчих байх” гээд гинжийг нь авч байхад над руу ирснээ “би чамайг ална” гээд нүүр лүү цохисон ба би муужирч унасан. Бетон хашлаганд тээглээд, дээшээ харж унахад миний дээр гараад учир зүггүй нүүр лүү балбасан. Намайг балбаж байхад нь шүүгдэгчээс ямар ч архи дарс үнэртээгүй. Миний хоёр нүд рүү гараа хийгээд, ухаад байсан. Би хамаг хүчээ шавхаж байгаад шүүгдэгчийн дээр нь гараад цохиход ямар ч мэдрэл байхгүй байсан. Би энэ залууг түлхэж унагаад арай гэж амьсгал авсан.

Энэ үед манай охин нохой хуцаад байсан чимээг сонсоод гэрээс гарч ирсэн. Би шүүгдэгчийн дээр нь гарч, 2 гарыг нь барьж авахад миний гараас зуусан. Түүнээс ямар ч архи дарс үнэртээгүй, мансуурсан байсан. Сүүлийн үеийн мэдээгээр хар тамхины асуудалтай залуус ихэссэн талаар их уншдаг, энэ нь Монгол Улсыг сүйтгэж байна. Би эрүүл саруул явж байгаад энэ залуугаас болж сүүжний өвчтэй болсон. Одоо хол явж, удаан зогсож чадахгүй. “Мэдрэл гэмтсэн байна” гэж эмч нар хэлсэн. Би өглөө босоод Богд уул руу гүйдэг байсан, одоо чадахгүй болсон. Мөн зодуулж байхдаа сонсголын аппаратаа унагаад, дараа нь шороон дотроос олж авсан. Чихний сонсголын аппарат маань эвдэрчихсэн.

Маш их гомдолтой байгаа. Нийт 6.863.500 төгрөгийг гаргуулах хүсэлттэй байна. Сонсголын аппаратын 5.900.000 төгрөг, эмнэлэгт үзүүлсэн эмчилгээ үйлчилгээний зардлын 963.500 төгрөг тус тус нэхэмжилж байна.“ гэсэн мэдүүлэг,

 

3. Шинжээч эмч Б.Баяртогтохоос шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Хоёр нүдний алимны салстад цус харвалт, зүүн нүдний салстын өнгөц урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учраас гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Эрүүл мэндийг түр сарниулах хугацаа гэж 4 долоо хоногоос доош хугацааг хэлнэ. Эдгээр гэмтлүүд нь ердийн явцаар эдгэрэх боломжтой. Тухайн гэмтэл авсан хүнийг дахин үзлэгт хамруулж, гэмтлийг нь шинжлээгүй учир одоогийн байдлаар эдгэрсэн эсэхийг хэлж мэдэхгүй байна.

Зулгаралт гэж арьсны өнгөц давхарга гэмтсэнийг ойлгоно. Хохирогчийн нуруу, хэвлий тус газар хазсанаас арьсны өнгөц давхарга гэмтсэн учир зулгаралт үүссэн гэж дүгнэсэн. Эмчийн оношоор энэ хүний хэнгэрэг цоорсон эсэхийг тогтоосон, харин сонсгол муудсаныг үзлэгээр тодорхойлно.“ гэсэн мэдүүлэг,

 

Хоёр: Эрүүгийн 22100 0000 0927 дугаартай хэргээс:

 

1. Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 08-10, 11 дэх тал),

 

2. Хохирогч Б.Б-ийн биед үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 12-14 дэх тал),

 

3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Б-ийн хохирогчоор өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед******* дүүргийн 15 дугаар хороо, Их наяд худалдааны төвийн хашаан дотор сууж байхад харуул нь нэг залуутай хөөцөлдөөд гүйж байсан. Тэгээд харуул нь өөр тийшээ гүйгээд, нөгөө залуу нь над дээр хүрээд ирсэн юм. Би тэр залууд “хөөцөлдөж байсан залуу чинь тийшээ явчихлаа шүү дээ” гэж хэлэхэд шууд ирээд намайг гараараа олон удаа цохисон ба намайг дарж авч газар унагаад дээр гараад зодож эхэлсэн. Миний нүд рүү хоёр гараа хийгээд ухсан. Тэгээд гэдэснээс хоёр удаа хазсан, нуруу хэсгийг маажиж, зогсоо зайгүй цохиж байсан.

Тэгээд би арай гэж дээр нь гарахад намайг цохисоор байсан. Энэ үед манай охин ирээд тэр залуугийн гарыг тавиулж, цагдаа дуудсан. Тэр залуу яагаад намайг цохисон талаар мэдэхгүй, ойлгохгүй байна. Миний бодлоор хар тамхи хэрэглэсэн байсан байх.

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг үл таних залуу намайг гараараа цохиж, боож, хазаж, нүдийг маань ухаж учруулсан. Манай охин ирж туслаагүй бол намайг алах байсан. Би өөрийгөө хамгаалж эсэргүүцэх үед тэр залуугийн биед гэмтэл учирсан байж магадгүй. Түүнээс биш би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Би баримтын хэмжээнд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна, мөн хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Ц-ын гэрчээр өгсөн:

“...Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө гэртээ байсан юм. Манай гэр Их наяд худалдааны төвийн урд талд байдаг ба гэрийн цонх худалдааны төв рүү харсан байдаг.

Өглөө унтаж байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал нэг эрэгтэй хүн орилж хашгираад, манай аав түүний доор орчихсон зодуулж байх шиг байхаар нь сандраад гарсан. Тэгээд гүйж очоод “боль” гэж хэлэхэд манай аавыг зодсоор л байсан. Тэгээд би аавыг зодож байсан залуугийн мөр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд ааваас гараа авахгүй, цохих гээд дайраад байсан. Хажуугаар явж байсан хүмүүсээс тусламж гуйгаад ямар ч хүн ирэхгүй, зогсохгүй яваад байсан.

Тэгээд тэр залуугаас аавыг арай гэж салгаад, гар дээр нь дараад хөдлөхгүй болгоод цагдаа ирэх хүртэл нь хүлээсэн. Манай аавыг яагаад цохиж зодох болсон талаар мэдэхгүй байна. Намайг очиход аав маань зодуулаад нүүр, ам нь улайчихсан байсан. Тэр залууд “боль” гэж хэлээд байхад цохих гээд дайраад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37 дахь тал),

 

5. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9721 дугаартай:

1. Б.*******гийн биед хоёр нүдний алимны салстад цус харвалт, эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний салстын өнгөц урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун дээд зовхи, хамар, доод эрүү, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

 

6. Хохирогч Б.Б нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 108-112 дахь тал),

 

7. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Г.С-ын яллагдагчаар өгсөн

“...Би ял сонсгож, яллагдагчаар татсан Прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. ...Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаа, баримтыг үндэслэн хохирол төлбөрийг төлж барагдуулах болно.” гэсэн мэдүүлэг (хэргийн 51-52 дахь тал) болон мөн шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа (хэргийн 56 дахь тал), Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хэргийн 58 дахь тал), урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хэргийн 61 дэх тал) зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Содбаярын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.

 

Гурав: Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч Г.С нь 2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед******* дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна согтуурсан үедээ иргэн Б.Б-ийн биед шалтаг шалтгаангүйгээр халдан, нүүр лүү нь гараараа цохих, нүдийг нь ухах, гэдэс хэвлий, нуруу хэсэгт нь хазах, маажих зэргээр зодон биед нь “...хоёр нүдний алимны салстад цус харвалт, эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний салстын өнгөц урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун дээд зовхи, хамар, доод эрүү, нуруу, хэвлийд зулгаралт” гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанд шинжлэн судалсан:

- Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их наяд худалдааны төвийн гадна хяналтын камерын бичлэг бүхий дискт үзлэг хийсэн тэмдэглэл, 1 ширхэг дискийг эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргасан мөрдөгчийн тогтоол (хэргийн 08-10, 11 дэх тал),

- хохирогч Б.Б-ийн биед үзлэг хийсэн 2022 оны 7 дугаар сарын 08-ны өдрийн Мөрдөгчийн тэмдэглэл, хавсаргах гэрэл зургийн үзүүлэлт (хэргийн 12-14 дэх тал),

- хохирогч Б.Б-ийн: “...Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө 06 цагийн үед******* дүүргийн 15 дугаар хороо, Их наяд худалдааны төвийн хашаан дотор сууж байхад харуул нь нэг залуутай хөөцөлдөөд гүйж байсан. Тэгээд харуул нь өөр тийшээ гүйгээд, нөгөө залуу нь над дээр хүрээд ирсэн юм. Би тэр залууд “хөөцөлдөж байсан залуу чинь тийшээ явчихлаа шүү дээ” гэж хэлэхэд шууд ирээд намайг гараараа олон удаа цохисон ба намайг дарж авч газар унагаад дээр гараад зодож эхэлсэн. Миний нүд рүү хоёр гараа хийгээд ухсан. Тэгээд гэдэснээс хоёр удаа хазсан, нуруу хэсгийг маажиж, зогсоо зайгүй цохиж байсан.

Тэгээд би арай гэж дээр нь гарахад намайг цохисоор байсан. Энэ үед манай охин ирээд тэр залуугийн гарыг тавиулж, цагдаа дуудсан. Тэр залуу яагаад намайг цохисон талаар мэдэхгүй, ойлгохгүй байна. Миний бодлоор хар тамхи хэрэглэсэн байсан байх.

Шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлүүдийг үл таних залуу намайг гараараа цохиж, боож, хазаж, нүдийг маань ухаж учруулсан. Манай охин ирж туслаагүй бол намайг алах байсан.

Би өөрийгөө хамгаалж эсэргүүцэх үед тэр залуугийн биед гэмтэл учирсан байж магадгүй. Түүнээс биш би түүнийг цохиж зодсон зүйл байхгүй. Би баримтын хэмжээнд хохирлоо барагдуулах хүсэлттэй байна, мөн хуулийн дагуу хариуцлага тооцуулмаар байна.” гэсэн мэдүүлэг (хэргийн 28-29 дэх тал),

- гэрч Б.Ц-ын: “...Би 2022 оны 7 дугаар сарын 08-ны өглөө гэртээ байсан юм. Манай гэр Их наяд худалдааны төвийн урд талд байдаг ба гэрийн цонх худалдааны төв рүү харсан байдаг.

Өглөө унтаж байхад манай нохой хуцаад байхаар нь цонхоор хартал нэг эрэгтэй хүн орилж хашгираад, манай аав түүний доор орчихсон зодуулж байх шиг байхаар нь сандраад гарсан. Тэгээд гүйж очоод “боль” гэж хэлэхэд манай аавыг зодсоор л байсан. Тэгээд би аавыг зодож байсан залуугийн мөр хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд ааваас гараа авахгүй, цохих гээд дайраад байсан. Хажуугаар явж байсан хүмүүсээс тусламж гуйгаад ямар ч хүн ирэхгүй, зогсохгүй яваад байсан.

Тэгээд тэр залуугаас аавыг арай гэж салгаад, гар дээр нь дараад хөдлөхгүй болгоод цагдаа ирэх хүртэл нь хүлээсэн.

Манай аавыг яагаад цохиж зодох болсон талаар мэдэхгүй байна. Намайг очиход аав маань зодуулаад нүүр, ам нь улайчихсан байсан. тэр залууд “боль” гэж хэлээд байхад цохих гээд дайраад байсан.” гэсэн мэдүүлэг (хэргийн 37 дахь тал),

- ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 9721 дугаартай:

1. Б.*******гийн биед хоёр нүдний алимны салстад цус харвалт, эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний салстын өнгөц урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун дээд зовхи, хамар, доод эрүү, нуруу, хэвлийд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

4. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.6. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтлүүд байна.” гэсэн дүгнэлт (хэргийн 44-45 дахь тал),

- хохирогч Б.Б нь эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн болон хохирол төлбөр нэхэмжлэхтэй холбоотой гаргасан зардлын баримтууд (хэргийн 108-112 дахь тал) болон шүүгдэгч Г.Содбаярын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг мэдүүлэг (хэргийн 51-52 дахь тал, шүүх хуралдааны тэмдэглэл) зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

 

Хэргийн хохирогч Б.Б-ийн эрүүл мэндэд учирсан шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан “...хоёр нүдний алимны салстад цус харвалт, эвэрлэгийн өнгөц шарх, зүүн нүдний салстын өнгөц урагдал, зүүн нүдний дээд, доод зовхи, баруун нүдний дээд зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, дух, баруун дээд зовхи, хамар, доод эрүү, нуруу, хэвлийд зулгаралт” бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч Г.С түүний нүүр лүү нь гараараа цохих, нүд рүү гараа хийж ухах, гэдэс хэвлий, нуруу хэсэгт нь хазах, маажих зэргээр зодож цохисноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл, уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Г.С-ын дээрх гэмт үйлдлийг******* дүүргийн прокуророос “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хуулийн үндэслэл бүхий, түүний гэм буруутай үйлдэлд тохирсон гэж шүүх дүгнэв.

 

Хэргийн шүүгдэгч Г.С нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүгдэгч Г.Содбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй.

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч Б.Б-ийн биед учирсан хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.

 

“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, ..., эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд нь гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй гарсан бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасан.

 

Энэ хэргийн хохирогч Б.Б нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус зааснаар гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд тэрээр шүүхийн хэлэлцүүлэгт “...Эмчилгээ, эм тарианы зардал болон бусад зардалд нийт 6.863.500 төгрөг нэхэмжилж байна.” хэмээн (шүүх хуралдааны тэмдэглэл) нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн мэдүүлгийг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан. 

 

Хохирогчоос бодитой гарсан эмчилгээний зардлын баримтыг хэргийн 108-110 дугаар хавсарган бэхжүүлснийг шүүх нэг бүрчлэн судлахад 6.863.500 төгрөг болж байх тул хохирогч Б.Б-д нөхөн төлөгдөх хохирол, хор уршгийн баримттай гарсан “Чимэ жүд” болон “Гранд мед” эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, шинжилгээ оношилгоо хийлгэсэн, эм тариа худалдан авсан, бариачид бариулсан зардлын 963.500 төгрөг, мөн сонсголын аппаратын үнэ 5.900.000 төгрөг, нийт 6.863.500 төгрөгийн шаардлагыг тус тус хангаж, гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх үндэслэлтэй гэж дүгнэн шүүгдэгч Г.Содбаяраас гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн болно. 

 

Шүүгдэгч Г.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 61 дүгээр талд авагдсан “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа Эрүүгийн хулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх бөгөөд энэ нь мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзвэл зохих хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал болох юм.

 

Шүүх, шүүгдэгч Г.С-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-т 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Энэ хэрэгт Г.С- нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус шийтгэх тогтоолд дурдав.     

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                          

 

  ТОГТООХ нь:

 

1. ... овогт ...ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.С-т 350 /гурван зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Содбаяр нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг түүнд  мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт шүүгдэгч Г.С-аас 6.863.500 /зургаан сая найман зуун жаран гурван мянга таван зуу/ төгрөгийг гаргуулж, хохирогч дүүргийн 26 дугаар хороо, Саруул хорооллын 120-50 тоотод оршин суух, /РД:******/, ... овогт ...д олгосугай. 

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн камерын бичлэг бүхий CD 1 ширхгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Энэ хэрэгт Г.С-нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай. 

 

8. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Г.Содбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                  С.БАЗАРХАНД