Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 118/2022/0024/З |
Дугаар | 221/МА2024/0587 |
Огноо | 2024-09-04 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2024/0587
Б.Ты нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа,
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Э.Л-,
Илтгэгч: Шүүгч Н.Хонинхүү,
Давж заалдах гомдол гаргасан: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б
Нэхэмжлэгч: Б.Т
Хариуцагч: Завхан аймгийн Яруу сумын Засаг дарга
Гуравдагч этгээд: Х.Л
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0040 дугаар шийдвэртэй,
Шүүх хуралдаанд оролцогчид: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Б, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Энхжин
Хэргийн индекс: 118/2022/0024/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Б.Таас Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х овогтой Л-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, уг захирамжийг үндэслэн Х.Лд олгосон 8113000333 дугаар бүхий 5000 м.кв газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах”,
Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Х.Лгээс Завхан аймгийн Яруу сумын Засаг даргад холбогдуулан “Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамжийн хавсралтаас Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”-аар тус тус маргасан байна.
2. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 40 дугаар шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 31 дүгээр зүйлийн 31.3, 33 дугаар зүйлийн 33.1.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.Лд олгогдсон нэгж талбарын 8113000333 дугаартай Н-ын өвөлжөөний 5000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Х.Лгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга:
3.1. Яруу сумын Жаргалант багт байх маргаан бүхий “Н-” нэртэй өвөлжөөний газар нь өмч хувьчлалаар анх Д.Н, Ш.Б, Ц.Э нарын дундын эзэмшилд очсон байдаг бөгөөд зохигчид энэ талаар маргадаггүй. Тус өвөлжөөг нэг иргэн дангаараа биш гурван иргэн хамтран эзэмшиж байсан болох нь гэрч Б.Б, Ч.Л нарын мэдүүлгээр мөн нотлогддог
Түүнчлэн тус өвөлжөө нь дээрх нэр бүхий гурван иргэний дундын эзэмшилд бүртгэгдэж байсан талаар гэрч Д.С мэдүүлэхдээ 1998-2000 оны үед Д гэж хүн газрын даамлаар ажиллаж байсан. Тэр үед Газрын тухай хууль шинээр батлагдан гараад анх газар эзэмшүүлж байсан. Тэр үед Газрын тухай хууль шинээр батлагдан гараад анх газар эзэмшүүлж гэрчилгээ олгох ажил зохион байгуулагдсан юм. Энэ ажлаар би дээрх хүний хамт багуудаар явсан юм. Өвөлжөө бууцны газрыг ийнхүү анх эзэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсэг томилогдож байсан. Тэр үед өвөлжөөг уламжилж өвлөж ирсэн байдлаар буюу тухайн үед яг өвөлжөөн дээр байсан айлуудад нь эзэмшүүлсэн юм.
Н-ын өвөлжөөнд Д.Н, Ц.Э, Ш.Б нарынх байдаг байсан тул энэ гурван хүнд хамтран эзэмшүүлсэн. Гэрчилгээг нь нэг хүнийх нь нэрээр олгосон. Гэрчилгээний хавсралтад бусад гурван хүний нэрийг хамтрагчаар бүртгэж байсан санагдаж байна” гэсэн байна.
“Н-” өвөлжөөний эзэмшлийн талаар анхны эзэмшигч Д.Н, Ш.Б, Ц.Э нарын дунд газрын маргаан гарч байгаагүй бөгөөд тус тусын хувь эзэмшлийг Б.Т, Х.Л нарт шилжүүлсэн байдаг.
Тодруулбал Ш.Б нь 2001 оны зудын дараа “Н-” өвөлжөөнөөс өөрт болон дүү Ц.Эд ногдох хэсгийг Б.Тд худалдсан талаар нэхэмжлэгч тайлбарладаг. Энэхүү тайлбар нь гэрч Ш.Бийн “1984 оноос эхэлж Н- өвөлжөөнд өвөлжсөн. 2001 оны хавар зуд болж тэрний дараа жил өвөлжөөгөө Б.Тд өөрийнхөө болон Ц.Э буюу манай эхнэрийн дүүд оногдох хэсгээ өгсөн. Тухайн үед хоёр зуун мянган төгрөгөөр зарсан” гэх мэдүүлэг болон гэрч Б. Аын “хоёр мянган онд Ш.Б хот руу шилжсэн.
Мөн Х.Лд гэрчилгээ олгохдоо Яруу сумын Засаг даргын захирамжийн огноог алдаатай бичсэн гэж үзэхүйц баримт, мэдээлэл хэргийн материалд байдаггүй.
Гэтэл анхан шатны шүүх ямар үндэслэлээр 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр захирамжаар Х.Лд “Н-” өвөлжөөний газрыг эзэмшүүлж, газрын гэрчилгээ олгохдоо захирамжийн огноог 2006 оны 11 дүгээр сарын 27 гэж алдаатай бичсэн гэж дүгнэх болсон нь ойлгомжгүй байна. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн гэж үзэж байна.
3.2. Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.7-д “... гуравдагч этгээд Х.Лгийн 2006 онд Н-ын өвөлжөөг эзэмшихээр гаргаж байсан хүсэлт Яруу сумын Тамгын газар, газрын даамал дээр байхгүй болох нь тогтоогдож байх боловч энэ нь Х.Лгээс газар эзэмших хүсэлт огт гаргаж байгаагүй гэдгийг нотлох үндэслэл болохгүй” гэж дүгнэсэн.
Харин шийдвэрийн 3.3, 3.5 дахь хэсэгт нэхэмжлэгч Б.Т нь “Яруу сумын Тамгын газар болон газрын даамал дээр хадгалагдаж буй өргөдлийн бүртгэлд үзлэг хийхэд нэхэмжлэгчээс 2017 онд газар эзэмших талаар гаргасан хүсэлт байхгүй ... Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаартай захирамж, түүний хавсралтаар нэхэмжлэгч Б.Тд түүний хүсэлтээр бус сумын Засаг даргын санаачлаагаар газар эзэмших эрх олгосон гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч, гуравдагч этгээд хэн аль нь хүсэлт байхгүй дээрх нөхцөл байдалд анхан шатны шүүх ялгамжтай дүгнэлт өгч байгаа нь талууд шүүхийн өмнө эрх тэгш байх зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
3.3. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.6-д “Яруу сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.М уг захирамжийг гаргаагүй гэж гэрчээр мэдүүлсэн боловч тухайн захирамж дахь гарын үсэг түүний гарын үсэг мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон”, 3.7-д “... А/25 дугаартай захирамжийг тухайн үед Яруу сумын Засаг даргаар ажиллаж байсан Д.М үйлдсэн бөгөөд Завхан аймгийн Прокурорын газрын 2024 оны 24-р тогтоолд Д.М уг захирамжийг хуурамчаар үйлдсэн боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг бүртгэлийн хэргийг хааж шийдвэрлэсэн” гэж дүгнэсэн нь ойлгомжгүй байдаг.
Тодруулбал Яруу сумын Засаг дарга Д.М өөрөө өөрийнхөө захирамжийг хуурамчаар үйлдсэн мэт ойлгогдох дүгнэлт хийсэн нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж үзэж байна.
3.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн -д “… гэж мэдүүлснээс үзэхэд маргаан бүхий өвөлжөөг худалдан авсан хугацааг зөрүүтэй мэдүүлсэн ч нэхэмжлэгчийн тухайн өвөлжөөг Ш.Б-с худалдан гэх тайлбарыг үгүйсгэхгүй” гэж дүгнэсэн. Энэхүү дүгнэлтээр нэхэмжлэгч “Н-” өвөлжөөг 2001 онд худалдан авах хэлцлээр эзэмших эрх олж авсан болох нь тогтоогддог.
Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн 3.12-т гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж энэхүү шийдвэрийн үр дагавраар нэхэмжлэгч Б.Т нь “Н-” өвөлжөөний газрын 66 хувийг 2001-2002 оны үед иргэн Ш.Баас хоёр зуун мянган төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтад холбогдох өөрт учирсан хохирлоо Иргэн хуулийн дагуу шүүхээр нэхэмжлэх эрхтэй гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.
“Тэр үед хорь гаруй бог зараад хоёр зуун мянга гаруй төгрөгөөр өвөлжөөг Ш.Баас худалдаж авч байсан. Яагаад сайн мэдэж байна гэхээр нэг өдөр Б.Тыд очиход манай хонийг харж байгаач Ш.Б ахынд очиж мөнгийг нь өгөх гэсэн юм гэж надад хэлээд явж байсан юм.Тэр үед манайх саахалт байсан болохоор энэ талаар сайн санаж байна” гэх мэдүүлгээр нотлогддог.
Харин Д.Н нь “Н-” өвөлжөөний газрыг 2008 онд 60 жилийн гэрээ хийж, гэрчилгээг хүргэн Х.Л манай нэр дээр болгож аав (Д.Н) нь хамтран эзэмшигчээр гэрээ байгуулж гэрчилгээтэй болсон талаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ж анхан шатны шүүх хуралдаанд (2024 оны 07 дугаар сарын 04-ны өдрийн) тайлбарладаг.
Ийнхүү “Н-” өвөлжөөний эзэмшил Б.Т, Х.Л нарт шилжсэн бөгөөд тэдний дунд маргаан үүссэн байдаг. Нэхэмжлэгч Б.Т нь “Н-” өвөлжөөний 2/3-ыг буюу Ш.Б, Ц.Э нараас худалдан авсан хэсгийг эзэмших эрхтэй ба Х.Л тус өвөлжөөг дангаараа бүхэлд нь эзэмших гэж маргаж шүүхэд нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй.
Харин гуравдагч этгээд Х.Л нь миний эзэмшлийн өвөлжөөг давхар өөр хүнд эзэмшүүлэхээр гарсан захирамж хууль бус гэж маргаж шүүхэд бие даасан шаардлага гаргасан нь хууль ёс болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж байна.
Гомдлын үндэслэл:
1.Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0040 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч Б.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Х.Лгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Учир нь анхан шатны шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.
Тухайлбал, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... Гуравдагч этгээд Х.Лд Яруу сумын Жаргалант багийн нутаг дахь Н- нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлэхдээ Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэн байх боловч уг захирамж байхгүй. Харин 2006 оны 12 дүгээр сарын 25-ны өдрийн 64 дүгээр захирамж архивлагдсан нь хэрэгт авагдсан тул Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамж байхгүй гэж үзэх үндэслэл болохгүй байна. Өөрөөр хэлбэл гуравдагч этгээд Х.Лгийн газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмших гэрээнд тусгагдсан Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамжаар “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” асуудлыг шийдвэрлэсэн болох нь тогтоогдож байх ба уг захирамж огнооны хувьд алдаатай байсан гэж үзэх үндэслэлтэй байна” гэсэн байдаг.
Хэрэгт авагдсан Яруу сумын Засаг даргын 2006 оны 12 сарын 25-ны өдрийн 64 дүгээр захирамжаар хэнд ямар газар эзэмшүүлсэн нь тодорхойгүй бөгөөд тухайн хэрэгт шууд хамааралтай нотлох баримтын болохуйц шинжийг хангасан эсэх нь эргэлзээтэй байдаг.
Учир нь Ш.Б болон Б.Т нарын хооронд хийдэж байсан гэрээ хэлцлийг дуусгавар болгох эсэх асуудал нь талуудын хүсэл зоригоос хамаарах бөгөөд хөндлөнгийн зүгээс гэрээ хэлцлийг дуусгавар болгох хууль зүйн боломжгүй.
Өөрөөр хэлбэл анхан шатын шүүхийн тус шийдвэрийг үндэслэж нэхэмжлэгч Б.Т нь хэлцлийн нөгөө тал буюу Ш.Баас хохирол нэхэмжилж иргэний шүүхэд хандах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.
Дээрх үндэслэлээр Завхан аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 118/ШШ2024/0040 дугаар шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна. Иймд хэргийн нөхцөл байдал шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн эсэхийг анхаарч үзэн хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй зөв дүгнэлт хийж, холбогдох хуулийн зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэж “Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.Лд олгогдсон нэгж талбарын 8113000333 дугаартай Н-ын өвөлжөөний 5000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэгч Б.Ты нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Х.Лгийн бие даасан шаардлагыг бүхэлд нь хангаж Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Тд холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна
3. Дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.
3.1. Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно” 3.1.7-д “"газар эзэмших эрхийн гэрчилгээ" гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна”, 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна”, 33 дугаар зүйлийн 33.1-т “Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх асуудлыг дараахь журмыг баримтлан шийдвэрлэнэ”, 33.1.1-т “энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу аймаг, сум, нийслэлийн Засаг дарга гаргана”, 34 дүгээр зүйлийн 34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ”, 61 дүгээр зүйлийн 61.1-т “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж тус тус заасан.
3.2. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд гуравдагч этгээд Х.Лд Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийг үндэслэн тус сумын Жаргалант багийн нутаг дахь Н- нэртэй өвөлжөөний газрыг эзэмшүүлсэн байх боловч хариуцагч Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын Тамгын газарт шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл[1] -ээр 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамж архивлагдсан, Завхан аймгийн Архивын тасгийн 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/1529 дүгээр албан бичгээр[2] “... 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 64 дүгээр “Иргэдэд газар эзэмшүүлэх тухай” захирамжийн хавсралт архивлагдаагүй, мөн сумын Засаг даргын 2006 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 66 дугаар “Иргэдийн эзэмшиж байсан газрыг цуцлах тухай” захирамжийн хавсралт архивлагдаагүй байна. 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гарсан захирамж байхгүй, тухайн оны захирамжид давхар дугаар олгосон захирамж үгүй ...” гэх архивын лавлагааг шүүхэд ирүүлсэн байна.
3.3. Хэдийгээр гуравдагч этгээд Х.Лд газар эзэмших эрх олгосон Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамж огнооны хувьд зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан хэдий ч уг захирамжийг үндэслэн Яруу сумын нутаг дахь “Н-” гэх газарт өвөлжөөний зориулалтаар нэгж талбарын 8113000333 дугаар бүхий 5000 м.кв газрыг эзэмшүүлэхээр 2008 онд 0128472 дугаар газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, газар эзэмшүүлэх гэрээ байгуулагдсан, газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газар эзэмшүүлэх гэрээнд заасны дагуу 2015, 2018, 2019 онуудад газрын төлбөр төлж байсан талаарх холбогдох баримтууд[3] хэрэгт авагдсан байх тул Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж зааснаар гуравдагч этгээд Х.Лг хууль ёсны газар эзэмшигч гэж үзэхээр байна.
3.4. Нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд маргаан бүхий газрыг эзэмшихээр хүсэлт гаргаж байгаагүй талаар дурдсан байх бөгөөд хариуцагч нь гуравдагч этгээд Х.Лгийн эзэмшиж буй газартай давхцуулан 2016 онд нэхэмжлэгч Б.Тд эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасантай нийцээгүй, энэ талаар анхан шатны шүүхээс “... уг хэргийн гуравдагч этгээд Х.Лд Яруу сумын Засаг даргын 2006 оны 64 дүгээр захирамжаар эрх олгогдож, газар эзэмших гэрээ байгуулагдаж гэрчилгээ олгогдсон Н-ын өвөлжөөний газрыг хариуцагч Яруу сумын Засаг даргаас 2017 оны А/25 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.Тд түүний хүсэлтгүйгээр эзэмшүүлэх шийдвэр гаргаж, газрыг давхардуулан олгосон нь Х.Лгийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул хүчингүй болгож үндэслэлтэй ...” гэж дүгнэснийг буруу гэж үзэх үндэслэлгүй байна.
3.5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.3-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, хариу тайлбарын үндэслэлийн талаар нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөх ба гаргаж өгөх боломжгүй, түүнчлэн шүүхэд мэдэгдээгүй нотлох баримтын эх сурвалжийг заах үүрэгтэй”, 32.8-д “Хэргийн оролцогч өөрт байгаа нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй нь шүүхийг буруутгах үндэслэл болохгүй” гэж заасан.
3.6. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс “газар эзэмших эрхтэй хүмүүсээс газар худалдаж авсан” гэж тайлбарлан маргасан байх боловч энэ талаарх холбогдох баримтыг шүүхэд гаргаагүй, нэхэмжлэгчийн өмнө газар эзэмшиж байсан гэх иргэдийн тухайд Газрын тухай хуульд заасны дагуу газрыг гэрээ, гэрчилгээний үндсэн дээр эзэмшиж, газрын төлбөр төлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй, хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байх тул нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн “... “Н-” өвөлжөөний Ш.Б, Ц.Э нараас худалдан авсан хэсгийг эзэмших эрхтэй ба Х.Л тус өвөлжөөг дангаараа бүхэлд нь эзэмших эрхгүй ...” гэх гомдол, тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна.
3.7. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүхийн хяналтын цар хүрээ хязгаар нь Завхан аймгийн Яруу сумын Засаг даргын 2006 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 64 дүгээр захирамжийн Х.Лд олгогдсон нэгж талбарын 8113000333 дугаартай Н-ын өвөлжөөний 5000 м.кв газрыг эзэмших эрхийн гэрчилгээ, Яруу сумын Засаг даргын 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/25 дугаар захирамжийн хавсралтаас Б.Тд холбогдох хэсэг нь хууль ёсны эсэх, хариуцагчийн уг шийдвэр үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эсэхэд дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэсэн байх бөгөөд анхан шатны шүүхээс “... энэхүү шийдвэрийн үр дагавраар нэхэмжлэгч Б.Т нь Н-ын өвөлжөөний газрын 66 хувийг 2001-2002 оны үед иргэн Ш.Баас 200.000 төгрөгөөр худалдан авсан гэх үйл баримтад холбогдох өөрт учирсан хохирлоо Иргэний хуулийн дагуу шүүхээр нэхэмжлэх эрхтэй ...” гэж шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдсан нь заавал биелэгдэх шинжийг агуулаагүй, нэхэмжлэгчийн маргасан үндэслэлд тайлбар өгсөн агуулгатай байх тул хэргийн үйл баримтаас хэтэрсэн гэж үзэхээргүй, энэ талаарх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүйг дурдах нь зүйтэй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Завхан аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0040 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Э.Л-
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ