| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2018/03404/И |
| Дугаар | 184/ШШ2019/00141 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2019/00141
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Э.Амин-Эрдэнэ, Ч.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Х .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, эрэгтэй, Х овогт Х.Б/,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Х .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, эмэгтэй, М овогт Ц.О/ нарын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн .. дугаар хороо, Х .. дугаар гудамжны .. тоотод оршин суух, эрэгтэй, М овогт Ч.Х /РД /-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон тоосгоны үнэ, гэм хорын хохиролд нийт 5 364 000 төгрөг гаргуулах тухай,
Хариуцагч Ч.Х нэхэмжлэгч Ц.О холбогдох гэм хорын хохиролд 419 760 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Х.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М, иргэдийн төлөөлөгч Ю.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Найданжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Х.Б Ц.О нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Бид Ч.Х орох орон гэргүй, ажилгүй байхад нь хашааны газраасаа хэсэгчилэн, зах зээлийн ханшаас маш багаар буюу 4 000 000 төгрөгийг ажил хийж байгаад аажуу тайван төлөөрэй гэж тусалсан. Бид тоосгоны үйлдвэр ажиллуулдаг байсан тул зээлээр 4068 ширхэг тоосго өгсөн бөгөөд уг тоосгоор миний өгсөн газар дээр жижиг хэмжээтэй байшинтай болсон. Гэтэл Ч.Х нь газрын мөнгөнөөс 1 000 000 төгрөг өгөөд, 600 000 төгрөгийн ажил хийж өгсөн тул үлдэх 2 400 000 төгрөгийг төлөхийг сануулж, мөн зээлээр авсан тоосгоны мөнгө болох 2 034 000 төгрөг нийт 4 434 000 төгрөгийг төлөх ёстой гэхэд огт тоохгүй байсан тул эхнэр Ц.О шаардахад эхнэрийг зодож, манай байшингийн цонхыг хагалж, бидэнд хохирол учруулсан. Иймд Ч.Х газрын үлдэгдэл төлбөр 2 400 000 төгрөг, тоосгоны үнэ 2 034 000 төгрөг, цонх хагалсан төлбөр 430 000 төгрөг, эрүүгийн журмаар Ц.О өмгөөлөгчид төлсөн 500 000 төгрөг, нийт 5 364 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Х.Бямбацогтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.О шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Уг газрыг манайх 2010 онд Б.Б эгчээс авсан. Нөхөр бид хоёр Ч.Х ахыг “эхнэр хүүхдээсээ салсан, амьдрах газаргүй” гээд байхаар нь өрөвдөөд, манай нөхөр исуст итгэдэг учир итгэл хайрлая гээд мөн “хөл муутай, группт байдаг, гарын уртай” гэхээр нь 2011 онд хашаандаа буулгасан. Тэгээд бид “манай байшинг барилцаад, 2012 оны 10 сар гэхэд дотор заслыг бүрэн дуусгаад өгвөл Хайрханы 8-7 тоотод байрлах газрынхаа урд талын хэсгийг 4 500 000 төгрөгөөр үнэлээд өгье” гэхэд Ч.Х ах зөвшөөрсөн. Бид газрыг 4 500 000 төгрөгөөр үнэлээд зарахаар амаар тохирсон байсан. Тэр үед буюу 2012 онд манайх байшингийнхаа хундаамыг цутгаад барьж байсан. Тэгтэл 2012 оны 4 сарын сүүлээр Ч.Х ахын эхнэр хүүхэд нь ирсэн. Ч.Х “эхнэр жирэмсэн”, “өөр ажилтай” гэх мэтийн зүйл яриад тогтвор суурьшилтай ажиллахгүй байсан бөгөөд 2012 оны 6 сард “ах нь ажиллаж чадахгүй нь, өөрийнхөө байшинг баримаар байна” гээд байшингийн үнэнээс 500 000 төгрөгийг цувуулж өгөөд 4 000 000 төгрөг үлдсэн. Гэтэл одоо хоосон газар буусан гээд гүтгээд байх юм. Манайх хааш хаашаагаа 70 м.кв газар авсан, одоо мөнгөө өгөхгүй бол газраа буцааж авсан ч болно. Ч.Х ах манай байшингийн 1 давхрын ажилд тусалж, 10-аад хоног л ажилласан бөгөөд анх тохирсон ёсоор ажлаа хийгээгүй учир 600 000 төгрөгийн хөлсийг хангалттай бодож хасаад 4 000 000 төгрөг нэхсэн. Дараа нь эрүүгийн шүүх хурал болоход 1 000 000 төгрөг өгсөн гээд байсан учир газрын үнээс хасч, одоо үлдэгдэл 2 400 000 төгрөгийг авна. Тухайн үед манайх нялх хүүхэдтэй, амбаарт амьдарч байсан учир хүйтрэхээс өмнө байшингаа яаралтай барьж орох шаардлагатай байсан тул барилгын бригад ажиллуулсан. Эхний А 20-иод хүнтэй бригад 1-2 хоногийн дотор маш хурдан байшинг барьж, дараа нь Э заслын бригадаар дотор заслыг 2012 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс бариад 10 сард манайх байшиндаа орсон. Маш хурдан ажилласан учир би тэр хүмүүсийн нэрийг одоо мэдэх боломжгүй. Ч.Х ах 2013 онд өөрийнхөө байшинг барьж байсан бөгөөд тэр үед манайх байшиндаа орчихсон байсан. 2014 онд би төрөөд хүү маань өвдсөн учир эмнэлэгт сар гаран хэвтэж, 6 сард гарч ирэхэд Ч.Х ах манай нөхрийг орой болгон архидуулаад газрыг бичгийг бичүүлж аваад өөрсдөө хөөцөлдөж байгаад газрыг шилжүүлж авсан байсан. Гэтэл хорооны дарга биш хэсгийн ахлагчаар түр ажиллаж байсан хүн Ч.Хүрэлтулга ахыг манай байшинг барьж байхыг 1 л удаа харсан гэсэн учир яаж гэрч болох вэ.
2013 оны сүүл, 2014 оны эхээр Ч.Х ах байшингаа шопалаар бариад материал нь дутсан учир манай компанийн хийж байсан барилгын тоосгоноос 1 ширхэгийг 500 000 төгрөгөөр бодож, 4068 ширхэгийг авсан. Бид итгээд л өгсөн, шүүх хурлаар орно гэж бодоогүй учир баримт үйлдээгүй. Манайхаас асуулгасан гэрч мөн Ч.Х ахыг манай үйлдвэрээс байшингийнхаа тоосго, цементийг авсан гэдгийг гэрчилсэн. Одоо Ч.Х ахын байшингийн тоосгыг тоолсон ч манайхаас авсан тоосго хүрээгүй бөгөөд эдний байшингийн ар талд дутуу л байгаа. Тухайн үед итгээд өгсөн учир баримт байхгүй болоод би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр тэр баримтыг нөхөж бичсэн юм. Иймд тоосгоны үнэ 2 034 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Манай цонхийг хагалж, би 430 000 төгрөгөөр цонхоо шиллүүлсэн учир мөн нэхнэ.
Эрүүгийн хэргийн шүүх хурал болох гээд шүүхийн гадаа байсан өмгөөлөгч Д.З авч, 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд нийт 5 364 000 төгрөгийг нэхэмжилж байна.
Манай хоёр айлын газар дундаа жижиг хашлагаар хуваагдсан. Би эдний хашаанд орж хэрүүл хийгээгүй. Намайг газар, тоосгоны мөнгөө нэхэхэд Ч.Х ах “чамд мөнгө өгөхгүй” гээд намайг цохиод миний гарын хумс таарч, хугарсан учир би чулуу аваад шидэхэд байшингийнх нь цонхийг санамсаргүй хагалчихсан. Тэгтэл Ч.Х ах труба аваад намайг цохих гээд өөрийнхөө машиныг цохьчихсон байж надаас мөнгө нэхээд байна. Би эдний хашаанд ороогүй учир яаж машиныг нь цохих юм. Би мөн төмөр бариагүй, Ч.Х ах өөрөө төмөр барьж ирээд намайг алах гэсэн. Тэгэхээр нь би уурлаад газраас хавтан аваад машиных нь цонхийг хагалсан нь үнэн. Ч.Х ах өөрийнхөө жижиг цонхийг хагалахад надаас 50 000 төгрөг нэхээд манай том цонхийг ийм бага үнэтэй гэж хэлж болохгүй. Би цонхоо 430 000 төгрөгөөр янзлуулсан. Тэгтэл манай цонхний үнэлгээг хүртэл өөрсдөө гаргуулчихсан байх юм. Иймд байшингийнх нь цонхны үнэ болох 58 760 төгрөгийг төлөхгүй, би өөрөө цонхийг нь шиллэж өгч болно. Бас машиных нь ар талын цонхийг шиллэж өгөхийг зөвшөөрч байгаа бөгөөд ийм их үнэтэй болохгүй гэж үзэж байна. Машины шил, цонхны шилний зардал болон уг цонхны шил, байшингийн цонхны үнэлгээний зардлын холбогдох хэсгийг хүлээн зөвшөөрнө. Машины гуперийг болон гуперийг үнэлсэн үнэлгээтэй холбоотой зардлыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Х.Б 2012 оны 5 сард намайг 10х12 харьцаатай тоосгон байшин барьж өгөөч, хүн хүчгүй хэцүү байна, таньд байшин барих хөлсийг бариад дуусангууд 4 000 000 төгрөгөөр тооцож, газраасаа таллаж өгье гэж харилцан тохиролцож, би Х.Б хоёулханаа байшинг 2012 оны 5 сараас 10 сар, 2013 оны 5 сараас 10 сар хүртэл нийт 10 сарын хугацаанд барьж дуусгасан. Тэгээд 2013 оны 6 дугаар сарын 28-ны өдөр би Тэнхлэг-Уул ХХК-аар Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 7а тоот газрыг нэгж талбарын хил, заагийн газарт бэхэлсэн эргэлтийн цэгийг хүлээлгэж өгсөн тухай актыг өөрийн нэр дээр гаргуулсан. 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Х.Б нь Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд “Миний бие 25 дугаар хорооны Хайрханы 8-5 тоотод оршин суудаг, Мөн Хайрханы 8-7 тоотыг эзэмшдэг. Тус 7 тоотын урд үзүүрийн хашааг таллаж Х ахдаа өгсөн юм. Тиймээс хашааг таллаж тусад нь өмчлүүлэхийг хүссэн” гэсэн өргөдлийг гаргасан. Би Х.Б 10х12 хэмжээтэй байшинг бараг ганцаараа шахуу барьсан. Учир нь Х.Б нь эхнэр Ц.О хамт тоосгоны үйлдвэр ажиллуулдаг бөгөөд хааяа зав гарвал надад тусалдаг. Ихэнхдээ тоосгоны үйлдвэртээ анхаарал тавиад алга болчихдог байсан. Үүнийг манай ойр хавийн бүх айл нотолно. Дараа нь буюу 2015 онд уг худалдаж авсан газартаа 4х6 хэмжээтэй модон байшин өөрөө барьсан. Уг байшинг барихад Х.Б хаягдал өнгөлгөөний тоосго буюу баранк тоосго 4 000 ширхэгийг 1 ширхэгийг 250 төгрөгөөр бодож 1 000 000 төгрөгийн тоосго авч өнгөлж, мөнгийг бэлнээр Х.Б өгсөн. Би 2014 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрхан 8-7а тоот газрын өмчлөх эрхийн гэрчилгээг эхнэр ББ нэр дээр, мөн 2015 онд барьсан 4х6 хэмжээтэй байшингийнхээ өмчлөх эрхийн гэрчилгээг 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдөр авсан. Гэтэл Ц.О нь 2018 оны 01 дүгээр сард таньд бид хоёр газраа арай хямд өгсөн байна, 4 сая төгрөг нэмээд өгчих гээд байхаар нь би юу гэсэн үг юм. Тухайн үед газар хямд байхад би танайхаас энэ газрыг 4 000 000 төгрөгт бодож, байшинг чинь 2 жил барьж дуусгаж байж авсан гэж хэлсэн. Үүнээс хойш 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ц.О нь газрын мөнгө нэмж өг гээд эхнэр бид хоёртой маргалдаж, манай байшингийн цонхыг чулуугаар хагалсанаас болж би хуванцар хоолойгоор гар, мөрөн тус газар нь, мөн машины хажуу руу хавтангаар, төмрөөр машины подзолыг цохиж, хүрз авахаар нь хүрзийг нь авах гэж булаацалдаж байгаад толгойг нь цохиж хагалсан. Үүнээс болж бусдад хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн 11.6-д зааснаар 500 000 төгрөгөөр торгуулсан. 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Ц.О ямар ч тоосго худалдаж аваагүй. Харин тухайн өдөр Ц.О нь эхнэр бид хоёртой газрын мөнгө өг гэж зодоон маргаан болсон. Үнэлгээний компаниас Х.Б цонхийг 260 000 төгрөгөөр үнэлсэн, үүний би төлнө. Эрүүгийн шүүх хуралдаанд хохирогч Ц.О өөрөө сайн дураар өмгөөлөгч авсан тул өмгөөлөгчийн хөлсийг төлөх үндэслэлгүй гэж ойлгож байна гэжээ.
Хариуцагч Ц.Х шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Би 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 7а тоот буюу гэртээ байж байхад хариуцагч Ц.Онь манай хашаанд орж ирээд 2014 онд надад 4 000 000 төгрөгөөр зарсан газрын мөнгөн дээр нэмж газрын мөнгө өг, танайд газраа маш хямд өгсөн гээд эхнэр Б.Б хэрэлдэж, би Ц.О юун газрын мөнгө, энэ газрыг би танай нөхрөөс чинь ажлынхаа төлбөрт авсан гэж хэлэхэд Ц.О заавал авна, та нар гуйлгачид гээд орилоод байсан тул би эхнэрээ аваад гэртээ ороод байж байтал Ц.О чулуу шидээд манай цонхийг хагалсан. Би гараад яаж байгаа юм гэсэн чинь Ц.О яадаг юм гээд миний машины хажуу руу төмрөөр цохьсон. Тэгээд явган хүний хавтангаар миний машины зүүн хойд талын цонхийг хагалчихсан. Мөн төмрөөр миний машины кузовыг цохиж гэмтээж, илтэд дээрэлхээд байхаар нь би Ц.О гар луу хуванцар хоолойгоор 1 удаа цохьсон. Гэтэл Ц.О нь хүрз авахаар нь булааж авах гэж байгаад Ц.О толгойг цохиж хагалсан. Тэгээд би өөрөө цагдаа дуудсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдрийн 743 дугаар тогтоолоор надад Эрүүгийн хуулийн 11.6-т зааснаар гэм буруутайд тооцож, 500 000 төгрөгөөр торгосон. Хариуцагч Ц.О нь ямар ч үндэслэлгүй мөнгө нэхэж та нарыг гэр оронгүй байхад энэ газрыг зарсан, энэ байшингий чинь тоосгыг хүртэл өгсөн, хүний тус мэддэггүй новшнууд гээд илт доромжилж, зүгээр үнэ өртөггүй өгсөн юм шиг илт дээрэлхээд цонх хагалсанаас бүх асуудал эхэлсэн. Хэрэг гардаг өдөр миний эзэмшлийн тоёота приус маркийн 53-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийн зүүн хойд талын хаалганы шилийг чулуу шидэж хагалсан, хойд хаалга, хойд крыло, дээд баганын тус газар замын хавтан төмрөөр цохиж гэмтээсний улмаас нийт 323 000 төгрөгийн, байшингийн цонхийг чулуугаар хагалж 58 760 төгрөг нийт 381 760 төгрөгийн хохирол учруулсан. Машины үнэлгээг “Тэнцвэр эстимэйт” ХХК-аар, цонхны үнэлгээг “Арвижих эстимэйт” ХХК-аар гаргуулж, үнэлгээ хийлгэхэд “Тэнцвэр эстимэйт” ХХК-д 23 000 төгрөг, “Арвижих эстимэйт” ХХК-д цонх үнэлүүлэхэд 15 000 төгрөг төлсөн. Иймд хариуцагч Ц.О нийт 419 760 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай тал нэхэмжлэлийн шаардлагаас цонхны зардалд 265 000 төгрөгийг хүлээн зөвшөөрнө, бусад шаардлагыг зөвшөөрөхгүй. Ч.Х нь нэхэмжлэгч Х.Б харилцан тохиролцож, ажил гүйцэтгэх гэрээг амаар байгуулж, түүний 10х12 хэмжээтэй байшинг 2012 оны 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл, 2013 оны 5 дугаар сараас 10 дугаар сарыг хүртэл хугацаанд бараг ганцаараа барьж дуусгаад хөлсөнд нь уг газрыг 4 000 000 төгрөгт бодож авсан. Тэр 225 м.кв талбай бүхий гурвалжин хэлбэртэй хашааны газрыг өгье гэсэн байдаг. Ч.Х уг байшинг барьж өгсөн учир Х.Б газраа шилжүүлэх тухай хүсэлтийг 2014 онд Газрын албанд гаргаснаар уг газрыг Ч.Х авч, эхнэрийнхээ нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Хэрэв газраа худалдсан бол бичгээр гэрээ хийх байсан, хийгээгүй. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж, өөрийн газартаа ойролцоо байсан газрыг сунгаж аваад зарсан учраас 2 400 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй. Хариуцагч Ч.Х тоосгоны үнэнд 2013 онд 1 000 000 төгрөг өгснийг нэхэмжлэгч тал зөвшөөрч, газрын үнэд шилжүүлсэн гэж байна. Ч.Х Х.Б 10х12 хэмжээтэй барилгыг барьсан учир төлбөрт нь уг газрыг авсан болохоос үнэ өртөггүй зүгээр авсан юм биш. Энэ газрын төлбөрийн асуудлаас болж хариуцагчийн гэрт маргаан үүсч, маргааны явцад байшингийн цонхийг хагалснаас болж, Ц.Оюунбаярын толгойг хүрзээр цохиж гэмтээсэн үйл явдал болсон байдаг. Мөн Ц.Онь Ч.Х машиныг эвдэж гэмтээсэн. 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “Арвижих эстимэйт” ХХК 265 000 төгрөгөөр үнэлсэн байдаг тул илүү нэхэмжилж байгаа 165 000 төгрөгийг зөвшөөрөхгүй. Мөн өмгөөлөгч Д.З шүүх хуралд орсон гэж байгаа боловч өмгөөлөгчтэй гэрээ хийсэн баримт болон өмгөөлөгчийн хөлсийг шилжүүлсэн баримт, дансны хуулга байхгүй, тэр өмгөөлөгчтэй танил учир үнэгүй өмгөөлсөн гэж үзэж байна. Иймд 265 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа тул үлдэх 5 099 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Х.Б, Ц.О нар нь хариуцагч Ч.Х холбогдуулан талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн өмчлөх эрхтэй газрын үлдэгдэл төлбөр 2 400 000 төгрөг,
“Хуст инжир” ХХК-ийн үйлдвэрлэсэн тоосгоны үнэ 2 043 000 төгрөг,
гэм хорын хохиролд цонхны үнэ 430 000 төгрөг болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 500 000 төгрөг, нийт 5 364 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Ч.Х нь цонхны үнэ 265 000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, үлдэх 5 099 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж маргаж,
нэхэмжлэгч Ц.О гэм хорын хохиролд байшингийн цонхны болон тээврийн хэрэгслийг гэмтээсний хохирол, үнэлгээчний хөлс нийт 419 760 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
/хх-ийн 48-50 дугаар тал/
Зохигч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлага болон татгалзлаа өөрсдөө нотлох, нотлох баримтаа өөрсдөө бүрдүүлэх, цуглуулах үүрэгтэй бөгөөд шүүхээс зохигчийн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд зааснаар гаргасан нотлох баримт бүрдүүлэх талаарх бүхий л хүсэлтийг шийдвэрлэж, мөн тэдэнд мөн хуульд заасан зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн болно.
Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.
1.Нэхэмжлэгч нарын ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт шилжүүлсэн өмчлөх эрхтэй газрын төлбөрийн үлдэгдэл 2 400 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 5 тоотод байрлах, 700 м.кв талбай бүхий, нэгж талбарын 18636317417773 дугаартай газрыг нэхэмжлэгч Х.Б нь 2012 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс 000413508 дугаартай, 15 жилийн хугацаатай эзэмших эрхийн гэрчилгээгээр эзэмшиж байгаад, 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр эхнэр Ц.О нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаж, улмаар нэхэмжлэгч Ц.О нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөс эзэмших эрхийн 000520021 дугаар гэрчилгээгээр эзэмшиж байгаа.
/хх-ийн 146-166 дугаар тал/
Мөн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 7 тоотод байрлах, 634 м.кв талбай бүхий, нэгж талбарын 18636317416747 дугаартай газрыг нэхэмжлэгч Х.Б нь 2011 оны 8 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Б худалдах-худалдан авах гэрээгээр худалдан авч, 2011 оны 8 дугаар сарын 23-ны өдөр Г-2201014076 дугаарт бүртгэсэн, 000076513 дугаартай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар тэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч болжээ.
/хх-ийн 126-145, 167-169 дүгээр тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэжээ.
Талуудын хооронд 2012 оны 5 дугаар сард Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь нэхэмжлэгч нар нь 2012 оны 5 дугаар сард өөрийн өмчлөлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 5 тоотод байрлах газар дээр өөрийн материалаар, 10х12 хэмжээтэй байшинг хариуцагч Ч.Х бариулж, хөлсөнд нь Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 7 тоотод байрлах, нэхэмжлэгч Х.Бямбацогтын өмчлөлийн газрын урд үзүүрийн хэсгийг 4 000 000 төгрөгт тооцон, хариуцагч Ч.Хүрэлтулгад өгөхөөр тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хавтас хэрэгт авагдсан нэхэмжлэгч Х.Б 2014 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Газрын албанд гаргасан өргөдөл зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 1-2, 7, 8, 9, 29-30 дугаар тал/
Улмаар хариуцагч Ч.Х эхнэр Б.Б нэр дээр 2014 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Г-2201027431 дугаарт бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжны 7а тоотод байршилтай, 18636317411730 нэгж талбарын дугаартай, 226 м.кв талбайтай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар тэрээр уг газрын хууль ёсны өмчлөгч болсон бөгөөд талууд энэ талаар маргаагүй болно.
/хх-ийн 32 дугаар тал/
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2-т зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх бөгөөд нэхэмжлэгч нар нь ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд өгөх ёстой газраа хариуцагч Ч.Х /эхнэр Б.Б нэр дээр газар өмчлөх эрхийн гэрчилгээ гарсан/-д шилжүүлсэн, тэрээр уг газрын өмчлөгч болсон байх тул талуудын хооронд байгуулагдсан 10х12 хэмжээтэй байшинг барих гэрээний үүргээ хариуцагч буюу гүйцэтгэгч Ч.Х биелүүлсэн гэдгээ шүүхэд нотлох үүрэгтэй юм.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь шүүх хуралдаанд “Ч.Х уг байшинг барьж өгсөн учир Х.Б газраа шилжүүлэх тухай хүсэлтийг 2014 онд Газрын албанд гаргаснаар уг газрыг Ч.Х авч, эхнэрийнхээ нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээг авсан. Нэхэмжлэгч нь Газрын тухай хуулийн 5 дугаар зүйлийг зөрчиж, өөрийн газартаа ойролцоо байсан газрыг сунгаж аваад зарсан учраас 2 400 000 төгрөгийг төлөх үндэслэлгүй” гэж маргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр 2012 оны 10 сараас 2016 оны 11 дүгээр сарыг дуустал хугацаанд Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8 дугаар гудамжийг хариуцсан хэсгийн ахлагчаар ажиллаж байсан гэх Л.Г, хариуцагч Ч.Х найз гэх А.Б нарыг асуулгасан боловч тэдний мэдүүлгээр болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байгаагаас гадна нэхэмжлэгч талаас шүүхэд хүсэлт гаргаж гэрчээр асуугдсан Т.Я мэдүүлгээр хариуцагчийн татгалзал үгүйсгэгдэж байна.
/хх-ийн 72-74, 82-83, 84-85, 86, 87-88, 113-114, 115-117 дугаар тал/
Иймд хариуцагч Ч.Х талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг болох нэхэмжлэгч нарын байшинг барих үүргээ биелүүлсэн болохоо нотлоогүй гэж үзэн, түүнээс ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд нэхэмжлэгч нараас шилжүүлсэн өмчлөх эрхтэй газрын төлбөрийн үлдэгдэл болох 2 400 000 төгрөгийг гаргуулан, нэхэмжлэгч Х.Б олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
2.“Хуст инжир” ХХК-ийн үйлдвэрлэсэн тоосго худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 2 043 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Х.Б, Ц.О нар нь хариуцагч Ч.Х “2015 онд 1 ширхэгийг 500 төгрөгөөр тооцон нийт 4068 ширхэг тоосгон худалдсан тул 2 043 000 төгрөгийг гаргуулна” гэж, хариуцагч Ч.Х нь “1 ширхэгийг 250 төгрөгөөр тооцон нийт 4 000 ширхэгийг худалдан авч, 1 000 000 төгрөгийг бэлнээр нэхэмжлэгч Х.Б төлсөн тул зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Шүүх хуралдаанд гаргасан зохигчийн тайлбараар болон шүүхэд гэрчээр асуугдсан Т.Я мэдүүлгээр уг тоосго нь “Хуст инжир” ХХК-ийн хөрөнгө гэжээ.
/хх-ийн 5, 112-113, 114-116 дугаар тал/
Иймд нэхэмжлэгч нар нь “Хуст инжир” ХХК-ийн хариуцагч Ч.Х нийлүүлсэн тоосгоны үнийг нэхэмжлэх эрхтэй этгээдүүд мөн болох нь хавтас хэрэгт авагдсан бичгийн баримтаар тогтоогдохгүй байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдож байх тул мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч Х.Б, Ц.О нарын хариуцагч Ч.Х 2 043 000 төгрөг гаргуулах тухай шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.
Нэхэмжлэгч нар нь уг нэхэмжлэлийг гаргах эрхтэй эсэхээ нотлон шүүхэд энэ талаарх шаардлагыг дахин гаргах эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
3.Гэм хорын хохиролд цонхны үнэ 430 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Х.Б, Ц.О нар нь хариуцагч Ч.Х холбогдуулан “2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хашааны газрын төлбөрийн асуудлаас болж маргалдан байшингийн цонхны шилийг хагалсан” гэж хавтас хэргийн 92-т авагдсан “Зарлагын баримт”-ыг үндэслэн 4 м.кв талбайтай вакум цонх суурилуулах, нуух резин солих зэрэг зардалд нийт 430 000 төгрөгийг нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь “эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Арвижих-эстимейт” ХХК-ийн үнэлсэн үнэлгээ болох 265 000 төгрөгийг төлнө” гэж маргажээ.
Нэхэмжлэгч Ц.О, хариуцагч Ч.Х нар нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хашааны газрын төлбөрийн асуудлаас болж маргалдан хариуцагч Ч.Х нь нэхэмжлэгч нарын байшингийн цонхийг хагалж, хохирол учруулсан талаар маргахгүй байна. Харин уг цонхны үнэлгээний талаар маргажээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаас гэм хор учруулснаас үүсэх үүргээ биелүүлэхийг шаардах эрхтэй байна. Тодруулбал бусдын эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй. Гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй юм.
Нэхэмжлэгч талаас нотлох баримтаар өгсөн хавтас хэргийн 92-д авагдсан “Зарлагын баримт”-ыг уг цонхны хохирлын талаарх бодит зардал мөн эсэх, уг төлбөрийг нэхэмжлэгч нар нь “Дусалхан” ЗБН-ийн вакум цонхны үйлдвэрт төлсөн эсэх нь тогтоогдохгүй байх тул эргэлзээтэй баримт гэж үзлээ. Харин эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Арвижих-эстимейт” ХХК-ийн 2018 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 18/126 дугаартай “вакум цонхны үнийн” тухай гэсэн бичгийн баримтыг үндэслэн хариуцагч Ч.Х 265 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 165 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
/хх-ийн 90-91, 92 дугаар тал/
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.О 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-07 тоотод оршин суух, хариуцагч Ч.Х газрын төлбөрийн асуудлаас болж, маргалдан түүний эзэмшлийн “тоёота приус” маркийн 53-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээсэн, байшингийн цонхийг чулуу шидэн хагалж, нийт 381 760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 743 дугаар шийтгэх тогтоолоор түүнд холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2, 3 дахь хэсгүүдэд заасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгажээ.
Тэрээр дээрх хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд өмгөөлөгч Д.З хамт оролцсон байх бөгөөд өмгөөлөгчийн ажлын хөлсөнд төлсөн 500 000 төгрөгийг хариуцагч Ч.Х нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нь “сайн дураараа өмгөөлөгч авсан, өмгөөлөгчтэй гэрээ байгуулсан, хөлсийг шилжүүлсэн баримт, дансны хуулга байхгүй учир үнэгүй өмгөөлсөн гэж үзнэ” гэж эс зөвшөөрч, маргаж байна.
Хавтас хэргийн 12 дугаар талд авагдсан 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” гэсэн баримтад өмгөөлөгч Д.З, нэхэмжлэгч Ц.О нар нь мөн өдрөөс анхан шатны шүүхийн шийдвэр гарах хүртэл уг гэрээг байгуулж, “500 000 төгрөг бэлнээр төлөв” гэж бичжээ.
/хх-ийн 12, 13-17 дугаар тал/
Нэхэмжлэгч Ц.О нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдож шүүхээр хэргийг хэлэлцэх үед өмгөөлөгч Д.З авч, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцсон байх боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.14 дүгээр зүйлд зааснаар тэрээр өмгөөлөгч заавал авах үүрэггүй байна.
Түүнчлэн дээрх баримтаар нэхэмжлэгч Ц.О нь өмгөөлөгч Д.З ажлын хөлс 500 000 төгрөгийг төлсөн гэж үзэх боломжгүй байгаагаас гадна өмгөөлөгчийн хөлсийг гэм хорын хохиролтой шууд шалтгаант холбоотойгоор учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иймд хариуцагч Ч.Х ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 2 400 000 төгрөг, гэм хорын хохиролд цонхны үнэ 265 000 төгрөг, нийт 2 665 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, Ц.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 665 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ч.Х нэхэмжлэгч Ц.О гэм хорын хохиролд байшингийн цонхны болон тээврийн хэрэгслийг гэмтээсний хохирол, үнэлгээчний хөлс нийт 419 760 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Ц.О нь 2018 оны 3 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо, Хайрханы 8-07 тоотод оршин суух, Ч.Х газрын төлбөрийн асуудлаас болж маргалдан, түүний эзэмшлийн “тоёота приус” маркийн 53-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмтээсэн, байшингийнх нь цонхийг чулуу шидэн хагалж, нийт 381 760 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тэрээр шүүх хуралдаанд “хариуцагч Ч.Х байшингийн цонхийг чулуу шидэж хагалсан болон тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхийг явган хүний замын хавтангаар шидэж хагалсан асуудалд маргахгүй, харин машиныг төмрөөр цохиж гэмтээгээгүй тул бусад хохирол болон уг хохирлын үнэлгээтэй холбоотой хэсгийг зөвшөөрөхгүй” гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Ц.О гэм буруутай үйлдлийн улмаас хариуцагч Ч.Х байшингийн цонх болон тээврийн хэрэгслийн цонх хагарч хохирол учирсан талаар зохигч маргахгүй байх тул нэхэмжлэгч Ц.О нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй юм.
Хавтас хэрэгт авагдсан “Тэнцвэр эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан болон 53-09 УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийн талаарх фото зургаар хариуцагч Ч.Х эзэмшлийн автомашинд “хаалганы шил хагарсан, дээд багана цохигдож хонхойсон, хойд крыло гүн хонхойж зурагдсан, хойд хаалга хонхойж зурагдсан” гэмтлүүд нь нэхэмжлэгч Ц.О тээврийн хэрэгслийн жолоочийн эсрэг талын арын хаалганы цонхийг явган хүний замын хавтангаар шидэж хагалах үед үүсэх боломжтой байх тул тэрээр уг тээврийн хэрэгсэлд учирсан хохиролыг бүрэн хариуцах үүрэгтэй байна гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагч Ч.Х нь ...-... УБР улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын үнэлгээг гаргуулахад “Тэнцвэр эстимэйт” ХХК-д 23 000 төгрөг, байшингийн вакум цонхны үнэлгээ гаргуулахад “Арвижих Эстимейт” ХХК-д 15 000 төгрөгийг тус тус төлсөн болох нь “мөнгөний орлогын баримт” гэсэн баримтуудаар тогтоогдож байна.
/хх-ийн 35, 36-41, 42, 43-44/
Иймд Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хорыг арилгах үүрэг нь зөвхөн гэм хор учруулагчид хамааралтай бөгөөд бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгч Ц.О байшингийн вакум цонхний шилний хохиролд 58 760 төгрөг, үнэлгээний хөлс 15 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 323 000 төгрөг, үнэлгээний хөлс 23 000 төгрөг нийт 419 760 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Х олгох үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйл, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан хариуцагч Ч.Х ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт болон гэм хорын хохиролд нийт 2 665 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Х.Б, Ц.О нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 665 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Х.Б, Ц.О нарын хариуцагч Ч.Х тоосгоны үнэ 2 034 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.О гэм хорын хохиролд 419 760 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Х олгосугай.
4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 100 744 төгрөгөөс 47 494 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч нарт олгож, үлдэх 53 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.Х улсын тэмдэгтийн хураамжид 57 590 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13 243 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.О улсын тэмдэгтийн хураамжид 13 243 төгрөгийг гаргуулан хариуцагч Ч.Х олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ
ШҮҮГЧИД Э.АМИН-ЭРДЭНЭ
Ч.НЯМСҮРЭН