Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 2022/ШЦТ/347

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                         

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Баяржаргал, 

Улсын яллагч Б.Үүрийнтуяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Бүрэнчимэг,

Шүүгдэгч ***********************нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ***********************холбогдох эрүүгийн 2238000000677 дугаартай хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ***********************нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 9-14 тоотод оршин суух гэртээ эхнэр ***********************хэрүүл маргаан үүсгэж улмаар хоолны халуун сав шидэж ***********************толгойн тус газарт онож биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч ***********************нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 9-14 тоотод оршин суух гэртээ эхнэр ***********************хэрүүл маргаан үүсгэж улмаар хоолны халуун сав шидэж ***********************толгойн тус газарт онож биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 2238000000677 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны

хэлэлцүүлэгт өгсөн: “...Би эхнэртэйгээ үл ойлголцоод халуун савыг түүн рүү шидсэн юм. Толгойг нь оносон байсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хохирогч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Нөхөр маань хоолны халуун сав шидсэн миний толгойг оносон....Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Нөхөр ***********************маань надаас уучлалт гуйж, толгой тархийг маань бариулж өгсөн. Манай гэр бүлээс ганцаараа ажил хийж, бид нарыг тэжээж байгаа хүн юм. Хэргийг нь хөнгөнөөр шийдэж өгөхийг хүсэж байна...” гэх мэдүүлэг (хх-ийн 10, 12-р хуудас),

 Гэрч ***********************мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэртээ байж байтал 22 цаг өнгөрч байхад миний утас руу залгахаар нь аваад ярихад Чөдөрөө эгчээ Мөнхдэлгэр байна аа, аав ээжийг халуун саваар зодсон, ээжийн толгойноос цус гараад байна. Та хүрээд ирээч гэхээр нь би шууд яваад очиход ***********************эгч нойтон салфеткаар толгойноос гарч буй цусаа арчиж, шингээсэн байдалтай байж байсан. Мөнхдэлгэр, ***********************эгч хоёр л байсан. Би *********************** ах хайчихсан юм гэж асуухад гараад явчихсан гэж хэлж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 14-р хуудас),

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 36-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай дүгнэлтэд:

1. ***********************биед зүүн чамархайн хуйханд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн цохих үйлчлэлээр үүсгэгджээ.

3. ***********************биед учирсан гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт (хх-ийн 21-р хуудас),

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 28-35-р хуудас) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 2238000000677 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч ***********************нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 14 дүгээр баг 9-14 тоотод оршин суух гэртээ эхнэр ***********************хэрүүл маргаан үүсгэж улмаар хоолны халуун сав шидэж ***********************толгойн тус газарт онож биед нь зүүн чамархайн хуйханд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч ***********************мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч ***********************(хх-ийн 10, 12-р хуудас), гэрч ***********************(хх-ийн 14-р хуудас) мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Аюулын зэргийн үнэлгээний тэмдэглэл (хх-ийн 36-38-р хуудас),

Хөвсгөл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч М.Батмөнхийн 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 54 дугаартай шинжээчийн дүгнэлт (хх-ийн 21-р хуудас) зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.***********************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг шүүгдэгч ***********************нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч ***********************нь хохирогч ***********************эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч ***********************нь  гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгч Б.***********************ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.***********************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч ***********************нь 1999 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, 2 жил тэнссэн, 2002 онд Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 2-т зааснаар 8 сарын хугацаагаар хорих ялаар, 2006 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар (хх-ийн 28-31-р хуудас)-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч ***********************т эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч ***********************нь 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох прокурорын ялын саналыг хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн 2238000000677 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч ***********************ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***********************ийг 550 (таван зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 (таван зуун тавин мянга)  төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ***********************нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн 2238000000677 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

      6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***********************т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Т.ХҮРЭЛБААТАР