Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 08 өдөр

Дугаар 2022/ШЦТ/354

 

 2022         10            28                                   2022/ШЦТ/354

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бу,

улсын яллагч Н.Д,

шүүгдэгч З.У нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн З.У-т холбогдох эрүүгийн 2225005750412 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, З.У

Шүүгдэгч З.У нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Жем” зочид буудлын гадаа иргэн Ш.Б-н нүүрэн тус газар цохиж хоёр шүдийг нь унагаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос З.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч З.У “...би хохирогчийг хоёр удаа цохисон.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн;

хохирогч Ш.Б-н “...2022 оны 8 дугаар сарын 30-ны...00 цаг өнгөрч байхад найз Энхжаргал, Даваа нар хотоос ирэхээр нь “Жем” зочид буудалд оруулчихаад араас нь орох гээд эхнэр Уранзаяатай утсаар ярьж байхад хоёр эрэгтэй, нэг эмэгтэй нэлээн согтуу бололтой нэг, нэгнийгээ сугадаад явж байсан. Надаас “утсаараа нэг яриулаач” гэхээр нь “би утсаараа ярьж байна” гэхэд “утсаараа нэг яриулчихад яадаг юм” гээд маргаж эхэлсэн. Тэгээд нэг эрэгтэй нь миний утсыг булаагаад авчихсан, би утсаа булаацалдахад миний үүдэн хоёр шүд рүү цохичихоод яваад өгсөн, хоёр шүд хөдөлгөөн орчихсон, ...“Жем” буудлын урд маргалдаад зогсож байхад дахиад миний нүүрэн тус газар цохиход хөдөлгөөн орчихсон байсан үүдэн шүд хугараад уначихсан, би явуулахгүй хувцаснаас нь зууралдаж байхад намайг цохисон залуу куртикээ тайлаад, барьж явсан тортой хувцсаа үлдээгээд зугтаачихсан...28-30 орчим насны нэг үеийн залуус шиг байсан, эмэгтэй нь махлаг, бүдүүн, шар өнгийн цамцтай, богино үстэй, нэг эрэгтэй нь бараан өнгийн өмдтэй, бакал өмссөн түрийгээ эргүүлээд өмсчихсөн, нөгөө эрэгтэйгээсээ намхан туранхай байсан. Нэг эрэгтэй нь цахилгаантай цамцтай үсний өнгө нь цайвар байсан санаад байна. ...Арай биеэрхүү махлаг залуу нь надтай маргалдаж миний утсыг булааж, миний үүдэн шүд рүү хоёр удаа цохисон.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 18-19 дэх тал/,

гэрч Ц.Б-н “...Тухайн өдөр эхнэр Чаминчулуун, хүү Баяр-Эрдэнэ бид гурав Эрдэнэт ороод бараан захаар юм цуглуулаад явж байхад Ууганаа эхнэр рүү залгаад “6-1 дүгээр байрны гадаа уулзъя” гээд уулзсан. Бид гурав “нэг шил пиво уучих уу” гээд Пирамидын хажуу талын караокед ороод Ууганаа бид хоёр нэг шил архи, хоёр шил пиво, эхнэр хоёр шил пиво уугаад тэндээсээ гараад бараан захын хажуу талын нэрийг нь мэдэхгүй бааранд ороод хүний хоёр шил пиво уусан. ... Ууганаа хадам ээжийнхээс гараад явахдаа юүдэнтэй цамцныхаа малгайг өмсчихөөд яваад байсан, тэгэхээр нь би “чи чинь яагаад байгаа юм” гэхэд аптек ороод хар маск аваад зүүчихсэн. ...Манай эхнэр “Ууганаа хүн цохичихлоо” гэж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 дэх тал/,

З.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...тэр эрэгтэй миний зүүн шанаа хэсэгт гараараа нэг удаа цохиж авсан. ...зууралдаад байхаар нь би цамцаа тайлаад зугтаахад Чаминчулуун ахиад нөгөө эрэгтэйтэй хэрүүл хийгээд үлдсэн. ... би тэр эрэгтэйн нүүр рүү хоёр удаа гараараа цохиж унагаагаад зугтаачихсан юм. Би тухайн өдөр хар өнгийн юүдэнтэй цамц, нимгэн хар өнгийн куртик, цэнхэр жинсэн өмд, хар өнгийн пүүзтэй явж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,

          “...2022 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Жем” зочид буудлын гадаа Батзориг гэх ахыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан. Миний бие хохирогч Батзоригт эмчилгээний зардал 3.600.000 төгрөг өгч, хохирлыг барагдуулсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 50 дахь тал/,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 655 дугаартай; “...1.Ш.Б-н 11, 21 дүгээр шүд унасан, уруул, цээжинд зөөлөн эдийн гэмтэл, хоёр өвдөг, зүүн тохойд 8 тооны зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. 3.Гэмтэл нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байж болно. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5.Хоёр шүд унасан нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалт 10% байна.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 40-41 дэх тал/,

иргэн Ш.М-н “...манай дүү Уурхайчин баг “Жем” зочид буудлын урд үл таних хүмүүст зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

“Жем” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 5-13 дахь тал/,

“Жем” зочид буудлын хяналтын камерын бичлэг бүхий хуурцагийг эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хавтаст хэргийн 14 дэх тал/,

З.У-ын иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55, 56 дахь тал/,

яллагдагч З.У-ын “...хэргийн тал дээр ямар ч маргаан байхгүй, хохирлоо бүрэн төлж барагдуулсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн З.У аас сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч З.У-ыг гэм буруутайд тооцох;

шүүгдэгч З.У нь Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Жем” зочид буудлын гадаа иргэн Ш.Б-н нүүрэн тус газар цохиж, хоёр шүдийг нь унагаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх,

хохирогч Ш.Б-н “...биеэрхүү махлаг залуу нь надтай маргалдаж миний утсыг булааж, миний үүдэн шүд рүү хоёр удаа цохисон.” гэх,

гэрч Ц.Б-н “...Тухайн өдөр эхнэр Чаминчулуун, хүү Баяр-Эрдэнэ бид гурав Эрдэнэт ороод бараан захаар юм цуглуулаад явж байхад Ууганаа эхнэр рүү залгаад “6-1 дүгээр байрны гадаа уулзъя” гээд уулзсан. ...Манай эхнэр “Ууганаа хүн цохичихлоо” гэж байсан.” гэх,

З.У-ын сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 8 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө миний бие Орхон аймаг Баян-Өндөр сум Уурхайчин баг “Жем” зочид буудлын гадаа Б гэх ахыг зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 655 дугаартай дүгнэлт,

“Жем” зочид буудлын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Шүүгдэгч З.У-ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч З.У-т эрүүгийн хариуцлага оногдуулах;

Шүүх шүүгдэгч З.У-т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч З.У нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч З.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

          Хохирогч Ш.Б-н “хохирлыг барагдуулсан, тул гомдолгүй” гэснийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт хураагдан ирсэн “Жем зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж,

          битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч З.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.У-ыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч З.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Жем зочид буудлын хяналтын камерын бичлэгтэй нэг ширхэг хуурцагийг эрүүгийн хэрэгт хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч З.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.  

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ