| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батчимэг |
| Хэргийн индекс | 184/2018/03812/И |
| Дугаар | 184/ШШ2019/00143 |
| Огноо | 2019-01-09 |
| Маргааны төрөл | үл хөдлөх эд хөрөнгийг дуудлга, худалдаагаар худалдах журам зөрчсөн , |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 184/ШШ2019/00143
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүргийн ... дугаар хороо, .. дугаар байрны ... тоотод оршин суух, эрэгтэй, Т овогт Б.Д /РД /-ий нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо, Б....дүгээр хэсэг, .... тоотод оршин суух, эмэгтэй, А овогт Н.У /РД/-д холбогдох,
Тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А /РД/, гэрч Г.З /РД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Найданжав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Н.Утай******* ******* улсын дугаартай хюндай маркийн соната 7.0 модел, 2010 онд үйлдвэрлэгдсэн КМНЕС41МВАА049345 аралын дугаартай, цагаан өнгийн, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр импортлогдсон, 01055443 дугаарт гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг 9 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, мөн өдөр урьдчилгаа 5 500 000 төгрөгийг ХААН банкинд Солонгосын виз гаргуулах зорилгоор байршуулсан байсан мөнгөө аваад, үлдэгдлийг ахаасаа аваад бэлнээр хүлээлгэн өгч, үлдэгдлийг графикийн дагуу 2016 оны 5 дугаар сард 580 000 төгрөг, 6 дугаар сард 120 000 төгрөг, 7 дугаар сард 200 000 төгрөг, 9 дүгээр сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөгийг тус тус төлж дууссан болно. Машины өмчлөгчийн нэрийг шилжүүлж авч амжаагүй байж байтал 2018 оны 10 дугаар сард Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Н.У нэр дээрх өртэй холбогдуулан машиныг Улсын бүртгэлийн газар битүүмжилэн, хураан авч, миний эрх ашгийг хохироож байна. Би уг автомашиныг гэрээ байгуулсан өдөр болох 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс хойш эзэмшиж байсан. Энэ талаар автомашины татвар төлж байсан болон торгууль төлж байсан баримтуудаар нотолно. Мөн автомашиныг авахдаа найз Г.З хамт очиж авсан бөгөөд тэрээр машиныг заримдаа авч хэрэглэдэг байсан талаар гэрчилж байгаа. Иймд намайг уг тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.
Хариуцагч Н.У шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Аын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Би 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Б.Дтэй******* ******* улсын дугаартай хюндай маркийн соната 7.0 модел, 2010 онд үйлдвэрлэгдсэн КМНЕС41МВАА049345 аралын дугаартай, цагаан өнгийн, 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдөр импортлогдсон, 01055443 дугаарт гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг 9 500 000 төгрөгөөр худалдах-худалдан авах гэрээ байгуулан, мөн өдөр урьдчилгаа 5 500 000 төгрөгийг бэлнээр хүлээн авсан. Үлдэгдэл төлбөрийг графикийн дагуу 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрөөр дуусгавар болгон нийт 9 500 000 төгрөгийг авсан. Бид машины гэрчилгээг завгүй, өвдсөн гэх зэрэг шалтгаанаар шилжүүлэн өгч амжаагүй, хувийн аргагүй байдлаас болсон буруутай, Энэ машин Б.Дий өмч гэдэгт маргахгүй. Шүүхийн шийдвэрээр төлөгдөх ёстой төлбөрийн тал хувийг барагдуулсан, одоо ч төлөөд явж байгаа. Тиймээс уг автомашиныг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагын барьцаанаас хасуулахад татгалзахгүй гэж шийдвэр гүйцэтгэгч хэлсэн гэжээ.
Гуравдагч этгээд Нийсэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06377 дугаар шийдвэрээр Намхайн Уламжаргал, Яишийн Сүглэгмаа нараас 72 000 000 төгрөгийг гаргуулж, Б.******* олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаар төлбөр төлөгч Н.У өмчлөлд бүртгэлтэй 94-47 ******* улсын дугаартай, соната 7 маркийн тээврийн хэрэгслийг 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр 17260916/01 тоот тогтоолоор барьцаалан хураан авсан. Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлд заасны дагуу төлбөр төлөгчийн гуравдагч этгээдийн эзэмшилд байгаа хөрөнгийн хураан авсан болно. Шүүх хуралдааныг бидний эзгүйд явуулахад татгалзах зүйлгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Уд холбогдуулан тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь зөвшөөрч, маргахгүй байна.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын хүсэлтийг үндэслэн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 184/ШЗ2018/14292 дугаартай захирамжаар уг байгууллагыг Б.Дий нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцуулсан болно.
/хх-ийн 36, 37, 50, 51 дүгээр тал/
Хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар дараах нөхцөл байдлууд тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Б.Д нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хариуцагч Н.Уаас******* ******* улсын дугаартай хюндай соната-7.0 маркийн, 01239750 дугаар гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг 9 500 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцон, тээврийн хэрэгслийн үнийг 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр төлж дуусгасан болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан талуудын хооронд 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр байгуулагдсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн төлбөр төлөх хуваар гэх бичгийн баримтуудаар болон шүүхэд хууль сануулж гэрчээр асуугдсан Г.З мэдүүлэг зэргээр тогтоогдож байна.
/хх-ийн 3, 4, 84, 85-87 дугаар тал/
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигчийн хооронд автомашин худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан байна гэж үзлээ.
Маргаан бүхий тээврийн хэрэгслийг хариуцагч Н.У нь 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэгч Б.Дий эзэмшилд шилжүүлсэн боловч улсын бүртгэлээр өмчлөлд нь бүртгүүлээгүй байх ба Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 83 дугаар зүйлийг үндэслэн 2018 оны 10 дугаар сарын 20-ны өдөр “Эд хөрөнгө хураах тухай” тогтоолоор хариуцагч Н.У Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2016/06377 дугаартай шийдвэрээр Б.******* төлүүлэхээр шийдвэрлэсэн 72 000 000 төгрөгийн төлбөрт уг тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч Б.Дөөс хураан авсан болох нь хавтас хэрэгт авагдсан гуравдагч этгээдийн тайлбар, “Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын гэрээний мэдүүлгийн маягт”, шийтгэврийн хуудас, Голомт банкны орлогын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн татвар төлсөн талаарх “Үндэсний хөрөнгө оруулалтын банк”-ны орлогын мэдүүлэг зэрэг бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
/хх-ийн 36, 43-46, 48-49, 57, 64, 65-70 дугаар тал/
Нэхэмжлэгч Б.Д нь хариуцагч Н.Уд талуудын хооронд байгуулагдсан “Автомашин худалдах-худалдан авах гэрээ"-ний дагуу тээврийн хэрэгслийн үнэ 9 500 000 төгрөгийг төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243.1-т зааснаар гэрээнд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.
Иймд нэхэмжлэгч Б.Дийг******* ******* улсын дугаартай хюндай соната-7.0 маркийн, 01239750 дугаар гэрчилгээтэй тээврийн хэрэгслийг өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.5-д зааснаар шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдвэрлэхгүй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Тавхай овогт Б.Д******* ******* улсын дугаартай, хюндай соната-7.0 маркийн, 01239750 дугаар гэрчилгээтэй тээврийн хэрэгслийн өмчлөгчөөр тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Дөөс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Уаас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Б.Дд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ