Шүүх | Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригийн Энхтунгалаг |
Хэргийн индекс | 171/2022/0311/Э |
Дугаар | 2022/ШЦТ/357 |
Огноо | 2022-10-31 |
Зүйл хэсэг | 11.6.1., |
Улсын яллагч | Н.Д |
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2022 оны 10 сарын 31 өдөр
Дугаар 2022/ШЦТ/357
2022 10 31 2022/ШЦТ/357
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,
улсын яллагч Н.Д,
хохирогч Д.Ө,
шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч Б.Г нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн, Б.С-т холбогдох эрүүгийн 2225004630359 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт;
Монгол Улсын иргэн, Б.С
Шүүгдэгч Б.С нь 2022 оны 7 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Set” баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Ө-н нүүрэн тус газар цохиж хоёр шүдийг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлгийг яллах болон өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр явуулж, оролцогчдын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт;
шүүгдэгч Б.С мэдүүлэхдээ “...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн, зөв өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй, нотлох баримтгүй учраас эмчилгээний төлбөр төлөөгүй. Ном журмын дагуу хохирлыг төлнө.” гэв.
хохирогч Д.Ө мэдүүлэхдээ “...Тухайн өдөр найзтайгаа уулзангаа төрсөн өдрөө тэмдэглээд явж байсан юм. Гэтэл зодоон болоод Очироо ах руу нэлээд хэдэн хүн дайраад байхаар нь салгах гээд очтол нэг нь намайг цохисон чинь аманд яс мэдрэгдсэн. Машинтай явах гэж байхаар нь очоод “...миний шүдийг унагачихлаа.” гэхэд намайг түлхэж унагачихаад явчихсан тул би эгч рүүгээ залгаад энэ байдлаа хэлсэн, мөн шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүдний эмнэлэгт тагнайтай шүд хийлгэсэн, одоо тагнайтай шүдтэй явж байна, би залуу хүн учраас имплант шүд хийлгэнэ, нэг шүдийг 2.300.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Тагнайтай шүдийг 80.000 орчим төгрөгөөр хийлгэсэн, 10.000 төгрөгөөр ёзоороо авхуулсан, 35.000 төгрөгөөр рентген зураг авхуулсан, 15.300 төгрөгөөр эм авч уусан, 2000 төгрөгөөр ретген зургийг сиди дээр буулгасан тул нийт 142.300 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны хугацааны цалин болон имплант шүдний үнэ 4.600.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;
хохирогч Д.Ө-н “...2022 оны 7 дугаар сарын 11-ний орой 22.00 цаг өнгөрч байхад найз Маналжавын ажлын газар буюу “Set” бааранд ганцаараа очсон. Баар хаах болсон бөгөөд Маналжав намайг “...гадаа гараад хүлээж бай” гэхээр нь би баарнаас гарсан, гэтэл зүс таних Очироо ахтай тааралдсан, жаахан зайдуу явж утсаар ярьж байтал зодоон болоод Очироо ах зодолдож байсан. Тэгэхээр нь би Очироо ахтай зодолдож байсан хүнийг салгах оролдлого хийхэд тэр хүн эргэж хараад намайг цохисон, миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, тонгойчихсон байх үед нүүр рүү нэг удаа өвдөглөсөн, ...миний амнаас их цус гарч, хоёр шүд маань хугарсан. ...Би “Тэмүүжин-Оргил” ХХК-д борлуулалтын ажилтай бөгөөд зодуулаад шүднээсээ болоод нэг сарын хугацаанд ажилдаа явж чадаагүй учир сарын цалин 1.200.000 төгрөг, мөн хоёр шүд хийлгэхэд 4.600.000 төгрөгийн үнэтэй болж байх тул нийт 5.800.000 төгрөгийг нэхэмжилж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 25, 27 дахь тал/,
гэрч Д.Э-н “...2022 оны 7 дугаар сарын 11-12-ны шөнө 00 цаг 30 минутын орчим дүү Өсөхбаасан нь надруу залгасан, “...аниа би урд талын үүдэн шүдээ үл таних хүнд цохиулаад хугалчихлаа, та “Set баарны гадаа хүрээд ирээч” гэсэн. Би такси аваад уг газарт яваад очтол манай дүү баарны гадаа нүүр, ам нь цус болчихсон, доошоогоо тонгойгоод суучихсан, үүдэн хоёр дээд шүд нь уначихсан байдалтай байж байсан. Дүүгээсээ юу болсон талаар асуухад “...хэнд цохиулснаа мэдэхгүй байна, хүмүүс хоорондоо зодолдож байгаад хэн нэгэн нь намайг цохичихсон чинь шүд уначихлаа” гэж хэлсэн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 29 дэх тал/,
гэрч Л.П “...Би 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдөр найз Төрболдын хамт “Set” баар орж пиво ууж суусан, баар хаагаад баарны гадаа зогсож байтал үл таних хэдэн залуучууд гэнэт намайг цохиод эхэлсэн. Тэгээд баарны эзэн нь гарч ирж бид нарыг салгаад, зодооны явцад дүү Өсөхбаасан “...хэн нэгэн нь ирээд намайг цохичихлоо” гэж хэлж байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31 дэх тал/,
гэрч Б.М-н “...Өсөхбаасан “...шүдээ хугалуулчихлаа” гээд амаа бариад зогсож байсан, “...хэнд цохиулаад шүдээ хугалсан” талаар асуухад яг хэнд нь цохиулсан болохоо мэдэхгүй байсан, ямартай ч “...бужигнасан зодоон болоод, зодоон дунд таньдаг ах нь зодуулж байсан тул түүнийг салгах гээд дундуур нь орсон” гэсэн. ...Би тэр өдрийн зодооны бичлэгийг шүүж үзсэн, манай найзыг 4 номерын өрөөнд үйлчлүүлж байсан махлаг биетэй, дундаж өндөртэй, юүдэнтэй цамцтай ах цохиж байгаа нь харагдаж байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 33 дахь тал/,
гэрч Д.М-н “...баар хаах үеэр баарны гадаа зодоон болсон шинжтэй баахан хүмүүс байж байсан. Манай найз Долгорсүрэн бид нарыг авах гээд баарны гадаа ирчихсэн байсан болохоор машинд суугаад хөдлөхөд найз Сайнбаяр тэд нартай зодолдсон болохыг сүүлд мэдсэн. Уг зодоон дунд байгаа юүдэнтэй цамцтай, махлаг биетэй, хар өмдтэй, зодоон хийгээд байгаа залуу нь манай найз Сайнбаяр мөн.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дахь тал/,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай; “...1.Д.Ө-н биед дээд зүүн нэгдүгээр шүд, хоёрдугаар шүдний булгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо зүйлийн, нэг ба түүнээс олон удаагийн, цохих цохигдох хүчний үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3.Шинэ гэмтлүүд ба хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн тогтонги алдалтад 10% нөлөөлөх тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 38-39 дэх тал/,
Б.С-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...2022 оны 7 дугаар сарын 12 өдөр наадмын үйл ажиллагаанд оролцож байгаад гэртээ харьсан. ...баарнаас гарахад баарны гадаа хэдэн залуучууд хоорондоо муудалцаж, зодолдох гээд байсан, би тэр залуучуудыг салгах гээд дундуур нь орсон чинь тэр залуучуудын дундаас нэг нь надруу дайрч эхэлсэн. ...би тэр залуутай барилцаж аваад, хоорондоо зодолдож эхлэхэд тэнд байсан хүмүүс бид хоёрыг салгах гэж оролдоод байсан. ...надтай зодолдож байсан залуутай хамт явж байсан залуу нь цаад талд зодоон үүсгэж мөн хэн нэгэнтэй зодолдож байсан, энэ үед би надтай зодолдсон залуутай хамт явж байгаа залуу юм байх гэж бодоод цаад талд нь нэг залуу байхаар нь би тэр залуу руу очиж гараараа нэг удаа цохиод, нэг удаа өшиглөсөн. ...нөгөө барилцаж байсан залуу руу гараа атгаж байгаад нүүр хэсэг рүү нь нэг удаа цохилоо гэж бодсон чинь өөр хүнийг цохичихсон. Тэгээд найзууд болон эхнэр гарч ирээд намайг авч явсан, надад цохиулсан залуугийн биед ямар гэмтэл учирсан гэдгийг мэдэлгүй шууд явсан. Би өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 44, 51 дэх тал/,
Б.М-н “...Set баарны гадаа найз маань бусдад зодуулсан.” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дэх тал/,
хохирогчийн өргөдөл /хавтаст хэргийн 5 дахь тал/,
“Set” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 7-21 дэх тал/,
“Set” баарны хяналтын камерын бичлэгийг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хавтаст хэргийн 22 дахь тал/,
Б.С эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хавтас хэргийн 54, 57, 60 дахь тал/,
Шүүх хуралдааны үед хохирогч Д.Өс-с шинээр гаргаж өгсөн рентген зураг авхуулсны 35.000 төгрөгийн, эм авсны 15.300 төгрөгийн баримтууд зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Б.С-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,
мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.
Шүүгдэгч Б.С-г гэм буруутайд тооцох;
шүүгдэгч Б.С нь 2022 оны 7 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Орхон аймаг Баян-Өндөр сум Зэст баг “Set” баарны гадаа хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Д.Ө-н нүүрэн тус газар цохиж хоёр шүдийг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;
хэргийн үйл баримтын талаарх,
хохирогч Д.Өс-н “би Очироо ахтай зодолдож байсан хүнийг салгах оролдлого хийхэд тэр хүн эргэж хараад намайг цохисон, миний нүүр рүү гараараа 2-3 удаа цохиж, тонгойчихсон байх үед нүүр рүү нэг удаа өвдөглөсөн, ...миний амнаас их цус гарч, хоёр шүд маань хугарсан.” гэх,
гэрч Д.Э-н “...дүүгээсээ юу болсон талаар асуухад “хэнд цохиулснаа мэдэхгүй байна, хүмүүс хоорондоо зодолдож байгаад хэн нэгэн нь намайг цохичихсон чинь шүд уначихлаа” гэж хэлсэн.” гэх,
гэрч Л.П “...Өсөхбаасан “хэн нэгэн нь ирээд намайг цохичихлоо” гэж хэлж байсан.” гэх,
гэрч Б.М “...Өсөхбаасан “шүдээ хугалуулчихлаа” гээд амаа бариад зогсож байсан, ...тэр өдрийн зодооны бичлэгийг шүүж үзсэн, манай найзыг 4 номерын өрөөнд үйлчлүүлж байсан махлаг биетэй, дундаж өндөртэй, юүдэнтэй цамцтай ах цохиж байгаа нь харагдаж байна.” гэх,
гэрч Д.М “...зодоон дунд байгаа юүдэнтэй цамцтай, махлаг биетэй, хар өмдтэй, зодоон хийгээд байгаа залуу нь манай найз Сайнбаяр мөн.” гэх,
Б.С сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Би өөрийн хийсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу.” гэх мэдүүлгүүд,
Орхон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн дугаартай дүгнэлт,
“Set” баарны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүй, шүүгдэгч Б.Сшүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд, шүүгдэгч Б.Сайнбаярын хохирогч Д.Өс эсрэг биемахбодийн хүчирхийлэл үйлдэж, түүний нүүрэн тус газар цохиж хоёр шүдийг нь хугалж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Б.С хүний эрүүл мэндийн халдашгүй байдал, эрүүл аюулгүй орчинд амьдрах хуулиар хамгаалагдсан эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй бөгөөд уг гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой гэж үзнэ.
Иймд шүүхээс шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэх;
Шүүх шүүгдэгч Б.С “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэсэн гэм буруугийн зарчмыг баримтлан,
мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Б.С үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй бөгөөд энэ нь шударга ёсны зарчимд нийцнэ.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед;
улсын яллагчаас “...шүүгдэгч Б.С Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах.” гэсэн,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Г “...ар гэрийн ахуй амьдралыг нь харгалзан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү.” гэсэн санал, дүгнэлтийг тус тус гаргав.
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал, ар гэрийн ахуй амьдрал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь дан ганц гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх бус, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн хохирогчийн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршдог бөгөөд шүүх өөрийн эрх хэмжээний хүрээнд ял оногдуулах нийтлэг зарчмыг баримтлан шүүгдэгчид оногдуулах ялын биелэгдэх нөхцөл боломжийг харгалзан үзэв.
Шүүх шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийнх нь хор уршгийг ухамсарлуулах, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тус тус харгалзан,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлага нь тухай хүн, ...үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлан,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, таван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг түүнд анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч Б.С эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг,
1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн.”-ийг тус тус эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,
мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж байна.
Бусад асуудал;
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах, зөрчигдсөн эрхээ сэргээлгэх хуулиар олгогдсон эрхтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.” гэж,
2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж заажээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд хохирол, хор уршиг нэхэмжилсэн баримтыг гаргаагүй бөгөөд шүүх хуралдааны үед рентген зураг авхуулсны 35.000 төгрөгийн, эм авсны 15.300 төгрөгийн баримтуудыг гаргаж өгөөд, “...тагнайтай шүдийг 80.000 орчим төгрөгөөр хийлгэсэн, 10.000 төгрөгөөр ёзоороо авхуулсан, 35.000 төгрөгөөр рентген зураг авхуулсан, 15.300 төгрөгөөр эм авч уусан, 2000 төгрөгөөр ретген зургийг сиди дээр буулгасан тул нийт 142.300 төгрөг, мөн ажилгүй байсан хугацааны хугацааны цалин болон имплант шүдний үнэ 4.600.000 төгрөгийг нэхэмжилнэ.” гэв.
Шүүх хохирогчийн мэдүүлэг болон шинээр гаргасан баримтуудад дүгнэлт хийгээд /15.300+80.000+10.000+35.000+2000/ нийт 142.300 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогч Д.Өсөхбаасанд олгох үндэслэлтэй,
харин шүүх ажилгүй байсан хугацааны хугацааны цалин болон имплант шүдний үнэ 4.600.000 төгрөгийн талаар нотлох баримтгүй, хохирол төлбөрийг энэ шүүх хуралдаанаар эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нотлох баримтаа бүрдүүлж нэхэмжлэх эрхийг хохирогчид нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгч Б.Сайнбаяраас 142.300 төгрөг гаргуулж хохирогч Д.Өсөхбаасанд олгохоор шийдвэрлэсний дараа шүүгдэгч нь 150.000 төгрөгийг хохирогчид шилжүүлж, хохирол төлбөрийг төлсөн тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Set” баарны хяналтын камерын бичлэг бүхий нэг ширхэг хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,
шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан “хувийн баталгаа” гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С таван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 550.000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.С шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Д.Ө нь энэ гэмт хэргийн улмаас хохирол учирсан талаарх нотлох баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар бүрдүүлж нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан “Set” баарны бичлэг бүхий хуурцагийг хэрэгт хавсарган үлдээж,
энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.
8.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХТУНГАЛАГ