Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 02 өдөр

Дугаар 2022/ШЦТ/359

 

 2022         11              02                                  2022/ШЦТ/359

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

         

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Энхтунгалаг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Э,

улсын яллагч Л.Э,

шүүгдэгч Э.Б нарыг оролцуулж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж,

хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Б-д холбогдох эрүүгийн 2225005940383 дугаартай хэргийг 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт;  

Монгол Улсын иргэн, Э.Б

Шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 24-27 тоотод С.Г-н нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, улмаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлснийг шүүх хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт;

шүүгдэгч Э.Б мэдүүлэхдээ “...мэдүүлэг өгөхгүй.” гэв.

Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн;

хохирогч С.Г-н “...Би 2022 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр эхнэрийгээ зодож, биед нь хөнгөн гэмтэл учруулсан гэх хэрэг бүртгэлтийн 222500592 дугаартай хэрэгт шалгагдаж байгаа, би Төв аймаг Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Илт Гоулд” ХХК-д жолоочоор ажилладаг бөгөөд 9 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө эхнэртэйгээ асуудал үүсгэчихээд 20-ны өдөр Төв аймаг Заамар сум руу хамт нэг байгууллагад ажил хийдэг Энхтайван, Батзориг, Гансүх нарын хамт явж байхад эхнэрийн төрсөн дүү Батзориг над руу утсаар яриад “эхнэр чинь гэртээ боогоод үхчихсэн байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би хамт явж байсан хүмүүстэйгээ ирээд...гэртээ орсон чинь миний эхнэр Э.Нарангэрэл амьд, хүү Идэрбат, хадам ээж Долгорсүрэн, хадам дүү Батзориг, түүний эхнэр Саруул, хадам дүү Батсүх, Отгонзул, хадам ээжийн дүү Дэлгэрсүх нар байсан. Би гэртээ ороод “юу болсон бэ, яасан юм” гэсэн чинь хадам дүү Батсүх над руу “чи миний эгчийг яагаад зодож уйлуулж байдаг юм” гээд дайрч бид хоёр барилцаж аваад газарт унасан. Энэ үед хадам ээж Долгорсүрэн бид хоёрыг салгах гэж байна гээд миний гарыг барьсан байсан Батсүх миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодсон. ...Батсүх надтай уулзаж уучлалт гуйсан, миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 19-21 дэх тал/,

гэрч Ц.До-н “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэртээ байж байсан чинь охин Э.Нарангэрэл утсаар яриад “...би үхлээ, манай гэрт ирсний хэрэггүй” гэсэн. ...С.Ганболдын гэрт орсон чинь охин С.Нарангэрэл хашаандаа бага хүүхдээ тэвэрчихсэн уйлаад зогсож байсан, тэгэхээр нь “юу болсон, яасан юм” гэж асуусан чинь “надад амьдрах хүсэл алга, намайг гэх хүн байхгүй байна, урьд шөнө нөхөр минь намайг цохиж зодоод, ажилдаа явчихлаа, С.Груу утсаар яриад намайг амиа хорлосон гээд хэл” гээд орилоод уйлаад байсан. Тэгэхээр нь хүү Батзориг хүргэн ах Ганболд руугаа залгаад “эхнэр чинь үхэх гээд байна” гэж хэлсэн. ...С.Ганболдыг орж ирэхээр нь хүү Батсүх “эгчийг минь яаж амьдруулаад байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаж, барилцаж аваад хамт газар унасан, ноцолдож байгаад босоод ирэхэд С.Ганболдын хамраас нь цус гарчихсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 23-24 дэх тал/,

гэрч Э.Н-н “...2022 оны 9 дүгээр сарын 19-ний орой нөхөр С.Гагсам согтуу тавьж намайг зодсон, энэ үйлдэлд нь би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгагдаж байгаа. Маргааш өдөр нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр надаас уучлалт гуйхгүйгээр Төв аймаг Заамар сум руу ажилдаа явсан, утсаар ярих гэсэн боловч гар утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь уурандаа өөрийнхөө ээж рүү утсаар яриад “би амиа хорлох гэж байна” гэж хэлээд уйлсан...би ээж, дүү нартаа “нөхөр Ганболд руу яриад намайг амиа хорлосон байна гээд хэлээд өг” гэж уйлсан. Үүний дагуу дүү Батзориг нөхөр Ганболд руу утсаар ярьж “эхнэр чинь амиа хорлох гээд байна” гэж ярьсан, тэд нарыг ирээд удаагүй байж байхад Ганболд гэртээ ороод ирсэн. Тэр үед дүү Батсүх, Ганболдод хандаж “та миний эгчийг яаж амьдруулаад байгаа юм” гэж хэлсэн чинь Ганболд “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд энэ хоёр барилцаж аваад ноцолдоод дээр, доороо орсон. Тэр хоёрыг манай ээж Долгорсүрэн салгасан бөгөөд босоод ирэхэд нь Ганболдын хамраас цус гарсан байсан.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-27 дахь тал/,

Э.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...Ганболд ахыг гаднаас ороод ирэхээр нь би “эгчийг яаж амьдруулаад байгаа юм” гэсэн чинь “юу гээд байгаа п***а вэ” гэж хэлээд намайг бариад авсан. Тэгэхээр нь зөрүүлж барьж аваад бид хоёр ноцолдсон, би Ганболдын нүүр лүү нь цохисон. ...хүргэн ах С.Ганболдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хавтаст хэргийн 31-32, 38-39 дэх тал/,

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 731 дугаартай; “...1.С.Г-н биед баруун нүдний ухархайн доод хана, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний салстад цус харвалт, хоёр нүдний дээд доод зовхи, зүүн хацарт зөөлөн эдэд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болно. 4.Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулна. 5.Баруун нүдний ухархайн доод хана, зүүн нүдний ухархайн дотор хананы хугарал, зүүн нүдний салстад цус харвалт нь тус бүрдээ шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасны дагуу гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдана. 6.Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэсэн дүгнэлт /хавтаст хэргийн 12-13 дахь тал/,

иргэн С.Г-н “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэрийн дүү нар нийлж намайг зодсон” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 3 дахь тал/,

түүний өргөдөл /хавтаст хэргийн 4 дэх тал/,

зөрчлийн хэрэг бүртгэлтийн материалууд /хавтаст хэргийн 2-10 дахь тал/,

Э.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 44, 50 дахь тал/,

Орхон аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн 307 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хавтаст хэргийн 52-53 дахь тал/,

Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /хавтаст хэргийн 55 дахь тал/,

Яллагдагч Э.Б-н “...Ганболдын биед гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. ...хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү.” гэсэн хүсэлт /хавтаст хэргийн 64 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч нараас мөн Э.Б-с сэжигтэн, яллагдагчаар мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй,

мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан болон хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг энэ хэрэгт хувийн сонирхолгүй, зохих дадлага туршлагатай, мөн өөрийн гаргасан дүгнэлтийн хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшсэн шинжээч гаргасан тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд түүний гэм буруугийн талаар дүгнэлт хийж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үнэлж дүгнэв.

          Нэг: Шүүгдэгч Э.Б гэм буруутайд тооцох;

шүүгдэгч Э.Б нь 2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 24-27 тоотод С.Г-н нүүрэн тус газарт цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь;

хэргийн үйл баримтын талаарх, хохирогч С.Ганболдын “...Би гэртээ ороод “юу болсон бэ, яасан юм” гэсэн чинь хадам дүү Батсүх над руу “чи миний эгчийг яагаад зодож уйлуулж байдаг юм” гээд дайрч бид хоёр барилцаж аваад газарт унасан. ...Батсүх миний нүүр лүү хэд хэдэн удаа цохиж зодсон.” гэх,

гэрч Ц.Д-н “...С.Ганболдыг орж ирэхээр нь хүү Батсүх “эгчийг минь яаж амьдруулаад байгаа юм” гэж хэлээд тэр хоёр маргалдаж барилцаж аваад хамт газар унасан, ноцолдож байгаад босоод ирэхэд С.Ганболдын хамраас нь цус гарчихсан байсан.” гэх,

гэрч Э.Н-н “...Ганболд гэртээ ороод ирсэн. Тэр үед дүү Батсүх, Ганболдод хандаж “та миний эгчийг яаж амьдруулаад байгаа юм” гэж хэлсэн чинь Ганболд “чи юу гээд байгаа юм” гэж хэлээд энэ хоёр барилцаж аваад ноцолдоод дээр, доороо орсон. ...Ганболдын хамраас цус гарсан байсан.” гэх

Э.Б-н сэжигтэн, яллагдагчаар өгсөн “...би Ганболдын нүүр лүү нь цохисон. ...Би хүргэн ах С.Ганболдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлгүүд,

Орхон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Гэрэлмаагийн 2022 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 731 дугаартай дүгнэлт,

иргэн С.Г-н “...2022 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр манай эхнэрийн дүү нар нийлж намайг зодсон” гэх гомдол, мэдээллийг Орхон аймаг дахь Цагдаагийн газар хүлээн авсан тэмдэглэл, түүний өргөдөл зэрэг хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд уг нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг тогтоож чадсан, хоорондоо зөрөөгүйгээс гадна шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

          Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэж заажээ.

Шүүгдэгч Э.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан, түүнд яллах дүгнэлт үйлдсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон,

шүүгдэгч нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн, гэм буруу нь санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан нийгэмд аюултай үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул шүүх түүний “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн үндсэн шинжийг агуулсан үйлдэлд нь гэм буруутайд тооцов.

          Шүүгдэгч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж, өмгөөлөгчгүй оролцоно” гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүх шүүгдэгчийг “өөрөө өөрийгөө өмгөөлөх” эрхээр нь хангасан болно.

Хоёр: Шүүгдэгч Э.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэх;

Шүүх шүүгдэгч Э.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал байгаа эсэхийг хянав.

Шүүгдэгч Э.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хувийн байдал зэргийг харгалзан прокурорын саналын хүрээнд тухайн зүйл, хэсэгт заасан ялын төрөл хэмжээний дотор түүний гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас “...шүүгдэгч Э.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах” санал гаргасныг харгалзан шүүх шүүгдэгчид зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,

          торгох ялыг зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учрыг шүүгдэгчид анхааруулах нь зүйтэй.

Бусад асуудал;

Хохирогч С.Г-н ...Б надтай уулзаж уучлалт гуйсан, миний зүгээс гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй.” гэсэн мэдүүлгийг үндэслэн шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

          Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдаж,

          шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

         1.Шүүгдэгч Э.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Э.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,

дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулсугай.

          4.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн арвандолдугаар бүлэгт зааснаар торгох ял оногдуулсан шүүхийн шийдвэрийн гүйцэтгэлд хяналт тавьж ажиллахыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

          5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

          6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурьдсугай.  

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай. 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Г.ЭНХТУНГАЛАГ