Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 184/ШШ2019/00209

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 36 тоотод оршин суух, эрэгтэй, Орлой овогт Э.А /РД ЛЮ82071570/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Т ХХК/Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 00 тоотод оршин байх, РД 2029731/-д холбогдох,

Орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Э.А, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Баянжаргал нар оролцов.  

 

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

           

Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Т ХХК-тай “Үл хөдлөх эд хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах” гэрээ байгуулан, 46.48 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцыг захиалан мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгэж, төлбөр тооцоог бүрэн дуусгасан боловч өнөөдрийг хүртэл уг орон сууцны гэрчилгээг өөрийн нэр дээрээ авч чадаагүй байна. Бидний хооронд байгуулсан гэрээний дагуу төлбөр тооцоо дууссан тохиолдолд гүйцэтгэгч Т ХХКнь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээг гаргаж өгөх үүргийг хүлээсэн боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл уг үүргээ биелүүлэхгүй явсаар иргэн намайг хохироож байна. Би төлбөрийг гэрээ хийсэн өдөр буюу 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 12 000 000 төгрөгийг, үлдэх төлбөрийг 7 хоногийн дараа төлж, байрандаа 2010 оны 11 сараас хойш одоог хүртэл амьдарч байгаа. Иймд Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах, 46.48 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Т ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Тийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Э.А нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 36 тоот хаягт байрлах, 46.48 м.кв талбайтай, 1 өрөө орон сууцны хууль ёсны өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Учир нь Э.А нь гэрээнд заасан төлбөрөө бүрэн төлж дуусгасан  бөгөөд  манай компани гэрчилгээг нь гаргаж өгөхгүй гэж хэлээгүй. Байр баригдаж дуусаад Улсын комисс хүлээж авах үед зоорийн давхарт нэмэлт багана хийх нэмэлт ажлын даалгавар өгсөн бөгөөд манайх уг ажлаа хийсэн ч улсын комисс ажиллаагүй, асуудал сунжираад байгаа гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Т ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасныг хариуцагч нь зөвшөөрсөн тайлбарыг гаргаж байна.

 

Нэхэмжлэгч Э.А болон хариуцагч Т ХХК-ийн хооронд 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр "Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан, худалдах-худалдан авах тухай" гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээний дагуу Э.А нь Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан 61 дүгээр байрны 1 дүгээр орцны 6 давхарт байрлах, 46.84 м.кв талбай бүхий орон сууцыг 25 000 000 төгрөгөөр худалдан авах,  гэрээ байгуулах үед орон сууцны үнийн дүнг 100 хувийг төлөх, хариуцагч Т ХХКнь орон сууцыг 2010 оны 4 дүгээр улиралд хүлээлгэн өгч, өмчлөх эрхийн гэрчилгээг төлбөр төлсний дараа олгохоор харилцан тохиролцсон болох нь зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах тухай" гэрээ гэх бичгийн баримтуудаар тогтоогджээ.

 /хх-ийн 7-9 дүгээр тал/

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээх үүрэгтэй бөгөөд талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээ нь хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчөөгүй, тэдний хүсэл зоригийн илэрхийлэл болсон хүчин төгөлдөр хэлцэл байх ба гэрээний агуулгаас үзэхэд зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.  

 

Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Т ХХК-д талуудын хооронд байгуулагдсан “Үл хөдлөх хөрөнгө захиалгаар бариулан худалдах-худалдан авах тухай" гэрээний дагуу орон сууцны төлбөрт гэрээ байгуулсан өдөр буюу 2010 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 23 000 000 төгрөгийг,  үлдэх 2 000 000 төгрөгийг 2010 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр тус тус төлж, гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан бэлэн мөнгөний орлогын баримтуудаар болон хариуцагч Т ХХК-ийн шүүхэд гаргасан хариу тайлбар зэргээр тогтоогдож байна. Тодруулбал нэхэмжлэгч Э.А нь талуудын хооронд байгуулагдсан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үүрэг болох 25 000 000 төгрөгийг төлөх үүргээ биелүүлсэн байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 243.1-т буюу гэрээнд заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй юм.

/хх-ийн 35-37 дугаар тал/

 

Түүнчлэн нэхэмжлэгч Э.А нь нэхэмжлэлд дурдсан орон сууцанд 2010 оны 11 дүгээр сараас одоог хүртэл хугацаанд амьдарч байгаа, уг орон сууцны талаар улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэл байхгүй болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтууд болох Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны Засаг даргын тодорхойлолт, зохигчийн тайлбар, уг орон сууцны ашиглалтын зардлуудыг төлсөн баримтууд, Улсын бүртгэлийн Ерөнхий газрын 2/4479 дугаартай албан бичиг зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 28, 43, 44-48, 49-57 дугаар тал/

 

Иймд нэхэмжлэгч Э.Аыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 61 дүгээр байрны 36 тоотод байрлах, 46.48 м.кв талбай бүхий орон сууцны өмчлөгчөөр тогтоох нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.  

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.1, 115.2.1, 116,  118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан Орлой овогт Э.Аыг Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 21 дүгээр хороолол, 61 дүгээр байрны 36 тоотод байрлах, 46.48 м.кв талбай бүхий, 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Э.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Э.Ат олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

                                                                                                     

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                         Н.БАТЧИМЭГ