| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 184/2018/03755/И |
| Дугаар | 184/ШШ2018900257 |
| Огноо | 2019-01-21 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2019 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 184/ШШ2018900257
2019 оны 01 сарын 21 өдөр Дугаар 184/ШШ2019/00257 Улаанбаатар хот
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С овогт Р.Д /РД: УВ81032305/. Хаяг: Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, 34а байр, 1 тоот
Хариуцагч: “С” ХК /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, дүгээр хороо, Үйлдвэрчний эвлэлийн гудамж,
Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах, 2018 оны 9 дүгээр сарын цалин, ээлжийн амралтын олговор 1,355, 227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Р.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Ч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З, нарийн бичгийн дарга Н.Амарзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2005 оны 5 дугаар сард тус байгууллагад одоогийн эрхэлж буй лаборантын ажилд орсон бөгөөд 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийг хүртэл ажилласан. 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр компанийн гүйцэтгэх захирлын Б/570 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тушаалын үндэслэлд албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглаж, хуурч мэхлэх үйлдлээр байгууллагын эд хөрөнгөнд хохирол учруулсан гэж дурдсан. Миний тухайд бэлэн мөнгөтэй харьцдаг албан тушаалтан биш бөгөөд хөдөө орон нутгаас сүү цуглуулж, түүнийгээ байгууллага дээрээ ирээд хүлээн авах ажилтнаар хэмжүүлээд улмаар дээжээ шинжлүүлж, шаардлаг хангасан бол байгууллага хүлээн авдаг. Улмаар байгуулага жин хэмжээг айл бүртэй тулгаж, мөнгийг дансаар явуулдаг. Гэтэл намайг 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр М группын аудитор н.О гэх эмэгтэй дуудаад “хэргээ хүлээ, хохирлоо төл, шоронд суух юм байна шүү” гэх зэргээр айлган сүрдүүлж, зөвшөөрөөгүй тул ажлаас халлаа гэсэн. Би олон жил ажиллсан байгууллагаасаа гүтгүүлэн гарсандаа гомдолтой байна, компани хөдөлмөрийн аятай нөхцлөөр хангадаггүй, сүүний шинжилгээ хийх багажгүй тул амсаж шалгадаг, зориулалтын бус машинд сууж явсаар бөөр сийрэгжсэн байхад тоодоггүй.
2018 оны 9 дүгээр сарын цалин, амралтын мөнгийг нийгмийн даатгалын дэвтэрт бичин баталгаажуулсан боловч гар дээр олгоогүй болно.
Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах, 2018 оны 9 дүгээр сарын цалин, амралтын мөнгө 1,355,227 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.З шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч Р.Д нь “С” ХК-ийн сүү бэлтгэлийн албанд лаборант ажил албан тушаалд ажиллаж байх үедээ хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан сахилгын ноцтой зөрчил гарган, албан тушаалын эрх мэдлийг урвуулан ашиглаж, хууран мэхлэх үйлдэл хийн ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулсан байдал дотоод аудитаар тогтоогдсон байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.3 дахь заалт болон, Хөдөлмөрийн гэрээний 5.8.3, 5.8.11 дэх заалтуудыг үндэслэн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/570 дугаар тушаалаар ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан.
Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсээс нэхэмжлэгч Р.Д-ийн үйлдэлд хэрэг бүртгэлтийн хэрэг үүсгэн шалгаж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа тухайд маргахгүй байна. Нэхэмжлэгчээс ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай хэсэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасанд хамаарч болно. Харин 2018 оны 9 дүгээр сарын цалин, амралтын мөнгө 1,355,227 төгрөг гаргуулах тухай хэсэг нь хамаарахгүй тул хэлэлцэн шийдвэрлэж өгнө үү.
Шүүх хуралдаанаар зохигчдийн тайлбар, хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах шаардлагын тухайд:
Нэхэмжлэгч Р.Д нь 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр “С” ХК-ийн гүйцэтгэх захирлын 153 тоот тушаалаар сав баглааны цехийн ажилчнаас хөдөө тасгийн лаборантаар томилогдон ажиллажээ. /хх-ийн 31/
Зохигчид ажилд орсон, ажилласан хугацааны талаар маргахгүй байгаа бөгөөд хариуцагч байгуулага нэхэмжлэгчтэй 2013 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 07/23 дугаартай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээг байгуулсан байна. /хх-ийн 32, 34/
“С” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/570 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 131 дүгээр зүйлийн 131.1.3, ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 5.8.3, 5.8.11 дахь заалтуудыг тус тус үндэслэн Сүү бэлтгэлийн албаны лаборант Р.Д-д ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулж, хөдөлмөрийн гэрээг цуцалжээ.
Нэхэмжлэгч нь ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалын үндэслэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бэлэн мөнгө хүлээн авдаггүй, эд хөрөнгө хариуцсан ажилтан биш гэж маргаж байна.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 180805075 дугаар тогтоол, “С” ХК-ийн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл зэрэг баримтаас үзэхэд нэхэмжлэгч Р.Д-н үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа болох нь тогтоогдсон.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгохоор заажээ.
Иймд нэхэмжлэлийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн 2018 оны 9 дүгээр сарын цалин, ээжлийн амралтын олговор 1, 355,227 төгрөг гаргуулах тухай шаардлагын тухайд:
Хариуцагч “С” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн Б/570 тоот тушаалын 2 дахь заалтаар ажилтантай 2018 оны 9 дүгээр сарын 28-ны дотор ажил хүлээлцүүлэхийг Хүний нөөцийн албанд, холбогдох тооцоог хийж, хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохыг Санхүүгийн албанд тус тус даалгажээ.
Тушаалын дагуу ажлаас халагдсан ажилтан Р.Д-н 9 дүгээр сарын цалин, амралтын мөнгө 1,355,115 төгрөгөөс нийгмийн даатгалын шимтгэл тооцон суутгасан тухай болон ажлаас халагдсан тушаалыг нэхэмжлэгчийн 594323 дугаартай нийгмийн даатгалын дэвтэрт тэмдэглэсэн байна.
Хариуцагч байгууллага нэхэмжлэлийн шаардлагаас татгалзах үндэслэлээ нэхэмжлэгч нь удаа дараагийн хуурч мэхлэх үйлдлээр мөнгө завшиж байгууллагад хохирол учруулсан, ажилтантай байгуулсан эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээний дагуу компанид учруулсан хохирол суутгасан гэж тайлбарлаж байгаа боловч түүнийгээ нотлосон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, нотлох үүргээ хэрэгжүүлээгүй болно.
Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.1.1 дэх хэсэгт ажилтны хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэрэг болохыг тогтоосон шүүхийн таслан шийдвэрлэх тогтоол хүчин төгөлдөр болсон тохиодолд эд хөрөнгийн бүрэн хариуцлага хүлээлгэхээр заасан байна.
Хэдийгээр хариуцагч “С” ХК-иас Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдлийн дагуу нэхэмжлэгч Р.Д-д хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байгаа боловч нэхэмжлэгчийн 2018 оны 9 дүгээр сарын цалин, ээлжийн амралтын олговор 1,355,227 төгрөгийг ямар нэгэн шийдвэр гаргалгүйгээр ажилтанд олгохгүй байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт ажилтны үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, олговрыг мөнгөн хэлбэрээр олгох, 63 дугаар зүйлд ажилтны цалин хөлснөөс хийх суутгал, түүний хэмжээг хязгаарлах талаар зохицуулсан байна.
Ажил олгогч байгууллага ажилтны цалин, ээлжийн амралтын олговрыг суутган авсан үйлдэл нь хуулийн дээр дурдсан заалтад нийцээгүй байх тул нэхэмжлэгч Р.Д-ийн 2018 оны 9 дүгээр сарын цалин, ээлжийн амралтын олговорт 1,355, 227 төгрөгийг хариуцагч “С” ХК-иас гаргуулж шийдвэрлэв.
Талуудын тайлбараар хариуцагч байгууллагад хөдөлмөрийн маргаан таслах комисс ажилладаггүй болох нь тогтоогдсон бөгөөд нэхэмжлэгч энэхүү шаардлагаа ажилд эгүүлэн тогтоолгох нэхэмжлэлтэйгээ хамтатган гаргасныг буруутгах үндэслэлгүй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон,
ТОГТООХ нь:
баримтлан хариуцагч “С” ХК-иас 1,355,227 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Р.Д-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэлийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохоо тогтоолгож, ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт холбогдох бичилтийг хийхийг даалгах тухай хэсэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай
хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 36,640 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 36,640 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид оруулсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ