Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 2017/ШЦТ/246

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч Э.Гантулга,

шүүгдэгч Б.А******* нарыг оролцуулан

Булган аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А*******д холбогдох эрүүгийн 2215003190290 дугаартай 163/2022/0245/Э индекстэй хэргийг 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Ц******* х******* овогт Б******* А*******, Орхон аймгийн Баян-Өндөр суманд .. оны...дугаар сарын ...ны өдөр төрсөн, Орхон аймгийн Баян-Өндөр сумын..... оршин суух бүртгэлтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “Оюу толгой” хязгаарлагдмал хувьцаат компанид гагнуурчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, 32 н*******ай, эрэгтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй /РД:...../.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А******* нь Булган аймгийн Орхон сумын 5-р багийн нутагт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Ц.Г******* толгойн тус газарт ууж байсан архины шилээрээ цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг, эрүүгийн 2215003190290  дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар нь харьцуулж шинжлэн судлаад шүүх дараах дүгнэлтийг хийв.

 

Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

Шүүгдэгч Б.А******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 5-р багийн нутагт иргэн Дийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Ц.Г******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ууж байсан архины шилээрээ цохиж эрүүл мэндэд духны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

 

Энэ үйл баримт нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

1. Хохирогч Ц.Г******* өгсөн “...Би 2022 оны 10 дугаар сарын 22-ны орой 22 цагийн үед Булган аймгийн Орхон сумын 5-р багийн нутагт байх гэртээ байж байтал манай гэрт багын найз А Орхон аймгаас ирсэн юм. Аын аав ээж нь Орхон сумын 5-р багийн нутагт манайхтай саахалт байдаг юм. А манай гэрээр орчхоод аав ээжийнхээ гэр лүү явсан юм. Ингээд би араас нь Аын гэрт эхнэр Ө хамт очсон. Бид нарыг Аын аав болох Д гэх айлд ороход олон хүмүүс ирсэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан. Тэгээд эхнэр бид хоёрт архи согтууруулах ундааны зүйл хийж өгсөн. Би өгсөн архинаас нь нэг хундага уусан. Тухайн үед нэг танихгүй шар залуу байсан. Тухайн залуутай танилцахад надад А******* гэж өөрийгөө танилцуулсан. Тэгтэл тухайн үед Д гэх хүний хүргэн гэх бас нэг залуу байсан. Тухайн залуу нь надтай танилцахгүй гээд над руу агсраад, надтай маргалдаж эхэлсэн. Ингээд би тухайн залуутай маргаад байж байтал хажууд сууж байсан А******* гэх залуу ууж байсан архины шилээрээ миний толгойн духны дээд хэсэгт нэг удаа цохисон...” гэсэн мэдүүлэг /хавт******* хэргийн 16-17 дахь тал/,

2. Гэрч Д.А зөрчлийн хэрэг бүртгэлтийн явцад өгсөн “...Тэгээд байж байтал 21 цаг өнгөрч байх үед Г нь гаднаас халамцуу орж ирээд сайн байцгаана уу гэж мэнд мэдээд А*******ын хажууд газар суусан. Г нь А*******тай танилцаад гар барьсан чинь Г нь “хүргэн нь хаана байна, хүргэнтэй нь танилцъя, улцан нүүртэй юм уу” гэхэд Т нь танилцахгүй гээд дурамжхан байсан. Тэгээд Г, Т нар хоорондоо хэрэлдэж байгаад Г А*******ын хажууд сууж байгаад гараа атгаад А*******ын толгой хавьцаа цохих шиг болоод А******* нь зөрүүлээд баруун гартаа барьсан архины шилээр Г******* толгой руу нэг удаа цохиход Г******* цус их гараад байсан...” гэсэн мэдүүлэг / хавт******* хэргийн 8 дахь тал/,

3. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №183 дугаартай “...Ц.Г******* биед духны няцарсан шарх гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэсэн дүгнэлт/ хавт******* хэргийн 26-27 дахь тал/,

  1. Яллагдагч Б.А*******ын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн “... Тэгээд орой гадаа харанхуй болж байхад Г гэх залуу эхнэрийнхээ хамт гэрт орж ирсэн. Гэрт орж ирээд надтай мэндлээд гар барьж танилцаад миний хажууд суусан. Г нь хүнтэй танилцаж чаддаггүй юм уу хүргэн нь хаана байна, улцан улаан нүүртэй юм уу гэж хэлсэн. Тэгтэл Т ах юу гэнээ гээд Г******* маргалдаж эхэлсэн. Ингээд Т, Г хоёр маргалдаж байгаад хэрэлдэхээ больсон юм. Тухайн үед би архи согтууруулах ундаа аягалаад сууж байсан юм. Г ингээд миний хажууд сууж байснаа гараа атгаж байгаад миний зүүн хацар шанаа хэсэгт гараараа цохисон. Тэгэхээр нь би зөрүүлээд Гийг ууж байсан архины шилээрээ толгой хэсэгт нь цохисон юм...” гэсэн мэдүүлэг...” гэсэн мэдүүлэг /хавт******* хэргийн 53 дахь тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож тогтоогдсон байна.

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлж дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан хохирогч Ц.Г******* өгсөн мэдүүлэг, гэрч Д.А өгсөн мэдүүлэг, Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 183 дугаартай шинжээчийн дүгнэлт, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч Б.А*******ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн болон шүүгдэгчийн байр суурь зэрэг нотлох баримтуудыг харьцуулан судалж, эх сурвалжийг шалгахад Б.А******* нь 2022 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Булган аймгийн Орхон сумын 5-р багийн нутагт Дийн гэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Ц.Г******* хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар түүний толгойн тус газарт ууж байсан архины шилээрээ цохиж эрүүл мэндэд нь духны няцарсан шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан нь нотлогдож байна.

 

Шүүгдэгч Б.А*******ын гэм буруутай үйлдэл, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан хохирогч Ц.Г******* эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын шалтгаант холбоо тогтоогдсон, энэ нь тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр батлагджээ.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг болно.

 

Шүүгдэгч Б.А*******ын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан дээрх үйлдэл нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, нийгэмд аюултай, хохирол хор уршиг учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг агуулсан байх бөгөөд шүүгдэгч Б.А******* нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч Б.А******* нь дээрх гэмт хэргийг ганцаараа үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байна.

 

Хэргийн зүйлчлэл тохирсон, прокурорын яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж заасны дагуу шүүгдэгч Б.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн тухай:

Шүүгдэгч Б.А*******ын үйлдсэн энэхүү гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эрүүл мэндийн халдашгүй байдалд хөнгөн хохирол учирсан гэж шүүх дүгнэлээ. 

 

Хохирогч Ц.Г нь иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч шүүгдэгч Б.А******* нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд буюу 2022 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хохирогч Ц.Г******* Хаан банкны ....... дугаарын дансанд 500.000 төгрөг төлсөн /хавт******* хэргийн 16-17, 31 дэх тал/ ба хохирогч нь шүүх хуралдаанд биечлэн оролцохгүй, санал хүсэлтгүй гэсэн болох нь шүүх хуралдааны тов мэдэгдэх хуудас, хавт******* хэргийн 56 дахь талд авагдсан хэргийн материал танилцуулсан баримт зэргээр тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.А*******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгч Б.А*******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй, шүүгдэгч Б.А*******ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.А*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйг харгалзан үзэх нь зүйтэй гэж үзэв.

 

Хавт******* хэргийн 31-37, 39-40 дэх талд авагдсан хохирол төлсөн баримт, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн зохион байгуулагчийн 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгөтэй эсэх дэлгэрэнгүй лавлагаа, байнга оршин суугаа хаягийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, тээврийн хэрэгслийн хайлтын бүртгэл, шүүгдэгчийн ажлын үнэмлэхийн хуулбар зэрэг түүний хувийн байдлыг тодорхойлсон баримтуудаар шүүгдэгч Б.А******* нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын Цагаанчулуут багийн 7”А” хэсгийн 9-52 тоотод эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “Оюу толгой” хязгаарлагдмал хувьцаат компанид гагнуурчин ажилтай, өөрийн нэр дээр гэр бүлийн болон авто зогсоолын эзэмшлийн газартай, Hyundai porter, Subaru Forester загварын тээврийн хэрэгсэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн болон хөрөнгө, орлогын байдал тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч Б.А******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 4/135 дугаартай тогтоолоор хангаж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.

 

Шүүгдэгч Б.А*******ын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл болон прокурорын сонсгосон ялын төрөл, хэмжээг зөвшөөрч үүсэх үр дагаврыг ойлгосон, төлөх төлбөргүй байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж улсын яллагчийн санал болгосон ялын төрөл, хэмжээний хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр шүүгдэгч Б.А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь түүний үйлдсэн хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, орлогын байдал болон шүүхийн хэлэлцүүлэгт торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх хүсэлт гаргаагүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг 3 сараас илүү хугацаагаар хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт “ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, ...биелүүлэх үүрэгтэй” гэж хуульд заасан хугацаанд биелүүлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгч Б.А******* нь энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, түүнээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, хохирогч Ц.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц******* х******* овогт Б******* А*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А*******ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.3 дахь хэсэгт тус тус зааснаар ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд торгох ялыг энэ хуулийн 160 дугаар зүйлийн 160.2 дахь хэсэгт заасны дагуу тогтоосон хуваариар тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд ялтанд торгох ялыг хорих ялаар солих тухай сануулж, сунгасан хугацаа дуусмагц торгох ялыг хорих ялаар солиулах саналаа прокурорт даруй хүргүүлэхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх  газарт анхааруулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Б.А******* нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Б.А******* нь хохирогч Ц.Гт 500.000 /таван зуун мянга/ төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.ЭНЭРЭЛ