Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 09 сарын 07 өдөр

Дугаар 26

 

 

 

 

 

 

 

 

 

Н.Лхагваад холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

            Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Туяа даргалж, шүүгч М.Нямбаяр, Б.Дамба нарын бүрэлдэхүүнтэй, прокурор З.Алтансолонго, нарийн бичгийн дарга Ц.Энхтуяа нарыг оролцуулан

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаар шүүгчийн захирамжтай Н.Лхагваад холбогдох эрүүгийн 1937000000033 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн, 2019 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дамбын илтгэснээр нээлттэй хэлэлцэв.

            Монгол улсын иргэн, 1956 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 63 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, Тайчууд овогт Норзонгийн Лхагваа нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших гэртээ 2019 оны 05 дугаар сарын 23-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Д.Цагаанхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх “Тайчууд овогт Норзонгийн Лхагваад холбогдох хэргийг шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ”.

            Прокурор эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүгчийн захирамж нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтанд тулгуурлаж, хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “ Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх гэмт хэрэгт хамаарч байна. Өөрөөр хэлбэл заавал хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хэрэг юм. Иймд дээрх хэрэгт заавал яллагдагч хүсэлт гаргах, хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шаардлагагүй юм. Яллагдагч Н.Лхагваа нь гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт цугларсан нотлох баримтуудаар болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, прокуророос сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан, хохирогч нь яллагдагч Н.Лхагваатай ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй, гаргуулах хохирол төлбөргүй талаараа мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ тухайгаа бичгээр гаргасан байхад шүүгч хэргийг прокурорт буцаах захирамжиндаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал шүүх хэргийг прокурорт буцаах тухай шийдвэр гаргана” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж нэмэлт ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

            Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Д.Цагаанхүү нь эмнэлгийн байгууллага болон эмийн сангаас авсан эмийн баримтуудыг гаргаж өгсөн бөгөөд дээрх эмийн баримтуудыг шүүх нотлох баримтын хэмжээнд үнэлэх эсэх асуудал шүүгчийн эрх хэмжээний асуудал юм. Хохирогч Д.Цагаанхүү мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчид гаргасан хүсэлтэндээ Н.Лхагваа бид хоёр эвлэрсэн, ямар нэгэн эд хөрөнгө, хохирлын талаар маргаан байхгүй талаараа дурдсан нь яллагдагч Н.Лхагваагаас гаргуулах хохирол төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч нь хохирогч Д.Цагаанхүүд учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсээр байхад заавал хохирол, төлбөрөө барагдуулсан, нөхөн төлөхөө илэрхийлсэнээ хүсэлтэнд дурдаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна. Учир нь энэ хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хэрэг биш юм. Өөрөөр хэлбэл шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийг 1 дэх хэсэгт заасны дагуу урьдчилсан хэлэлцүүлгийн үед шүүх өөрийн санаачлагаар эсхүл хэргийг буцаах тухай прокурорын санал, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч өмгөөлөгчийн хүсэлтийг харгалзан хэргийг прокурорт буцаахаар заажээ. Гэтэл шүүх гэм буруугийн шүүх хуралдаанаас хэргийг прокурорт буцаасан нь  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн байна.

            Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч прокурорын эсэргүүцэлтэй танилцаад хариу тайлбартаа:

            Прокурор нь уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон эсэхийг бүрэн дүүрэн хянаагүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг зөрчсөн. Мөн дээрх хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1-д яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргаж болно гэж заасан байхад уг хэргийн хүсэлт нь цагдаагийн байгууллагад хнадаж гарсан нь мөн зөрчил болжээ.Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

                                                                                                                       ТОДОРХОЙЛОХ нь: Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн прокурорын эсэргүүцэлд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүхийн  шүүгчийн захирамж нь  хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Н.Лхагваа нь Ховд аймгийн Мөст сумын Улаантолгой багийн нутаг дэвсгэрт орших гэртээ 2019 оны 05 сарын 23-ны өдөр үл ялих зүйлээр шалтаглан Д.Цагаанхүүг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Б.Оюунцэцэг нь яллагдагч Н.Лхагваагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж уг хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны   шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг ноцтой зөрчсөн алдаа гаргажээ. Учир нь:

Хэргийн баримтаас үзэхэд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн  ерөнхий шүүгчийн 2019 оны 06 дугаар 14-ний өдрийн 41 дугаар захирамжаар Н.Лхагваад холбогдох 1937000000033 дугаартай Эрүүгийн хэргийн шүүх хуралдаан даргалагчаар шүүгч Б.Бадрахгэрэлийг  томилсон байх бөгөөд  / хх-н 67х / харин  шүүгч Ц.Энхжаргалыг тус хэргийн шүүх хуралдаан даргалагчаар томилсон ерөнхий шүүгчийн захирамж гараагүй байхад хэргийг авч шийдвэрлэсэн нь шүүх хууль бус бүрэлдэхүүнтэй уг хэргийг шийдвэрлэжээ.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан заалтыг зөрчсөн нь ноцтой зөрчил болно.

Н.Лхагваад холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан учир прокурорын эсэргүүцлийг хэлэлцээгүй болно.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож уг хэргийг дахин хэлэлцүүлэхээр Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 64 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Н.Лхагваад холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2.Хэргийг шүүхэд очтол шүүгдэгч Н.Лхагваад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэсүгэй.

3. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

      ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Н.ТУЯА

 

              ШҮҮГЧИД                                        М.НЯМБАЯР

                                  

Б.ДАМБА