Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Оюунбатын Оюунгэрэл |
Хэргийн индекс | 128/2019/0934/З |
Дугаар | 128/ШШ2021/0491 |
Огноо | 2021-07-22 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2021 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 128/ШШ2021/0491
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийж,
Нэхэмжлэгч: БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Д, Т, О
Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга,
Гуравдагч этгээд: ГТХХК,
Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус 1386 м.кв газрын эрхийг БЭХХК-д буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг Даргад даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч У.Тгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Зр, нэхэмжлэгч Ш.Дгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д. яг, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч П.Ц, Б.Мд, нэхэмжлэгч М.О итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ма, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Өал, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Ц, нарийн бичгийн дарга У.П нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Нэхэмжлэгч ШУхн вын Оюг бид БЭХХК-ийн үүсгэн байгуулагч бөгөөд 55 хувийн хувьцааг эзэмшдэг. Өөрсдийн эзэмшиж буй хувьцааны хэмжээгээр компанийн дүрэмд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлдэг.
БЭХХК нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар 9874 м.кв газар эзэмших эрхтэй байсан ба маргаан бүхий 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар манай эмнэлгийн газрыг хуваан 1386 м.кв хэсгийг ГТХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, үлдэх хэсгийг 4903 м.кв, 3539 м.кв хэмжээгээр хоёр нэгж талбарт хуваан ПЯ эмлэлэг" ХХК-ийн нэр дээр үлдээсэн байна. Хариуцагч Нийслэлийн Засаг дарга ПЯ-эмнэлэг ХХК-ийн газраас 1386 м.кв хэсгийг ГТХХК-д шилжүүлэхдээ Төлөөлөн удирдах зөвлөлийн хүчин төгөлдөр бус шийдвэрт үндэслэсэн байна.
БЭХХК-ийн ТУЗ-ийн 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоолоор ГТХХК-д эмнэлгийн эзэмшлийн 9874 м.кв газраас 1386 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлэхээр баталсугай гэж шийдвэрлэж, ТУЗ-ийн гишүүд /хувьцаа эзэмшигчид/ Б нарыг гарын үсэг зурсан болгож, улмаар энэхүү тогтоолыг үндэслэж газар эзэмших эрх шилжсэн байна. Гэтэл энэхүү тогтоол нь хүчин төгөлдөр бус, нэхэмжлэгч Ш. бидний гарын үсгийг дуурайлган зурсан байна. Энэ бүгдийг компанийн Ерөнхий захирлаар ажиллаж байсан Б. нууцаар гүйцэтгэсэн байж болзошгүй бөгөөд БЭХХК-ийн эрх бүхий этгээдүүд газар эзэмших эрхээ ГТХХК-д шилжүүлэх талаар шийдвэрийг гаргасан зүйл огт байхгүй .
Компанийн дүрмийн 10.4-д гүйцэтгэх удирдлага болох ерөнхий захирлын бүрэн эрхийг заасан бөгөөд ерөнхий захирал Б.ПЯ нь дүрмийн 10.4, 10.4.5, 10.4.8-д заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх, гэрээ байгуулах, энэ асуудлаар бие даан Газрын алба, Засаг даргад хүсэлт гаргах эрхгүй байна. Ерөнхий захирал нь хувьцаа эзэмшигчид буюу /ТУЗ/-ИЙН зөвшөөрөлгүйгээр манай компанийн мэдлийн газрын зарим хэсгийг өөрийн ашиг сонирхлын зөрчил бүхий Гүн тулга" ХХК-д шилжүүлж, хувьдаа ашиг хонжоо олсон гэж үзэхээр байгаа төдийгүй энэхүү ажиллагаа нь Нийслэлийн Засаг даргын захирамжаар баталгаажжээ.
Компанийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д Компанийн эрх барих дээд байгууллага нь хувьцаа эзэмшигчдийн хурал байна", компанийн дүрмийн 6.1 дүгээр зүйлийн 6.1.1-д Хувьцаа эзэмшигчдийн хурал нь Компанийн эрх барих дээд байгууллага гэж тус тус заасны дагуу компанийн нэр дээрх газар эзэмших эрхийг шилжүүлэх, захиран зарцуулах эрхийг Хувьцаа эзэмшигчдийн хурал хэрэгжүүлэхээр байна. Ш.Д, У.В, М.Ог бид хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн болохын хувьд газар эзэмших эрх шилжүүлэх шийдвэр гаргах ажиллагаанд оролцоогүй, тогтоолд гарын үсэг зураагүй, ийнхүү шилжүүлснийг ч саяхныг хүртэл мэдээгүй. Маргаан бүхий захирамжаар газар эзэмших эрх шилжсэн болохыг 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн албан бичгээр ирүүлсэн газрын хувийн хэрэгтэй танилцах явцад мэдсэн.
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараах баримт бичгийг хавсаргана, 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ" гэж заасны дагуу газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг эрх бүхий этгээдүүд хийж, нотариатаар гэрчлүүлэх ёстой байсан. Гэтэл 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/2017 дугаар Газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ гэх бичиг баримт нь дээрх хуулийн шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч бид компанид эзэмшиж буй хувьцаагаар ногдол ашиг хүртэж, өмчлөх эрхийн тодорхой хэсгийг хэрэгжүүлдэг. Компанийн тухай хууль болон БЭХХК-ийн дүрэмд заасны дагуу хувьцаа эзэмшигч бидэнд мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүйгээр манай компанийн газрын эрхийг хэсэгчлэн шилжүүлсэн нь бидний эрхийг зөрчиж байгаа бөгөөд энэхүү шийдвэрийг гаргасан Нийслэлийн Засаг даргад гомдолтой байна.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар
зүйлийн 106.3.1, 106.3.4-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар БЭХХК-д олгогдсон 9874 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгаж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар 9874 м.кв газар эзэмших эрхийг БЭХХК-д баталгаажуулан олгосон ба 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар эзэмшил газрыг гурван нэгж талбарт хуваан 1386 м.кв хэсгийг ГТХХК-д шилжүүлсэн байна.
Ийнхүү газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхдээ Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу БЭХХК-ийн ерөнхий захирал Б.ПЯийн 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 01/660 тоот хүсэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн 04 дүгээр тогтоол, ГТХХК-тай байгуулсан 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 16/2017 дугаар Газрын эрх шилжүүлэх тухай гэрээ болон бусад холбогдох баримтуудыг үндэслэн газрын эрхийг шилжүүлсэн бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасан шаардлагыг хангасан, нэхэмжлэгч иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй болно.
Өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг Даргын дээрх шийдвэр нь БЭХХК /түүний хувьцаа эзэмшигчид/-ийн өөрсдийнх нь хүсэлтийн үндсэн дээр гарсан.
Хариуцагчийн зүгээс Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг баталгаажуулсан хүмүүс өөрсдөө гарын үсэг зурсан эсэхийг тогтоох боломжгүй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж тогтоохыг хүсье. Одоогоор нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тогтоогдохгүй байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14-д заасны дагуу бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: БЭХХК-ий хувьцаа эзэмшигч нарын нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийн гуравдагч этгээд ГТХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Минжүүрдорж миний бие Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 сарын 19-ний өдрийн А/1003 тоот захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар БЭХХК-д олгогдсон 9874 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.Үүнд:
1. БЭХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүдийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн хурлаар ПЯ эмнэлгийн өргөтгөлийн барилгын асуудлыг авч хэлэлцэн тус хуралд оролцогчдын 80 хувийн саналаар өргөтгөлийн эмнэлэг барих асуудлыг хэлэлцэн шийдвэрлэсэн. Уг хуралд нэхэмжлэгч М.Ог, Ш.Д нар оролцсон болох нь тус хурлын тэмдэглэлээс харагдаж байгаа.
2. БЭХХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 05 дугаартай тогтоолоор эмнэлэг байгуулах асуудлыг шийдвэрлэсэн.
3. БЭХХК-ийн өргөтгөлийн барилга болох 100 ортой эмнэлгийн барилган ажлыг 2017 онд тус эмнэлгийн удирдлагын гаргасан шийдвэрийн дагуу манай компани хөрөнгө оруулж барьж дуусгасан. Тус барилга барих газрыг тус эмнэлгийн эзэмшлийн газраас шилжүүлэн авсан 1386 м.кв газар
дээр барьсан. Уг газрыг хуульд заасан журмын дагуу Нийслэлийн Газрын албанд хандан эзэмших эрхийг шилжүүлэн авч Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан.
4. Өргөтгөлийн барилга нь сэргээн засах уламжлалт анагаах ухааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд уг барилгыг 100 ор бүхий 38 тасаг,
эмнэлгийн эмч нар болон ажилчдын өрөөний зориулалтаар ашиглаж байгаа.
Дээрх нөхцөл байдлыг үндэслэн Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 сарын 19-ний А/1003 тоот захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар БЭХХК-д олгогдсон 9874 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ганхуяг шүүхэд гаргасан тайлбартаа: БЭХХК нь хуучин ПЯ дүүргийн нэгдсэн эмнэлэг байсан. 1997 онд Засгийн газраас нийгмийн салбарын хувьчлал хөтөлбөр хэрэгжүүлсэн. ПЯ дүүргийн эмнэлгийг менежментийн багийн таван гишүүн тухайн үед өрсөлдөөд, тавуулаа менежментийн удирдлагыг хэрэгжүүлэх үүрэг хүлээсэн. Үүргээ амжилттай гүйцэтгэсэн гэсэн үндэслэлээр 2006 онд Нийслэлийн өмч хувьчлалын комиссын тогтоолоор бүрэн хувьчилж авсан. Хувьцааны хувьд менежментийн багийн 5 гишүүнтэй, дөрвөн гишүүн нь тус бүр 22.5 хувь эзэмшдэг, нэг гишүүн нь 10 хувийн хувьцаа эзэмшдэг. Нэхэмжлэл гаргасан этгээд нар нь нийт 55 хувийн хувьцаа эзэмшдэг гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболд шүүхэд гаргасан тайлбартаа: 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар БЭХХК-ийн газрыг 4903, 3539 м.кв газраар хувааж, үлдсэн 1386 м.кв газрыг ГТХХК-д шилжүүлсэн. ГТХХК-ийн хувьд тухайн үед БЭХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.ПЯийн хүргэний компани. Газрын эрхийг шилжүүлэх үндэслэл болсон тогтоол болон гэрээ нь хууль зөрчсөн болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон. Шинжээч тухайн тогтоолд гарын үсэг зурсан төлөөлөн удирдах зөвлөлийн дөрвөн гишүүний гарын үсэг хуурамч болохыг тогтоосон. Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргана гэж заасан. Энэхүү гэрээ нь агуулга, хэлбэрийн талаасаа ойлгомжгүй мөн нотариатчаар гэрчлүүлээгүй байсан. Энэхүү хоёр баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг дарга газрын эрхийг шилжүүлсэн гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэцэгээ шүүхэд гаргасан тайлбартаа: Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад газрын эрх шилжүүлсэн нь хууль бус. Газрын тухай хуульд нотариатаар гэрчлүүлсэн гэрээ хавсаргахыг заасан байхад газар шилжүүлсэн. Хэдийгээр захиргааны байгууллага тухайн үеийн гүйцэтгэх удирдлагын гаргаж байгаа хүсэлтийг, хавсаргасан баримтыг хууль бусаар бүрдүүлсэн гэдгийг мэдэх боломжгүй байсан ч өнөөдрийн байдлаар худал бичиг баримт бүрдүүлсэн болох нь тогтоогдсон байхад захирамжийг хүчингүй болгож, иргэн, хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах ёстой. Иймд захиргааны актыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын 2015 оны 276 дугаар захирамжаар 9874 м.кв газрыг БЭХХК-д шилжүүлсэн. 2017 онд гурав хуваагдаж шилжүүлсний ГТХХК-д холбогдох 1386 м.кв газрыг шилжүүлэхдээ тухайн байгууллагын албан бичиг, албан хүсэлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол, холбогдох баримт бичиг зэргийг үндэслэн шийдвэрлэсэн. Тогтоолд зурагдсан гарын үсгийг хэн зурсан болохыг тогтоох боломжгүй. Холбогдох баримт бичгийг бүрдүүлсний үндсэнд шийдвэрлэсэн учир нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Компанийн тухай хуульд компани гэдэг нь эрх, үүрэг хэрэгжүүлдэг, итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй, тодорхой тооны хувьцаа эзэмшдэг, бие даасан эрх зүйн этгээд гэж зааж өгсөн. БЭХХК-ийн газар эзэмших эрхийг сэргээж, буцаан шилжүүлэхийг даалгах гэсэн нэхэмжлэл нь БЭХХК-ийн өмнөөс нэхэмжлэл гаргасан гэж харагдаж байна.
Хувьцаа эзэмшигч нар хөрөнгийг тухайлан эзэмшдэггүй учир эд хөрөнгийн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй.
Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг гаргахад эдгээр хүмүүс байгаагүй учир н.ПЯ өмнөөс нь зурсан талаар тайлбарлаж байсан. Төлөөлөх эрхийг зөвшөөрөлтэй хэрэгжүүлсэн. Тогтоолд зурагдсан гарын үсэг хуурамч байгаа нь тогтоолын үнэн зөв болохыг тогтоохгүй. Хүсэлт зориг байсан эсэх нь хамааралтай байдаг.
Компанийн тухай хуулиар тухайн газрыг компани эзэмшинэ гэж заадаг болохоос хувьцаа эзэмшигч нар эзэмших талаар заагаагүй. Иймд хувьцаа эзэмшигч нар компанийг төлөөлж нэхэмжлэл гаргадаггүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг шинжлэн судалж үнэлээд нэхэмжлэгч БЭХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.В, М.Ог нар нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар БЭХХК-д олгосон 9874 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг Даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус 1386 м.кв газрын эрхийг БЭХХК-д буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг Даргад даалгуулах гэж тодруулсан байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Мөнхтуяагаас ...Ерөнхий захирал Б.ПЯ нь газрын эрхийг хувьцаа эзэмшигчдийн хурлаар хэлэлцүүлээгүй, гарын үсгийг дуурайлган зурж шилжүүлсэн үйлдэл нь хууль бус.. гэж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхболдоос ГТХХК-ийн захирал Д.Гантулга нь БЭХХК-ийн ерөнхий захирал Б.ПЯийн хүргэн. Газрын эрхийг шилжүүлэхэд үндэслэсэн баримт нь 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн БЭХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын тогтоол, Б.ПЯ, Д.Гантулга нарын хооронд байгуулсан газар өмчлөх эрх шилжүүлэх гэрээ-г тус тус үндэслэсэн.
Шинжээчийн дүгнэлтээр Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолд зурагдсан дөрвөн гишүүний гарын үсэг хуурамч болох нь тогтоогдсон. Мөн Газрын тухай хуульд зааснаар нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ-г хавсаргах ёстой байсан боловч гэрээг нотариатчаар гэрчлүүлээгүй байсан. Энэхүү хоёр баримтыг үндэслэн Нийслэлийн Засаг Дарга газрын эрхийг шилжүүлсэн... гэж,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Цэцгээгээс Захиргааны байгууллага маргаан бүхий захиргааны акт гаргахдаа Газрын тухай хуульд заасан шаардлага хангагдаагүй байхад газрын эрх шилжүүлсэн нь хууль бус. Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал дээр газрын эрх шилжүүлэх талаарх асуудлыг огт яриагүй. Мөн БЭХХК-ийн өргөтгөлийн барилга барина гэсэн ойлголт өгч байсан... гэж,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ... ГТХХК-д 1386 м.кв талбай бүхий газрын эрхийг шилжүүлэхдээ тухай байгууллагын тогтоол, албан хүсэлт, гэрээ зэрэг холбогдох бичиг баримтыг үндэслэн шийдвэрлэсэн. Гарын үсэг хуурамч байсан талаар мэдэх боломжгүй. Хууль, журамд заасны дагуу газрын эрхийг шилжүүлсэн.. гэж,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр газрын хувийн хэрэгтэй танилцах явцад мэдсэн гэж тайлбарласан боловч шүүхэд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг яаж зөрчигдсөн талаарх нотлох баримт байхгүй, мөн Газрын тухай хуулийг зөрчсөн талаарх баримт байхгүй.. гэж,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгчөөс ...Хувьцаа эзэмшигч нар хөрөнгийг тухайлан эзэмшдэггүй учир эд хөрөнгийн асуудлаар компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах эрхгүй. Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолыг гаргахад хувьцаа эзэмшигчид байхгүй байсан учир өөрсдөөс нь зөвшөөрөл авсны үндсэнд гарын үсгийг нь зурсан... гэж тус тус маргажээ.
Нийслэлийн Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн А/276 дугаар захирамжаар БЭХХК-д ПЯ дүүргийн 22-р хороонд байрлах 9874 м.кв талбай бүхий газрыг эмнэлгийн зориулалтаар 3 жил 10 сарын хугацаагаар эзэмшүүлсэн байна.
Нийслэлийн Засаг Дарга 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар газрыг хоёр хэсэг хувааж, 1386 м.кв газрыг ГТХХК-д шилжүүлэн эзэмшүүлж, үлдэх хэсгийг 4903 м.кв, 3539 м.кв гэсэн хоёр нэгж талбарт хуваасан байна.
1. Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн эсэх талаар:
Нийслэлийн Засаг дарга 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжаар БЭХХК-ийн 1386 м.кв газар эзэмших эрхийг ГТХХК-д шилжүүлсэн нь БЭХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд уг маргаан нь нийтийн эрх зүйн маргаан байна. Тодруулбал:
Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д Нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн захирамжилсан шийдвэр гаргадаг дараах нийтийн эрх зүйн этгээдийг захиргааны байгууллага гэж ойлгоно, 5.1.1-д төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, 5.4-т Нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон албан тушаалтныг захиргааны байгууллага гэж үзнэ гэж тус тус заасан байна.
Маргаан бүхий Нийслэлийн Засаг Даргын захирамж нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно гэж заасан шинжийг бүхэлд нь хангаж байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан мөн гэж үзэв.
2. Нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх талаар:
Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.3-т Хувьцаа эзэмшигчийн эрхийг энэ хууль болон компанийн дүрмээр тогтоох бөгөөд хувьцаа эзэмшигч нь ногдол ашиг авах, хувьцаа эзэмшигчдийн хуралд оролцож, хэлэлцэж байгаа асуудлаар санал өгөх, компанийг татан буулгасны дараа үлдсэн эд хөрөнгийг худалдсанаас олсон орлогоос хувь хүртэх зэрэг үндсэн эрх эдэлнэ гэж, БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.ПЯ, Ж.Энхтайван, Ш.Д, М.Ог, У.В нарын 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 02 дугаар тогтоолын 01 дүгээр хавсралтаар баталсан БЭхязгаарлагдмал хариуцлагатай компанийн дүрмийн 6.1.1-д хувьцаа эзэмшигчдийн хурал нь компанийн эрх барих дээд байгууллага, 6.1.2-т Төлөөлөн удирдах зөвлөл нь хувьцаа эзэмшигчдийн хурлын чөлөөт цагт компанийн эрх барих байгууллага гэж тус тус зааснаар компанийн нэрийн өмнөөс түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Өөрөөр хэлбэл Компанийн тухай хууль болон компанийн дүрмээс үзэхэд компани нь өөрийн гэсэн эрх, ашиг сонирхолтой байдаг. Хувь хүний эрх, ашиг, компанийн хувьцаа эзэмшигч нарын эрх, ашиг нь өөр өөр ойлголтоор тодорхойлогддог байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Ш.Д, У.В, М.Ог нар нь БЭХХК-ийн хувьцаа эзэмшигчид байна. Ш.Д нь компанийн нийт хувьцааны 95,055 тоо ширхэг буюу 22,5 хувийн, М.Ог нь 95,055 тоо ширхэг буюу 22,5 хувийн, У.В нь 42,247 тоо ширхэг буюу 10 хувийн хувьцаа эзэмшдэг байна.
Энэ утгаараа компанийг удирдаж буй этгээд нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлын төлөө шударгаар, ажилдаа хариуцлагатай хандах ёстой боловч, энэ үүргээ биелүүлээгүй тохиолдолд хувьцаа эзэмшигч нар нь компанийн ашиг сонирхлыг хамгаалан шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.
Иймд БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч нарыг шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гэж үзлээ.
3. Хариуцагч газрын эрхийг шилжүүлэхдээ хууль тогтоомж зөрчсөн талаар:
Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана гэж заасан. Үүнд: Тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-д нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ, 38.2.2-т эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо, 38.2.3-т албан татвар, хураамж төлсөн тухай баримт, 38.2.4-т татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлсэн тухай цахим эсхүл хэвлэмэл тодорхойлолт гэж заасны дагуу хариуцагч баримтыг бүрэн хүлээн авч шилжүүлсэн гэж тайлбарладаг боловч тус хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1-т заасан нотариатчаар гэрчлүүлсэн гэрээг хавсаргах шаардлагыг биелүүлээгүй байхад газрын эрх шилжүүлэх хүсэлтийг хүлээн авч, газрыг бусдад шилжүүлж байгаа үйлдэл нь хууль бус байна.
Түүнчлэн БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч нараас газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх талаар санал аваагүй болох нь 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1989 дугаартай, 2020 оны 8 дугаар сарын 18-ны өдрийн 3067 дугаартай Ж.Энхтайван, У.В, М.Ог, Ш.Д нарын гарын үсгийн загваруудтай тохирохгүй гэсэн шинжээчийн дүгнэлт, мөн 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн гэрч Ж.Энтайваны ..тогтоолыг гаргахад би байгаагүй, миний гарын үсэг биш учраас хүлээн зөвшөөрөхгүй... гэх мэдүүлгээр тус тус нотлогдож байна.
2015 оны 3 дугаар сарын 05-ны өдрийн 01 дугаартай БЭХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийн хурлын тэмдэглэлд:
Тус компанийн захирал Б.ПЯ нь БЭХХК-ийн өргөтгөл 50 ортой хүүхдийн эмнэлэг барих шаардлагатай байна. Уул уурхайн компаниуд барилгын ажлыг хийнэ. Газрыг шилжүүлэхгүй, манай газар хэвээр байна гэж тайлбарлаж байсан хэр нь ерөнхий захирал Б.ПЯ нь өөрт хамаарал бүхий этгээд буюу ГТХХК-ийн захирал өөрийн хүргэн болох Д.Гантулгад газар эзэмших эрхийг шилжүүлсэн үйлдэл нь ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэхээр байна.
БЭХХК-ийн ерөнхий захирал Б.ПЯт тус компанийн дүрмийн 10.4.5-д зааснаар худалдах, худалдан авах, шилжүүлэх үндсэн хөрөнгийн талаарх саналыг Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар шийдвэрлүүлэх-ээр заасан байна. Гэтэл эрх бүхий албан тушаалтан нь хурлаар хэлэлцээгүй асуудлаар Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоол гаргаж, хувьцаа эзэмшигчдийн гарын үсгийг дуурайлган зурсан. Мөн газар өмчлөх эрхийг шилжүүлэх гэрээг нотариатчаар гэрчлүүлэлгүйгээр БЭХХК-ийн эзэмших эрхтэй газрын зарим хэсгийг өөрт хамаарал бүхий этгээдэд шилжүүлсэн үйлдэл нь компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхээр байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн явцад гуравдагч этгээдийн өмгөөлөгч нь өмчлөх эрхтэй холбоотой маргаан учир Иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой гэж тайлбарладаг хэдий ч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Захиргааны хэргийн шүүх Үндсэн хуулийн цэц болон өөр шүүхэд харьяалуулснаас бусад нийтийн эрх зүйн маргааныг хянан шийдвэрлэнэ гэж заасны дагуу захиргааны хэргийн шүүхийн харьяаллын маргаан гэж үзэв.
Иймд нэхэмжлэгч БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.В, М.Ог нарын Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тус 1386 м.кв газрын эрхийг БЭХХК-д буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг Даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Харин цаашид компанийн өмчлөлтэй холбоотой асуудлаар хэргийн оролцогч нар Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргахад энэхүү шийдвэр нөлөөлөхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.1, 106.3.12-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч БЭХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Д, У.В, М.Ог нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1003 дугаар захирамжийн ГТХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, тус 1386 м.кв газрын эрхийг БЭХХК-д буцаан шилжүүлэхийг Нийслэлийн Засаг Даргад даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтыг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба хэргийн оролцогчид, түүний төлөөлөгч, хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш тус шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд ийнхүү аваагүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ